A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2018 оны 30 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт

 

ТУСГАЙ ХЭРЭГЛЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ
БАЙГУУЛАХ, АШИГЛАХ ЖУРАМ


НЭГ. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээ байгуулах, эзэмших, ашиглах, хамгаалах, түүнд хяналт тавих, нийтийн үйлчилгээний болон бусад сүлжээтэй харилцан холболт хийхэд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2. Тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээ байгуулах, ашиглахад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Тагнуулын байгууллагын тухай хууль, Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Онц байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Хилийн тухай хууль, Дайн бүхий байдлын тухай хууль, Дайны байдлын тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт болон энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.3. Тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээний үйл ажиллагаанд нэгдсэн бодлого, төлөвлөлттэй байх, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангасан байх зарчмыг баримтална.

ХОЁР. Нэр томьёоны тодорхойлолт

2.1. Энэхүү журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

2.1.1. “тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээ” гэж төрийн болон албаны нууцад хамаарах мэдээ, мэдээлэл солилцох зорилгоор зохион байгуулсан нууцлалын арга хэрэгсэл, технологи бүхий мэдээлэл, холбооны сүлжээг;

2.1.2. “нууцлалын арга хэрэгсэл, технологи” гэж мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээллийг нууцалж дамжуулах зорилгоор ашиглаж байгаа криптографын хэрэгсэл, техник, технологи, систем, зохион байгуулалтын цогц ажиллагааг.

ГУРАВ. Тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээний
            төрөл, түүнд тавигдах үндсэн шаардлага

3.1. Монгол Улсын батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, гамшгаас хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүрэг бүхий байгууллага энэхүү журмын                2.1.1-д заасан сүлжээг өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан зохион байгуулж болно.

3.2. Тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээ нь дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:

3.2.1. мэдээлэл дамжуулах өндөр хурдны өргөн зурвастай;

3.2.2. байнгын бэлэн байдалд, тогтвортой ажиллагаатай;

3.2.3. мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангасан;

3.2.4. нийтийн үйлчилгээний сүлжээтэй харилцан холболт хийх олон улсын стандарт шаардлагыг хангасан техник, технологи, программ хангамжтай;

3.2.5. нөөц сүлжээтэй.

ДӨРӨВ. Тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээ байгуулах
          эрх бүхий байгууллагуудын эрх, үүрэг

4.1. Монгол Улсын батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, гамшгаас хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүрэг бүхий байгууллага нь дараах эрхтэй:

4.1.1. байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохируулан тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээ байгуулах, эзэмших, ашиглах, түүгээр дамжуулах мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих асуудлаар журам, заавар боловсруулж, дагаж мөрдөх;

4.1.2. Монгол Улсын хилийн зурвас, бүс, цэргийн анги, салбар, тусгай үүрэг гүйцэтгэж буй орчинд тусгай хэрэглээний радио давтамжийн ашиглалтад хяналт тавих, холбогдох арга хэмжээг авч ажиллах;

4.1.3. энэхүү журмын 4.3-т заасан байгууллагаар эрсдэлийн үнэлгээ хийлгүүлэх;

4.1.4. тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээний шинэ технологи, программ хангамжийг зохион бүтээх, үйлдвэрлэх, турших, эрдэм шинжилгээний ажлыг гэрээний үндсэн дээр хамтран хэрэгжүүлэх, холбогдох байгууллагаар гүйцэтгүүлэх;

4.1.5. тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээнд ашиглах тоног төхөөрөмж, программ хангамжийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдан авч, нийлүүлэх.

4.2. Монгол Улсын батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, гамшгаас хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүрэг бүхий байгууллага нь дараах үүрэгтэй:

4.2.1. өөрийн зохион байгуулсан тусгай хэрэглээний мэдээлэл холбооны сүлжээг тагнуулын байгууллагаар аюулгүй байдлыг нь баталгаажуулсны үндсэн дээр төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээлэл дамжуулах;

4.2.2. харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан “Радио давтамжийн зурвасыг төлөвлөх, ашиглах     журам”-ыг дагаж мөрдөх;

4.2.3. тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээгээр гамшгийн аюулын зарлан мэдээллийг дамжуулахдаа “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ыг баримтлах;

4.2.4. тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээг байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, онцгой нөхцөл байдлын үед уг нөхцөл байдлыг арилгах хүртэлх хугацаанд нийтийн үйлчилгээнд ашиглуулах, сэргээн босгох ажилд дэмжлэг үзүүлэх;

4.2.5. энэхүү журмын 3.2-т заасныг хангахад шаардлагатай тоног төхөөрөмж, программ хангамж, инженер техникийн ажилтантай байх.

