A

A

A

Бүлэг: 1979

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018оны

А-45 дугаар тушаалын хавсралт

ЦАХИМ МӨНГӨНИЙ ЖУРАМ

НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Энэхүү журмын зорилго нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь заалт, 8 дугаар зүйлийн 2 дахь заалт, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 ба 3 дахь заалт, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, 11 дүгээр зүйлийн 2 дахь заалт, 13 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт цахим мөнгө гаргах болон түүнтэй холбогдох үйл ажиллагааны журмыг тогтоох, цахим мөнгө гаргах зөвшөөрөл олгох, цахим мөнгө гаргагчид тавигдах шаардлагуудыг тодорхойлох, хэрэгжилтэд хяналт тавих, цахим мөнгөний үйлчилгээнд оролцогч талуудын харилцааг зохицуулах, тэдгээрийн нийтлэг эрх ашгийг хамгаалах харилцааг зохицуулахад оршино.

1.2.Цахим мөнгөний үйл ажиллагаанд Төв банк (Монголбанк)-ны тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, энэ журам болон Монгол банкнаас баталсан бусад эрх зүйн актыг удирдлага болгоно.

1.3.Энэ журмаар Монгол Улсын нутаг дэвсгэрт цахим мөнгө гаргах, цахим мөнгийг мөнгөн хөрөнгөнд харилцан хөрвүүлэх, төлбөр, шилжүүлэгт хэрэглэх болон энэүйл ажиллагааны оролцогчид тавигдах шалгуур үзүүлэлтийг зохицуулна.

ХОЁР. ЦАХИМ МӨНГӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ

2.1.Цахим мөнгөний үйлчилгээнд мөнгөн хөрөнгийг цахим мөнгөнд, цахим мөнгийг мөнгөн хөрөнгөнд хөрвүүлэх, цахим мөнгөөр төлбөр гүйцэтгэх, гүйлгээ хийх үйл ажиллагаа хамаарна.

2.2.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цахим мөнгөний төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ.

2.3.Цахим мөнгөний үйлчилгээ нь бусдаас ялгарах өөрийн гэсэн оноосон нэртэй байна.

2.4.Цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгчийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нь 2,500,000,000 (хоёр тэрбум таван зуун сая) төгрөг байна.

2.5.Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.18-д заасан шилжүүлгийг цахим мөнгө ашиглан гүйцэтгэх болон цахим мөнгөний системд хийгдэх бусад санхүүгийн бус үйлдлийг гүйлгээ гэнэ.

2.6.Цахим мөнгөний үйлчилгээнд дараах төрлийн гүйлгээг хийж болно:

2.6.1.Цахим мөнгө ашиглан бараа, ажил, үйлчилгээний төлбөр төлөх;

2.6.2.Цахим мөнгийг бусад хэрэглэгчид шилжүүлэх;

2.6.3.Цахим мөнгийг мөнгөн хөрөнгөнд хөрвүүлэх;

2.6.4.Мөнгөн хөрөнгийг цахим мөнгөнд хөрвүүлэн дансанд хийх;

2.6.5.Цахим мөнгөний дансны үлдэгдэл шалгах;

2.6.6.Гүйлгээний хуулга авах;

2.6.7.Бусад.

2.7.Цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгч нь зөвхөн оролцогчийн хүсэлтээр өгсөн мөнгөн хөрөнгийн хэмжээтэй цахим мөнгө гаргана.

2.8.Цахим мөнгөний гүйлгээг бодит цагийн горимд буюу цаг тухайд нь ажил амралтын өдөр хамаарахгүй 24 цагаар хүлээн авч, дамжуулна.

2.9.Цахим мөнгийг хадгаламж, татан төвлөрүүлсэн хөрөнгө гэж үзэхгүй, түүнд хүү бодохгүй.

2.10.Цахим мөнгөөр зээл олгохгүй.

2.11.Оролцогч бүр нь цахим мөнгөний системд өөрийн гэсэн дахин давтагдахгүй дугаар эсвэл данстай байна.

2.12.Цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгч болон цахим мөнгөний үйлчилгээ үзүүлэхэд ашиглаж байгаа програм хангамж, техник тоног төхөөрөмж, түүний оролцогч, холбогдох бодлого, журам, заавар, гэрээний нэгдсэн цогц бүхий төлбөрийн системийн бүрэлдэхүүн хэсгийг цахим мөнгөний систем гэнэ.

2.13.Цахим мөнгөний гүйлгээг баталгаажуулахад ашиглагдах, зөвхөн тухайн оролцогч мэдэж байх тоо, үсгийн цувааг нууц үг гэнэ.

