A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ДҮРЭМ (Засгийн газрын 2018 оны 170 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

Засгийн газрын 2018 оны 44 дүгээр
    тогтоолын хавсралт

 

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН УЛСЫН
БАЙЦААГЧИЙН ДҮРЭМ

(Засгийн газрын 2019 оны 170 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн хяналт тавихтай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулна.

1.2. Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих мэргэжлийн хяналтыг нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч (цаашид “улсын байцаагч” гэх) хэрэгжүүлнэ.

1.3. Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч үйл ажиллагаандаа хууль дээдлэх, ил тод, хараат бус байх, хяналт шалгалтын дүнг бодитой, үнэн зөв, шударгаар тайлагнах зарчмыг баримтална.

Хоёр. Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч

2.1. Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээ болон татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний бодлого, төсвийн бүртгэл, орлого, зарлагын гүйцэтгэлд хяналт тавих чиг үүрэг бүхий нэгжийн дарга, мэргэжилтэн нь нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч байна.

2.2. Аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сан, төсвийн бүртгэл, орлого, зарлагын гүйцэтгэлд хяналт тавих чиг үүрэг бүхий нэгжийн нягтлан бодох бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь улсын байцаагч байна.

2.3. Энэхүү дүрмийн 2.2-т заасан нэгжийн дарга, ерөнхий нягтлан бодогчид байцаагчийн эрх олгож болно.

2.4. Улсын ерөнхий байцаагч нь улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавина. Улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажлаа улсын ерөнхий байцаагчид тайлагнана.

2.5. Улсын байцаагч нь үйл ажиллагаандаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.

2.6. Улсын байцаагч нь Засгийн газраас загварыг нь баталж, улсын ерөнхий байцаагчаас олгосон үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэгтэй байна.


Гурав. Нягтлан бодох бүртгэлийн хяналтыг
      хэрэгжүүлэх чиглэл

3.1. Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч, Төсвийн тухай хуулийн 16.4.1-16.4.10, 16.4.12, 16.4.16-16.4.18-д заасан төсвийн шууд захирагч болон санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай харьцдаг аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд тавих хяналтыг улсын ахлах байцаагч хэрэгжүүлнэ.

3.2. Төсвийн тухай хуулийн 16.4.11, 16.4.13-16.4.15-д заасан төсвийн шууд захирагч болон аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн нэгжтэй харьцдаг аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд тавих хяналтыг улсын байцаагч нь хэрэгжүүлнэ.

3.3. Нягтлан бодох бүртгэлийн улсын хяналтыг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ:

     3.3.1. хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт;

     3.3.2. нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын хэрэгжилт;

     3.3.3. аудитын олон улсын стандарт, түүнтэй нийцүүлэн гаргасан Монгол Улсын аудитын стандартын хэрэгжилт;

     3.3.4. улсын хэмжээнд нийтээр дагаж мөрдөх нягтлан бодох бүртгэлийн дүрэм, журам, зааврын хэрэгжилт;

     3.3.5. санхүү, нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, дүрэм, журам, зааварт нийцүүлэн аж ахуйн нэгж, байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт;

     3.3.6. нягтлан бодох бүртгэлийн журнал болон анхан шатны бүртгэлийн маягтын хөтлөлт;

     3.3.7. нягтлан бодох бүртгэлийн мэдээ, тайлан болон байгууллага хоорондын тооцоо нийлэлт, өр, авлагын баталгаажуулалтын байдал;

     3.3.8. эд хөрөнгийн тооллого, бүртгэл, ашиглалт, зарцуулалтын байдал;

     3.3.9. аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу хадгалж байгаа байдал;

     3.3.10. аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө, өр төлбөрийн тооцоолол, бүртгэл.

Дөрөв. Нягтлан бодох бүртгэлийн улсын
          байцаагчийн эрх, үүрэг

4.1. Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-т заасан улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрхээс гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
     4.1.1. хяналт шалгалтын ажилд шаардлагатай нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, дэлгэрэнгүй болон ерөнхий данс, санхүүгийн тайлан, нэмэлт тодруулга, мэдээ, судалгаа, лавлагаа болон бусад холбогдох баримтыг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас гаргуулан авах;

     4.1.2. хяналт шалгалтын явцад шаардлагатай гэж үзвэл эд хөрөнгийн тооллого хийлгэж, тооцоо бодуулах санал гаргах;

     4.1.3. анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөхөд гарсан алдааг залруулах санал, дүгнэлт гаргах;

     4.1.4. шаардлагатай үед холбогдох байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр мэргэжлийн хүмүүсийг шалгалтад татан оролцуулах;

     4.1.5. аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг шалгах, арга зүйн зөвлөгөө өгөх;

     4.1.6. энэхүү дүрэмд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ албан шаардлага үйлдэж дүгнэлт гаргах.

     4.1.7. хяналт шалгалтын явцад олж мэдсэн аж ахуйн нэгж, байгууллагын нууцыг хадгалах;

     4.1.8. нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийг сурталчлах, арга зүйн зөвлөгөө өгөх;

     4.1.9. аж ахуйн нэгж, байгууллагад дансны тооллого хийх, нягтлан бодох бүртгэл хөтлөлтөд шалгалт хийх ажлыг зохион байгуулах, оролцох.

Тав. Бусад

5.1. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн хуудасны маягт хэвлүүлэх зардлыг Сангийн сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлнэ.

5.2. Улсын байцаагч нь шийтгэлийн хуудасны маягтын тооцоог санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хагас, бүтэн жилээр нийлнэ.

 


---o0o---