- Нүүр
- Сайдын тушаал
- САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ, АЖИЛЛАХ ЖУРАМ
Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 3 дүгээр сарын 13-ны өдрийн
А-57 тоот тушаалын хавсралт
САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ, АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журам нь усны сав газрын талуудын оролцооны зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ байгуулах, тухайн сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөлт, хэрэгжилтэд талуудын оролцоог хангах, сав газрын захиргааны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах харилцааг зохицуулахад оршино.
1.2.Сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулахад зөвлөмж өгөх, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, мэдээ, мэдээллийг түгээх, олон талын оролцоог хангахад зөвлөлийн үйл ажиллагаа чиглэнэ.
1.3.Зөвлөл нь усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх зорилгод олон талт ашиг сонирхол бүхий оролцогчдын эрх тэгш, нээлттэй, хариуцлагатай, хамтран ажиллах нөхцөлийг хангах зарчмыг баримтлан ажиллана.
1.4.Зөвлөл нь Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомж, энэхүү журмыг үйл ажиллагаандаа удирдлага болгоно.
1.5.Зөвлөлийн нэрийг монгол хэлээр “Сав газрын талуудын оролцооны зөвлөл” гэж, англи хэлээр “River basin Multi-Stakeholder Platform council” гэж нэрлэнэ.
Хоёр. Сав газрын талуудын оролцооны зөвлөл байгуулах
2.1.Зөвлөл байгуулах анхдугаар хуралдааныг тухайн сав газрын захиргаа Усны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасан төлөөллийг ханган зохион байгуулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад зөвлөлийн бүрэлдэхүүний талаар санал хүргүүлнэ.
2.2.Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь зөвлөлийн саналыг судлан шийдвэрлэж, зөвлөлийн бүрэлдэхүүнийг тушаалаар батална.
2.3.Монгол орны усны сав газар бүрээр сав газрын талуудын оролцооны зөвлөлбайгуулах бөгөөд гурав буюу түүнээс дээш аймаг дамнасан болон бүс нутгийн экосистемийн онцлогийг харгалзан шаардлагатай бол салбар зөвлөл байгуулж болно.
2.4.Зөвлөл нь тухайн усны сав газрын газар нутгийн хэмжээ, экосистемийн онцлогоос хамааран нарийн бичгийн даргыг оролцуулан 17-45 хүртэл тооны гишүүнтэй байна. Салбар зөвлөл байгуулсан нь зөвлөлийн гишүүдийн тооны дээд хязгаарыг нэмэгдүүлэх үндэслэл болохгүй.
2.5.Зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн орон нутгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлага орж ажиллаж болно.
2.6. Зөвлөлийн даргаар дээд боловсролтой, байгаль орчны чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагад ажиллаж байсан туршлагатай, удирдан чиглүүлэх, хэлэлцүүлэг зохион байгуулах чадвартай, олон нийтийн дунд нэр хүндтэй, Монгол улсын иргэнийг Зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар сонгоно.
2.7.Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь тухайн сав газрын захиргааны ахлах мэргэжилтэн байх ба саналын эрхтэй оролцоно.
2.8.Салбар зөвлөл нь зөвлөлийн ээлжит болон ээлжит бус хуралдааны чөлөө цагт хуралдаж болох бөгөөд хэлэлцсэн асуудлаараа тодорхой санал гаргаж зөвлөлийн нарийн бичгийн даргад бичгээр болон цахимаар хүргүүлж болно.
2.9.Зөвлөл нь олон талын төлөөлөл адил тэнцүү байх зарчмыг баримталж дараах бүрэлдэхүүнтэй байна:
2.9.1.тухайн орон нутгийн засаг захиргааны төлөөлөл;
2.9.2.төрийн бус байгууллагын төлөөлөл;
2.9.3.сум дүүргийн иргэд;
2.9.4.ус ашиглагчидийн төлөөлөл;
2.9.5.эрдэмтэн, судлаачид;
2.9.6.орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл;
2.9.7.усны мэргэжлийн байгууллагын төлөөлөл.
2.10.Зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна. Зөвлөл жилд 2 удаа хуралдах бөгөөд ийнхүү хуралдаагүй бол Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр зөвлөлийг татан буулгана.
2.11. Зөвлөлньалбаныхэвлэмэлхуудастайбайна.
Гурав. Сав газрын талуудын оролцооны зөвлөлийн хуралдаан
3.1.Зөвлөлийн хуралдаан хууль дээдлэх, асуудлыг чөлөөтэй хэлэлцэж, цөөнхийн саналыг хүндэтгэн сонсож олонхийн саналаар шийдвэрлэх зарчмыг удирдлага болгоно.
3.2.Зөвлөлийн анхдугаар хуралдааныг Сав газрын захиргааны дарга зарлан хуралдуулна. Зөвлөлийн ээлжит хуралдааныг жилд хоёроос доошгүй удаа хуралдуулна. Хуралдааны товыг Зөвлөлийн дарга тогтоож хуралдаан болохоос хориос доошгүй хоногийн өмнө гишүүдэд зарлана.