2.14.Бусдын дансанд байгаа цахим мөнгө, мөнгөн хөрөнгийг эзэмших, захиран зарцуулах эрхгүй этгээд санаатайгаар, нууцаар өөрийн эзэмшилд оруулах үйлдлийг луйврын гүйлгээ гэнэ.

ГУРАВ. ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД ТАВИХ ШААРДЛАГА

3.1.Цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгч (цаашид үйлчилгээ эрхлэгч гэх) нь “Компанийн тухай” хуульд заасны дагуу үүсгэн байгуулагдсан, Монгол банкнаас цахим мөнгө гаргах зөвшөөрөл авсан Монгол Улсын хуулийн этгээд байна.

3.2.Үйлчилгээ эрхлэгч нь өөрийн гаргасан цахим мөнгөнөөс үүсэх бүх төлбөр, төлбөр тооцоог хариуцах бөгөөд оролцогчийн анхны шаардлагаар энэ журмын 5.1, 5.3-д заасан хязгаарт багтаан түүний цахим мөнгийг мөнгөн хөрөнгөнд хөрвүүлнэ.

3.3.Үйлчилгээ эрхлэгч нь “Үндэсний төлбөрийн системийн тухай” хуулийн 12.1-д заасан болон дараах шаардлагыг хангасан байна:

3.3.1.Цахим мөнгө гаргах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Монголбанкнаас авсан байх;

3.3.2.Үйлчилгээ эрхлэгч нь банк бус санхүүгийн байгууллага бол Санхүүгийн зохицуулах хорооны дүгнэлттэй байх;

3.3.3.Хувь нийлүүлсэн хөрөнгийг зээлийн эх үүсвэрээс бүрдүүлээгүй байх;

3.3.4.Цахим мөнгө болон мөнгөн хөрөнгийг аюулгүй, найдвартай хадгалах, хамгаалах системтэй байх;

3.3.5.Цахим мөнгө гаргах, түүнийг мөнгөн хөрөнгөнд хөрвүүлэх, гүйлгээ хийх болон төлбөр төлөх үйл ажиллагааг зохицуулсан дүрэм, журамтай байх;

3.3.6.Цахим мөнгөний үйлчилгээтэй холбоотой гомдол, санал, маргааныг цаг тухайд нь, хүндрэл учруулахгүйгээр шийдэх дүрэм, журамтай байх;

3.3.7.Мэдээлэл технологийн болон санхүүгийн мэргэжилтэй, туршлагатай боловсон хүчинтэй байх;

3.3.8.Оролцогчийн мэдээлэл, нэгж дансны болон нэгтгэсэн балансад шаардагдах нарийвчилсан, бүрэн мэдээллийг агуулах, хөтлөх боломж бүхий мэдээллийн системтэй байна. Тус систем нь цахим мөнгөний хөдөлгөөнийг хянах, цахим мөнгөний тоо хэмжээг тогтоох, оролцогчийн зөвшөөрсөн хэмжээнээс илүү гүйлгээ хийх, данс андуурсан зэрэг санамсаргүй үйлдэл, луйврын болон сэжигтэй гүйлгээг илрүүлэх, гүйлгээг зогсоох, буцаах, түүнээс үүсэх маргааныг шийдвэрлэх чадвартай байх;

3.3.9.Монголбанкнаас тавих бусад шаардлагыг хангасан байх.

3.4.Үйлчилгээ эрхлэгч дараах эрхтэй:

3.4.1.Энэ журамд заасан шаардлагыг хангаж, холбогдох зөвшөөрлийг авсан үйлчилгээ эрхлэгч нь өөрийн нэрийн өмнөөс цахим мөнгө гаргаж, үйл ажиллагаанд ашиглах;

3.4.2.Энэ журмын 5 дугаар бүлэгт заасан шаардлагыг хангасан төлөөлөгчөөр дамжуулан цахим мөнгөний үйлчилгээг хэрэглэгчид хүргэх;

3.4.3.Бүртгэлгүй хэрэглэгчээс бусад оролцогчийг хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, биелүүлээгүйгээс учирсан хохирлыг барагдуулахыг шаардах, хохирлыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах;

3.4.4.Бүртгэлгүй хэрэглэгчээс бусад оролцогчийн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж, гэрээний дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавих, хууль тогтоомж, гэрээний шаардлагыг хангаагүй нөхцөлд гэрээг цуцлах санал гаргах;

3.4.5.Хууль хяналтын байгууллагаас оролцогчийн дансаар дамжин аливаа хууль бус гүйлгээ хийгдсэн тухай мэдэгдэл ирсэн тохиолдолд дансны зарлагын гүйлгээг зогсоох;

3.4.6.Оролцогчоос үйлчилгээний ерөнхий нөхцөлд эсвэл гэрээнд заасан шимтгэл авах.

