- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС ТООЦОХ АРГАЧЛАЛ
Засгийн газрын 2018 оны 20 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС ТООЦОХ АРГАЧЛАЛ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Орон нутгийн хөгжлийн индекс (цаашид “ОНХИ” гэх) нь Монгол Улсын бүс, аймаг, сумын хөгжлийн түвшинг илэрхийлэх нийлмэл үзүүлэлт бөгөөд дараах тохиолдолд ашиглана:
1.1.1.сум, аймаг, бүсийн хөгжлийн ерөнхий түвшинг үнэлэх;
1.1.2.сум, аймаг, бүсийн хөгжилд чиглэсэн бодлого боловсруулах;
1.1.3.Засгийн газраас сум, аймаг, бүсийг хөгжүүлэхээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг үнэлэх, хэмжих.
1.2.Сумын хөгжлийн индекс тооцох үзүүлэлт нь орон нутгийн хөгжлийн индексийг тооцох суурь үзүүлэлт болно.
Хоёр.Орон нутгийн хөгжлийн индексийг тооцоход баримтлах зарчим
2.1.Орон нутгийн хөгжлийн индексийг тооцоход дараах зарчмыг баримтална:
2.1.1.шинжлэх ухааны үндэслэлтэй, олон улсын жишигт нийцсэн, нэгдмэл арга зүйг ашиглах;
2.1.2.үзүүлэлтүүд нь хөгжлийн түвшинг илэрхийлэхүйц, хэмжих боломжтой байх;
2.1.3.мэдээллийн эх сурвалж нь албан ёсны, үнэн бодитой байх.
Гурав.Орон нутгийн хөгжлийн индексийг тооцох арга зүй
3.1.Орон нутгийн хөгжлийн индексийг сум, аймаг, бүсийн түвшинд тооцно.
3.2.Сумын хөгжлийн индекс (цаашид “СХИ” гэх)-ийг дор дурдсан дарааллаар тооцно:
3.2.1.СХИ тооцохдоо энэхүү журмын 4 дүгээр бүлэгт заасан үзүүлэлт (цаашид “үзүүлэлт” гэх)-ийн утгыг сум тус бүрээр тооцно;
3.2.2.энэхүү журмын 3.2.1-д заасны дагуу тооцож гаргасан утгыг дараах томьёогоор индексжүүлнэ:
- өсч байгаа утга нь хөгжлийг илэрхийлэх тохиолдолд:
индекс = (Томьёо 1)
- буурч байгаа утга нь хөгжлийг илэрхийлэх тохиолдолд:
индекс = (Томьёо 2)
3.2.3.Үзүүлэлт тус бүрийн индексийг үндэслэн СХИ-ийг дараах томьёогоор тооцно:
(Томьёо 3)
3.3.Аймгийн хөгжлийн индекс (АХИ)-ийг дор дурдсан дарааллаар тооцно:
3.3.1.аймгийн үзүүлэлт тус бүрийн индексийг харьяалах сумдын үзүүлэлт тус бүрийн индексийн энгийн дундаж утгаар тооцно;
3.3.2.Үндэсний статистикийн хорооноос гаргасан аймгуудын ядуурлын түвшинг Томьёо 2-ыг ашиглан индексжүүлнэ;
3.3.3.аймгийн нэрлэсэн ДНБ-ийг тухайн аймгийн хүн амын тоонд харьцуулж нэг хүнд ногдох нэрлэсэн ДНБ-ийг тооцно;
3.3.4.энэхүү аргачлалын 3.3.3-т заасны дагуу тооцож гаргасан утгыг Томьёо 1-ийг ашиглан индексжүүлнэ;
3.3.5.сумын хүн амын тоог тухайн аймгийн нийт хүн амын тоонд харьцуулж сум тус бүрийн хүн амын жинг тооцно;
3.3.6.Аймгийн хөгжлийн индексийг дараах томьёогоор тооцно:
(Томьёо 4)
Тайлбар:-()-тухайн аймгийн хүн амд сумын хүн амын эзлэх хувийн жин;
-() - i сумын хөгжлийн индекс;
-(ИНДЕКСАймаг_ДНБ) -тухайн аймгийн нэг хүнд ногдох нэрлэсэн ДНБ-ний индекс;
-(ИНДЕКСЯдуурал)-тухайн аймгийн ядуурлын индекс;
-(33)-СХИ-ийг тооцоход ашиглагдаж байгаа үзүүлэлтүүдийн тоо;
-(35)-СХИ-ийн үзүүлэлтүүдийн тоон дээр аймгийн нэг хүнд
ногдох нэрлэсэн ДНБ болон ядуурал гэсэн 2 үзүүлэлтийг нэмсэн тоо (ө.х. 33+2).
