A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2018 оны 67 дугаар
тогтоолын хавсралт

 

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ

(Засгийн газрын 2020 оны 191 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)


Нэг.Нийтлэг үндэслэл

1.1. Гамшгийн эрсдэлийг үнэлэх үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах, үнэлгээ хийх этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, уг үнэлгээний гүйцэтгэл, тайланд хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Гамшгийн эрсдэлийн үнэлгээний зорилго нь тодорхой нутаг дэвсгэр, аж ахуйн нэгж, байгууллагад тохиолдож болзошгүй гамшгийн аюулыг урьдчилан үнэлсний үндсэн дээр гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөж, гамшгийн эрсдэлийг бууруулахад оршино.

1.3. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ нь гамшгаас хамгаалах төлөвлөгөөний үндэс болно.

1.4. Гамшгийн эрсдэлийн үнэлгээг үндэсний, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн, салбарын, аж ахуйн нэгж, байгууллагын болон онц чухал обьектын түвшинд хийнэ.

1.5. Гамшгийн эрсдэлийн үнэлгээг 3 жил тутам, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгохтой уялдуулан тухай бүр хийнэ.

Хоёр. Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа

2.1. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ нь гамшгийн эрсдэлийн тойм судалгаанд үндэслэх бөгөөд гамшгийн эрсдэлийн тойм судалгааг үнэлгээ хийхэд шаардлагатай суурь мэдээллийг бүрдүүлэх, эрсдэлийг тодорхойлох зорилгоор хийнэ.

2.2. Тойм судалгааг дараах түвшин бүрээр дор дурдсан этгээд хийж гүйцэтгэнэ:
         
2.2.1. үндэсний хэмжээний тойм судалгааг онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон холбогдох салбарын эрдэмтэн судлаачдын хамтарсан ажлын хэсэг;

2.2.2. засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тойм судалгааг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, олон нийтийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг;

2.2.3. салбарын тойм судалгааг гамшгаас хамгаалах улсын алба, тухайн салбарын мэргэжилтнүүдийн  төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг;

2.2.4. аж ахуйн нэгж, байгууллагын тойм судалгааг тухайн байгууллагаас томилсон ажлын хэсэг.

2.3. Энэхүү журмын 2.2.1-2.2.4-т заасан ажлын хэсэг гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийж тайлан гаргахдаа холбогдох заавар, стандартыг мөрдлөг болгож,  онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас мэргэжил, арга зүйн туслалцаа авч болно.

2.4. Ажлын хэсгийн хийсэн гамшгийн эрсдэлийн тойм судалгааны тайланг энэхүү журмын 3.5-д заасан шинжээч, эсхүл шинжээчдийн баг тогтоосон шалгуур үзүүлэлтээр үнэлж дараах дүгнэлтийг гаргана:

2.4.1. тойм судалгааны үр дүнг үндэслэн гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах боломжтой;

2.4.2. гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэж, төлөвлөгөөг тодотгох шаардлагатай.

Гурав. Гамшгийн эрсдэлийг үнэлэх үйл ажиллагааны
       удирдлага, зохион байгуулалт

3.1. Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  11.1-д заасан нийтлэг шаардлага, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7.3-т заасан шаардлагыг хангасан хуулийн этгээдэд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгоно.

3.2. Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайланг хэлэлцэж дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус Мэргэжлийн зөвлөл (цаашид “Мэргэжлийн зөвлөл” гэх) ажиллана.

3.3. Мэргэжлийн зөвлөл нь  галын аюулгүй байдлын салбар зөвлөлтэй байна.

3.4. Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийхэд баримтлах зааврыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

3.5. Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гамшгийн эрсдэлийн тойм судалгааны болон гамшгийн эрсдэлийн үнэлгээний гүйцэтгэл, тайланд хяналт тавих үнэлгээний шинжээч, эсхүл шинжээчийн багийг томилж ажиллуулна.

3.6. Үнэлгээний шинжээч, шинжээчийн багийн үйл ажиллагааг энэхүү журмын 3.4-т заасан Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмаар зохицуулна.

Дөрөв. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай
    зөвшөөрөл олгох, цуцлах

4.1. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.
4.2. Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд анх удаа 3 жилийн хугацаагаар олгож, Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн мөн хугацаагаар сунгана.

4.3. Хуулийн этгээдийн хийж гүйцэтгэсэн үнэлгээний тайлан шаардлага хангаагүй, эсхүл холбогдох заавар, стандартыг мөрдөөгүй нь Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр тогтоогдсон нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1-д зааснаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно. 

Тав. Гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийлгэх
     захиалагч талын бүрэн эрх

5.1. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх захиалагч аж ахуйн нэгж, байгууллага (цаашид “захиалагч тал” гэх) нь дараах эрхтэй:

          5.1.1. гамшгийн эрсдэлийн тойм судалгааг дотоод нөөц бололцоонд тулгуурлан хийх боломжгүй тохиолдолд үнэлгээ хийлгэх талаар эрх бүхий байгууллагад хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх;

          5.1.2. гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийлгэхдээ тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг холбогдох хуулийн дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулж үнэлгээ хийлгэх;

          5.1.3. үнэлгээг хийх хуулийн этгээдээс мэдээллийн нууцлалыг хадгалахыг шаардах;

          5.1.4. үнэлгээний үйл явц, үр дүнтэй холбоотой санал, гомдлыг үнэлгээ хийсэн хуулийн этгээд, холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх.