3.5.Үйлчилгээ эрхлэгч дараах үүрэгтэй:

3.5.1.Төлөөлөгч, ЦМХА, хэрэглэгчтэй гэрээ байгуулахын өмнө холбогдох хууль тогтоомж бусад эрх зүйн актад заасны дагуу түүнийг таньж мэдэх үйл ажиллагааг хийх, “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хууль болон холбогдох олон улсын стандартыг мөрдөж ажиллах;

3.5.2.Монголбанкнаас баталсан “Төлбөрийн системд мөрдөх мэдээллийн технологийн тасралтгүй, найдвартай ажиллагааны журам”-ыг мөрдөн ажиллаж, цахим мөнгөний системийн нууцлал, аюулгүй байдлыг бүрэн хангах, гүйлгээг тасралтгүй найдвартай дамжуулах;

3.5.3.Монголбанкнаас шаардсан мэдээллийг цаг тухайд нь гаргаж өгөх, “Төлбөрийн систем, түүний оролцогчийн үйл ажиллагаанд газар дээр нь шалгалт хийх журам”-д заасны дагуу хянан шалгагч, шалгалтын ажлын хэсгийг ажлын байр болон цахим мөнгөний системд чөлөөтэй нэвтрүүлэх;

3.5.4.Оролцогчийн зөвшөөрөл, баталгаажуулалтгүйгээр цахим мөнгөний данснаас зарлагын гүйлгээ хийхгүй байх, хийгдсэн тохиолдолдучирсанхохирлыгхариуцах;

3.5.5.Энэ журмын 2.6-д заасан үйлчилгээг үзүүлэхдээ дансны дугаар, мөнгөн дүн, нууц үгийг зөв оруулах, буруу оруулснаас үүсэх хохирлыг хариуцах;

3.5.6.Оролцогчийн болон гүйлгээний мэдээллийг холбогдох хууль тогтоомж болон энэ журамд зааснаас бусад зорилгоор ашиглахгүй байх, түүнийг чандлан нууцлах;

3.5.7.Цахим мөнгөний үйлчилгээний нууцлал, аюулгүй байдлыг бүрэн хангаагүй буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг хариуцах;

3.5.8.Төлөөлөгч, ЦМХА, хэрэглэгчтэй үйлчилгээний нөхцөлийг ойлгомжтой заасан гэрээг байгуулах, түүнийг тайлбарлаж өгөх;

3.5.9.Төлөөлөгч, ЦМХА-ын төлбөр тооцоог 15 хоногийн дотор хийдэг байх;

3.5.10.Төлөөлөгчийн цахим мөнгөний үйлчилгээтэй холбоотой мэдээллийн технологийн нууцлал, аюулгүй байдал болон санхүүгийн хариуцлагыг бүрэн хариуцах, төлөөлөгчөөр энэ журмын 5 дугаар бүлэгт заасан шаардлагыг хангуулах;

3.5.11.Оролцогчид гүйлгээ амжилттай хийгдсэн эсэхийг тухай бүр мэдээлэх, энэ. Мэдээллийг үнэ төлбөргүй хүргэх сувагтай байх;

3.5.12.Оролцогчид лавлагаа, мэдээлэл өгөх, санал гомдол, маргаантай гүйлгээний мэдээллийг хүлээн авах байнгын утас, оператортой байх;

3.5.13.Шинээр бүртгүүлж байгаа оролцогчид нууц үгийг нууцалж, битүүмжилсэн байдлаар хүлээлгэн өгөх;

3.5.14.Үйлчилгээний төлбөр, шимтгэл, хураамжийг үйлчилгээ үзүүлж байгаа газарт ил тод, харагдахуйц байрлуулах;

3.5.15.Хэрэглэгчийн нэвтрэх эрх, дансны мэдээлэл цахим халдлагад өртөж, алдагдсан тохиолдолд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэж, авч буй арга хэмжээ, үр дүнгийн талаар мэдээллэх;

3.5.16.Шинээр элсүүлсэнтөлөөлөгчийг ажлын 5өдрийн доторэнэ журмын 1 дүгээр хавсралтад заасан маягтыг бөглөж Монгол банкны цахим хуудсанд бүртгүүлэх;

3.5.17.Шинээр элсэж байгаа төлөөлөгч, ЦМХА-д холбогдох дүрэм, журмыг танилцуулж,шаардлагатай тохиолдолд сургалтад хамруулах;

3.5.18.Оролцогчийг үйлчилгээний гарын авлагаар хангах;

3.5.19.Төлөөлөгч болон ЦМХА болохыг нотолсон нэгэн ижил таних тэмдгийг үйлчилгээ үзүүлж байгаа газарт ил тод, харагдахуйц байршуулах.

