- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МАЛЧИНД ТЭТГЭВЭР ТОГТООХОД БАРИМТЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2018 оны 71 дүгээр
тогтоолын 1 дүгээр хавсралт
МАЛЧИНД ТЭТГЭВЭР ТОГТООХОД БАРИМТЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход энэхүү журмыг мөрдөнө.
1.2. “Малчин” гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгоно.
Хоёр. Малчинд тэтгэвэр тогтоох
2.1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д заасан болзлыг хангасан 55 нас хүрсэн эрэгтэй малчин, 50 нас хүрсэн эмэгтэй малчин тус тус өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
2.2. Малчны өндөр насны тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тодорхойлсон сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг, мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан хувь хэмжээгээр тооцож, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан хугацаанд багтаан шийдвэрлэнэ.
Гурав. Малчнаар ажиллаж нийгмийн даатгалын
шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох
3.1. Нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг дараах баримт бичгийг үндэслэн тодорхойлно:
3.1.1. даатгуулагчийн 1995 оноос өмнө малчнаар ажилласан хугацааг хөдөлмөрийн дэвтэр болон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, шимтгэл төлсөн лавлагаа (хөдөлмөрийн дэвтэр байхгүй, эсхүл бичилт нь шаардлага хангахгүй тохиолдолд архивын лавлагаа, шүүхийн шийдвэр);
3.1.2. даатгуулагч 1991-1994 оны хооронд хувиараа мал малласан бол 1991-1994 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан БНМАУ-ын Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, “Хувиараа аж ахуй эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг бүртгэх тухай” Хөдөлмөрийн сайдын 1991 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 276 дугаар тушаалын дагуу сайн дурын үндсэн дээр нийгмийн даатгалд даатгуулж, орлогоосоо 13.5 хувиар тэтгэврийн даатгалын шимтгэл төлснийг нотлох хөдөлмөрийн дэвтэр, “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг бүртгэх тооцооны хуудас”, тухайн орон нутагт мал маллаж оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
3.1.3. даатгуулагч Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1991-1994 онд тэтгэврийн даатгалд даатгуулснаар нөхөн тооцуулсан бол хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт хавсаргасан баталгаажилтын хуудас, тухайн орон нутагт мал маллаж оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
3.1.4. даатгуулагч 1995 оноос хойшхи хугацаанд ажил олгогч (малчин ажил олгогч)-той гэрээ байгуулан малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол малчнаар ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тухай тушаал, эсхүл хөлсөөр ажиллах (ажил гүйцэтгэх гэрээ, тэдгээртэй адилтгах) гэрээ, шимтгэл төлснийг нотлох нийгмийн даатгалын дэвтэр (шаардлагатай тохиолдолд шимтгэл төлсөн тухай лавлагаа);
3.1.5. даатгуулагч 1995 оноос хойшхи хугацаанд хувиараа мал маллаж, нийгмийн даатгалын шимтгэл сайн дураараа төлсөн, эсхүл ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн бол шимтгэл төлснийг нотлох нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт хавсаргасан баталгаажилтын хуудас, (шаардлагатай тохиолдолд шимтгэл төлөлтийн лавлагаа), Үндэсний статистикийн хорооноос баталсан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тухайн оны тооллого”-ын жил бүрийн бүртгэл (цаашид “А” дансны лавлагаа гэх);
3.2. Даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох “А” дансны лавлагаа, эсхүл энэ журмын 3.1.4-т заасан даатгуулагчийн ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тухай тушаал, хөлсөөр ажиллах (ажил гүйцэтгэх гэрээ, тэдгээртэй адилтгах) гэрээ байхгүй тохиолдолд түүний малчнаар ажиллаж байсан хугацааг сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) тодорхойлно.
3.3. Энэхүү журмын 3.2-т заасан зөвлөлийн бүрэлдэхүүнийг сум, дүүргийн Засаг даргын захирамжаар батлах бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүнд сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, баг (хороо)-ийн Засаг дарга, нийгмийн даатгалын байцаагч (ажилтан), малчны болон малын бүртгэл хариуцсан мал зүйч, малын эмч, нийгмийн ажилтан, улсын бүртгэл болон статистикийн асуудал хариуцсан ажилтан, тухайн сум, баг, хороонд олон жил удирдах албан тушаал хашиж байсан иргэн, эсхүл олон жил амьдарч байгаа нутгийн уугуул иргэний төлөөллийг оруулна.
3.4. Зөвлөлийн дарга нь тухайн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, нарийн бичгийн дарга нь нийгмийн даатгалын байцаагч (ажилтан) байна.
3.5. Зөвлөлийн ажиллах дүрмийг нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
3.6. Даатгуулагч Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан малчнаар ажилласан бол түүний ажилласан хугацааг 15 наснаас эхэлж тооцно.
3.7. Малчнаар ажилласан хугацааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагчийн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан хугацаанд оруулан тооцохгүй.
3.8. Цаа буга маллаж байсан даатгуулагч, саальчин болон 1990 оноос өмнөх хугацаанд тууварчнаар ажилласан даатгуулагчийг энэхүү журмын 1.2-д заасан иргэнтэй адилтгаж үзнэ.
3.9. Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацаа, цэргийн алба хаасан хугацаа, малчнаас өөр ажил, хөдөлмөр эрхэлсэн хугацаа, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны улмаас нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр, нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байсан хугацааг малчнаар ажилласан хугацаанд тооцохгүй. Харин ерөнхий боловсролын сургуульд суралцсан хугацаанаас бусад дээр дурдсан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн (эсхүл шимтгэл төлснөөр тооцогдох) бол тэтгэвэр тогтоолгоход баримтлах шимтгэл төлсөн нийт хугацаанд оруулан тооцно.
Дөрөв. Бусад
4.1. Нийгмийн даатгалын байгууллага малчин даатгуулагчид шуурхай үйлчлэх зорилгоор холбогдох бусад байгууллагатай малчдын талаар мэдээлэл солилцож хамтран ажиллана.
4.2. Энэхүү журмыг хэрэгжүүлэх аргачлал, зааврыг Нийгмийн даатгалын төв байгууллага баталж болно.
4.3. Аймаг, дүүрэг, сумын архивын ажилтан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тухайн оны тооллого”-ын жил бүрийн бүртгэлд үндэслэн “А” дансны лавлагааг гаргах үүрэг хүлээнэ.
4.4. Энэхүү журмыг зөрчсөн иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---o0o---
Текст томруулах
A
A
A