A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ГАЗРЫН ТОС, УЛАМЖЛАЛТ БУС ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ, ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ӨРТСӨН БАЙГАЛЬ ОРЧНЫГ НӨХӨН СЭРГЭЭХ АЖЛЫГ ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

 Уул уурхай, хүнд үйлдвэр,

 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын           

хамтарсан 2018 оны 02 дүгээр  сарын  22 -ны

өдрийн А/50,А/31 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

 

ГАЗРЫН ТОС, УЛАМЖЛАЛТ БУС ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ, ХАЙГУУЛ,

ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ӨРТСӨН БАЙГАЛЬ

ОРЧНЫГ НӨХӨН СЭРГЭЭХ АЖЛЫГ

ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ

 

Нэг. Зорилго

1.1.Энэхүү журмын зорилго нь газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд өртсөн газарт байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг хүлээн авах харилцааг зохицуулахад оршино.

 

Хоёр. Ерөнхий зүйл

2.1.Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд /хуучнаар/-ын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-05 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 2 дугаар хавсралтын “Байгаль орчны менежментийн тухайн жилийн төлөвлөгөөний биелэлтийн тайлангийн агуулга”-ын 2-т дурдсан “Нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний биелэлт”-тэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.  

2.2.Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд өртсөн байгаль орчны нөхөн сэргээлт нь Монгол Улсын Газрын тосны хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаанаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлт. Техникийн ерөнхий шаардлага. MNS6200:2010 болон холбогдох бусад стандартуудын шаардлагыг хангасан  байна.

2.3.Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийг цаашид Гэрээлэгч гэх нөхөн сэргээлтийн ажлыг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар бүхэлд нь эсхүл хэсэгчлэн гүйцэтгүүлж болно.

 

Гурав. Байгаль орчныг

нөхөн сэргээх ажлыг хүлээн авах

3.1.Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуулын үед 2 болон 3 хэмжээст чичирхийллийн судалгаа, өрөмдлөгийн үйл ажиллагааны үед эвдэрсэн газрын өртсөн байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг Гэрээлэгч байгууллага өөрийнх хүч, хөрөнгөөр хийж, хариуцлагыг хүлээнэ.

3.2.Олборлолтын үед өрөмдлөгийн шингэн хаягдлын сан, үйлдвэрлэлийн шингэний хаягдлын сан, тусгай зориулалттай шингэний хаягдлын сангийн болон тосоор бохирдсон хөрсний нөхөн сэргээлтийн ажил хийгдэнэ.  

3.3.Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд өртсөн байгаль орчны нөхөн сэргээлтийг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежмент болон хаалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу гүйцэтгэнэ.

3.4.Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуулын үйл ажиллагаанд өртсөн байгаль орчныг нөхөн сэргээсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөх хүсэлтийг тухай бүр, олборлолтын үйл ажиллагаанд  өртсөн байгаль орчныг нөхөн сэргээсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөх хүсэлтийг тухайн жилийн нөхөн сэргээлтийн ажил дууссаны дараа аймаг, нийслэлийн Засаг дарга, Байгаль орчны газарт хүргүүлнэ.

3.5.Энэхүү журмын 3.4-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар нөхөн сэргээлтийн ажлын үр дүнгийн биелэлтийг шалгаж, дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулна.

3.6.Эрэл, хайгуулын үйл ажиллагаанд  өртсөн байгаль орчныг нөхөн сэргээсэн ажлын үр дүнг хүлээн авах Ажлын хэсэгт аймаг, нийслэлийн Засаг даргын томилсон албан тушаалтан, байгаль орчны мэргэжилтэн, сум, дүүргийн иргэний төлөөлөл орно.

3.7.Олборлолтын үйл ажиллагаанд  өртсөн байгаль орчныг нөхөн сэргээсэн ажлын үр дүнг хүлээн авах Ажлын хэсэгт аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтэс, байгаль орчны газар, мэргэжлийн хяналтын газар, сав газрын захиргаа, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, газрын даамал орно.

3.8.Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш 30 хоногийн дотор газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуулын үйл ажиллагаанд өртсөн байгаль орчныг нөхөн сэргээсэн ажлын үр дүнг энэхүү журмын 2 дугаар хавсралт, олборлолтын үйл ажиллагаанд өртсөн байгаль орчныг нөхөн сэргээсэн ажлын үр дүнг энэхүү журмын 3 дугаар хавсралтын дагуу тус тус баталгаажуулах ба үүгээр үр дүнг хүлээн авсанд тооцно.

 

Дөрөв. Бусад

4.1.Нөхөн сэргээлтийн үр дүнг хүлээн авахтай холбогдон гарах зардлыг гэрээлэгч бүрэн хариуцна.

4.2.Нөхөн сэргээлтийн ажлын үр дүнд тухайн орон нутгийн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, бүх шатны Засаг дарга, төрийн захиргааны төв байгууллага болон байгаль орчны төрийн бус байгууллага хяналт тавина.

4.3.Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.9-д заасны дагуу эскроу дансанд байршуулсан хөрөнгө гэрээлэгчийн байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ бүрэн гүйцэд биелүүлэх баталгаа болно.

4.4.Нөхөн сэргээлтийг дахин гүйцэтгэхтэй холбогдон гарах зардлыг өртөг нөхөгдөх зардалд тооцохгүй.

 

оооОООооо