3.6.Үйлчилгээ эрхлэгч нь төлөөлөгч, ЦМХА, хэрэглэгчтэй байгуулах гэрээнд дараах зүйлсийг заавал тусгана:

3.6.1.Үйлчилгээ эрхлэгч болон тухайн оролцогчийн эрх үүрэг, хариуцлага;

3.6.2.Тухайн цахим мөнгөний гүйлгээний төрөл, ашиглаж болох төхөөрөмж, хэрэгсэл, гүйлгээний үнийн дүнгийн болон давтамжийн хязгаарлалт;

3.6.3.Үйлчилгээ эрхлэгч нь гэрээнд өөрчлөлт оруулах талаар төлөөлөгч, ЦМХА, хэрэглэгчид хуанлийн 30 (гуч) хоногийн өмнө мэдэгдсэнээр гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй. Заасан хугацаанд тухайн оролцогч нь гэрээнээс татгалзаагүй бол, гэрээний өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцох тухай;

3.6.4.Цахим мөнгөний үйлчилгээнд нэвтрэх эрх, нууц үгийг нууцлах тухай;

3.6.5.Цахим мөнгөний үйлчилгээнд нэвтрэх эрх, нууц үгийг хаяж үрэгдүүлсэн, хулгайд алдсан, өөрийн данснаас эрх олгогдоогүй гүйлгээ хийгдсэн болон алдаатай гүйлгээ илрүүлсэн тохиолдолд үйлчилгээ эрхлэгчид нэн даруй мэдэгдэх тухай;

3.6.6.Гомдол, маргаантай болон луйврын гүйлгээний талаар мэдэгдэх хэлбэр, хугацаа, түүнд хариу өгөх, арга хэмжээ авах хугацаа;

3.6.7.Үйлчилгээний шимтгэл, хураамжийн хэмжээ, түүнийг авах нөхцөл, хугацааны талаар мэдээлэл;

3.6.8.Цахим мөнгөнд хөрвүүлсэн оролцогчийн мөнгөн хөрөнгийг баталгааны дансанд байршуулах, захиран зарцуулах тухай.

3.7.Үйлчилгээ эрхлэгч нь төлөөлөгчтэй байгуулах гэрээнд дараах зүйлсийг заавал тусгана:

3.7.1.Энэ журмын 3.6-д заасан зүйлс;

3.7.2.Төлөөлөгчийн үйл ажиллагаа явуулах хаяг, байршил;

3.7.3.Цахим мөнгөний гүйлгээнд үүсэх маргааныг хэрхэн зохицуулах, залруулгын гүйлгээг хэрхэн гүйцэтгэх тухай;

3.7.4.Энэ журмын 3.5.16-д заасан мэдээллийг олон нийтэд ил тод байршуулахыг зөвшөөрөх тухай.

3.8.Үйлчилгээ эрхлэгч нь ЦМХА-тай байгуулах гэрээнд дараах зүйлсийг заавал тусгана:

3.8.1.Энэ журмын 3.6-д заасан зүйлс;

3.8.1.ЦМХА-ын үйл ажиллагаа явуулах хаяг, байршил;

3.8.3.Тухайн цахим мөнгийг бэлэн мөнгөний нэгэн адил тооцож ижил үнээр бараа, ажил, үйлчилгээний төлбөрт хүлээн авах, ямар нэгэн нэмэлт шимтгэл авахгүй байх талаар;

3.8.4.Тухайн цахим мөнгийг зөвхөн бараа, ажил, үйлчилгээний төлбөр төлөх зорилгоор ашиглах тухай.

3.9.Үйлчилгээ эрхлэгч нь цахим мөнгөний системд дараах өөрчлөлт хийхээс 30 хоногийн өмнө тухайн өөрчлөлттэй холбоотой саналаа Монголбанкинд танилцуулж, дүгнэлт гаргуулна:

3.9.1.Шинэ суваг ашиглан үйлчилгээний цар хүрээг тэлэх;

3.9.2.Технологийг бэлтгэн нийлүүлэгч болон цахим мөнгөний үйлчилгээг дамжуулан хүргэх үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч өөрчлөгдөх, нэмэгдэх.

