- Нүүр
- Сайдын тушаал
- АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫГ ТЭЭВЭРЛЭХ, ЦУГЛУУЛАХ, ХАДГАЛАХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, УСТГАХ, ЭКСПОРТЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХОД ТАВИГДАХ ШААРДЛАГА БОЛОН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
Байгаль орчин, аялал жуулчлалын cайдын
2018 оны А/18 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫГ ТЭЭВЭРЛЭХ, ЦУГЛУУЛАХ, ХАДГАЛАХ,
ДАХИН БОЛОВСРУУЛАХ, УСТГАХ, ЭКСПОРТЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
ЭРХЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХОД ТАВИГДАХ
ШААРДЛАГА БОЛОН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Хог хаягдлын тухай хуулийн 8.1.4 дэх заалтад заасны дагуу аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах, экспортлох үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагад зөвшөөрөл олгохтой холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
1.2.Аж ахуйн нэгж, байгууллагад аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах, экспортлох зөвшөөрөл /цаашид зөвшөөрөл гэх/ олгоход тавигдах шаардлага болон зөвшөөрөл олгох эрх зүйн хэм хэмжээг тогтоон зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
Хоёр.Аюултай хог хаягдал экспортлох зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага
2.1.Аюултай хог хаягдал экспортлох үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас бүртгэлийн дугаар авна.
2.2.Энэхүү журмын 2.1-д заасан бүртгэлийн дугаар авахдаа “Аюултай хог хаягдлын үүсгэгч болон тээвэрлэх, цуглуулах, дахин боловсруулах, устгах, экспортлох үйл ажиллагаа эрхлэгчийг бүртгэх маягт”-ыг үнэн зөв бөглөж, хүргүүлнэ.
2.3.Аюултай хог хаягдал экспортлох иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь зөвшөөрөл авах хүсэлт гаргахдаа Хог хаягдлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 хэсэгт зааснаас гадна дараах материалыг бүрдүүлнэ:
2.3.1.бүрэн, үнэн зөв бөглөсөн “Аюултай хог хаягдал экспортлох өргөдөл” (Хавсралт);
2.3.2.аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
2.3.3.аюултай хог хаягдал цуглуулах, дахин боловсруулах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар (үүсгэгчид хамаарахгүй);
2.3.4.аюултай хог хаягдал үүсгэгчийн хувьд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар баталгаажсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан;
2.3.5.англи хэл дээр үнэн, зөв бөглөсөн Хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенцийн Хавсралт VA-д заасан өргөдөл;
2.3.6.англи хэл дээр үнэн, зөв бөглөсөн Хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенцийн Хавсралт VВ-д заасан хог хаягдлын тээвэрлэлтийн дагалдах бичиг;
2.3.7.аюултай хог хаягдлын лабораторийн шинжилгээний дүн;
2.3.8.экспортлох аюултай хог хаягдлын фото зураг (сав баглаа боодол, хаяг шошгыг тодорхой харуулсан байх).
Гурав.Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага
3.1.Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас бүртгэлийн дугаар авна.
3.2.Энэхүү журмын 3.1-д заасан бүртгэлийн дугаар авахдаа “Аюултай хог хаягдлын үүсгэгч болон тээвэрлэх, цуглуулах, дахин боловсруулах, устгах, экспортлох үйл ажиллагаа эрхлэгчийг бүртгэх маягт”-ыг үнэн зөв бөглөж, хүргүүлнэ.
3.3.Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэхээр анх удаа зөвшөөрөл хүсэж буй аж ахуйн нэгж, байгууллага нь бүрдүүлэх материалын А болон Б хэсэгт заасан материалыг бүрдүүлнэ.
3.4.Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл сунгуулахад бүрдүүлэх материалын А хэсэгт заасан материалыг бүрдүүлнэ.
