- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 8 дугаар хуралдааны 05 дугаар тогтоолын хавсралт
АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ,
ТҮҮГЭЭР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ,
ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл:
1.1. Энэ журмаар Төв аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл /цаашид тусгай зөвшөөрөл гэх/ олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, хяналт тавих харилцааг зохицуулна.
1.2. Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх эрхлэх иргэн, аж ахуйн нэгж нь Монгол улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Архидан согтуурахтай тэмцэх тухай”, “Стандартчилал тохирлын үнэлгээний тухай” хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, техникийн зохицуулалт, стандартууд болон энэхүү журмыг мөрдөнө.
1.3. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6.5-д зааснаар аймгийн Засаг даргын захирамжаар “Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаар”-ыг тогтооно.
Хоёр. Аж ахуйн нэгжид тавигдах шаардлага:
2.1. Согтууруулах ундаа худалдаалах цэг салбар нь “Худалдааны газар, түүний үйлчилгээ” MNS 5021 стандарт”, үйлчлэх цэг салбар нь “Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага” MNS 4946 стандарт”, “Амралтын газар, жуулчны бааз, гэр буудалд тавих ерөнхий шаардлага” MNS 6043 стандартын шаардлагыг хангаж, стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 16.4-т заасан тохирлын гэрчилгээ авсан байна. Тохирлын гэрчилгээний хүчинтэй хугацаа нь тухайн иргэн, аж ахуйн нэгж согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлт гаргахаас 3 –аас доошгүй сарын дотор хүчинтэй байна.
2.2. Үйлчилгээ явуулах байр нь хууль тогтоомж, стандартын дагуу баригдсан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон галын аюулгүй байдлын шаардлага хангасан байна.
2.3. Тусгай зөвшөөрөлтэй цэг салбар нь Монгол улсын барилга, орон сууц, гудамж талбайд тавих MNS 6423 стандартад нийцсэн хяналтын камертай байна.
2.4. Тусгай зөвшөөрөлтэй цэг салбар нь бар код уншигч болон кассын машинтай, нэмэгдсэн өртгийн албан татварын Е-баримт олгодог байна.
2.5. Нэрийн болон агуулахын худалдаанаас бусад худалдааны цэгт худалдах согтууруулах ундаа нь бусад худалдах бүтээгдэхүүний 15 хувиас хэтрэхгүй байна. Аймгийн засаг даргын шийдвэрээр тогтоосон согтууруулах ундаа худалдах, үйлчлэх цагийн хязгаараас бусад үед согтууруулах ундааны лангуу тавиурыг тусгаарлах, эсвэл хаалт, хөшгөөр битүүмжилдэг байна.
2.6. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох иргэн, аж ахуйн нэгж нь хууль, журамд зааснаас бусад тохиолдолд аймгийн татварын албанд бүртгүүлсэн, татварын өргүй, санхүүгийн тайлангаа нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн хугацаанд тайлагнадаг байна.
2.7. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй иргэн аж ахуйн нэгж нь үйлчилгээний газрынхаа өнгө үзэмжийг сайжруулах, гадна орчноо цэвэрлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, камерийн хяналт тавих, харуул хамгаалалттай байлгах, гаднах зам, талбай, авто машины зогсоолоо тохижуулах, гэрэлтүүлэг, хаяг реклам хийх, ногоон байгууламж байгуулах, орчныхоо нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж дахь хог, цас мөсийг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй байлгах зэрэгт анхаарч, нийгэмдээ хариуцлагатай байна.
2.8. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй цэг салбар нь архидан согтуурахтай тэмцэх санал санаачлага гаргаж, үйл ажиллагаагаа өөрчлөн, боловсруулах салбарын үйлдвэрлэл эрхлэх бол санал санаачлага, төслийг төрөөс дэмжих, сум хөгжүүлэх сан, аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөнгөлөлттэй зээл, бусад эх үүсвэрээс тэргүүн ээлжинд дэмжих бодлого баримтална.
2.9. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6.3-т зааснаар Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг бусдад шилжүүлэх /түрээслэх, хөлслөх, барьцаалах, худалдах/-ийг хориглоно.
2.10.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ажлын байраа шинэчилсэн, өөрчилсөн, өргөтгөсөн тохиолдолд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст мэдэгдэж, тохирлын гэрчилгээг шинэчилэн авсан байна.
2.11. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй цэг салбар нь архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4, 5, 6, 7, 9.2, 9.3, 14.4 дэх заалтууд, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 5.1, 5.3, 8, 11.1 дүгээр заалтууд, энэхүү журам болон аймгийн Засаг даргын захирамжаар тогтоосон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаар“-ыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах үндэслэл болно.
Гурав. Тусгай зөвшөөрөл олгох нөхцөл журам:
3.1. Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох асуудлыг судалж санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг /цаашид ажлын хэсэг гэх/ аймгийн Засаг даргын захирамжаар томилно.
3.2. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1-т заасан болон дараахь баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж аймгийн Засаг даргад ирүүлнэ.