3.10.Үйлчилгээ эрхлэгч нь цахим мөнгөний системд технологи, програм хангамжийн том хэмжээний өөрчлөлт, нэмэлт шинэчлэлт хийсэн тухай бүр Монголбанкинд албан ёсоор мэдэгдэнэ.

ДӨРӨВ. ОРОЛЦОГЧ

4.1.Цахим мөнгөний гэрээт төлөөлөгч (цаашид төлөөлөгч гэх) ньүйлчилгээ эрхлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр түүний нэрийн өмнөөс шинэ хэрэглэгчийн бүртгэл, цахим мөнгөний үйлчилгээг гүйцэтгэх болон өөрийн цахим мөнгөний гүйлгээг хийх хуулийн этгээд байна.

4.2.Цахим мөнгө хүлээн авагч (цаашид ЦМХА гэх) нь үйлчилгээ эрхлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр цахим мөнгийг төлбөрт хүлээн авч, өөрийн бараа, үйлчилгээг борлуулж байгаа иргэн, хуулийн этгээд байна.

4.3.Бүртгэлгүй хэрэглэгч нь үйлчилгээ эрхлэгчтэй гэрээ байгуулахгүйгээр цахим мөнгөний үйлчилгээ авах иргэн, хуулийн этгээд байна.

4.4.Төлөөлөгч, ЦМХА, хэрэглэгч, бүртгэлгүй хэрэглэгчийг хамтад нь цахим мөнгөний үйлчилгээнд оролцогч (цаашид оролцогч гэх) гэнэ.

4.5.Оролцогч нь цахим мөнгөний төлбөр, гүйлгээг хүлээн зөвшөөрвөл нууц үг оруулах болон бусад аргаар баталгаажуулна.

4.6.Үйлчилгээ эрхлэгчийн нэрийн өмнөөс төлөөлөгч нь дараах цахим мөнгөний үйлчилгээг үзүүлж болно:

4.6.1.Цахим мөнгө шилжүүлэх;

4.6.2.Цахим мөнгийг мөнгөн хөрөнгөнд хөрвүүлэх;

4.6.3.Мөнгөн хөрөнгийг цахим мөнгөнд хөрвүүлэх;

4.6.4.Гүйлгээний хуулга гаргаж өгөх;

4.6.5.Шинэ хэрэглэгч бүртгэх, хэрэглэгчтэй гэрээ байгуулах.

4.7.Хуулийн этгээд нь гэрээ байгуулж, шаардлага хангасан нөхцөлд хэд хэдэн үйлчилгээ эрхлэгчийн төлөөлөгчөөр зэрэг ажиллаж болно.

4.8.Төлөөлөгч, ЦМХА нь дараах эрхтэй:

4.8.1.Цахим мөнгөний үйлчилгээнд оролцох, үйлчилгээ эрхлэгчээс үзүүлж буй бусад үйлчилгээг авах;

4.8.2.Өөрийн дансны үлдэгдэл болон гүйлгээний хуулгыг шаардлагатай үед үйлчилгээ эрхлэгчээс баталгаажуулан авах, үүнтэй холбогдох мэдээлэл, тайлбарыг авах;

4.8.3.Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг үйлчилгээ эрхлэгчээс шаардах.

4.9.ЦМХАнь дараах үүргийг хүлээнэ:

4.9.1.Хэрэглэгч, бүртгэлгүй хэрэглэгчийн гомдол, саналыг хүлээн авч үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэх, шийдвэрлэх;

4.9.2.Үйлчилгээ эрхлэгчид өөрт холбогдолтой мэдээллийг үнэн зөв, бүрэн өгөх;

4.9.3.Үйлчилгээ эрхлэгч болон хэрэглэгчийн төлбөр тооцоотой холбоотой аливаа мэдээ, мэдээллийн нууцыг чандлан сахих;

4.9.4.Хаяг байршил болон үйл ажиллагааны талаарх холбогдох мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд үйлчилгээ эрхлэгчид ажлын 5 өдрийн дотор мэдэгдэх.

4.10.Төлөөлөгч дараах үүргийг хүлээнэ:

4.10.1.Энэ журмын 4.9-д заасан үүрэг нэгэн адил хамаарна;

4.10.2.Энэ журмын 4.1-д заасан үйлчилгээг үзүүлэхдээ дансны дугаар, мөнгөн дүн, нууц үгийг зөв оруулах, буруу оруулснаас үүсэх хохирлыг хариуцах;

4.10.3.Цахим мөнгөний үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах бэлэн мөнгөний нөөц, түүний хадгалалт хамгаалалт, аюулгүй байдалтай холбогдон үүсэх асуудлыг бүрэн хариуцах;

4.10.4.Үйлчилгээний төлбөр, шимтгэл, хураамжийг үйлчилгээ үзүүлж байгаа газарт ил тод, харагдахуйц байрлуулах;

4.10.5.Цахим мөнгөөр хийсэн гүйлгээний баримтыг цаасаар эсвэл цахимаар үйлдэж, баримтыг нэг жилээс доошгүй хугацаанд архивлан хадгалах.

