- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН КОНСУЛЫН ДҮРЭМ
Монгол Улсын Их Хурлын 2002 оны 71 дүгээр тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН КОНСУЛЫН ДҮРЭМ
Нэг. Консулын албаны зорилт, зохион байгуулалт, бүрэлдэхүүн
1.Монгол Улсын консулын алба нь дипломат албаны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хилийн чанадад Монгол Улс, түүний иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй байгууллага мөн.
2.Консулын алба нь Монгол Улсаас гадаад улстай найрсаг харилцааг хөгжүүлэх, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан-технологи, соёл, хүмүүнлэгийн харилцаа, аялал жуулчлалыг өргөтгөхөд тус дэмжлэг үзүүлнэ.
3.Консулын алба нь консулын харилцааны асуудлаарх Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлж, тэдгээрийн биелэлтэд хяналт тавьж ажиллана.
4.Консулын алба нь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын консулын хэлтэс, Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газраас бүрдэнэ.
5.Консулын алба нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Дипломат албаны тухай хууль, хууль тогтоомжийн бусад акт, энэхүү дүрэм болон Монгол Улсын олон улсын гэрээг даган мөрдөж, олон улсын зан заншлын хэм хэмжээг хүндэтгэнэ.
6.Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө.
7.Консулын алба Монгол Улсын гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, суугаа улсад байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний удирдлагын дор ажиллана.
8.Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байхгүй улсад суугаа консул нь гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлтэйгээр, суугаа улстай харилцан тохиролцсоны үндсэн дээр Монгол Улсын дипломат төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэж болно.
9.Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын консулын хэлтсийг Ерөнхий консул буюу Консул зэрэгтэй дипломат ажилтан толгойлно. Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газрыг Ерөнхий консул, Консул, Консулын төлөөлөгч толгойлно.
10.Консул нь энэхүү дүрэмд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Консул нь Монгол Улс болон суугаа улсын хууль тогтоомжид харшлахгүй бол энэхүү дүрэмд зааснаас өөр үүрэг гүйцэтгэж болно.
11.Консулын байгууллагын түвшин, байршлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал, консулын тойргийг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус тогтооно.
12.Консулын алба нь тогтоосон загвараар үйлдсэн тамга хэрэглэнэ.
13.Консулын байгууллага нь Монгол болон суугаа улсын албан ёсны хэлээр бичсэн төрийн сүлд бүхий хаягтай байна.
14.Консулын байгууллага нь Монгол Улсын төрийн далбааг консулын байгууллага байрлаж буй албан байр, албан уналгадаа мандуулж, консулын байгууллагын тэргүүний албан тасалгаанд байрлуулна.
15.Консулд Ерөнхий консул, Консул, Дэд консул, Консулын төлөөлөгч тус тус хамаарна.
16.Консулын албан тушаалтанд Консулын газрын тэргүүн, Консул, Дэд консул, Консулын төлөөлөгч, Консулын газрын нарийн бичгийн дарга, гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал хариуцсан дипломат ажилтан тус тус хамаарна.
17.Консулын газрын ажилтанд консулын газарт ажиллаж байгаа үйлчилгээний болон техникийн ажилтан хамаарах бөгөөд тэдгээр нь төрийн үйлчилгээний албан хаагч байна.
Хоёр. Консулын албаны эрх зүйн байдал, консулыг томилох журам
1.Консулын албан тушаалтан нь төрийн тусгай албан хаагч мөн бөгөөд Монгол Улсын гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад харьяалагдана.
2.Консулын албан тушаалтан гагцхүү Монгол Улсын иргэн байна.
3.Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын Ерөнхий консулыг, гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга консулын бусад албан тушаалтныг томилно. Консулын албан тушаалтанд гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас консулын патент буюу түүнтэй адилтгах баримт бичгийг олгоно.
Гурав. Консул бүрэн эрхээ хэрэгжүүлэх журам
1.Консул нь суулгах улсаас зөвшөөрөл /“экзекватура”/ олгосны дараа бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ.