3.4.Бүсийн хөгжлийн индекс (БХИ)-ийг дор дурдсан дарааллаар тооцож гаргана:
3.4.1.бүсийн үзүүлэлт тус бүрийн индексийг харьяалах сумдын үзүүлэлт тус бүрийн индексийн энгийн дундаж утгаар тооцно;
3.4.2.бүсийн ядуурлын индексийг энэхүү аргачлалын 3.3.2-т заасан, тус бүсэд хамаарах аймгуудын ядуурлын индексийн энгийн дунджаар тооцно;
3.4.3.бүсийн нэрлэсэн ДНБ-ийг тухайн бүсийн хүн амын тоонд харьцуулж нэг хүнд ногдох нэрлэсэн ДНБ-ийг тооцно;
3.4.4.энэхүү аргачлалын 3.4.3-т заасны дагуу тооцож гаргасан утгыг Томьёо 1-ийг ашиглан индексжүүлнэ;
3.4.5.сумын хүн амын тоог тухайн бүсийн нийт хүн амын тоонд харьцуулж сум тус бүрийн хүн амын жинг тооцно;
3.4.6.Бүсийн хөгжлийн индексийг дараах томьёогоор тооцно:
(Томьёо 5)
Тайлбар:-(vj)-тухайн бүсийн хүн амд сумын хүн амын эзлэх хувийн жин;
-(СХИj)- j сумын хөгжлийн индекс;
-(ИНДЕКСАймаг_ДНБ)-тухайн бүсийн нэг хүнд ногдох нэрлэсэн ДНБ-ний индекс;
-(ИНДЕКСЯдуурал)-тухайн бүсийн ядуурлын индекс;
-(33)-СХИ-ийг тооцоход ашиглагдаж байгаа үзүүлэлтүүдийн тоо;
-(35)-СХИ-ийн үзүүлэлтүүдийн тоон дээр бүсийн нэг хүнд ногдох
нэрлэсэн ДНБ болон ядуурал гэсэн 2 үзүүлэлтийг нэмсэн тоо (ө.х. 33+2).
3.5.Индексийн тоон утгыг таслалаас хойш 3 орны түвшинд гаргана.
Дөрөв.Сумын хөгжлийн индекс тооцох үзүүлэлтийн тодорхойлолт, түүнийг тооцох арга
Сумын хөгжлийн түвшинг дор дурдсан 6 бүлэг бүхий 33 үзүүлэлтийг ашиглан тооцно:
4.1.Боловсролын үзүүлэлт:
4.1.1.бага боловсролд хамрагдалтын түвшин
Үзүүлэлтийн тодорхойлолт: Ерөнхий боловсролын бага сургуульд хамрагдсан түвшинг илэрхийлнэ.
Тооцох арга:Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангид суралцагчдын тоог тухайн нутаг дэвсгэрт оршин суух 1-5 дугаар ангид суралцах насны хүүхдийн тоонд харьцуулна.
4.1.2.нэг багшид ногдох сурагчдын тоо
Үзүүлэлтийн тодорхойлолт: Боловсролын үйлчилгээний чанар ямар түвшинд байгааг илэрхийлнэ.
Тооцох арга: Нийт сурагчдын тоог нийт багшийн тоонд харьцуулна.
4.1.3.сургуулийн ээлжийн коэффициент
Үзүүлэлтийн тодорхойлолт: Боловсролын үйлчилгээний хүртээмж ямар түвшинд байгааг илэрхийлнэ.
Тооцох арга:Суралцаж байгаа нийт сурагчдын тоог хичээлийн байрны төлөвлөгдсөн хүчин чадалд харьцуулна.
4.1.4.нэг хүүхдэд ногдох дотуур байрны орны тоо
Үзүүлэлтийн тодорхойлолт: Сургуулийн дотуур байрны хүртээмж ямар түвшинд байгааг илэрхийлнэ.
Тооцох арга:Дотуур байрны төлөвлөгдсөн орны тоог дотуур байранд амьдарч байгаа хүүхдийн тоонд харьцуулна.