3.5.Бүрдүүлэх материалын А хэсэгт доорх материал орно:
3.5.1.аж ахуйн нэгжийн гэрчилгээний нотариатаар баталгаажсан хуулбар;
3.5.2.газар эзэмших гэрчилгээний нотариатаар баталгаажсан хуулбар эсхүл түрээсийн гэрээ;
3.5.3.байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар баталгаажсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан;
3.5.4.үйл ажиллагаа явуулж байгаа байгууламжийн хувьд:
а/аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа явуулсан, явуулж байгаа цаашид явуулах газрын байршлын болон кадастрын зураг;
б/байгууламжийн зураг төсөл, хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа явуулж байгаа газрууд болон цаашид ийм үйл ажиллагаа явуулах газрын фото зураг;
в/аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагааны талаарх танилцуулга, хүчин чадал;
г/цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах хог хаягдлын жагсаалт, код;
д/жилд цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах аюултай хог хаягдлын хэмжээ;
е/байгууламжийн хил доторх болон хилээс 1500 метрийн радиуст орших барилга байгууламж, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, орон сууц, гэр хороолол, зам, орц, гарц, шугам хоолой, хяналтын болон ундны усны худаг, гадаргуугийн ус зэргийг газрын зураг дээр тэмдэглэсэн зураглал.
ё/итгэмжлэгдсэн лабораторийн хөрс, ус, агаарын шинжилгээний дүн.
3.6.Бүрдүүлэх материалын Б хэсэг нь доорх мэдээллийг агуулсан байна:
3.6.1.байгууламжийн ерөнхий тодорхойлолт, танилцуулга;
3.6.2.хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагааны хувьд:
а/байгууламжид хүлээн авах аюултай хог хаягдлын химийн болон физикийн шинжилгээний дүн. Энэхүү шинжилгээний дүн нь дахин боловсруулах, устгах аюултай хог хаягдлын шинж чанарын талаар мэдээлэл өгөх боломжтой байна.
б/хүлээн авах хаягдалд шинжилгээ хийх төлөвлөгөө;
в/аюулгүй ажиллагааны дараах тоног төхөөрөмжийн тайлбар, ашиглах заавар:
-аюул ослын үед дохио өгөх дохиоллын болон дотоод холбооны систем;
-аюул ослын үед яаралтай тусламж дуудах зориулалттай орон нутгийн цагдаагийн болон онцгой байдлын байгууллагатай шууд холбоо барих утас;
-зөөврийн галын хор, гал унтраах тоноглол (хөөс, инертийн хий, хуурай химийн бодис гэх мэт зориулалтын гал унтраах тоноглол);
-асгарсан шингэний урсалтыг хязгаарлах тоноглол, хоргүйжүүлэх тоног төхөөрөмж, бодис материал;
-хангалттай хэмжээгээр даралтай ус өгөх боломжтой хоолой, хөөс үүсгэгч тоног төхөөрөмж, ус бороожуулагч систем.
г/дараах ажиллагаанд хяналт тавих төлөвлөгөө:
- технологийн тоног төхөөрөмжийн ажиллагаа;
- аюул ослоос урьдчилан сэргийлэх, түүнийг мэдрэх, хариу арга хэмжээ авах зориулалттай хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмж тоноглол, дохиоллын системийн ажиллагаа;
- аюул ослын үед ажиллах тоног төхөөрөмж тоноглол, дохиоллын системийн ажиллагаа;
- барилга байшин, далан суваг, хураагуур гэх мэт барилгын бүтэц хэсгийн ашиглалт болон бүрэн бүтэн байдал.
- ландфиллын хувьд шүүрлийг бууруулах хариу арга хэмжээний төлөвлөгөө;
3.6.3.тээвэрлэх, цуглуулах үйл ажиллагааны хувьд:
а/аюулгүй ажиллагааны дараах тоног төхөөрөмжийн тайлбар, ашиглах заавар:
-аюул ослын үед яаралтай тусламж дуудах зориулалттай орон нутгийн цагдаагийн болон онцгой байдлын байгууллагатай холбоо барих утас;
-галын хор, гал унтраах тоноглол (хөөс, инертийн хий, хуурай химийн бодис гэх мэт зориулалтын гал унтраах тоноглол);
-асгарсан шингэний урсалтыг хязгаарлах тоноглол, хоргүйжүүлэх тоног төхөөрөмж, бодис материал;
б/дараах ажиллагаанд хяналт тавих төлөвлөгөө:
- тээврийн хэрэгсэл, технологийн тоног төхөөрөмжийн ажиллагаа;
- аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмж тоноглол, дохиоллын системийн ажиллагаа;
- барилга байшин, далан суваг, хураагуур гэх мэт барилгын бүтэц хэсгийн ашиглалт болон бүрэн бүтэн байдал.