2.Консул үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй буюу түүний түр эзгүйд консулын үүргийг тухайн консулын албаны өөр албан тушаалтан, суугаа улсад байгаа Монгол Улсын Консулын өөр газрын албан тушаалтан, эсхүл тухайн улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын дипломат ажилтны аль нэгээр гүйцэтгүүлж болно.
3.Консул нь тойргоороо тогтмол явж ажиллах үүрэгтэй.
4.Консул нь консулын үйл ажиллагаатай холбогдсон бүх асуудлаар тухайн улсын төр, засгийн болон тойргийнхоо эрх бүхий байгууллагатай харилцана.
5.Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал эрхэлсэн хэлтэс /алба, газар/ консулын албан тушаалтан, консулын газрын ажилтан нарын үйл ажиллагааны талаар гарсан гомдлыг холбогдох газруудтай хамтран шалган дүгнэлт гаргаж, шаардлагатай гэж үзвэл эгүүлэн татах тухай саналын хамт гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын удирдлагад оруулж шийдвэрлүүлнэ.
6.Консул нь бусад улсын консулын үүргийг зөвхөн Монгол Улсын гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон суугаа улсын зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэж болно.
Дөрөв. Монгол Улсын иргэн, хуулийн этгээдтэй холбогдсон асуудлаар консулын гүйцэтгэх үүрэг
1.Консул нь Монгол Улсын болон суугаа улсын хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээг даган мөрдөж, олон улсын зан заншлын хэм хэмжээг хүндэтгэн, Монгол Улсын иргэн, хуулийн этгээд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
2.Консул иргэний өргөдөл, хүсэлт, гомдлыг бичгээр хүлээн авч холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
3.Консул нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах арга хэмжээ авна.
4.Консул нь тойрогтоо байнга болон түр оршин сууж байгаа Монгол Улсын иргэний иргэний бүртгэлийг хөтөлнө.
5.Консул Монгол Улсын төрийн байгууллагын төлөөлөгч болон томилолтоор яваа Монгол Улсын иргэнд албан үүргээ гүйцэтгэхэд нь дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.
6.Консул нь Монгол Улсын иргэнд суугаа улсын хууль тогтоомж, тухайн улсын зан заншлыг тайлбарлан таниулж байна. Монгол Улсын иргэн нь тэдний зорчих, шилжин суурьшихтай холбогдуулан гаргасан консулын шийдвэрийг биелүүлнэ.
7.Консул нь тойрогтоо байгаа Монгол Улсын иргэнд Монгол Улсын шинээр гарсан хууль тогтоомжийг тайлбарлан таниулах ба өөрийн улсын худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, урлагийн арга хэмжээ, сурталчилгаа зэрэг ажлыг зохион байгуулахад нь туслалцаа үзүүлнэ.
8.Монгол Улсын иргэн өөрөө эзгүй байснаас буюу түүнийг төлөөлөх хүн байхгүйгээс, эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж чадахгүйд хүрвэл Консул нь түүнийг суугаа улсын зохих байгууллагад тусгай итгэмжлэхгүйгээр төлөөлөх эрхтэй. Төлөөлөл нь уг иргэн өөрийгөө төлөөлөх этгээдтэй болох буюу эрх, хууль ёсны ашиг сонирхлоо өөрөө хамгаалах боломжтой болох хүртэл үргэлжилнэ.
9.Консул нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэний цэргийн бүртгэлийг хөтөлж, цэргийн насны Монгол Улсын иргэнийг цэрэгт татах эсэх асуудлыг зохих байгууллагуудад тавьж шийдвэрлүүлнэ.
Тав. Монгол Улсын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын байгууллага, шүүхээс өгсөн даалгаврыг биелүүлэх асуудлаар консулын гүйцэтгэх үүрэг
Консул нь олон улсын гэрээ болон суугаа улсын хууль тогтоомжоор хориглоогүй бол Монгол Улсын иргэний асуудлаар Монгол Улсын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын байгууллага, шүүхээс өгсөн даалгаврыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу биелүүлнэ.