4.1.5.сургуулийн барилгын чанар
Үзүүлэлтийн тодорхойлолт: Сургуулийн байрны барилгын чанарыг илэрхийлнэ.
Тооцох арга:Барилгын чанарыг дараах утгаар үнэлнэ:
-барилга шинээр барих шаардлагатай 1.0
-их засвар хийх шаардлагатай 2.0
-урсгал засвар хийх шаардлагатай 3.0
-засвар хийх шаардлагагүй боловч барилгын үзэмж сайн биш 4.0
-стандартад нийцсэн, засвар хийх шаардлагагүй 5.0
4.1.6.дотуур байрны барилгын чанар
Үзүүлэлтийн тодорхойлолт:Дотуур байрны барилгын чанарыг илэрхийлнэ.
Тооцох арга:Энэхүү аргачлалын 4.1.5-д заасантай адил байна.
4.1.7.цэцэрлэгийн хүчин чадал ба хүүхдийн харьцаа
Үзүүлэлтийн тодорхойлолт: Сургуулийн өмнөх боловсролын хүртээмж ямар түвшинд байгааг илэрхийлнэ.
Тооцох арга:Хүүхдийн тоогоор илэрхийлэгдсэн цэцэрлэгийн байрны төлөвлөгдсөн хүчин чадлыг цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхдийн тоонд харьцуулна.
4.1.8.цэцэрлэгийн нэг үндсэн багшид ногдох хүүхдийн тоо
Үзүүлэлтийн тодорхойлолт: Сургуулийн өмнөх боловсролын чанарыг илэрхийлнэ.
Тооцох арга:Цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхдийн тоог үндсэн багшийн тоонд харьцуулна.
4.1.9.цэцэрлэгийн барилгын чанар
Үзүүлэлтийн тодорхойлолт:Цэцэрлэгийн байрны сургалт явуулах орчин ямар түвшинд байгааг илэрхийлнэ.
Тооцох арга:Энэхүү аргачлалын 4.1.5-д заасантай адил байна.
4.1.10.соёлын төвийн барилгын чанар
Үзүүлэлтийн тодорхойлолт: Cоёлын төвийн барилгад мэргэжлийн үйл ажиллагаа явуулах орчин нөхцөл ямар түвшинд байгааг илэрхийлнэ.
Тооцох арга:Энэхүү аргачлалын 4.1.5-д заасантай адил байна.
4.2.Эрүүл мэндийн үзүүлэлтүүд:
4.2.1.эмнэлгийн барилгын чанар
Үзүүлэлтийн тодорхойлолт: Эмнэлгийн барилгын чанар нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг явуулахад ямар түвшинд хангаж байгааг илэрхийлнэ.
Тооцох арга:Энэхүү аргачлалын 4.1.5-д заасантай адил байна.
4.2.2.нэг их эмчид ногдох хүний тоо
Үзүүлэлтийн тодорхойлолт: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж ямар түвшинд байгааг илэрхийлнэ.
Тооцох арга:Нийт оршин суугчдын тоог нийт их эмчийн тоонд харьцуулна.
4.2.3.нэг сувилагчид ногдох хүний тоо
Үзүүлэлтийн тодорхойлолт: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж ямар түвшинд байгааг илэрхийлнэ.
Тооцох арга:Нийт оршин суугчдын тоог нийт сувилагчийн тоонд харьцуулна.
4.2.4.зүрх судасны өвчнөөр нас барсан хүний тоо
Үзүүлэлтийн тодорхойлолт:Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар ямар түвшинд байгааг төлөөлөн илэрхийлнэ.
Тооцох арга:Тухайн жил болон өмнөх 2 жилд зүрх судасны өвчнөөс шалтгаалан нас барсан тохиолдлын тоог харгалзах жилийн хүн амын тоонд харьцуулж 10000-аар үржүүлнэ. Дараа нь 3 жилийн дунджийг тооцно.
4.2.5.хавдраар нас барсан хүний тоо
Үзүүлэлтийн тодорхойлолт: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж ямар түвшинд байгааг төлөөлөн илэрхийлнэ.
Тооцох арга:Тухайн жил болон өмнөх 2 жилд хавдраар нас барсан тохиолдлын тоог харгалзах жилийн хүн амын тоонд харьцуулж 10000-аар үржүүлнэ. Дараа нь 3 жилийн дунджийг тооцно.