3.6.4.дараах зорилгоор ашиглагдах арга технологи, техник, тоног төхөөрөмж, дэд бүтцийн талаарх мэдээлэл:
-асгаралд, алдагдлыг барих, сааруулах;
-хур борооны ус зайлуулах, үерээс хамгаалах ;
-шугам хоолой бохирдол цэвэрлэх;
-тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, цахилгаанаас үүдэлтэй нөлөөллийг бууруулах;
-өртөлтөөс ажилтныг хамгаалах;
-агаарт ялгарах ялгарлыг бууруулах.
3.6.5.шатамхай, урвалын идэвхтэй, нийцгүй хог хаягдлаас үүсэж болох аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх тайлбар;
3.6.6.байгууламжийн доторх замын хөдөлгөөний зураглал, замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэгээ, дохио, замын хучилт ба даац;
3.6.7.байгууламжийн байршлын талаарх мэдээлэл;
3.6.8.газрын доорх усны талаарх доорх мэдээлэл:
а/шинээр байгуулж буй байгууламжийн хувьд төсөл хэрэгжихээс өмнөх газрын доорх усны хяналт-шинжилгээний дүн, үйл ажиллагаа явуулж буй байгууламжийн хувьд зөвшөөрөл хүсэх үеийн газрын доорх усны хяналт-шинжилгээний дүн;
б/газрын доорх ус илэрсэн гүн, газрын доорх усны чиглэл;
в/газрын доорх усны хяналтын цооног байгуулахаар санал болгож буй цэгүүдийн байршил;
г/газрын доорх усны хяналт-шинжилгээ хийх төлөвлөгөө, хяналт-шинжилгээ хийх параметрүүд;
3.6.9.инженер, техникийн ажилтны мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар, сургалтад хамрагдсан байдал.
3.7.Бүрдүүлэх материалын Б хэсэгт аюултай хог хаягдал хадгалах савны талаар дараах нэмэлт мэдээллийг бүрдүүлнэ:
3.7.1.савны үндсэн параметр, хэмжээ, хийгдсэн материал;
3.7.2.шүүрэл цуглуулах, зайлуулах систем ба сав шингэнтэй хүрэлцэхгүй байх талаар авсан арга хэмжээний шийдэл;
3.7.3.хадгалах савны тоо, эзлэхүүн буюу хүчин чадал;
3.7.4.үер усны хамгаалалтын систем;
3.7.5.хуримтлагдсан шингэнийг зайлуулах арга;
3.7.6.агаарт ялгарах ялгарлыг хянах арга.
3.8.Танканд аюултай хог хаягдал хадгалах бол бүрдүүлэх материалын Б хэсэгт дараах нэмэлт мэдээллийг бүрдүүлнэ:
3.8.1.танк нэг бүрийн хэмжээ, хүчин чадал;
3.8.2.ачаалах болон ачаалалтыг аюулгүй таслах төхөөрөмжийн талаар
тайлбар;
3.8.3.илүүдэл зайлуулах болон даралт хянах системийн талаарх тайлбар;
3.8.4.танк нэг бүрийн шугам хоолой, тоноглол болон урсгалын схем;
3.8.5.зэврэлт идэгдэлтээс хамгаалах материал, тоноглолын талаарх мэдээлэл;
3.8.6.шинэ байгууламжийн хувьд:
а/танкны системийн холболт гагнаас, цооролт, хагарал, элэгдэл, хамгаалалтын давхаргын бүрэн бүтэн байдал, суурилуулалт угсралтын үед үүсэж болох гэмтлийг хянаж шалгасан болон илэрсэн доголдлыг арилгасан талаарх тэмдэглэл;
б/танк нэг бүрийн битүүмжлэлийг шалгасан тайлан;
в/физик гэмтэл болон чичиргээ, тэлэлт, агшилт, хөрсний суултаас
үүсэх нөлөөллөөс хамгаалах нэмэлт тоноглолын талаарх мэдээлэл;
г/танкны системээс асгарч алдагдсан шингэн хаягдал болон хуримтлагдсан шингэнийг хөрс, газрын доорх ус, гадаргын усанд алдахаас хамгаалах цуглуулах сан нь дараах шаардлагыг хангасан талаарх дэлгэрэнгүй тайлбар:
- асгарсан болон хуримтлагдсан шингэнийг түүнийг зайлуулах хүртэл цуглуулах хангалттай эзлэхүүнтэй эсэх;
- цуглуулах санг хийсэн болон доторлосон материал нь хаягдалд тэсвэртэй, даралт, цаг агаарын нөхцөлийг тэсвэрлэх хангалттай зузаан болон бөх бат чанартай эсэх;
- цуглуулах санг суурилуулсан суурь нь танкийн системээс үзүүлэх даралтыг тэсвэрлэх болон хазайлт, шахалт, өргөлт зэрэг нөлөөллийг бууруулах чадвартай эсэх;
- асгарсан болон хуримтлагдсан шингэнийг зайлуулах болон юүлэх боломжийг хангасан байдал (суурийн налуу эсвэл нэмэлт тоноглол);
- асгарч алдагдсан үед байгаль орчинд ялгарах ялгарлаас хүний эрүүл мэндэд үзүүлж болох нөлөөлөл;
- асгаралд алдагдлыг хянах тоног төхөөрөмжийн талаарх мэдээлэл;
- агаарт ялгарах ялгарлыг хянах тоног төхөөрөмжийн талаарх мэдээлэл.
