A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2018 оны 52 дугаар
      тогтоолын хавсралт

 

АГААРЫН ЗАЙГ НИСЭХЭД АШИГЛАХ ЕРӨНХИЙ ЖУРАМ


Нэг. Ерөнхий зүйл

1.1. Энэхүү журмаар агаарын зайн ангиллыг тогтоох, агаарын зайн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангах, агаарын зайг хянах болон агаарын зайн ашиглалт, зохицуулалттай холбоотой бусад харилцааг зохицуулна.

1.2. Энэхүү журмыг Монгол Улсын агаарын зайд улсын болон иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, хуулийн этгээд өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүйгээр дагаж мөрдөнө. 

1.3. Агаарын довтолгооноос хамгаалах зорилгоор байлдааны зориулалтаар пуужин харвах, буудлага үйлдэх, нисгэгчгүй нисэх онгоц болон төхөөрөмж хөөргөхтэй холбоотой  харилцааг энэхүү журмаар зохицуулахгүй.

Хоёр. Нэр томъёоны тодорхойлолт

2.1. Энэхүү журамд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

2.1.1. “тусгай зориулалтаар ашиглах агаарын зай” гэж нислэгийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор тусгай нөхцөлтэйгээр ашиглахаар тогтоосон, өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зай (аюултай бүс, хязгаарлалттай бүс, хориотой бүс, цэргийн зориулалтын бүс, аэродромын хөдөлгөөний бүс, түр ашиглах бүс)-г;

2.1.2. “агаарын зайг уян хатан ашиглах (flexible use of airspace) зарчим” гэж агаарын зайг иргэний болон цэргийн гэж ялгахгүйгээр хэрэглэгчийн ашиглалтын шаардлагад үндэслэн хуваарилах зарчмыг;

2.1.3. “NOTAM мэдээ” гэж агаарын навигацийн тоног төхөөрөмж, үйлчилгээ, журмын нөхцөл, эсхүл тэдгээрийн өөрчлөлт, аюултай нөхцөл байдлын талаар нислэгийн үйл ажиллагаанд оролцож байгаа этгээдэд зайлшгүй шаардлагатай, цаг тухай бүр мэдэж байвал зохих, түр шинж чанартай, нисэхийн цахилгаан холбооны суурин сүлжээ (Aeronautical fixed telecommunication     network)-гээр тараагдах мэдээг;

2.1.4. “газарт ойртсоныг анхааруулах систем (GPWS)” гэж агаарын хөлөг газар, эсхүл саадыг мөргөх аюул ойртсон тохиолдолд нисгэгчид анхааруулах системийг.

Гурав. Нисэхэд ашиглах агаарын зайн ангиллыг тогтоох

3.1.  Нисэхэд ашиглах агаарын зайн ангиллыг иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага “Иргэний нисэхийн багц дүрэм”-ээр тогтооно.
3.2. Улсын нисэхэд ашиглах агаарын зайг Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хуульд заасны дагуу батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

3.3. “Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийн хүрээнд сансрын холбоо, тандан судалгааны хиймэл дагуул, цэргийн зориулалтаар болон        агаар-сансрын чиглэлээр ашиглах хиймэл дагуул хөөргөх, буулгахад ашиглах агаарын зайг иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага, харилцаа, холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хамтран судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр тогтооно.

Дөрөв. Агаарын зайн хяналт, аюулгүй байдлыг хангах

4.1. Монгол Улсын агаарын зайд үйлдэх бүх нислэгийн төлөвлөлт, хөдөлгөөн, удирдлага тогтоосон дүрэм, журмын дагуу явагдаж байгаа эсэхийг агаарын зайн хяналтаар тодорхойлно.

4.2. Монгол Улсын агаарын зайн аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээ нь үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, нисэхийн аюулгүй ажиллагааг хангахад чиглэгдэнэ.

4.3. Монгол Улсын агаарын зайн аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах хяналтыг Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлал, нисэхийн аюулгүй ажиллагааг хангах хяналтыг иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага холбогдох журмын дагуу тус тус гүйцэтгэнэ.

4.4. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлэх агаарын зайн хяналт нь агаарын хөлгийн байрлалыг тодорхойлж, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ үзүүлэх, нисэхийн аюулгүй ажиллагааг хангахад чиглэнэ.

4.5. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын агаарын зайд үйлдэхээр төлөвлөж байгаа нислэгийн мэдээллийг Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлалд урьдчилан мэдээлнэ.

4.6. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөөгүй тохиолдолд иргэний нисэхэд ашиглах агаарын зайд сургууль-байлдааны нислэг хийхийг хориглоно.

4.7. Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хуулийн 7.1-д заасан үйл ажиллагааг радиолокацийн хяналтын хэрэгсэл ашиглан хэрэгжүүлнэ.

