- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ (Засгийн газрын 2020 оны 189 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Засгийн газрын 2018 оны 63 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ
ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
(Засгийн газрын 2020 оны 189 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл (цаашид “Үндэсний зөвлөл” гэх)-ийн үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Үндэсний зөвлөл нь үйл ажиллагаандаа Гамшгаас хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү журмыг удирдлага болгоно.
Хоёр. Удирдлага, зохион байгуулалт
2.1. Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлж, онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн зөвлөлийн орлогч дарга байна.
2.2. Үндэсний зөвлөл Ажлын албатай байна. Үндэсний зөвлөлийн ажлын албыг онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга удирдаж, ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагааг тус байгууллагын гамшгийн эрсдэлийн удирдлагын асуудал хариуцсан нэгж эрхэлнэ.
2.3. Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах байнгын ажиллагаатай зөвлөл нь Үндэсний зөвлөлийн дэд зөвлөл байна.
2.4. Улсын онцгой комисс, гамшгаас хамгаалах улсын албад нь чиг үүргийн хүрээнд Үндэсний зөвлөлтэй үйл ажиллагаагаа уялдуулж ажиллана.
Гурав. Үндэсний зөвлөлийн бүрэн эрх
3.1. Үндэсний зөвлөл нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
3.2. Үндэсний зөвлөлийн гишүүн дараах эрхтэй:
3.2.1. шаардлагатай тохиолдолд Үндэсний зөвлөлийн ээлжит бус хуралдааныг хуралдуулах санал гаргах;
3.2.2. гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажилллагаанд болон Үндэсний зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн хэрэгжилтэд шаардагдах судалгаа, мэдээ, мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах;
3.2.3. гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хариуцсан салбарт хэрэгжүүлэх арга хэмжээ, салбар хоорондын зохицуулалтыг хангах асуудлыг Үндэсний зөвлөлийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх.
3.3. Үндэсний зөвлөлийн гишүүн дараах үүрэгтэй:
3.3.1. гамшгийн эрсдэлийг бууруулах эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хэрэгжүүлсэн ажлаа Үндэсний зөвлөлийн хурал, холбогдох байгууллага, албан тушаалтанд тайлагнах;
3.3.2. гамшгийн эрсдэлийг бууруулахтай холбоотой бодлогын зөвлөмж боловсруулах, бусад гишүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж салбар дундын зохицуулалтыг хангах;
3.3.3. Үндэсний зөвлөлөөс гарсан шийдвэр, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, холбогдох зардлыг тухайн жилийн төсөвтөө тусгах.
Дөрөв. Үндэсний зөвлөлийн хуралдаан
4.1. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Хуралдааныг Үндэсний зөвлөлийн дарга зарлан хуралдуулна.
4.2. Хуралдааны дэгийг Үндэсний зөвлөл батална. Үндэсний зөвлөлийн хуралдааны шийдвэр нь зөвлөмж байна.
4.3. Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдааныг жилд 1-ээс доошгүй удаа хуралдуулна. Шаардлагатай тохиолдолд ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж болно.
4.4. Ээлжит хуралдааны товыг хуралдаан болохоос 10-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд мэдэгдэж, хуралдааны материалыг тараасан байна.
4.5. Үндэсний зөвлөлийн хуралдааныг нийт гишүүдийн олонх оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцно. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг гишүүдийн олонхын саналаар, санал тэнцсэн тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар шийдвэр гаргана.
4.6. Үндэсний зөвлөлийн даргын шийдвэрээр үндэсний зөвлөлийн хуралдаанд холбогдох эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс оролцуулж болно.
Тав. Үндэсний зөвлөлийн ажлын албаны чиг үүрэг
5.1. Үндэсний зөвлөлийн ажлын алба дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
5.1.1. Үндэсний зөвлөлийн хуралдааны бэлтгэл ажлыг хангаж, хуралдааныг зохион байгуулах;
5.1.2. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад гишүүдээс гадна бусад холбогдох талуудыг татан оролцуулах, хяналт тавих;
5.1.3. Үндэсний зөвлөлд ирүүлсэн санал, хүсэлтийг хүлээн авч, Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэх;
5.1.4. Үндэсний зөвлөлийн хуралдааны шийдвэрийг холбогдох байгууллагад хүргүүлж, шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж тайлагнах;
5.1.5. Үндэсний зөвлөлөөс зохион байгуулж байгаа ажил, түүний явц, үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх, сурталчлах;
5.1.6. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаанд шаардлагатай баримт бичиг, мэдээ, мэдээлэл, судалгааг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэдээс гаргуулан авах;
5.1.7. орон нутгийн зөвлөлийн ажлын албаны үйл ажиллагаанд хяналт тавих, үйл ажиллагааны жилийн тайланг гаргуулах;
5.1.8. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнах.
Зургаа. Бусад
6.1. Үндэсний зөвлөл нь холбогдох журмын дагуу хийсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
6.2. Үндэсний зөвлөлийн ажлын албаны үйл ажиллагааны зардлыг онцгой байдлын асуудал хариуцсан байгууллагын төсвийн багцад тусган санхүүжүүлнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A