4.3. Тагнуулын байгууллага дараах эрхтэй:

4.3.1. хуулиар тогтоосон өөрийн бүрэн эрхийн хүрээнд төрийн байгууллага хооронд төрийн болон албаны нууцад хамаарах мэдээ, мэдээлэл дамжуулах тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээ, түүний дэд бүтэц, удирдлага, хяналтын төвийг байгуулж, эзэмших, ашиглах, ашиглуулах, аюулгүй байдлыг хангах;

4.3.2. тусгай хэрэглээний радио давтамжийн зурвасыг дангаар эзэмшиж, радио давтамж, цахилгаан холбооны дугаарлалтыг хуваарилуулж төлбөргүй ашиглах;

4.3.3. тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээнд ашиглаж байгаа тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, программ хангамж, түлхүүр, тэдгээрийн ашиглалт, хадгалалтад хяналт тавих;

4.3.4. тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээнд эрсдэлийн үнэлгээ хийх;

4.3.5. тусгай хэрэглээний радио давтамжийн нэгдсэн төлөвлөлтийг боловсруулах;

4.3.6. Монгол Улсын нутаг дэвсгэрт болон хилийн чанадад тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээг зохион байгуулахад шаардагдах суваг, үл хөдлөх хөрөнгийг түрээслэх, ашиглах.

4.4.Тагнуулын байгууллага дараах үүрэгтэй:

4.4.1. Монгол Улсын батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, гамшгаас хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүрэг бүхий байгууллагыг тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны нууцлал, аюулгүй байдлын техник, технологийн нэгдсэн бодлогоор хангаж ажиллах;

4.4.2. төрийн нууцад хамаарах мэдээллийг боловсруулах, хадгалах, дамжуулах техник хэрэгсэл, програм хангамж, системийг суурилуулж, түүний аюулгүй байдлыг хангах;

4.4.3. шаардлагатай тохиолдолд тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээ хоорондын харилцааг зохицуулах, технологи, техникийн шийдэл гаргах, сүлжээний хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулан ажиллуулж болно.

ТАВ. Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн
     захиргааны байгууллагын эрх, үүрэг

5.1. Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах эрхтэй:

5.1.1. Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх төрийн бодлоготой тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны хөгжлийн хэтийн төлөвийг уялдуулах;

5.1.2. тусгай хэрэглээний радио давтамжийн нэгдсэн төлөвлөлтийг батлах.

5.2. Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах үүрэгтэй:

5.2.1. тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээ байгуулах эрх бүхий байгууллагын хүний нөөцийг сургах, мэргэшүүлэхэд хамтран ажиллах;

5.2.2. хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

5.3. Харилцаа холбооны зохицуулах хороо дараах эрхтэй:

5.2.1. тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээг нийтийн үйлчилгээний сүлжээтэй харилцан холболт хийх асуудлыг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу зохицуулах;

5.2.2. тусгай хэрэглээний радио давтамжийг төлөвлөлтийн дагуу хуваарилах, бүртгэх;

5.2.3. тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээнд цахилгаан холбооны дугаарлалтыг хуваарилж, ашиглуулах, хяналт тавих;

5.2.4. тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээнд тавигдах стандартыг энэхүү журмын 3.1-д заасан байгууллагатай хамтран боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавих.

ЗУРГАА. Бусад байгууллагатай харилцах

6.1. Тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээ, орон нутгийн мэдээлэл, харилцаа холбооны байгууллагын хүн, хүч, техник хэрэгслийг дараах тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр дайчлан ажиллуулна:

6.1.1. терроризмын аюул занал үүсч болзошгүй болсон, эсхүл үүссэн;

6.1.2. нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсон;

6.1.3. байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, онцгой нөхцөл байдал үүссэн;

6.1.4. гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах;

6.1.5. шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас оргосон ялтныг эрэн сурвалжлах.

ДОЛОО. Хориглох зүйл, хариуцлага

7.1. Тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийтийн үйлчилгээний сүлжээнд холбох, тусгай хэрэглээний радио давтамжийн зурвасыг бусдад шилжүүлэх болон уг сүлжээний тоног төхөөрөмжийг бусдад худалдах, ашиглуулахыг хориглоно.

7.2. Монгол Улсын хилийн зурвас, бүс, хил орчмын нутаг дэвсгэр, цэргийн анги, салбар, түүний байрлалын орчинд ажиллаж байгаа төрийн албан хаагч хил залгаа гадаад улсаас үйл ажиллагааг нь удирдан явуулж байгаа радио холбоо болон үүрэн телефоныг албан ажилд ашиглахыг хориглоно.

7.3. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 


---оОо---