4.2.6.тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн дундаж түвшин
Үзүүлэлтийн тодорхойлолт: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмж, иргэдийн эрүүл мэндийн мэдлэг ямар түвшинд байгааг төлөөлөн илэрхийлнэ.
Тооцох арга:Тухайн жил болон өмнөх 2 жилд 0-5 насны хүүхдийн эндэгдлийн тоог харгалзах жилийн 0-5 настай хүүхдийн тоонд харьцуулна. Дараа нь 3 жилийн дунджийг тооцно.
4.3.Эдийн засаг ба бизнесийн үзүүлэлтүүд:
4.3.1.зочид буудлын орны тоо (зөвхөн аж ахуйн нэгж)
Үзүүлэлтийн тодорхойлолт: Суманд зочид буудлын хангамж, бизнес хөгжил ямар түвшинд байгааг илэрхийлнэ.
Тооцох арга:Суманд үйл ажиллагаа явуулж байгаа нийт зочид буудлын орны тоог нийт оршин суугчдын тоонд харьцуулж 1000-аар үржүүлнэ.
4.3.2.ахуйн үйлчилгээний төрлийн тоо
Үзүүлэлтийн тодорхойлолт: Суманд ахуйн үйлчилгээний хүртээмж, чанар ямар түвшинд байгааг болон бизнес хийх орчин бүрэлдсэн эсэхийг илэрхийлнэ.
Тооцох арга:Суманд байх шаардлагатай дараах ахуйн үйлчилгээний төрлөөс тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа төрлийн тоог 9-д харьцуулна.
-үсчин;
-гоо сайхан;
-халуун ус;
-хувцас засвар;
-гутал засвар;
-зурагчин;
-гэр ахуйн цахилгаан засвар;
-гар утас засвар;
-алт мөнгөний дархан.
4.3.3.нийгмийн даатгалын шимтгэл төлдөг аж ахуйн нэгжийн ажилчдын тоо
Үзүүлэлтийн тодорхойлолт: Аж ахуйн нэгжийн хөгжил, ажил эрхлэлт ямар түвшинд байгааг илэрхийлнэ.
Тооцох арга: Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, хувийн хэвшлийн ажилчдын тоог нийт оршин суугчдын тоонд харьцуулж 1000-аар үржүүлнэ.
4.3.4. 15-64 насны шилжин ирэгсдийн тоо
Үзүүлэлтийн тодорхойлолт: Сумын хөгжил, ялангуяа иргэдийн хөдөлмөрлөх боломж бололцоо, хөдөлмөрийн хөлс ямар түвшинд байгааг илэрхийлнэ.
Тооцох арга:Суманд шилжин ирсэн 15-64 насны хүн амын тооноос шилжин явсан мөн насны хүн амын тоог хасч, өмнөх оны жилийн эцэст тоологдсон сумын нийт оршин суугчдын тоонд харьцуулна.
4.3.5.сумын татвар төлөгчдөөс сум, аймаг, улсын төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээ (нэг хүнд ногдох дүнгээр)
Үзүүлэлтийн тодорхойлолт: Суманд бизнесийн үйл ажиллагаа, ажил эрхлэлт ямар түвшинд байгааг илэрхийлнэ.
Тооцох арга:Сумын татвар төлөгчдөөс сум, аймаг, улсын төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээг нийт оршин суугчдын тоонд харьцуулна.
4.3.6.нэг хүнд ногдох хадгаламжийн дүн (сая төгрөг)
Үзүүлэлтийн тодорхойлолт: Сумын иргэдийн мөнгөн хадгаламж, орлогын хэмжээ ямар түвшинд байгааг илэрхийлнэ.
Тооцох арга:Сумын иргэдийн хадгаламжийн нийт дүнг нийт оршин суугчдын тоонд харьцуулна.
4.3.7.нэг хүнд ногдох зээлийн үлдэгдэл (сая төгрөг)
Үзүүлэлтийн тодорхойлолт: Сумын иргэдийн бизнес эрхлэлт, орлого, зээлийн барьцаа, зээл төлөх чадвар ямар түвшинд байгааг илэрхийлнэ.
Тооцох арга:Сумын иргэдийн зээлийн нийт дүнг нийт оршин суугчдын тоонд харьцуулна.