4.8. Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлал нислэгийн мэдээлэл хүлээн авах, боловсруулах үйл ажиллагааг ерөнхий удирдлагаар хангаж ажиллана.

4.9. Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага нь агаарын зайн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай мэдээлэл байнга солилцож, хяналт тавьж ажиллана.

4.10. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага нь Монгол Улсын агаарын зайд нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангахад шаардлагатай техник, тоног төхөөрөмж, мэргэжлийн хүний нөөцөөр хангагдсан байна.

Тав. Агаарын зайн ашиглалтын зохицуулалт

5.1. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага нь Монгол Улсын агаарын зайн ашиглалтыг агаарын зайг уян хатан ашиглах зарчмаар зохицуулна.

5.2. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага нь шинээр тогтоох бүсийн төрөл, тоон болон үсгэн тэмдэглэгээ, бусад шаардлагатай нөхцөлүүдийг улсын нисэхэд ашиглах агаарын зайн мэдээлэлд үндэслэн тухай бүр хамтран тодорхойлно.

5.3.  Тусгай зориулалтаар ашиглах агаарын зайд иргэний нисэхийн үйл ажиллагаа явуулах тохиолдолд тухайн бүсэд хяналт тавих эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авна.

5.4. Тусгай зориулалтаар ашиглах агаарын зайд үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд нь явуулах үйл ажиллагааны талаар тухайн бүс идэвхжих хугацаанаас 24-өөс доошгүй цагийн өмнө “NOTAM” мэдээгээр зарлуулна.

5.5. Тусгай зориулалтаар ашиглахаас бусад агаарын зайд үйл ажиллагаа явуулж байгаа этгээд улсын болон иргэний нислэгт аюул учруулж болзошгүй ажиллагаа явуулах тохиолдол бүрт энэхүү журмын 7.3-т заасан мэдээллийг          7-гоос доошгүй хоногийн өмнө иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

5.6. Тусгай зориулалтаар ашиглах агаарын зайд үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд нь Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолын дагуу тухайн бүсийн босоо хязгаарыг Балтийн тэнгисийн тогтолцоог үндэслэсэн далайн түвшнээс авсан өндөр, эсхүл нислэгийн цуваагаар, хэвтээ хилийг WGS84 (deg. min. sec) солбицлоор, том, дунд масштабын байр зүйн зураг ирүүлэх тохиолдолд дэлхийн хөндлөн меркаторын “UTM” тусгагаар тус тус илэрхийлж иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

5.7. Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага нь цэргийн зориулалтаар тогтоосноос бусад бүсэд нисгэгчгүй нисэх онгоц болон төхөөрөмж хөөргөх тохиолдолд тухайн бүсийн мэдээлэл, солбицол, босоо өндрийн хязгаарлалт, бусад шаардлагатай мэдээллийг 7-гоос доошгүй хоногийн өмнө иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

5.8. Иргэн, хуулийн этгээд улсын нисэхийн үйл ажиллагаа явуулахаас бусад зорилгоор тусгай зориулалтын агаарын зайг тогтоолгох хүсэлтийг тухайн агаарын зай хүчинтэй болох өдрөөс 76-гаас доошгүй хоногийн өмнө иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад гаргана.

5.9. Энэхүү журмын 5.8-д заасан хүсэлтийн хамт эрхлэх үйл ажиллагааны төрөл, давтамж, бүсийн хэвтээ хилийн координат, босоо өндрийн хязгаар, агаарын зайн хүчинтэй хугацаа, ашиглах радио долгион, нэвтрүүлгийн давтамж, хяналт тавих эрх бүхий этгээд, үйл ажиллагаа эрхлэх этгээдтэй холбоотой болон шаардлагатай бусад мэдээллийг хүргүүлнэ.

5.10. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу улсын нисэхийн үйл ажиллагаа явуулахаас бусад зорилгоор тусгай зориулалтаар ашиглах агаарын зайг тогтоох тохиолдолд тухайн агаарын зайн мэдээллийг цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагад хүргүүлж санал авна.

Зургаа. Агаарын зайг хүмүүнлэгийн олон улсын үйл
         ажиллагаанд зориулан ашиглуулах

6.1. Монгол Улсын агаарын зайг хүмүүнлэгийн олон улсын үйл ажиллагаанд зориулан ашиглуулахыг Монгол Улсын олон улсын гэрээ болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлнэ.

6.2. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хүмүүнлэгийн үүрэг гүйцэтгэж байгаа агаарын хөлгийн аюулгүй ажиллагааг, Зэвсэгт хүчний агаарын цэрэг нь Монгол Улсын агаарын орон зайн аюулгүй байдлын хяналтын үйл ажиллагааг тус тус хариуцаж ажиллана.

