- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН СҮЛЖЭЭГ АШИГЛАХ ЖУРАМ (Засгийн газрын 2022 оны 197 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Засгийн газрын 2018 оны 30 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
ТӨРИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН СҮЛЖЭЭГ АШИГЛАХ ЖУРАМ
(Засгийн газрын 2022 оны 197 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
НЭГ. Нийтлэг зүйл
1.1. Энэхүү журмын зорилго нь төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээг ашиглан төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцох, төрийн интернэт хэрэглээний сүлжээг нэгдсэн хамгаалалтад оруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ нь төрийн цахим мэдээлэл солилцооны хамгаалагдсан дэд бүтцийг байгуулж, төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцох боломж, нөхцөлийг бүрдүүлэх, төрийн албаны интернэт орчинг цахим халдлагаас хамгаалах, зохистой хэрэглээг бий болгох, төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахад чиглэгдэнэ.
1.3. Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээг ашиглахад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Тагнуулын байгууллагын тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн акт болон энэхүү журмыг удирдлага болгоно.
1.4. Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний үйл ажиллагаанд хууль дээдлэх, нууцлал болон аюулгүй байдлыг хангах, нэгдсэн бодлого төлөвлөлттэй байх, мэдээллийг бүрэн, шуурхай дамжуулах зарчмыг баримтална.
1.5. Энэхүү журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
1.5.1. “төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ” гэж төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцоог шуурхай болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн нэгдсэн дэд бүтэц бүхий төрийн интернэт хэрэглээ, төрийн албан болон тусгай хэрэглээний сүлжээний цогцыг;
1.5.2. “төрийн албан хэрэглээний сүлжээ” гэж төрийн байгууллага хооронд мэдээ, мэдээлэл солилцоход ашиглагдах, интернэтийн хязгаарлагдмал хандалттай дотоод сүлжээг;
1.5.3. “төрийн интернэт хэрэглээний сүлжээ” гэж цахим халдлага, аюул заналаас урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан нэгдсэн хамгаалалт бүхий төрийн байгууллагуудын интернэт сүлжээг;
1.5.4. “тусгай хэрэглээний сүлжээ” гэж төрийн болон албаны нууцад хамаарах мэдээ, мэдээлэл солилцох зорилгоор зохион байгуулсан нууцлалын арга хэрэгсэл, технологи бүхий мэдээлэл, холбооны сүлжээг;
1.5.5. “хэрэглэгч” гэж энэхүү журмын дагуу төрийн албан хэрэглээний, эсхүл төрийн интернэт хэрэглээний сүлжээнд холбогдсон төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийг;
1.5.6. “төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний систем, тоног төхөөрөмж” гэж төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний зохицуулагчийн систем, программ хангамж, компьютер, тоног төхөөрөмж болон бусад техник хэрэгслийг;
1.5.7. “нууцлалын арга хэрэгсэл, технологи” гэж мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээллийг нууцалж дамжуулах зорилгоор ашиглаж байгаа криптографын хэрэгсэл, техник, технологи, систем, зохион байгуулалтын цогц ажиллагааг.
1.6. Энэхүү журам нь төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хамаарна.
ХОЁР. Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдоход тавигдах шаардлага
2.1. Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдох төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газар батална.
2.2. Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээг зохион байгуулж, төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдэд ашиглуулах, сүлжээний аюулгүй байдлыг хангах, хяналт тавих үйл ажиллагааг тагнуулын байгууллага (цаашид “төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний зохицуулагч” гэх) хэрэгжүүлнэ.
2.3. Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ нь дараах дэд сүлжээнээс бүрдэнэ:
2.3.1. төрийн албан хэрэглээний;
2.3.2. төрийн интернэт хэрэглээний;
2.3.3. тусгай хэрэглээний.
2.4. Тусгай хэрэглээний сүлжээ байгуулах, ашиглахтай холбоотой харилцааг тусгай журмаар зохицуулна.
