A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХАРУУЛ ХАМГААЛАЛТ ЭРХЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ БҮРТГЭХ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЬ ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Бүлэг: 1979

 Хууль зүй, дотоод хэргийн сайдын

      2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/40 дугаар тушаалын хавсралт

 

ХАРУУЛ ХАМГААЛАЛТ ЭРХЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ БҮРТГЭХ,

ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ,

ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЬ ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Гэрээт харуул хамгаалалтын тухай хуульд заасан харуул хамгаалалт эрхлэх хүсэлт гаргасан хуулийн этгээдийг бүртгэх, харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх, бүртгэлээс хасах, үйл ажиллагаанд нь хяналт тавихад энэ журмыг мөрдөнө.

1.2.Харуул, хамгаалалт эрхлэх хуулийн этгээдийн үйл ажиллагаанд Цагдаагийн албаны тухай хууль, Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль, Галт зэвсгийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, энэхүү журмыг баримтална.

1.3.Цагдаагийн байгууллага нь энэхүү журамд заасан харуул хамгаалалтын үйл ажиллагаанд хяналт тавихдаа байгууллага, үйлчлүүлэгч, ажилтны бусад үйл ажиллагаа, хувийн нууцад халдахгүй.

Хоёр. Харуул хамгаалалт эрхлэх хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авах

2.1.Харуул хамгаалалт эрхлэх хуулийн этгээд нь Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангасан байхаас гадна 8-аас доошгүй харуул хамгаалалтын алба хаагчтай байна.

2.2.Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсч буй хуулийн этгээд нь бүртгүүлэхдээ цагдаагийн байгууллагын цахим хаяг /www.sas.police.gov.mn/-т байгууллагын холбогдох мэдээлэл (байгууллагын нэр, хаяг, регистр, холбоо барих утасны дугаар, цахим хаяг)-ийг оруулсан байна.

2.3.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хуулийн этгээдийн энэ журмын 2.2 дахь хэсэгт заасан мэдээллийг шалгаж, шаардлага хангасан тохиолдолд “Харуул хамгаалалтын нэгдсэн бүртгэлийн сан”-д нэвтрэх нууц үгийг бүртгэлтэй цахим хаягаар хуулийн этгээдэд илгээнэ.

2.4.Хуулийн этгээд нь цахим шуудангаар ирүүлсэн нэвтрэх нууц үгийг хүлээн авсанаас хойш 30 хоногийн дотор дор дурдсан мэдээллийг харуул хамгаалалтын нэгдсэн бүртгэлийн санд оруулна:

2.4.1.байгууллагын дэлгэрэнгүй мэдээлэл /өмчийн хэлбэр, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, удирдах албан тушаалтны болон санхүүгийн чадвартайг нотлох холбогдох байгууллагын тодорхойлолт, радио давтамжийн эрхийн дугаар, долгионы үелзэл гэх мэт/;

2.4.2.харуул хамгаалалтын алба хаагч, ажилтны мэдээлэл /байгууллагын нийт алба хаагч, ажилтны ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, төрсөн огноо, регистрийн дугаар, албан тушаалын төрөл, мэргэжил, урьд ял шийтгэгдсэн эсэх мэдээлэл, холбоо барих утас, ажилд орсон огноо, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан 2011 оны 107/118 дугаар тушаалаар баталсан “Харуул хамгаалалтын үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх боловсон хүчний дамжааны сургалтын хөтөлбөр”-т хамрагдсан мэдээлэл, хүн тус бүрээр албаны дүрэмт хувцастай авахуулсан фото зураг зэрэг/;

2.4.3.тээврийн хэрэгслийн мэдээлэл /харуул хамгаалалтын албанд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн жагсаалт, улсын дугаар, гэрчилгээний дугаар, тээврийн хэрэгслийн төрөл, марк, өнгө, загвар, зориулалт, тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэх зөвшөөрөлтэй эсэх/;