4.11.Хэрэглэгч нь дараах эрхтэй:

4.11.1.Цахим мөнгөний үйлчилгээ авах;

4.11.2.Үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагааны журамтай танилцах;

4.11.3.Өөрт холбогдох дансны хуулга болон бусад мэдээллийг үйлчилгээ эрхлэгчээс гаргуулан авах;

4.11.4.Цахим мөнгөний үйлчилгээний эрхээ түр хаалгах, сэргээлгэх, цуцлах;

4.11.5.Цахим мөнгөний үйлчилгээний талаар гомдол, гүйлгээний талаар маргаан гаргах, түүнийг гэрээнд заасан хугацаанд шийдүүлэх;

4.11.6.Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг үйлчилгээ эрхлэгчээс шаардах.

4.12.Хэрэглэгч нь дараах үүргийг хүлээнэ:

4.12.1.Үйлчилгээ эрхлэгчид өөрт холбогдолтой мэдээллийг үнэн зөв, бүрэн өгөх;

4.12.2.Цахим мөнгөний үйлчилгээний нэвтрэх нэр, нууц үг болон бусад мэдээллийн нууцлалыг хангаагүй, дансны дугаар, үнийн дүнг буруу оруулсан тохиолдолд хариуцлагыг өөрөө хүлээх.

4.13.Бүртгэлгүй хэрэглэгч нь энэ журмын 4.11.1-4.11.4-т заасан эрхтэй, 4.12.2-т заасан үүрэгтэй.

ТАВ. ЦАХИМ МӨНГӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЯЗГААРЛАЛТ

5.1.Хэрэглэгчийн нэг удаад хийх гүйлгээний дээд хэмжээ 1,000,000.00 (нэг сая) төгрөг, нэг өдөрт хийх гүйлгээний дээд хязгаар 3,000,000.00(гурван сая) төгрөг байна.

5.2.Нэг хэрэглэгчийн дансан дахь цахим мөнгөний хэмжээ 50,000,000.00 (тавин сая) төгрөгөөс хэтрэхгүй байна.

5.3.Бүртгэлгүй хэрэглэгчийн нэг өдөрт хийх гүйлгээний дээд хязгаар 20,000.00(хорин мянга) төгрөг байна.

5.4.Бүртгэлгүйхэрэглэгчийн дансан дахь цахим мөнгөний хэмжээ 100,000.00 (зуун мянга) төгрөгөөс хэтрэхгүй байна.

ЗУРГАА. ЦАХИМ МӨНГӨ ГАРГАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ,

ХҮЧИНГҮЙ БОЛГОХ

6.1.Цахим мөнгө гаргах зөвшөөрөл хүсэгч нь“Үндэсний төлбөрийн системийн тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн11.1-д заасан баримт бичиг болон дараах баримт бичгийн эх хувийг эсвэл баталгаажуулсан хувийг бүрдүүлж Монголбанкинд ирүүлнэ.

6.1.1.Цахим мөнгө гаргах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хүсэлт;

6.1.2.Энэ журмын 3 дугаар бүлэгт заасан шаардлагыг хангасныг нотлох баримт бичиг;

6.1.3.Төлөөлөгч, ЦМХА, хэрэглэгчтэй байгуулах гэрээний загвар;

6.1.4.Цахим мөнгөний системийн тайлбар;

6.1.5.Техник тоног төхөөрөмж, програм хангамжийн гарал үүсэл, загвар, техникийн үзүүлэлтийн тодорхойлолт;

6.1.6.Цахим мөнгөний бүх төрлийн гүйлгээ хэрхэн хийгдэх шат дараалал болон мөнгөн хөрөнгө, мэдээллийн урсгалын схемийг агуулсан үйл ажиллагааны журам;

6.1.7.Мэдээллийн технологийн нууцлал, аюулгүй байдал,тасралтгүй найдвартай үйл ажиллагааны журам,oнцгой байдлын төлөвлөгөө;

6.1.8.Цахим мөнгөний үйл ажиллагааг хариуцах нэгжийг тодорхойлсон зураглал, ажлын байрны тодорхойлолт;

6.1.9.Зөвшөөрлийн материал хүлээн авах хураамжийг төлсөн баримт.