2.5. Төрийн интернэт хэрэглээний сүлжээнд холбогдох төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд буюу хэрэглэгч нь дараах шаардлагыг хангасан байна:
2.5.1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.16.2-т заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөл бүхий интернэтийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагаас интернэтийн үйлчилгээ авсан байх;
2.5.2. интернэтийн үйлчилгээг цахим аюул, заналаас урьдчилан сэргийлэх нэгдсэн хамгаалалтаар дамжуулан авах нөхцөлийг бүрдүүлсэн байх;
2.5.3. тус сүлжээнд холбогдох хэрэглэгч, тэдгээрийн компьютер, тоног төхөөрөмжийг тодорхойлсон байх;
2.5.4. бусад.
2.6. Төрийн албан хэрэглээний сүлжээнд холбогдох хэрэглэгч нь дараахь шаардлагыг хангасан байна:
2.6.1. төрийн интернет хэрэглээний сүлжээнд холбогдсон байх;
2.6.2. тус сүлжээг ашиглах хэрэгцээ, шаардлагаа тодорхойлсон байх;
2.6.3. тоног төхөөрөмж байршуулах тусгай зориулалтын техникийн өрөө, эсхүл шаардлагатай орчин нөхцөлийг бүрдүүлж, хяналтын камер суурилуулсан байх;
2.6.4. тус сүлжээнд холбогдох хэрэглэгч, компьютер, тоног төхөөрөмж болон тэдгээрээс хандах бусад сүлжээний хаяг, домайн нэр, холбоосыг тус тус тодорхойлсон байх;
2.6.5. бусад.
ГУРАВ. Төрийн интернэт хэрэглээний сүлжээг ашиглах
3.1. Хэрэглэгч нь нэгдсэн хамгаалалтад орсон төрийн интернэт хэрэглээний сүлжээг ашиглана.
3.2. Хэрэглэгчийн удирдлага нь өөрийн байгууллагад интернэт, цахим шуудан, сошиал медиа (facebook, twitter, youtube, yahoo, linkedin гэх зэрэг), албаны болон хувийн компьютер, утасгүй сүлжээ, гар утас, мэдээлэл тээгч цахим хэрэгсэл болон бусад цахим систем, тоног төхөөрөмж ашиглах журмыг байгууллагын үйл ажиллагааны онцлог, хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн баталж мөрдүүлнэ.
3.3. Хэрэглэгч нь энэхүү журмын 2.5-д заасан шаардлагыг хангаж, төрийн интернэт хэрэглээний сүлжээнд холбогдох хүсэлтийг төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний зохицуулагчид холбогдох материалын хамт хүргүүлнэ.
3.4. Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний зохицуулагч нь энэхүү журмын 3.3-т заасан хэрэглэгчийн гаргасан хүсэлтийн дагуу холбогдох судалгаа, шалгалтыг хийж, нэгдсэн хамгаалалт бүхий төрийн интернэт хэрэглээний сүлжээнд холбох ажлыг зохион байгуулна.
3.5. Хэрэглэгч болон интернэтийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцаа нь үйлчилгээний гэрээгээр зохицуулагдана.
ДӨРӨВ. Төрийн албан хэрэглээний сүлжээ ашиглах
4.1. Төрийн албан хэрэглээний сүлжээнд холбогдох үйл ажиллагаа нь дараах үе шаттайгаар явагдана:
4.1.1. энэхүү журмын 2.6-д заасан шаардлагыг хангасан хэрэглэгч нь төрийн албан хэрэглээний сүлжээнд холбогдох хүсэлтийг шаардлагатай материалын хамт төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний зохицуулагчид албан бичгээр хүргүүлнэ;
4.1.2. төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний зохицуулагч нь энэхүү журмын 4.1.1-д заасан төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний хэрэглэгчийн хүсэлтийг судалж, төрийн албан хэрэглээний сүлжээнд холбох эсэхийг шийдвэрлэнэ;
4.1.3. төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний зохицуулагч болон хэрэглэгч, түүнийг төлөөлөх мэдээллийн технологи хариуцсан ажилтан техникийн нөхцөлийн дагуу өөрсдийн систем, тоног төхөөрөмж дээр шаардлагатай холболт, тохиргоог хийж, мэдээлэл солилцох сүлжээний орчинг бүрдүүлсэн тухай акт үйлдэж баталгаажуулна.