Зургаа. Харгалзан дэмжих, үрчлэх, асран хамгаалах асуудлаар консулын гүйцэтгэх үүрэг
1.Консул нь гадаад улсад оршин суугаа Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авсныг бүртгэх ба Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэхийг хүсэгч Монгол Улсын иргэн болон гадаадын иргэний хүсэлтийг хүлээн авч Гэр бүлийн тухай Монгол Улсын хуульд заасан баримт бичгийг бүрдүүлэн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлан шийдвэрлүүлнэ.
2.Үрчлэлт хүчингүй болсон тохиолдолд Консул Гэр бүлийн тухай Монгол Улсын хуульд зааснаар тухайн хүүхдийн эрхийг хамгаалах үүрэгтэй.
3.Консул нь тойрогтоо байгаа эцэг, эхийн асрамжгүй үлдсэн Монгол Улсын харьяат насанд хүрээгүй иргэн, эрүүл мэндийн улмаас эрх эдэлж, үүрэг хүлээх чадваргүй болсон Монгол Улсын харьяат насанд хүрсэн иргэнд асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоохдоо Гэр бүлийн тухай Монгол Улсын хуульд заасан журмыг баримтлана. Суугаа улсын хуулиар асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоосон нь Монгол Улсын хуулиар хориглоогүй бол хүчинтэйд тооцно.
Долоо. Монгол Улсын иргэний эд хөрөнгөний асуудлаар консулын гүйцэтгэх үүрэг
1.Монгол Улсын харьяат иргэн нас барж, эд хөрөнгө нь үлдвэл Консул нь суугаа улсын хууль тогтоомжийн дагуу эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авна. Ийнхүү үлдсэн эд хөрөнгө бүхэлдээ буюу хэсэг нь түргэн муудаж гэмтэх зүйл байх, эсхүл уг эд хөрөнгийг хадгалахад зардал их гарахаар бол консул суугаа улсын хууль тогтоомжийн дагуу уг эд хөрөнгийг худалдаж, өмчлөх эрх бүхий этгээдэд мөнгийг илгээнэ.
2.Консул нь Монгол Улсад байгаа өв залгамжлагчид дамжуулан өгөхөөр өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авч, суугаа улсын хууль тогтоомжийн дагуу хамгаалах, шилжүүлэх, өвлүүлэх асуудлыг шийдвэрлүүлнэ.
3.Консул нь Монгол Улсын иргэний хүсэлтээр мөнгө, үнэ бүхий эд зүйл, үнэт цаас, баримт бичгийг хадгалахаар хүлээн авч болно.
4.Эд хөрөнгөө хадгалуулсан хүн нас барвал түүний эд хөрөнгийг хадгалах, хамгаалах, өвлүүлэх асуудлыг энэхүү дүрмийн 7 дахь хэсгийн 1, 2-т заасныг баримтлан шийдвэрлэнэ.
5.Суугаа улсаас өөр газар оршин суугаа Монгол Улсын иргэнд өвлөгдөх эд хөрөнгө илэрвэл уг өвлөгдөх эд хөрөнгө, өв залгамжлагчийн талаар гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.
Найм. Баривчлагдсан, саатуулагдсан, эсхүл хорих ял эдэлж байгаа Монгол Улсын иргэний асуудлаар консулын гүйцэтгэх үүрэг
1.Гэмт хэрэгт сэжиглэгдэж баривчлагдсан, саатуулагдсан, эсхүл хорих ял эдэлж байгаа, түүнчлэн шүүхийн буюу захиргааны журмаар иргэнийхээ эрх, эрх чөлөөг бусад хэлбэрээр хязгаарлуулсан Монгол Улсын иргэний эрхийг хамгаалж, суугаа улсын хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээг баримталж байгаа эсэхэд консул хяналт тавина.
2.Консул нь ийнхүү эрхээ хязгаарлуулсан иргэний байгаа нөхцөл нь эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаж байгаа эсэх болон түүнтэй зохих ёсоор харьцаж байгаа эсэхийг хянах, уг иргэний нэр төр, алдар хүндийг хамгаалах, хорих ял эдэлж байгаа Монгол Улсын иргэнд сонирхогч этгээдийн хүсэлтээр буюу өөрийн санаачилгаар эргэлт оруулах үүрэгтэй.