6.2.Монголбанкнь цахим мөнгө гаргах зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг энэ журмын 6.1-д заасан баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор гаргаж, энэ тухай зөвшөөрөл авах хүсэлт гаргагчид ажлын 3 өдрийн дотор бичгээр мэдэгдэнэ.

6.3.Энэ журмын 6.1-д заасан баримт бичгийн бүрдэл дутуу, нэмэлт баримт бичиг шаардлагатай тохиолдолд зөвшөөрөл авах хүсэлт гаргагчид энэ талаар албан бичгээр мэдэгдэнэ.

6.4.Зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд “Монголбанкны үйлчилгээний хураамж, шимтгэлийн ерөнхий нөхцөл”-д заасны дагуу цахим мөнгө гаргах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хураамжийг төлөхийг үйлчилгээ эрхлэгчээс шаардаж, шимтгэл төлсөн баримтыг зөвшөөрлийн материалд хавсаргана.

6.5.Цахим мөнгөний үйлчилгээ, ирүүлсэн баримт материал нь холбогдох хууль, тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн актаар тавьсан шаардлагад нийцээгүй, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 15.3-т заасан хугацаа хэтэрсэн бол Монголбанк нь цахим мөнгө гаргах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгохоос татгалзана.

6.6.Үйлчилгээ эрхлэгч нь зөвшөөрөл авахад бүрдүүлсэн энэ журмын 6.1-д заасан баримт бичигт том хэмжээний өөрчлөлт оруулах тохиолдолд өөрчлөлтийн тухай Монголбанкинд албан ёсоор мэдэгдэнэ.

6.7.Цахим мөнгө гаргах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг эхний удаа 4 жилээр олгож, цаашид хугацаагүй сунгана. Зөвшөөрөл сунгах хүсэлт гаргасан үйлчилгээ эрхлэгч нь энэ журмын 6.1-д заасан баримт бичигт өөрчлөлт орсон бол түүнийг ирүүлнэ.

6.8.Монголбанкнь “Үндэсний төлбөрийн системийн тухай” хуулийн 19.1 дүгээр зүйлд заасан болон дараах үндэслэлээр цахим мөнгө гаргах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргана:

6.8.1.Монголбанкнаас тавьсан шаардлагыг удаа дараа зөрчсөн, биелүүлээгүй;

6.8.2.Үйл ажиллагааны техникийн нууцлал, аюулгүй байдал, тасралтгүй, найдвартай ажиллагааг зохих түвшинд хангаагүй нь тогтоогдсон;

6.8.3.Үйлчилгээ эрхлэгч нь энэ журамд заасан шаардлагыг өөрийн хамтран ажиллаж байгаа төлөөлөгч, ЦМХА-аар хангуулаагүй нь тогтоогдсон;

6.8.4.Оролцогчийн гүйлгээ, төлбөр тооцоог гүйцэтгээгүй, удаа дараа саатуулсан, буруу гүйцэтгэснийг Монголбанк тогтоосон, эрх ашгийг ноцтой зөрчсөн;

6.8.5.Цахим мөнгөний үйлчилгээ нь төлбөрийн системийн аюулгүй найдвартай байдалд нөлөөлсөн, нөлөөлөх нь тогтоогдсон;

6.8.6.Хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр.

6.9.Монголбанкнь “Үндэсний төлбөрийн системийн тухай” хуулийн 19.2 дүгээр зүйлд заасан үндэслэлээр цахим мөнгө гаргах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоно.

6.10.Энэ журмын 6.8, 6.9-т заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн зөвшөөрлийг сэргээх, хүчингүй болгосон зөвшөөрлийг шинээр авах хүсэлтийг Монголбанкинд ирүүлсэн тохиолдолд зөрчил дутагдлыг арилгасан эсэх, Монголбанкнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн эсэх дүгнэлтэд үндэслэн шийдвэрлэнэ.

6.11.Энэ журмын 6.9-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон зөвшөөрлийг дахин олгох тухай хүсэлтийг Монголбанк тухайн зөвшөөрлийг хүчингүй болгох тухай шийдвэр гарсан өдрөөс хойш 6 (зургаан) сарын хугацаанд хүлээн авахгүй бөгөөд хүсэлт гаргагч нь тогтоосон хугацааны дараа энэ журамд заасан шаардлагын дагуу холбогдох баримт бичгийг шинээр бүрдүүлэн хүсэлт гаргана.

ДОЛОО. ЦАХИМ МӨНГӨНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД

ТАВИХ ХЯНАЛТ

7.1.Үйлчилгээ эрхлэгчийн цахим мөнгөний үйл ажиллагаатай холбоотой хяналт шалгалтыг Монголбанк хийнэ.