3.3.Ээлжит хуралдаанаар дараахь асуудлыг авч хэлэлцэнэ:
3.3.1.өнгөрсөн зургаан сарын хугацааны усны нэгдсэн менежментийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн талаарх Сав газрыг захиргааны ажлын тайлан;
3.3.2.байгаль орчны асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүнтэй байгуулсан Сав газрын захиргааны даргын үр дүнгийн гэрээний биелэлт;
3.3.3.өмнөх хуралдаанаас гаргасан хурлын тэмдэглэл, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн ажлын үр дүн;
3.3.4.энэхүү журмын 3.5-д заасны дагуу гишүүдээс гаргасан бусад асуудал.
3.4.Хэлэлцэх асуудлын дараалалд тусгагдаагүй асуудлыг уг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн тавиас дээш хувийн саналаар хэлэлцэж болно.
3.5. Зөвлөлийн нарийн бичгийн дарга хэлэлцэх асуудал, холбогдох материалыг хуралдаан эхлэхээс 15 хоногийн өмнө гишүүдэд хүргүүлж, саналыг урьдчилан бичгээр болон цахим хэлбэрээр авч болно.
3.6.Ээлжит хуралдааны чөлөө цагт ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулж болно.
3.6.1.зөвлөлийн гишүүдийн гуравны нэгээс дээш хэсгийн шаардсанаар, эсхүл Зөвлөлийн даргын санаачилгаар хуралдуулна.
3.6.2.зөвлөлийн гишүүд нь ээлжит бус чуулган хуралдуулах санал, хэлэлцэх асуудлыг Зөвлөлийн даргад бичгээр хүргүүлнэ.
3.6.3.зөвлөлийн нарийн бичгийн дарга ээлжит бус хуралдааны хэлэлцэх асуудал, хуралдааны тов, холбогдох материалыг хуралдаан эхлэхээс 15 хоногийн өмнө гишүүдэд хүргүүлнэ.
3.7.Зөвлөлийн гишүүдийн ердийн олонхи хүрэлцэн ирснээр хуралдаан хүчин төгөлдөр болно.
3.8.Зөвлөлийн хуралдаанаас тэмдэглэл гарах бөгөөд ажлын 7 хоногийн дотор Зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
3.9.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар зөвлөмж гаргаж болно. Зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, зөвлөмжийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн хэрэгжүүлэх талаар арга хэмжээ авч, түүний явц, үр дүнгийн тухай тогтоосон хугацаанд хариу мэдэгдэнэ.
3.10.Энэхүү журмын 3.2-т заасан ээлжит хуралдааныг хоёр буюу түүнээс дээш удаа зохион байгуулаагүй бол зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь чөлөөлөх шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.
3.11.Зөвлөлийн хуралдааны дэгийг зөвлөл өөрөө тогтоох бөгөөд Зөвлөлийн даргыг сонгохоос бусад асуудлыг илээр санал гаргаж шийдвэрлэнэ.
Дөрөв. Зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл
4.1.Зөвлөл нь Усны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д заасан бүрэн эрхийн хүрээнд дараах үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлнэ:
4.1.1.сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний төсөлд олон нийтийн санал зөвлөмж авах ажлыг сав газрын захиргаатай хамтран зохион байгуулах;
4.1.2.сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний төслийг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, нэгдсэн саналыг сав газрын захиргаанд хүргүүлэх;
4.1.3.сав газрын захиргааны үр дүнгийн гэрээний биелэлтийг хуралдаанаар хэлэлцэн холбогдох саналаа байгаль орчны асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүнд хүргүүлэх;
4.1.4.байгаль орчны асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн нь энэхүү журмын 4.1.3-д заасан саналыг тухайн сав газрын захиргааны хагас, бүтэн жилийн үр дүнгийн гэрээг дүгнэхдээ нэг үзүүлэлт болгон авч үзнэ.
4.1.5.сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнг үнэлж, олон нийтэд мэдээлнэ. Шаардлагатай тохиолдолд сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг холбогдох байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлэх;
4.1.6.зөвлөл нь тухайн орчны экосистемд сөрөг нөлөө үзүүлэхүйц болон олон нийтийн эрх ашигтай зөрчилдсөн гэж үзсэн тохиолдолд ус ашиглахтай холбогдсон сав газрын захиргааны дүгнэлтийг хүчингүй болгуулах саналыг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, шийдвэрлүүлэх;
4.1.7.ус ашиглах, хаягдал ус зайлуулах шаардлагыг зөрчсөн тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах талаар сав газрын захиргаанд үндэслэл бүхий санал хүргүүлэх;
4.1.8.тухайн сав газрын хэмжээнд шаардлагатай гэж үзсэн газрыг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авах тухай саналыг боловсруулж холбогдох байгууллагад хүргүүлэх;
4.1.9.олон нийтийг усны нөөц, түүний хамгаалалт, усыг зохистой ашиглах талаархи мэдээллээр хангах, мэдлэг олгох, тэдэнд усыг зохистой хэрэглэх хандлага төлөвшүүлэх зорилгоор нийтийг хамарсан ажил, сургалт сурталчилгааг явуулах мөн эдгээр ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
4.1.10.зөвлөлийн хэвийн үйл ажиллагааг хангах, усны нэгдсэн менежментийн төлөвлөгөөнд хяналт тавих, холбогдох бусад чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
4.1.11.зөвлөл нь чиг үүргийнхээ хүрээнд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллуулж болно. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд салбарын мэргэжилтэн, судлаачдыг татан оролцуулна.