Ес. Паспорт, визийн асуудлаар консулын гүйцэтгэх үүрэг
1.Консул нь Монгол Улсын гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах, түүнчлэн Монгол Улсын Дипломат болон Консулын төлөөлөгчийн газраас үндэсний энгийн гадаад паспорт олгох, хугацааг нь сунгах, хүчингүй болгох, бүртгэл хөтлөх, буцах үнэмлэх олгохтой холбогдуулан эрх бүхий байгууллагаас баталсан журам, зааврын дагуу Монгол Улсын иргэнд гадаад паспорт олгох, хугацааг нь сунгах, хүчингүй болгох, буцах үнэмлэх олгох эрхтэй.
2.Консул нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай Монгол Улсын хууль болон Монгол Улсын виз олгохтой холбогдуулан эрх бүхий байгууллагаас баталсан журам, зааврын дагуу виз олгох, хугацааг сунгах, хүчингүй болгох ба урьд олгосон визэд өөрчлөлт оруулж болно.
Арав. Харьяатын асуудлаар консулын гүйцэтгэх үүрэг
1.Консул нь тойрогтоо оршин суугаа этгээдээс Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаар гаргасан хүсэлтийг хүлээн авч эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжилна.
2.Консул иргэний харьяаллын асуудлаар хүсэлт гаргасан хүний баримт бичгийг шалган, хувийн байдлыг тодорхойлж, тодорхой саналын хамт гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр хүргүүлж, хувийг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад явуулна. Хүсэлт гаргасан өргөдөл, холбогдох бусад баримт бичиг гадаад хэл дээр үйлдэгдсэн бол түүнийг албан ёсны орчуулгыг хавсаргана. /Энэ заалтад 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/
Арван нэг. Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх асуудлаар консулын гүйцэтгэх үүрэг
1.Консул нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын иргэний гэр бүлийн байдлыг бүртгэнэ.
2.Консул нь иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд өөрчлөлт оруулах, үрэгдсэн тэмдэглэлийг нөхөн сэргээх, овог, нэр солих талаар гадаадад байнга оршин суугаа Монгол Улсын иргэнээс гаргасан хүсэлтийг хүлээн авч, түүнийг шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ.
3.Консул иргэний гэр бүлийн байдлыг бүртгэхдээ Иргэний бүртгэлийн тухай Монгол Улсын хууль, хилийн чанад дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн болон Консулын газраас иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийг хөтлөхтэй холбогдуулан эрх бүхий байгууллагаас гаргасан журам, зааврыг баримтална.
Арван хоёр. Нотариатын үйлчилгээ
1.Консул нь Нотариатын тухай Монгол Улсын хууль, эрх бүхий байгууллагаас баталсан нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврыг удирдлага болгон дор дурдсан нотариатын үйлдэл хийнэ. Үүнд:
1/ Монгол Улсын газрын харилцаанд холбогдох гэрээнээс бусад хэлцэл /гэрээ, гэрээслэл, итгэмжлэл зэрэг/-ийг батлан гэрчлэх;
2/ өв залгамжлах эрх, гэрээслэлийг гэрчлэх;
3/ өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгох;
4/ гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон хэсгээр өмчлөх эд хөрөнгөөс оногдох хувиа өмчлөх эрхийг гэрчлэх;
5/ баримт бичгийн бүрэн буюу хэсэгчилсэн хуулбарын үнэн зөвийг гэрчлэх;
6/ баримт бичгийн гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх;
7/ баримт бичгийн орчуулгын үнэн зөвийг гэрчлэх.
2.Нотариатын үйлчилгээг Монгол Улсын консулын албаны байранд хийнэ. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд нотариатын үйлчилгээг өөр газарт хийж болно.
3.Нотариатын үйлчилгээ хийсэн Консул нотариатын үйлчилгээтэй холбогдсон нууцыг хадгалах үүрэгтэй.
4.Нотариатын үйлчилгээ хийсэн тодорхойлолт, баримт бичгийг үйлчлүүлэгч үйлчилгээний хураамжийг төлсний дараа олгоно.