5.2. Захиалагч тал нь дараах үүрэгтэй:

           5.2.1. гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардлагатай баримт бичгийг хуулийн этгээдэд гаргаж өгөх;

           5.2.2. гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх обьект, салбарын үйл ажиллагааны талаар танилцуулах, мэдээллээр хангах.

Зургаа. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх хуулийн
       этгээдийн бүрэн эрх

6.1. Хуулийн этгээд дараах эрхтэй:

6.1.1. үнэлгээ хийхэд шаардлагатай баримт бичиг, мэдээ, мэдээллийг захиалагч талаас гаргуулах;

6.1.2. гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх обьектод нэвтрэх, үйл ажиллагаатай танилцах, судлах;

6.1.3. тухайн салбарын мэргэшсэн шинжээчээс зөвлөгөө авч хамтран ажиллах;

6.1.4. онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүсэлт тавьж, гамшгийн эрсдэлийн үнэлгээтэй холбогдох мэдээлэлтэй танилцах;

6.2. Хуулийн этгээд дараах үүрэгтэй:
 
6.2.1. үнэлгээг захиалагч талтай байгуулсан гэрээнд заасан хугацаанд тогтоосон аргачлалын дагуу чанартай хийж гүйцэтгэн үнэлгээний тайланг 3 хувь үйлдэж, захиалагч тал болон холбогдох байгууллагад хүргүүлэх;

6.2.2. тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, техник, технологи, бизнесийн мэдээллийн нууцыг хадгалах.


Долоо. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх

7.1. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх хуулийн этгээд дараах чиглэлээр мэргэшсэн байж болно:

7.1.1. уул уурхайн салбарын;

7.1.2. дэд бүтцийн салбарын;

7.1.3. хөдөө аж ахуйн салбарын;

7.1.4. байгаль, хүрээлэн буй орчны;

7.1.5. үйлдвэр, үйлчилгээний салбарын;

7.1.6. эрүүл мэндийн салбарын;

7.1.7. бусад.

7.2. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, аж ахуйн нэгж, байгууллага нь энэхүү журмын 2.4-т заасан дүгнэлтэд үндэслэн гамшгийн эрсдэлийн үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд (цаашид “хуулийн этгээд” гэх)-ээр хийлгэнэ.                                                                          

7.3. Хуулийн этгээд нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, тодорхой салбар, аж ахуйн нэгж, байгууллага, улсын онц чухал обьект, гал түймрийн онц аюултай барилга байгууламжийн түвшинд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийж, үнэлгээний тайлан гаргана.

7.4. Хуулийн этгээд нь гамшгийн эрсдэлийн үнэлгээг гамшгийн аюул тус бүрийн онцлогт тохирсон аргачлалын дагуу хийнэ.

7.5. Хуулийн этгээд үнэлгээ хийхдээ тохиолдож болзошгүй гамшгийн аюулын шалтгаан, түүний хамрах хүрээ, хамрах нутаг дэвсгэр, гарах хүндрэл, нөлөөллөө байгаль, цаг уурын нөхцөл, тохиолдох давтамжийн магадлал, учруулах хор уршиг, аюулд өртөгдөх зүйл, үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн баталгаа, аюулгүй ажиллагааны системийн удирдлага, зохион байгуулалт, гамшгаас учрах нийгэм, эдийн засгийн болзошгүй үр дагавар зэргийг цогцоор нь үнэлж, дүгнэлт хийж үнэлгээний тайлан гаргана.

7.6. Гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайланд гамшгийн эрсдэлээс  хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах болон гамшгийн аюулын эдийн засаг, нийгэмд учруулах сөрөг үр дагаврыг бууруулах талаарх зөвлөмжийг тусгана.

Найм. Гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайланд
    дүгнэлт гаргах

8.1. Гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайланд дүгнэлт гаргах чиг үүргийг энэ журмын 3.2-т заасан Мэргэжлийн зөвлөл хэрэгжүүлнэ.

8.2. Мэргэжлийн зөвлөл нь дүн шинжилгээний үр дүнд үндэслэн гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайланд дараах дүгнэлтийн аль нэгийг гаргана:
    
8.2.1. гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайлан шаардлага хангаагүй, холбогдох заавар, аргачлалын дагуу дахин гүйцэтгэх шаардлагатай; 

8.2.2. гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайлан холбогдох заавар стандартын дагуу хийгдсэн.

8.3. Гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайланг дүгнэх шалгуур үзүүлэлтийг онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

8.4. Гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайланг дүгнэх үйл ажиллагаанд тухайн үнэлгээний ажилд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлсэн үнэлгээний шинжээч оролцохгүй.

 


---о0о---