6.3. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу иргэний болон улсын нисэхийн аэродромыг хүмүүнлэгийн олон улсын үйл ажиллагаанд өмчийн харьяалал харгалзахгүй ашиглуулна.

6.4. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хүмүүнлэгийн олон улсын үйл ажиллагаанд нислэг үйлдэж байгаа агаарын хөлөгт агаарын навигацийн үйлчилгээ үзүүлж, газрын үйлчилгээний болон аэродромын шаардлагатай тоног төхөөрөмжөөр саадгүй, шуурхай хангаж ажиллана.

Долоо. Тусгай зориулалтаар ашиглах агаарын
      зайг зарлан мэдээлэх

7.1. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь тусгай зориулалтаар ашиглахаар тогтоосон агаарын зайг “Монгол Улсын Нисэхийн мэдээллийн эмхтгэл” болон “NOTAM” мэдээгээр зарлан мэдээлнэ.

7.2. Тусгай зориулалтаар ашиглах агаарын зайд үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд нь улсын болон иргэний нислэгт нөлөөлж болзошгүй үйл ажиллагаа явуулах тохиолдолд энэ тухай мэдээллийг уг агаарын зай хүчинтэй болох өдрөөс 76-гаас доошгүй хоногийн өмнө иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бичгээр хүргүүлэх бөгөөд холбогдох төрийн байгууллагууд зөвшилцсөний дагуу тухайн агаарын зайг “Монгол Улсын нисэхийн мэдээллийн эмхтгэл”-д оруулж нийтэд зарлан мэдээлнэ.

7.3. Энэхүү журмын 7.2-т заасан мэдээлэлд агаарын зайн тодорхойлолт, явуулах үйл ажиллагааны төрөл, бүсийн хэвтээ хилийн координат, босоо өндрийн хязгаар, агаарын зайн хүчинтэй хугацаа, ашиглах радио долгион, нэвтрүүлгийн давтамж, хяналт тавих эрх бүхий этгээд, тухайн үйл ажиллагааг эрхэлж байгаа этгээдтэй холбоотой болон шаардлагатай бусад мэдээлэл багтана.


Найм. Улсын хилийн агаарын бүсэд нислэг үйлдэх

8.1. Монгол Улсын хилийн агаарын бүсийн ашиглалтын зохицуулалтыг цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага, улсын хил хамгаалах байгууллага болон иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хамтран хэрэгжүүлнэ.

8.2. Иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага, хил хамгаалах байгууллага, иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр хилийн агаарын бүсэд нислэг үйлдэнэ.

8.3. Хилийн агаарын бүсэд нислэг үйлдэх этгээд энэхүү журмын                8.2-т заасан байгууллагуудад гаргах хүсэлтэд агаарын хөлөгт онцгой нөхцөл байдал үүссэн үед хээрийн буулт үйлдэх талбайн зураг, нислэгийн схемийг хавсаргана.

8.4. Хилийн агаарын бүсэд нислэг үйлдэх этгээд нь Монгол Улсын Засгийн газраас ОХУ болон БНХАУ-ын Засгийн газартай байгуулсан Хилийн дэглэмийн тухай гэрээнд заасан улсын хилийн агаарын бүсэд нислэг үйлдэхтэй холбоотой шаардлагыг хангасан байна.

8.5. Хилийн агаарын бүсэд иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд нислэгийн мэдээллийг иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тогтмол мэдээлж байна.

8.6. Зэвсэгт хүчний агаарын цэргийн төв командын байр нь радиолокацийн тусламжтайгаар хилийн бүсэд үйлдэж байгаа нислэгт байнгын хяналт тавина.

8.7. Агаарын хөлөг улсын хил зөрчих, хилийн хориотой бүсэд орох зэргээс сэргийлэх зорилгоор хилийн агаарын бүсэд хийх төлөвлөгөөт нислэгийг цаг агаарын ердийн нөхцөлд гүйцэтгэнэ.

8.8. Хилийн агаарын бүсэд хойшлуулшгүй нислэг үйлдэх агаарын хөлгийг сансрын навигацийн байршил тодорхойлох системээр бүрэн тоноглосон байна.

8.9. Хилийн уулархаг бүсэд цаг агаар хүндэрсэн нөхцөлд нислэг үйлдэхийг хориглох бөгөөд агаарын хөлгийг нислэгийн үед учрах саадаас урьдчилан сэргийлэх “Газар ойртсоныг анхааруулах систем”-ээр тоноглосон байна.

Ес. Бусад зүйл

9.1. Энэ журмын биелэлтийг холбогдох байгууллагууд хамтран жилд 2 удаа дүгнэнэ.

 


---оОо---