2.4.4.тусгай хэрэгслийн мэдээлэл /Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 12/05 тоот хамтарсан тушаалаар баталсан харуул, хамгаалалтын ажилтан галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл ашиглах зааврын дагуу хамгаалалтын үүрэг гүйцэтгэхэд хэрэглэгдэх гав, резинэн болон цахилгаан бороохой, гар станцын тоо/;

2.4.5.галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн мэдээлэл /харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх хүсэлт гаргасан хуулийн этгээдэд бүртгэлтэй галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн мэдээлэл/;

2.4.6.хамгаалах объектын бүртгэл мэдээлэл /гэрээгээр хамгаалах объектын нэр, төрөл, хаяг, талбайн хэмжээ, газар зүйн байршил, хамгаалалтын хэлбэр, хамгаалалтын үйл ажиллагааны чиглэл, гэрээ байгуулсан огноо, дугаар, дуусах хугацаа/.

2.5.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь энэ журмын 2.4-д заасан мэдээллийг 10 хоногийн дотор хянаж, шаардлага хангасан тохиолдолд баталгаажуулан, хүсэлт гаргасан хуулийн этгээдэд цахимаар хариу өгч, дор дурдсан  баримт бичгийг хүлээн авна:

2.5.1.харуул, хамгаалалт эрхлэхийг хүссэн өргөдөл;

2.5.2.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

2.5.3.радио давтамж ашиглах эрхийн бичгийн хуулбар.

 

Гурав.Бүрдүүлсэн баримт бичгийг шалгах, гэрчилгээ олгох, сунгах

              3.1.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх хүсэлт гаргасан хуулийн этгээдийн цахимаар болон цаасаар ирүүлсэн материалыг хянаж 30 хоногт багтаан дор дурдсан хариуг өгнө;

         3.1.1..шаардлага хангасан тохиолдолд хуулийн этгээдийг харуул, хамгаалалтын нэгдсэн санд бүртгэж, бүртгэлийн гэрчилгээ олгох;

            3.1.2. энэ журмын 2.1, 2.4-д заасан бичиг баримт, мэдээллийн бүрдүүлэлт нь шаардлага хангаагүй тохиолдолд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзах.

3.2. Хуулийн этгээдийг харуул, хамгаалалтын нэгдсэн санд бүртгэж, гэрчилгээ олгосноор харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх эрх үүснэ.

3.3..Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээд бүртгэлийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг цаасаар, дор дурдсан баримт бичгийг цахимаар нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад уг хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө гаргана.

3.3.1.харуул хамгаалалт эрхлэх зөвшөөрлийг сунгуулах хүсэлт;

3.3.2.хүний нөөцийн хөдөлгөөний мэдээлэл;

3.3.3.шинэчлэгдсэн мэдээллийг нэмж оруулсан байдал (тусгай хэрэгсэл, хамгаалалтын обьект, хувцас формын гэх мэт);

3.3.4.өөрийгөө санхүүжүүлэх чадвартай эсэх талаарх холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт;

3.3.5.тухайн харуул хамгаалалтын албаны үйл ажиллагаа явуулж буй газрын нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын тодорхойлолт (Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан нийтлэг үүргийг хэрэгжүүлсэн болон цагдаагийн байгууллагаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж ажилласан байдал);

3.3.6.сургалтад хамрагдаагүй алба хаагчийг сургалтад хамруулсан талаарх мэдээлэл.

3.4.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь энэ журмын 3.3-д заасан хуулийн этгээдийн хүсэлт, холбогдох материалыг 30 хоногийн дотор хянаж, шаардлага хангасан тохиолдолд бүртгэлийн гэрчилгээг дор дурдсан хугацаагаар сунгана:

3.4.1.харуул хамгаалалтын үйл ажиллагааг 10 хүртэл жил тасралтгүй эрхэлж байгаа хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээг 1 жилээр;

3.4.2.харуул хамгаалалтын үйл ажиллагааг 10-аас дээш тасралтгүй эрхэлж байгаа хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээг 2 жилээр.