4.4.Нийгмийн бусад үзүүлэлтүүд:
4.4.1.гэмт хэргийн тоо
Үзүүлэлтийн тодорхойлолт: Суманд иргэдийн аюулгүй амьдрах орчин ямар түвшинд байгааг илэрхийлнэ.
Тооцох арга:Тухайн жилд бүртгэгдсэн гэмт хэргийн тоог оршин суугчдын тоонд харьцуулж 1000-аар үржүүлнэ.
4.4.2.нутгийн удирдлагын ордны барилгын үнэлгээ
Үзүүлэлтийн тодорхойлолт: Нутгийн удирдлагын ордон нь сумын иргэдийн төрийн үйлчилгээ авах, нутгийн удирдлагатай уулзах, мэдээлэл солилцох бололцоог илэрхийлнэ.
Тооцох арга: Энэхүү аргачлалын 4.1.5-д заасантай адил байна.
4.5.Дэд бүтцийн үзүүлэлтүүд:
4.5.1.төрийн байгууллагууд төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон түвшин
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн нутаг дэвсгэрийн агаарын бохирдлын түвшинг тодорхойлно.
Тооцох арга:Төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон төрийн байгууллагын тоог төрийн нийт байгууллагын тоонд харьцуулна.
4.5.2.сумын төвийн өрхийн төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон түвшин
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн нутаг дэвсгэрийн агаарын бохирдлын түвшин, иргэдийн амьжиргаа болон ядуурлын түвшинг тодорхойлно.
Тооцох арга:Төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон өрхийн тоог нийт өрхийн тоонд харьцуулна.
4.5.3.төрийн байгууллага цахилгаан эрчим хүчний төвлөрсөн системд холбогдсон түвшин
Үзүүлэлтийн тодорхойлолт: Эрчим хүчний төвлөрсөн хангамж суманд ямар түвшинд байгааг илэрхийлнэ.
Тооцох арга:Төвлөрсөн цахилгаан эрчим хүчний системд холбогдсон төрийн байгууллагын тоог төрийн нийт байгууллагын тоонд харьцуулна.
4.5.4.сумын төвийн өрх цахилгаан эрчим хүчний төвлөрсөн системд холбогдсон түвшин
Үзүүлэлтийн тодорхойлолт:Эрчим хүчний төвлөрсөн хангамж, иргэдийн амьжиргаа болон ядуурлын түвшинг илэрхийлнэ.
Тооцох арга:Төвлөрсөн цахилгаан эрчим хүчний системд холбогдсон сумын төвийн өрхийн тоог сумын төвийн нийт өрхийн тоонд харьцуулна.
4.5.5.төрийн байгууллага ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээнд холбогдсон түвшин
Үзүүлэлтийн тодорхойлолт: Сумын ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм, орчны болон хөрсний бохирдол ямар түвшинд байгааг илэрхийлнэ.
Тооцох арга:Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдсон төрийн байгууллагын тоог төрийн нийт байгууллагын тоонд харьцуулна.
4.5.6.сумын төвийн өрх ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээнд холбогдсон түвшин
Үзүүлэлтийн тодорхойлолт: Суманд ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм, орчны бохирдол болон иргэдийн амьжиргаа, ядуурлын түвшинг илэрхийлнэ.
Тооцох арга:Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системд холбогдсон өрхийн тоог нийт өрхийн тоонд харьцуулна.
4.6.Байгаль орчны үзүүлэлтүүд:
4.6.1.бэлчээрийн чанар
Үзүүлэлтийн тодорхойлолт: Сумын бэлчээрийн чанар, даац, ургамлын гарц ямар түвшинд байгааг илэрхийлнэ.
Тооцох арга: Цаг уур, орчны шинжилгээний газраас тооцож гаргасан бэлчээрийн чанарын үнэлгээг индексжүүлнэ.
4.6.2.уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж, нөхөн сэргээгдээгүй газрын хэмжээ
Үзүүлэлтийн тодорхойлолт: Суманд хариуцлагатай уул уурхай ямар түвшинд хөгжиж байгааг илэрхийлнэ.
Тооцох арга:Уул уурхайн нөхөн сэргээлт хийгдээгүй газар нутгийн хэмжээг сумын нийт газар нутгийн хэмжээнд харьцуулна.
---о0о---
Текст томруулах
A
A
A