а.тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, хүсэлт, албан бичиг /оноосон нэр, хаяг байршил, харилцах утас, факс, цахим хаяг, эрхлэх үйлчилгээ, төрөл, хугацааг тодорхой дурьдах/;
б.тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ;
в.тусгай зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар
г.Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 16.4-т заасан тохирлын гэрчилгээний хуулбар
д.Худалдаа үйлчилгээ явуулах байрны талбайн хэмжээ, үйлчилгээний танхимын зохион байгуулалтыг харуулсан схем зураг, кассын машин, теле камерын хяналт, гадна болон дотоод тохижилтийг харуулсан фото зураг/
е. Татварын албаны тодорхойлолт
ж. Үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн орчны аюулгүй байдлыг хангасан MNS 6423 стандартад нийцсэн хяналтын камертай, харуул хамгаалалттай, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөхцөл боломж бүрдсэн талаарх цагдаагийн байгууллагын бичгээр гаргасан санал
з. Сумын Засаг даргын санал /албан бичгээр/
3.3. Тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан иргэн аж ахуйн нэгжийн хүсэлт, холбогдох баримт бичгийг аймгийн ЗДТГ-ын холбогдох хэлтэс бүрдлийг хангуулан хүлээн авч, судлан, ажлын хэсгээр хэлэлцүүлэн, өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 21 хоногт багтаан аймгийн Засаг даргад танилцуулж шийдвэрлүүлнэ.
3.4. Нэг сумын нутаг дэвсгэр дээр нэг иргэн, аж ахуйн нэгжийн нэр дээр согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл нэг, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл нэгийг олгоно.
3.5. Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг үйлчилгээний байгууллагын төрөл стандартаас шалтгаалан дараахь байдлаар олгоно.
3.5.1. Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг хүнсний дэлгүүр, мини маркет, супермаркет, хайпермаркет, хүнсний бөөний төв, агуулахын худалдааны төвд спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах зөвшөөрлийг,
3.5.2.А. Зоогийн газар, бааранд спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг
Б.-Кафед спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг тус тус олгоно.
3.6. “Худалдааны газар, түүний үйлчилгээ MNS 5021 стандарт”-ын 3.2.6, 4.8-д заасан мухлагаас бусад худалдааны газарт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоно.
3.7. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.1-т зааснаар 2 жилээр олгож, мөн хугацаагаар сунгана.
3.8. Тусгай зөвшөөрөл олгох тухай аймгийн Засаг даргын захирамж гарснаас хойш ажлын 3 хоногт багтаан аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс, Стандарт хэмжил зүйн хэлтэс болон сумдын Засаг дарга нарт албан бичгээр мэдэгдэх бөгөөд www.tov.gov.mn цахим хуудсанд байршуулж нийтэд мэдээлнэ.
Дөрөв. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгох:
4.1 Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл шинээр олгох тухай аймгийн Засаг даргын захирамж гарсны дараа тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгоно. Тусгай зөвшөөрлийг сунгасан тухай тэмдэглэгээг гэрчилгээн дээр бичиж аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох /Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс/ хэлтсийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна.
4.2. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 4.1-т заасан мэдээллийг агуулсан байх бөгөөд гэрчилгээг хэвлүүлэх, бүртгэл хөтлөх, тайлагнах асуудлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсийн үйлдвэрлэл үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн хариуцан гүйцэтгэнэ.
4.3. Гэрчилгээ дугаар кодтой, нууцлал, баталгаажилттай байх бөгөөд гэрчилгээ олгосон бүртгэлтэй байна.
4.4. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг үрэгдүүлсэн нөхцөлд сумын Засаг даргын албан бичиг, хэсгийн төлөөлөгчийн тодорхойлолтыг үндэслэн олгоно.
4.5. Тусгай зөвшөөрөл шинээр авсан болон хугацааг сунгуулсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг ажлын 10 хоногт багтаан Төрийн сангийн дансанд төлнө.
4.6. Улсын тэмдэгтийн хураамжийн төвлөрүүлэлт, зарцуулалтанд аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, аймгийн Татварын хэлтэс хяналт тавина.
Тав. Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах, сунгах:
5.1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 12.2-т зааснаар тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол татгалзсан үндэслэлийг зааж хүсэлт гаргагчид бичгээр хариу өгнө. Дараахь үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана.
А.Монгол улсын холбогдох стандартын шаардлагыг хангаагүй, тохирлын гэрчилгээ аваагүй
Б.Хуурамч баримт бичиг бүрдүүлсэн
В.Татварын өртэй, татвар төлөгчөөр бүртгүүлээгүй
Г.Журмын 3.2-т заасан баримт бичиг дутуу
5.2. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.3, 6.4-т заасан журмыг баримтална.
5.3. Тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлтээ тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 15-аас доошгүй хоногийн өмнө аймгийн Засаг даргад гаргана.