7.2.Монголбанк нь Санхүүгийн зохицуулах хороотой хамтран цахим мөнгөний үйлчилгээ эрхлэх банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд хамтарсан хяналт шалгалтыг гүйцэтгэж болно.

7.3.Цахим мөнгөний үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт, гомдлыг Монголбанкинд гаргаж болно.

7.4.Үйлчилгээ эрхлэгч нь долоо хоног бүр “Цахим мөнгөний үйлчилгээний өдөр тутмын тайлан”-г энэ журмын 2 дугаар хавсралтад заасны дагуу гаргаж, дараа долоо хоногийн Лхагва гаригт багтаан Монголбанкинд цахимаар ирүүлнэ.

7.5.Үйлчилгээ эрхлэгч нь баталгааны дансны улирлын хуулгыг банкаар баталгаажуулж дараа улирлын эхний сарын 15-ны өдрийн дотор Монголбанкинд албан бичгээр ирүүлнэ.

7.6.Монголбанк нь шаардлагатай гэж үзсэнцахим мөнгөний үйл ажиллагааны тоон мэдээллийг үйлчилгээ эрхлэгчээр тогтмол гаргуулж авна.

НАЙМ. БАТАЛГААНЫ ДАНС

8.1.Үйлчилгээ эрхлэгч нь өөрийн гаргасан цахим мөнгөтэй тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг баталгаа болгон 100 (зуун) хувь “Баталгааны дансанд ”байршуулна.

8.2.Үйлчилгээ эрхлэгч нь банк бол баталгааны дансыг Монголбанкинд, банкнаас бусад хуулийн этгээд бол банкинд байршуулна.

8.3.Баталгааны дансан дахь мөнгөн хөрөнгө нь эргэлтэд гарсан нийт цахим мөнгөнөөс дутвал үйлчилгээ эрхлэгч нь дараагийн ажлын өдөрт багтаан нөхнө.

8.4.Үйлчилгээ эрхлэгч нь дампуурсан буюу төлбөрийн чадваргүй болсныг зарласан, эсхүл татан буулгах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд баталгааны дансан дахь мөнгөн хөрөнгийг зөвхөн оролцогчийн цахим мөнгөний хохирлыг барагдуулах зорилгоор ашиглана.

8.5.Үйлчилгээ эрхлэгч нь баталгааны дансан дахь мөнгөн хөрөнгийг зөвхөн оролцогчийн цахим мөнгийг мөнгөн хөрөнгөнд хөрвүүлэхэд ашиглана. Баталгааны дансан дахь мөнгөн хөрөнгийг өөр зорилгоор ашиглах, барьцаа хөрөнгө болгохыг хориглоно.

ЕС. ХАРИУЦЛАГА

9.1.Энэ журмыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд Монголбанкнаас дараах арга хэмжээг авна.

9.1.1.Цахим мөнгөний үйл ажиллагааг холбогдох журам, заавар, гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол холбогдох этгээдэд Банкны тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

9.1.2.Энэ журмыг хэрэгжүүлэх талаар Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрийг биелүүлээгүй ажилтан, албан тушаалтныг холбогдох хууль тогтоомж болон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгох хүртэл хариуцлага хүлээлгэнэ.

“Цахим мөнгөний журам”-ын

1 дүгээр хавсралт

 

ТӨЛӨӨЛӨГЧИЙГ БҮРТГҮҮЛЭХ МАЯГТ

 

 

Mэдээлэл

Байгууллагын нэр

 

Улсын бүртгэлийн дугаар

 

Хаяг

 

Утас

 

 

“Цахим мөнгөний журам”-ын

2 дугаар хавсралт

 

ЦАХИМ МӨНГӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨДӨР ТУТМЫН ТАЙЛАН

Тайлант хугацаа: 2018.01.29 – 2018.02.04[1]

 

Өдөр

Эргэлтэд гарсан нийт цахим мөнгөний хэмжээ[2]

Хийгдсэн гүйлгээний хэмжээ[3]

Баталгааны дансан дахь үлдэгдэл 2

Тоо

Дүн

2017.01.291

 

 

 

 

2017.01.301

 

 

 

 

2017.01.311

 

 

 

 

2017.02.011

 

 

 

 

2017.02.021

 

 

 

 

2017.02.031

 

 

 

 

2017.02.041

 

 

 

 

 

 


[1]Жишээ огноо

[2] Тухай өдрийн эцсийн байдлаар

[3] Тухайн өдөр хийгдсэн гүйлгээний хэмжээ