3.9.Аюултай хог хаягдал шатаах бол бүрдүүлэх материалын Б хэсэгт дараах нэмэлт мэдээллийг бүрдүүлнэ:
3.9.1.шатааж устгах шатамхай, идэмхий болон энэ 2 шинж чанарыг хоёуланд агуулсан аюултай хог хаягдлын жагсаалт;
3.9.2.шатаалтын зонд өөр бусад хог хаягдалтай холилгүйгээр дангаар шатааж устгах урвалын идэвхтэй аюултай хог хаягдлын жагсаалт;
3.9.3.шатааж устгах урвалын дүнд шатамхай, идэмхий бүтээгдэхүүн үүсгэдэг аюултай хог хаягдлын жагсаалт;
3.9.4.шатаалтын зонд өөр бусад хог хаягдалтай холилгүйгээр дангаар шатааж устгах, урвалын дүнд урвалын идэвхтэй бүтээгдэхүүн үүсгэдэг аюултай хог хаягдлын жагсаалт;
3.9.5.туршилтын шатаалт явуулах төлөвлөгөө болон туршилтын шатаалт явуулсан талаар доорх мэдээллийг агуулсан тайлан:
а/хог хаягдлын химийн шинжилгээний дүн, илчлэг, төлөв, хэмжээ;
б/шатаах зуухны дэлгэрэнгүй мэдээлэл:
- үйлдвэрлэгчийн нэр;
- зуухны загварын дугаар;
- зуухны төрөл;
- зуухны хүчин чадал;
- шатаалтын зоны хэмжээ;
- түлш өгөх систем;
- аюултай хог хаягдал зууханд өгөх тэжээгчийн хүчин чадал;
- аюултай хог хаягдал зууханд өгөх ба зогсоох автомат систем;
- шатаалтаас үүсэх энергийн ашиглах шийдэл;
- яндангаас гарах хий болон бохирдлыг хянах систем;
- шатаагуурын төрөл;
- зуухны хийцийн материал;
- температур, даралт, хийн урсгал хэмжигч, хянагч төхөөрөмж тэдгээрийн байрлал;
- температур, хог хаягдлын ачаалалт, нүүрсхүчлийн хий болон хийн урсгалын хурд зэрэг параметрүүдийн хяналт-шинжилгээний дүн.
3.9.6.туршилтын шатаалтын үр дүнд үндэслэж тогтоосон зуухны үйл ажиллагааны төсөөлж буй үзүүлэлтүүд:
- яндангаас гарах хий дэх нүүрстөрөгчийн монооксид (СО);
- зууханд шатаах хог хаягдлыг ачаалах хурд;
- шатаалтын зоны температур;
- шатаалтын хийн хурд;
- яндангаас гарах хийн хэмжээ, урсгалын хурд, температур;
- шатаалтын зонд хог хаягдлын байх хугацаа;
- утааны хий дэх хлорт устөрөгчийг зайлуулах чадвар;
- үүсэж болох агаар бохирдуулагчид ба тэдгээрийг хянах арга;
3.9.7.Шатаах зуухны доод үнс, хий цэвэрлэх системээс үүссэн тоос зэрэг хатуу хог хаягдлыг устгах шийдэл.