Зургаа. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх:
6.1. Аймгийн Засаг дарга нь Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, аймаг, сумын Засаг даргын томилсон ажлын хэсэг, холбогдох бусад эрх бүхий байгууллагын санал дүгнэлтийг үндэслэн дараах тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хурааж авах шийдвэр гаргана.
а.Татвараа хугацаанд нь төлөөгүй;
б.Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгуулаагүй;
в.Монгол улсын хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, энэхүү журам болон аймгийн засаг даргаас тогтоосон цагийн хязгаарыг зөрчсөн;
г.Тусгай зөвшөөрөл олгосноос хойш 1 сараас дээш хугацаанд улсын тэмдэгтийн хураамжаа төлөөгүй, тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ аваагүй.
д.Гурван сараас дээш хугацаагаар үйл ажиллагаа явуулаагүй. /улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз зэрэгт хамаарахгүй/
е.Холбогдох стандартын шаардлага хангахгүй болсон, тохирлын гэрчилгээний хугацаа дууссан, сунгуулаагүй
ж.Эрх бүхий байгууллага, албан тушаалтын хууль ёсны шаардлагыг /албан бичиг, акт, албан шаардлага, мэдэгдэл/ биелүүлээгүй
6.2. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.1, 13.2-т зааснаар Аймгийн Засаг дарга эрх бүхий байгууллагын санал дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах Татварын алба, холбогдох сумын Засаг дарга, Цагдаагийн газарт 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.
6.3. Монгол улсын хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, стандарт, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг ноцтой зөрчсөн /хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, стандарт зөрчсөний улмаас хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хүнд хор уршиг учирсан, 3 ба түүнээс дээш хүний эрүүл мэнд хохирсон, хүн нас барсан/ тохиолдолд нэг жилийн хугацаанд тусгай зөвшөөрөл сэргээлгэх тухай хүсэлтийг хүлээн авахгүй.
6.4. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.3-т зааснаар тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг сэргээнэ.
6.5. Тусгай зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтээ тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нөхцөл шалтгааныг арилгасан талаар нотлох баримт бичгийн хамт аймгийн Засаг даргад ирүүлнэ.
6.6.Хүсэлтийг аймгийн ЗДТГ-ын холбогдох хэлтэс хүлээн авч судлан, санал дүгнэлтээ ажлын 21 хоногт багтаан аймгийн Засаг даргад танилцуулж шийдвэрлүүлнэ.
6.7. Тусгай зөвшөөрлийг сэргээх тухай аймгийн засаг даргын захирамж гарсны дараа тусгай зөвшөөрлийн гэрчилгээг буцаан олгоно.
Долоо. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох:
7.1. Тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1-т заасан болон дараах үндэслэлээр хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хураана:
а. тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;
б. хуулийн этгээд татан буугдсан, иргэн нас барсан
в. тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
г. Монгол улсын хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, техникийн зохицуулалт, стандартыг удаа дараа /2 буюу түүнээс дээш удаа/ зөрчсөн болон энэхүү журмаар тогтоосон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, аймгийн засаг даргаас тогтоосон цагийн хязгаарыг удаа дараа /2 буюу түүнээс дээш удаа/ буюу ноцтой зөрчсөн;
д. Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, түдгэлзүүлснээс хойш 6 сараас дээш хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаагаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй, сунгуулаагүй; 6 сараас дээш хугацаагаар үйл ажиллагаа явуулаагүй.
е.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй.
ж. Тусгай зөвшөөрлийг хууль бусаар бусдад шилжүүлсэн.
Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч болон Цагдаагийн газар, сумын Засаг дарга, аймгийн татварын албанд бичгээр мэдэгдэнэ.
Найм. Хяналт, хариуцлага:
8.1. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 14.3-т зааснаар энэхүү журмын биелэлтэд дараахь байгууллага, албан тушаалтан эрх хэмжээнийхээ хүрээнд тогтмол хяналт тавина:
1.Аймаг, сумын Засаг дарга
2.Цагдаагийн байгууллага
3.Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага
4.Мэргэжлийн хяналтын газар
5.Стандарт хэмжил зүйн хэлтэс
6.Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага
8.2. Тусгай зөвшөөрөлтэй холбогдсон гомдлыг тухайн шийдвэрийг мэдсэнээс хойш 14 хоногийн дотор аймгийн Засаг даргад гаргана. Аймгийн засаг дарга гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.
8.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хууль, тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, техникийн зохицуулалт, стандарт зөрчсөн тохиолдолд эрх бүхий байгууллага албан тушаалтан Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, холбогдох мэдээллийг тухай бүрт нь аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсээр дамжуулан аймгийн Засаг даргад мэдэгдэнэ.
8.4. Аймгийн Засаг даргын захирамжаар 2-3 жил тутамд нэг удаа аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар болон холбогдох бусад байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг томилж, аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй цэг салбарын үйл ажиллагаанд хамтарсан хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна.
8.5. Аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий иргэн аж ахуйн нэгжийн талаарх бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Цагдаагийн газар тус тус хөтлөж, мэдээ мэдээллээр хангаж ажиллана.
____оОо____
Текст томруулах
A
A
A