- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
Засгийн газрын 2018 оны 40 дүгээр тогтоолын хавсралт
ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү дүрмийн зорилго нь гамшгийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө, хүрээлэн буй орчныг хамгаалах зорилгоор гамшгаас хамгаалах улсын хяналтыг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах хууль тогтоомж, тэдгээрийг үндэслэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, холбогдох стандарт, техникийн норматив, дүрэм, журам, заавар, дэглэмийн биелэлтийг хангуулахад оршино.
1.2.Гамшгаас хамгаалах улсын хяналтыг төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийн өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгүйгээр хэрэгжүүлнэ.
Хоёр. Гамшгаас хамгаалах улсын хяналтын зохион байгуулалт
2.1.Гамшгаас хамгаалах улсын хяналтыг гамшгаас хамгаалах улсын хяналтын ерөнхий байцаагч, ахлах байцаагч, байцаагч (цаашид нийтэд нь “улсын хяналтын байцаагч” гэх) хэрэгжүүлнэ.
2.2.Улсын хяналтын байцаагч нь үйл ажиллагаандаа Гамшгаас хамгаалах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон энэхүү дүрэм, бусад холбогдох хууль, дүрэм, журам зааврыг мөрдлөг болгоно.
2.3.Улсын хяналтын байцаагч нь онцгой байдлын байгууллагын алба хаагч байх бөгөөд гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч ахлах байцаагчид, ахлах байцаагч ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнана.
2.4.Улсын хяналтын ерөнхий байцаагч улсын хяналтын ахлах байцаагч, улсын хяналтын байцаагчид улсын байцаагчийн эрх олгож, цуцална.
Гурав. Гамшгаас хамгаалах улсын хяналтын чиглэл
3.1.Гамшгаас хамгаалах улсын хяналтыг дараах чиглэлээр зохион байгуулна:
3.1.1.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, стандарт, эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрийн биелэлт;
3.1.2.гамшгийн эрсдэлийн үнэлгээ, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт;
3.1.3.төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, санхүүжилт, зарцуулалт;
3.1.4.улсын болон орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах сургалт, бэлтгэл, бэлэн байдал;
3.1.5.гамшгаас хамгаалах зориулалттай хоргодох, түр амьдрах байр, цугларах талбай, нисдэг тэрэгний зогсоолын тоноглол, ашиглалтын байдал;
3.1.6.гамшгаас хамгаалах зориулалттай техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн ашиглалт, хадгалалтын байдал;
3.1.7.гамшгийн аюулын дохио, сэрэмжлүүлгийг харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага өмчийн хэлбэр үл харгалзан шуурхай, үнэ төлбөргүй дамжуулах бэлтгэл, бэлэн байдал;
3.1.8.хүн, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх үйл ажиллагаа, хязгаарлалтын болон хорио цээрийн дэглэмийн хэрэгжилт;
3.1.9.Засгийн газар, дотоодын болон олон улсын хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалын төв, орон нутаг дахь хуваарилалт, зарцуулалт;
3.1.10.гамшгийн болон орон нутгийн нөөц бүрдүүлэлт, нөхөн бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалтын байдал.
Дөрөв. Бусад
4.1.Энэхүү дүрмийг зөрчсөн иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
--- o0о ---
Текст томруулах
A
A
A