4.2. Төрийн албан хэрэглээний сүлжээ нь төрийн байгууллагын дотоод үйл ажиллагаа болон төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдтэй харилцахад ашиглагддаг систем, компьютер, тоног төхөөрөмжөөс бүрдэх бөгөөд нэгдсэн удирдлага, хамгаалалттай, зөвшөөрөгдсөн хаяг, домайн нэрийн хүрээнд интернэт хандалттай байж болно.
4.3. Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний зохицуулагч нь сүлжээнд холбогдох хүсэлтийг шийдвэрлэх, холболт хийх, туршилт явуулах ажлыг шуурхай хэрэгжүүлэх зорилгоор үйл ажиллагаандаа цахим (онлайн) шийдлийг нэвтрүүлэн ашиглаж болно.
4.4. Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний зохицуулагч болон хэрэглэгч систем, сүлжээг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн өөрчлөх, шилжүүлэх, өргөтгөх, цомхотгох тохиолдолд энэ тухайгаа урьдчилан харилцан мэдэгдэж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
4.5. Төрийн албан хэрэглээний сүлжээ тасрах, доголдох зэрэг аливаа гэмтэл, саатал үүссэн тохиолдолд төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний зохицуулагч болон хэрэглэгч нар өөр өөрсдийн эзэмшил, ашиглалтад байгаа систем, тоног төхөөрөмжийн хүрээнд шалтгааныг тодорхойлж, хэвийн ажиллагаанд оруулах арга хэмжээг дангаар, эсхүл хамтран хэрэгжүүлнэ.
ТАВ. Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд
оролцогчдын эрх, үүрэг
5.1. Харилцаа холбооны зохицуулах хороо дараах үүрэгтэй:
5.1.1. төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээг нийтийн үйлчилгээний сүлжээтэй харилцан холболт хийх асуудлыг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу зохицуулах;
5.1.2. Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.8-т заасны дагуу төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд тавигдах стандартыг төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний зохицуулагчтай хамтран боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих.
5.2. Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах үүрэгтэй:
5.2.1. Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх бодлоготой төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний хөгжлийн хэтийн төлөвийг уялдуулах;
5.2.2. төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн байгууллагуудыг манлайлах;
5.2.3. хэрэглэгчийн мэдээллийн технологи хариуцсан ажилтныг сургах, тэдгээрийг мэргэшүүлэх бодлого боловсруулж, холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлэх.
5.3. Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний зохицуулагч дараах үүрэгтэй:
5.3.1. төрийн байгууллагууд хооронд цахим мэдээлэл солилцох төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээг байгуулж, хэвийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, ашиглалт, үйлчилгээг эрхлэх;
5.3.2. төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний аюулгүй байдлыг хангах удирдлага зохион байгуулалт, техникийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх;
5.3.3. төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний нууцлал, хамгаалалтын техник технологи, программ хангамжийг хөгжүүлэх асуудлаар судалгаа, шинжилгээ хийх;
5.3.4. төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд илэрсэн эрсдэл, болзошгүй аюул занал, үүссэн цахим халдлагын талаар мэдээллийн сан бүрдүүлэх;
5.3.5. төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд ашиглагдаж байгаа техник хэрэгсэл, программ хангамжийн аюулгүй байдалд хяналт тавих;
5.3.6. төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний хэвийн, тасралтгүй ажиллагааг хангахад шаардлагатай техник хэрэгсэл, программ хангамж, сэлбэг материалын нөөц бүрдүүлэх.
5.4. Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний зохицуулагч дараахь эрхтэй:
5.4.1. энэхүү журмын 2.5, 2.6-д заасан шаардлагыг хангасан төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийг төрийн албан болон интернэт хэрэглээний сүлжээнд холбох;
5.4.2. шаардлагатай тохиолдолд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр байгууллага, аж ахуйн нэгжийн сүлжээг (ИНЕГ, МХС ХК, МЦХ ХК, Скайнетворк, Төмөр замын дохиолол холбооны 2-р анги гэх мэт) тэдгээртэй харилцан тохиролцож гэрээний үндсэн дээр төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээтэй холбож ашиглах;
5.4.3. төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд эрсдэлийн болон техник, технологийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлж, хяналт шалгалт хийх;
5.4.4. хэрэглэгч талд байрлах төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний систем, тоног төхөөрөмж, түүгээр дамжуулах, солилцох мэдээ, мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажлыг мэдээлэл эзэмшигчтэй хамтран зохион байгуулах, хяналт тавих;
5.4.5. төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний хэвийн үйл ажиллагаа алдагдсан, мэдээлэл алдагдах эрсдэл үүссэн, мэдээлэл алдагдсан тохиолдолд гарсан зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд сүлжээний үйл ажиллагааг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь түр зогсоох;
5.4.6. энэхүү журмын хэрэгжилтийг хангахтай холбоотой асуудлаар хэрэглэгчид шаардлага тавих;
5.4.7. хэрэглэгчийн талд байрлах төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний систем, тоног төхөөрөмжийн тохируулгыг биечлэн болон алсаас хийх.