3.10.Бохирдсон газар цэвэрлэх бол бүрдүүлэх материалын Б хэсэгт дараах нэмэлт мэдээллийг бүрдүүлнэ:
3.10.1.цэвэрлэх хаягдал буюу хөрс болон түүний бохирдуулагч бүрэлдэхүүн хэсгийн талаарх мэдээлэл;
3.10.2.цэвэрлэх үйл ажиллагаанд ашиглах мэдээллийн эх сурвалж: ном, аргачлал, лабораторийн туршилтын дүн, хээрийн туршилтын дүн гэх мэт.
3.10.3.бохирдсон газрыг цэвэрлэх, доорх мэдээллийг агуулсан төлөвлөгөө:
- цэвэрлэх хаягдал буюу хөрсний төрөл, хэмжээ;
- цэвэрлэгээ хийх арга ба цэвэрлэх зэрэг;
- хөрсний PН-ийн хяналт;
- явагдах биологийн болон химийн урвал;
- дээж авах арга, давтамж;
- дээж авах цэг сонгох арга;
- шинжилгээ хийх арга;
- цэвэрлэгээнд хамрагдах газрын хэмжээ;
- шинжилгээгээр тогтоогдсон бохирдуулагчийн хэмжээ;
- ялгарал, шүүрлийг хянах систем.
3.11.Аюултай хог хаягдал ландфиллд булж устгах бол бүрдүүлэх материалын Б хэсэгт дараах нэмэлт мэдээллийг бүрдүүлнэ:
3.11.1.ландфиллд булшилж устгах аюултай хог хаягдлын жагсаалт;
3.11.2.ландфиллын зураг төсөл болон түүнийг байгуулах, үйл ажиллагаа явуулах, засвар үйлчилгээ хийх нарийвчилсан төлөвлөгөө;
3.11.3.доторлогооны систем;
3.11.4.шүүрэл мэдрэх, цуглуулах, зайлуулах систем, шүүрлийг цэвэршүүлэх арга;
3.11.5.шүүрэл нэвчих хурд;
3.11.6.хариу арга хэмжээний төлөвлөгөө;
3.11.7.үерийн хамгаалалт;
3.11.8.хур борооны ус зайлуулах систем;
3.11.9.хяналт тавих ба хяналт-шинжилгээ хийх төлөвлөгөө;
3.11.10.ландфиллыг хаах төлөвлөгөө;
3.11.11.шатамхай, нийцгүй аюултай хог хаягдлыг эсвэл их хэмжээтэй савлагаагүй шингэнийг ландфиллд булшилж устгахад ашиглах арга;
3.11.12.аюултай хог хаягдлын сав булшлах арга;
3.11.13.ландфиллын дэд бүтэц, зам талбай, цахилгаан хангамжийн зураг төсөл, шийдэл.
3.12.Агааржуулалтын системийн талаар Б хэсэгт дараах нэмэлт мэдээллийг бүрдүүлнэ:
3.12.1.агааржуулалтын системийн ажиллагаа, үйл ажиллагааны үзүүлэлтүүд, байршлын талаарх мэдээлэл;
3.12.2.агааржуулалтын системийн бүдүүвч зураг;
3.12.3.агааржуулалтын системээс ялгарах ялгарлыг бууруулах болон хянах нэмэлт тоноглолын талаарх мэдээлэл
3.12.4.агааржуулалтын системээс агаарт ялгарах ялгарлын төсөөлж буй хэмжээ;
3.12.5.агааржуулалтын системийг суурилуулсан мэргэжлийн байгууллагын гүйцэтгэлийн тайлан.
3.13.Тоног төхөөрөмжийн талаар Б хэсэгт дараах нэмэлт мэдээллийг бүрдүүлнэ:
3.13.1.тоног төхөөрөмжийн талаарх мэдээлэл;
3.13.2.тоног төхөөрөмжийн байршлыг харуулсан бүдүүвч зураг;
3.13.3.тоног төхөөрөмжийн төрөл;
3.13.4.тоног төхөөрөмжийг ашиглах аюултай хог хаягдлын төлөв (хатуу, хий, шингэн, уур гэх мэт);
3.13.5.агааржуулалтын системтэй холбогдсон байдал;
3.13.6.тоног төхөөрөмжийн ажиллагаа, үйл ажиллагааны параметр, хяналтын системийг харуулсан бүдүүвч зураг, тайлбар;
3.13.7.тоног төхөөрөмжийг суурилуулсан мэргэжлийн байгууллагын гүйцэтгэлийн тайлан.