Тав. Зөвлөлийн даргын эрх, үүрэг
5.1.Зөвлөлийн дарга дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
5.1.1.Зөвлөлийн хуралдааныг товлон зарлах, хуралдааны хөтөлбөрийг гаргах, дэгийг батлах, хуралдааныг удирдан зохион байгуулах, гарсан шийдвэрийг баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих;
5.1.2.зөвлөлийг төлөөлөн бусад зөвлөл, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй харилцах;
5.1.3.гадаад улсын байгууллага, иргэд, олон улсын байгууллагатай байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөл, чиглэлийн хүрээнд харилцах;
5.1.4.зөвлөлийг удирдлагаар хангаж, зөвлөлийн гишүүдэд үүрэг, чиглэл өгөх;
5.1.5.зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацаа зөвлөлийн бүрэн эрхийн хугацаагаар тодорхойлогдох ба ажлын үр дүнг харгалзан 1 удаа улираан сонгож болно;
5.1.6.зөвлөлийн гишүүн ээлжит болон ээлжит бус хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр ба түүнээс дээш удаа оролцоогүй бол зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх саналыг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, шийдвэрлүүлнэ;
5.1.7.зөвлөлийн дарга хүндэтгэн үзэх шалтгаанаар ажиллах боломжгүй тохиолдолд өөрийн эрх, үүргээ Зөвлөлийн нарийн бичгийн даргад түр хугацаанд шилжүүлж болно.
Зургаа.Зөвлөлийн нарийн бичгийн даргын эрх, үүрэг
6.1.Зөвлөлийн нарийн бичгийн дарга дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ:
6.1.1.зөвлөлийн нарийн бичгийн дарга нь зөвлөлийн албан бичиг, хэргийг хариуцах;
6.1.2.сав газрын байгалийн нөхцөл, баялаг, нөөц, тэдгээрийн хамгаалалт, ашиглалттай холбоотой мэдээ, мэдээлэл цуглуулах;
6.1.3.зөвлөлийн гишүүдийг мэдээ, мэдээллээр хангах, Зөвлөлийн хуралдааны бэлтгэл ажлыг хангаж, хуралдааны тэмдэглэл хөтлөх;
6.1.4.зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, зөвлөмж, тайлан зэргийг гишүүдэд хүргүүлэх;
6.1.5.зөвлөлийн гишүүдээс төрийн болон байгууллагын нууцад хамаарахаас бусад мэдээ, мэдээлэл, тоо баримтыг ажлын хэрэгцээнд зориулж авах;
6.1.6.орон нутгийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нийгмийн байгууллага, ус ашиглагч, хэрэглэгч болон бусад байгууллагатай харилцах;
6.1.7.сав газрын усны нэгдсэн менежментийн төлөвлөгөө, үр дүнгийн гэрээний биелэлтийг тухай бүр танилцуулж, хэлэлцүүлнэ.
Долоо.Зөвлөлийн гишүүний эрх, үүрэг
7.1.Зөвлөлийн гишүүд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
7.1.1.зөвлөлийн үйл ажиллагаанд тогтмол оролцох, төлөөлж буй салбарын нийтлэг ашиг сонирхлыг төлөөлж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх;
7.1.2.зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар аль ч байгууллага, удирдлагад санал тавих, мэдээлэл авах;
7.1.3.зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж олонхийн саналаар батлагдсан зөвлөмжийг өөрийн байгууллагын удирдлагад танилцуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
7.1.4.зөвлөлийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах;
7.1.5.зөвлөлийн гаргасан хамтын шийдвэрийг биелүүлэх;
7.1.6.зөвлөлийн гишүүний ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх;
7.1.7.зөвлөлийн үйл ажиллагаанд шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах.
Найм. Зөвлөлийн санхүүгийн эх үүсвэр
8.1.Зөвлөл нь тухайн сав газрын усны нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэртэй байх бөгөөд дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
8.1.1.сав газрын захиргаанаас зөвлөлийн үйл ажиллагааг дэмжихэд зориулж олгосон мөнгөн хөрөнгө;
8.1.2.усны сав газрын усны нөөцийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зориулж тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас олгосон мөнгөн хөрөнгө;
8.1.3.орон нутгийн болон улсын төсвийн санхүүжилтээс гэрээний үндсэн дээр гүйцэтгэсэн ажлын төлбөр;
8.1.4. байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын усны нөөц ашигласны төлбөрийн орлого;
8.1.5.олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдтэй хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;
8.1.6.зөвлөлийн ээлжит болон ээлжит бус хуралдааныг зохион байгуулахад зориулж энэхүү журмын 2.9.4-д заасан ус ашиглагчаас олгосон санхүүжилт;
8.1.7.бусад.
---о0о---
Текст томруулах
A
A
A