5.5. Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний хэрэглэгч дараах үүрэгтэй:
5.5.1. төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний систем, тоног төхөөрөмж, холболт, арга ажиллагаа, тэдгээртэй холбоотой баримт бичгийн нууцлал, аюулгүй байдал, хадгалалт, хамгаалалт, бүрэн, бүтэн байдлыг хариуцах;
5.5.2. өөрийн байгууллагын холбогдох систем, тоног төхөөрөмжийг төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний зохицуулагчийн аюулгүй байдлын нэгдсэн удирдлага, хяналтад оруулах;
5.5.3. төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний зохицуулагчийн зөвлөмж, шаардлагыг өөрийн байгууллагад хэрэгжүүлэх;
5.5.4. төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний засвар, үйлчилгээ, гэмтэл, саатал, эрсдэл, аюул занал, цахим халдлагатай холбоотой аливаа асуудлын талаар төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний зохицуулагчид нэн даруй мэдэгдэх;
5.5.5. төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх, боловсронгуй болгох талаар санаачлага гаргаж, холбогдох байгууллагатай хамтран ажиллах;
5.5.6. төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний холболтод өөрчлөлт оруулах тохиолдолд төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний зохицуулагчаас зөвшөөрөл авах;
5.5.7. байгууллагын хэмжээнд төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний асуудлыг холбогдох нэгж, ажилтанд хариуцуулах;
5.6. Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний хэрэглэгч дараах эрхтэй:
5.6.1. төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээгээр мэдээ, мэдээллийг дамжуулах үеийн сүлжээ, системийн хэвийн, тасралтгүй ажиллагааг хангуулах;
5.6.2. төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний аюулгүй байдлыг хангах асуудлаар төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний зохицуулагчаас мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг авах;
5.6.3. төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээг ашиглахтай холбоотой асуудлаар төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний зохицуулагчид санал, гомдол гаргах, шийдвэрлүүлэх.
ЗУРГАА. Хориглох зүйл
6.1. Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээг ашиглахад дараах үйл ажиллагааг хориглоно:
6.1.1. зөвшөөрөлгүйгээр тус сүлжээний систем, тоног төхөөрөмжийг ашиглах, нэвтрэхийг оролдох, нэвтрэх, сүлжээнээс салгах, унтраах, асаах, зөөвөрлөх, тохиргоог өөрчлөх;
6.1.2. төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний хэрэглэгч нь тус сүлжээнд нэвтрүүлсэн удирдлага, хяналт, хамгаалалтаас зайлсхийх;
6.1.3. төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээллийг төрийн интернэт болон албан хэрэглээний сүлжээнд холбогдсон компьютер, тоног төхөөрөмж ашиглан боловсруулах, төрийн албан болон интернэт хэрэглээний сүлжээгээр дамжуулах.
ДОЛОО. Журам зөрчигчид хүлээлгэх хариуцлага
7.1. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
7.2. Энэхүү журмыг зөрчсөн, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний зохицуулагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, үйл ажиллагаанд нь саад учруулсан албан тушаалтны үйлдэлд эрүүгийн, зөрчлийн хариуцлага хүлээлгэхээргүй бол төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний зохицуулагчаас тухайн албан тушаалтанд холбогдох сахилгын хариуцлага хүлээлгүүлэхээр түүний харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд санал тавьж шийдвэрлүүлнэ.
Текст томруулах
A
A
A