3.14.Аюултай хог хаягдлыг хамгаалалтын суурин дээр цуглуулж, хадгалж, цэвэрлэх бол Б хэсэгт дараах нэмэлт мэдээллийг бүрдүүлнэ:
3.14.1. хамгаалалтын суурин дээр байршуулах аюултай хог хаягдлын жагсаалт;
3.14.2. хамгаалалтын суурийн төсөл зураг;
3.14.3. доторлогооны систем;
3.14.4. шүүрлийг хянах, цуглуулах систем;
3.14.5. үер усны хамгаалалт;
3.14.6. хур борооны ус зайлуулах систем;
3.14.7. хамгаалалтын суурийг цэвэрлэх арга, хугацаа;
3.14.8. хэрэв хамгаалалтын суурин дээр аюултай хог хаягдал цэвэрлэх үйл ажиллагаа явуулдаг бол:
а.ашиглах тоног төхөөрөмж, түүний ажиллагааны талаарх мэдээлэл;
б.үүсэх үлдэгдэл хаягдлын хэмжээ, найрлага, шинж чанар;
3.14.9.хяналтын болон хяналт-шинжилгээний төлөвлөгөө;
3.14.10.хамгаалалтын суурийг барьсан мэргэжлийн байгууллагын гүйцэтгэлийн тайлан;
3.14.11.үйл ажиллагаа дууссаны дараа хог хаягдал, бохирдсон материалыг зайлуулах, цэвэрлэх хаалтын төлөвлөгөө.
Дөрөв.Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, устгах, хадгалах, дахин боловсруулах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох
4.1.Аж ахуйн нэгж, байгууллага нь аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад доорх мэдээллийн хамт хүргүүлнэ. Үүнд:
4.1.1.Аюултай хог хаягдал тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахад:
а.энэхүү журмын 3.5, 3.6-д заасан материал;
б.“Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журам”-д заасан шаардлагыг хангасан талаарх мэдээлэл.
4.1.2.Аюултай хог хаягдал шатааж устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахад:
а.энэхүү журмын 3.5, 3.6, 3.7, 3.8, 3.9, 3.12, 3.13-д заасан материал;
б.туршилтын шатаалтын тайлан.
4.1.3.Аюултай хог хаягдлыг ландфиллд булж устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахад энэхүү журмын 3.5, 3.6, 3.11-д заасан материал.
4.1.4.Аюултай хог хаягдлыг энэхүү журмын 4.1.2, 4.1.3-д зааснаас бусад аргаар устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахад:
а.энэхүү журмын 3.5, 3.6, 3.7, 3.8, 3.12, 3.13-д заасан материал;
б.аюултай хог хаягдал устгах арга технологиос хамаарч бусад нэмэлт мэдээлэл;
4.1.5.Аюултай хог хаягдал савлаж хадгах аргаар устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахад:
а.энэхүү журмын 3.5, 3.6, 3.7, 3.8, 3.12, 3.14-д заасан материал;
б.шаардлагатай тохиолдолд 3.13-д заасан материал.
4.1.6.Аюултай хог хаягдал дахин боловсруулах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахад энэхүү журмын 3.5, 3.6, 3.12, 3.13-д заасан материал.
4.1.7.Аюултай хог хаягдал агуулсан бүтээгдэхүүн цуглуулах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахад:
а.энэхүү журмын 3.5-д (3.5.4-өөс бусад) заасан материал;
б.аюултай хог хаягдал цуглуулах үйл ажиллагаа явуулах газрын байршлын талаарх мэдээлэл, байршлын зураг;
в.аюултай хог хаягдал цуглуулах үйл ажиллагаа явуулах газраас 500 м-ийн радиуст орших барилга, байгууламж, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, орон сууц, гэр хороолол, зам, гадаргын ус, ундны усны худаг зэргийн газрын зураг дээр тэмдэглэсэн зураглал;
г.энэхүү журмын 3.6.2.а, 3.1.4.в, 3.6.3, 3.14-д заасан материал.
4.1.8.Бохирдсон газар цэвэрлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахад:
а.бүрдүүлэх материалын А хэсэг (3.5.4.д-ээс бусад);
б.энэхүү журмын 3.10- д заасан материал.
--------оОо--------
Текст томруулах
A
A
A