5.Нэмэлт мэдээ, баримт бичиг гаргуулах буюу баримт бичгийг шалгуулах шаардлагатай бол Монгол Улсын хууль тогтоомжид заасан үндэслэлээр нотариатын үйлчилгээ хийхийг хойшлуулж болно.
6.Нотариатаар батлагдах хэлцэл, өргөдөл, бусад баримт бичигт үйлчлүүлэгч нотариатын үйлчилгээ хийх Консулын дэргэд гарын үсэг зурна. Хэлцэл, өргөдөл, бусад баримт бичигт Консулыг эзгүй байхад гарын үсэг зурсан бол тухайн этгээд баримт бичигт гарын үсэг зурснаа өөрөө батламжилна.
7.Нотариатын үйлчилгээ хийж байгаа Консул нь нотариатын үйлчилгээг буруугаар ашиглахаас сэрэмжлүүлэх үүднээс нотариатын үйлчилгээний үр дагаврын талаар танилцуулж, эрх, үүргийг нь үйлчлүүлэгчид тайлбарлаж өгөх үүрэгтэй.
8.Консул өөртэй нь болон гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүнтэй нь холбоотой асуудлаар нотариатын үйлчилгээ хийж болохгүй.
9.Консул нь нотариатын баримт бичгийг монгол хэлээр хөтөлнө.
10.Нотариатын үйлчилгээ хийлгэх этгээд баримт бичгийг хөтлөх хэлийг мэдэхгүй бол уг баримт бичгийн эхийг түүнд орчуулан өгнө.
11.Нотариатын үйлчилгээ хийх нь Монгол Улсын хууль тогтоомжид харшлахаар бол Консул тийм үйлчилгээ хийхээс татгалзана.
12.Нотариатаар гэрчлүүлэх баримт бичиг Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд харшилсан буюу утга агуулгаараа улсын эрх ашигт хор хүргэх, эсхүл иргэний нэр төр, алдар хүндийг гутаах шинжтэй байна гэж үзвэл Консул түүнийг хүлээн авахгүй байж болно.
13.Нотариатын үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан үндэслэл, шалтгааныг үйлчлүүлэгчид мэдэгдэж, хэрэв эс зөвшөөрвөл гомдол гаргах журмыг тайлбарлаж өгнө.
14.Нотариатын үйлчилгээ хийхдээ Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээний дагуу гадаад улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэнэ.
Арван гурав. Консулын баталгаа
1.Консул нь тойргийн эрх бүхий байгууллагын албан тушаалтны оролцоотойгоор үйлдсэн буюу тэднээс олгосон баримт бичиг, актыг батална.
2.Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын байгууллагууд нь консулын баталгаа бүхий дээр дурдсан баримт бичиг, актуудыг өөрийн эрх хэмжээний хүрээнд хянан үзнэ.
3.Консулын баталгаа гаргах журмыг Монгол Улсын гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
4.Баримт бичиг, акт нь Монгол Улсын хууль тогтоомжид харшлах буюу утга агуулгаараа улсын эрх ашигт хор хүргэх, эсхүл иргэний нэр төр, алдар хүндийг гутаах шинж чанартай байна гэж үзвэл Консул түүнийг батлахгүй.
Арван дөрөв. Консулын хураамж
1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр болон хилийн чанадад консулын үйлчилгээ хийсний хураамжийг Тэмдэгтийн хураамжийн тухай Монгол Улсын хуулийн дагуу үйлчлүүлэгч төлнө.
2.Консулын үйлчилгээний хураамжийг харилцан адил байх зарчим баримтлан тухайн улс Монгол Улсын иргэнээс авч буй үйлчилгээний хураамжийн хэмжээтэй адил байхаар тогтоож болно.
Арван тав. Монгол Улсын иргэний агаарын тээврийн асуудлаар консулын гүйцэтгэх үүрэг
1.Консул нь Монгол Улсын иргэний агаарын хөлгийн дарга, багийн бүрэлдэхүүн, зорчигчдыг тойргийн эрх бүхий байгууллага, хүмүүстэй харилцахад нь бүх талын туслалцаа үзүүлнэ.