 

Дөрөв.Үйл ажиллагаанд нь хяналт тавих

4.1.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдийн үйл ажиллагаа, галт зэвсэг тусгай хэрэгслийн ашиглалт, хадгалалтад хууль тогтоомжид заасны дагуу хяналт тавина.

4.2.Цагдаагийн байгууллагаас жил бүр харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдийн үйл ажиллагаанд нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулж, энэ журмын 4.6-д заасныг зөрчсөн тохиолдолд үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх мэдэгдэл өгч, хариу авна.

4.3.Энэ журмын 4.2-т заасан хяналт, шалгалтыг зохион байгуулахдаа холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж болно.

4.4.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын нийтийн хэв журам хамгаалах нэгжийн ахлах байцаагч нь харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулахаар бүртгэлийн гэрчилгээ олгосон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, сан бүрдүүлнэ.

4.5.Харуул хамгаалалтын нэгдсэн сангийн бүрдүүлэлтэд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын нийтийн хэв журам хамгаалах нэгжийн ахлах байцаагч, цагдаагийн байгууллагын зөвшөөрөл олгох, захиргааны хяналтын чиг үүрэг бүхий бүтцийн нэгж байнгын хяналт тавина. 

4.6.Харуул хамгаалалтын байгууллага, алба хаагчид дор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

4.6.1.гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан үйл ажиллагаа;

4.6.2.цагдаагийн байгууллагаас олгосон бүртгэлийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаанд тавих, худалдах;

4.6.3.цагдаагийн байгууллага, албан тушаалтны хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн;

4.6.4.төрийн тусгай алба хаагчдын дүрэмт хувцастай адилтгах загвар өнгийн хувцас өмсөх.

4.7.Харуул хамгаалалтын бүртгэлийн гэрчилгээ олгосон, сунгасан тухай мэдээ, харуул хамгаалалтын албанд хийсэн хяналт, шалгалтын талаарх мэдээллийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага хагас, бүтэн жилээр гарган нэгтгэж, цагдаагийн төв байгууллагын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд ирүүлнэ.

4.8.Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд туслах зорилгоор хамгаалж буй обьектын талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгч, хамтран ажиллана.

 

Тав.Харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх

5.1. Харуул хамгаалалт эрхлэх хуулийн этгээдээс бүртгэлийн гэрчилгээний хугацааг түдгэлзүүлэх хүсэлтийг цагдаагийн байгууллагад гаргасан тохиолдолд түдгэлзүүлэх шийдвэрийг гэрчилгээ олгосон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага гаргана.

5.2. Харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулах эрх түдгэлзсэн хуулийн этгээд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад хандаж сэргээлгэж болно.

5.3. Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээд нь энэ  журмын 4.6 заасныг зөрчсөн нь тогтоогдсон бол тухайн бүртгэлийн гэрчилгээ олгосон цагдаагийн байгууллага 1-3 сар хүртэл хугацаагаар харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулах эрхийг түр түдгэлзүүлнэ.

5.4 Харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулах эрхийг түр түдгэлзүүлсэн хугацаанд заагдсан зөрчлийг арилгаагүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

 

Зургаа.Бүртгэлээс хасах

6.1.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 21.3-т заасан үндэслэл бий болсон тохиолдолд хуулийн этгээдийн харуул хамгаалалтын үйл ажиллагааг зогсоох, бүртгэлээс хасуулах саналыг шүүхэд хүргүүлнэ.

6.2.Энэ журмын 6.1-д заасан саналыг шүүхэд гаргасан тохиолдолд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь харуул хамгаалалт эрхлэх хуулийн этгээдэд даруй бичгээр мэдэгдэнэ.

6.3.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр гармагц даруй хуулийн этгээдэд мэдэгдэж, хуулийн этгээд энэ талаар харуул хамгаалалтын үйлчилгээ авч буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй байгуулсан гэрээгээ цуцлах үүрэгтэй.

 

 

----оОо----

 

---оОо---