2. Консул иргэний агаарын тээврийн асуудлаар дор дурдсан эрх эдэлнэ:
1/ иргэний агаарын хөлөгт болсон хэрэг, явдлын талаар иргэний агаарын хөлгийн дарга, багийн гишүүдэд тодорхой асуулт тавьж хариулт авах;
2/ зайлшгүй шаардлагатай үед иргэний агаарын хөлгийн багийн гишүүд, зорчигчдыг эмчлүүлэх буюу Монгол Улсад буцаах арга хэмжээ авах;
3/ иргэний нисэхтэй холбогдох Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээний дагуу аливаа баримт бичгийг хүлээн авах, үйлдэх, гэрчлэх.
3.Консул нь өөрийн хариуцсан тойргийн дотор Монгол Улсын иргэний агаарын хөлөг осолд орох, албадлагын улмаас буух тохиолдолд түүний багийн гишүүн, зорчигчдод шаардагдах тусламжийг үзүүлнэ.
4.Осолд орсон буюу албадлагын улмаас буусан агаарын хөлөг, түүний ачаа тээш болон болсон хэрэг явдлыг нотлох баримтыг хамгаалах талаар консул өөрөөсөө шалтгаалах бүх арга хэмжээг авч, уг хэрэг явдлыг мөрдөн шалгах эрх бүхий албан тушаалтнуудад тус дэмжлэг үзүүлнэ.
5.Иргэний нисэхийн талаарх Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээний дагуу үүргээ гүйцэтгэхэд нь иргэний агаарын хөлгийн даргад дэмжлэг үзүүлнэ.
6.Консул нь Монгол Улсад буцах өөрийн улсын иргэний агаарын хөлгөөр шаардлагатай үед Монгол Улсын иргэнийг буцаах, шуудан, ачаа, тээш явуулах эрхтэй.
7.Консул нь авто, төмөр зам, усан онгоцны тээвэртэй холбогдсон асуудлаар энэ хэсэгт заасан журмыг баримтална.
Арван зургаа. Мал эмнэлэг, ариун цэврийн хяналтын асуудлаар консулын гүйцэтгэх үүрэг
1.Консулын тойрогт гоц халдварт өвчин гарах, хөл хорих үед Консул нь хориотой бүс нутаг, өвчний байдал, суугаа улсын холбогдох байгууллагаас авч байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад нэн даруй мэдэгдэнэ. Энэ тухай Монгол Улсын сонирхогч бусад байгууллагад Консул мэдээлж болно.
2.Консул нь Монгол Улсад нэвтрэх зөвшөөрөл авсан иргэдэд тарилга хийлгэсэн тухай олон улсын гэрчилгээг Монгол Улсад орох үедээ заавал үзүүлэхийг мэдэгдэнэ.
3.Консулын тойрогт хүн, малын гоц халдварт өвчин гарах, хөдөө аж ахуйн хортон буй болох, мал, амьд амьтан үй олноор өвчлөх буюу өвчин дэлгэрэх аюул гарах үед Консул нь Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.
4.Консул нь Монгол Улсад зорчих зөвшөөрөл авсан иргэдэд мал, амьд амьтад, тэдгээрийн гаралтай түүхий эд, хүнсний зүйлстээ авсан мал эмнэлгийн гэрчилгээг Монгол Улсад орох үедээ заавал үзүүлэх тухай болон Монгол Улсын мал эмнэлэг, ургамлын хорио цээр, ариун цэврийн талаарх хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгнө.
Арван долоо. Өргөмжит консул
1.Монгол Улсын гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гадаад улстай тохиролцсоны үндсэн дээр консулын зарим үүргийг Өргөмжит консул томилон ажиллуулах замаар гүйцэтгүүлж болно.
2.Өргөмжит консул нь Монгол Улсын буюу гадаад улсын иргэн байж болно.
3.Өргөмжит консулын үйл ажиллагааг Монгол Улсын гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмаар зохицуулна.
4.Өргөмжит консул нь Монгол Улсын төрийн албан хаагчид хамаарахгүй.
Текст томруулах
A
A
A