A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАГА, СУУРЬ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ДҮЙЦСЭН ХӨТӨЛБӨРӨӨР СУРГАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын

сайдын 2018оны 04 дүгээр сарын 03-ны

өдрийн А/168 тоот тушаалын хавсралт

 

БАГА, СУУРЬ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ДҮЙЦСЭН

ХӨТӨЛБӨРӨӨР СУРГАЛТ  ЯВУУЛАХ ЖУРАМ 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

            1.1. Иргэнд тодорхой хугацааны боловсролыг нөхөх, бие даах хэлбэрээр эзэмшүүлэх зорилго бүхий бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартад нийцсэн сургалтын албан бус хэлбэрийг дүйцсэн хөтөлбөрийн сургалт гэнэ.

            1.2. Албан боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадаагүй сургуулийн насны хүүхдэд суурь боловсрол заавал олгох, бүх нийтийн ерөнхий боловсрол нөхөн эзэмших, бие даан суралцах хүсэлтэй иргэдэд дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол эзэмшүүлэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

            1.3. Дүйцсэн хөтөлбөрийн сургалт (цаашид "сургалт" гэх)-ын агуулга, арга зүй, хэлбэр, хугацаа нь суралцагчдын боловсрол эзэмших хэрэгцээ, боломж, хувийн болон хөгжлийн онцлогт нийцсэн, олон хувилбартай, уян хатан, чөлөөтэй, нээлттэй байна.

            1.4. Сургуульд огт суугаагүй, хоёр ба түүнээс дээш жил завсардсан иргэнийг дүйцсэн хөтөлбөрийн сургалтад хамруулна.

 

Хоёр. Сургалтын зохион байгуулалт

            2.1. Насан туршийн боловсролын үндэсний төв, аймаг, нийслэлийн Боловсролын газрын дүгнэлтийг үндэслэн Засаг дарга захирамж гаргаснаар хуулийн этгээд (цаашид "сургалт зохион байгуулагч" гэх) дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг зохион байгуулна.

            2.2. Дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг сургууль түшиглэсэн байдлаар, алслагдсан сум, багт явуулын багшийн болон холимог бүлгийн (танхимын, зайны, гэрийн буюу шавь сургалт, түр цугларалт, бие даах) сургалтын хэлбэрээр зохион байгуулна.

            2.3. Сургалт зохион байгуулагч дараах шаардлагыг хангасан байна.

                        2.3.1. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан “Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөр”-т нийцүүлэн боловсруулж, аймаг, нийслэлийн Боловсролын газраар баталгаажуулсан байх;

                        2.3.2. Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрийн модуль, багшийн ном, сургалтад ашиглах сурах бичиг, ном, гарын авлагыг бэлтгэсэн байх; 

                        2.3.3. Сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах байр танхим, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангасан байх;

                        2.3.4.Сургалт зохион байгуулах багш багшлах эрхтэй, дүйцсэн хөтөлбөрийн агуулга, холимог бүлгийн арга зүйн сургалтад хамрагдсан байх; 

                        2.3.5. Сургалтын зохион байгуулалтын зардлыг нэг хүүхдэд ногдох хувьсах зардлаас гадна хөтөлбөр төсөл, хандив, тусламж, хамтрагч байгууллагын дэмжлэг бүхий санхүүгийн эх үүсвэрээс бүрдүүлсэн байх.                        

            2.4. Дүйцсэн хөтөлбөрийн сургалтад хамрагдаж буй анги, түвшний зөрүүтэй суралцагч гэрээт хугацаанд зохих түвшний агуулгын стандартыг хангасан тохиолдолд анги дэвшүүлэн суралцуулж боловсролын бичиг баримтыг баталгаажуулна.

 

Гурав. Сургалтын баримт бичиг

3.1. Сургалтын хөтөлбөрийг дор дурдсан шаардлагын хүрээнд боловсруулан баталгаажуулсан байна;

3.1.1. Бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартад нийцсэн, амьдрах ухаанд суурилсан агуулга;

3.1.2. Бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартын арга зүйд тулгуурлан зайны болон холимог бүлгийн сургалтын зарчмыг баримталсан, суралцагчдын хэрэгцээ сонирхолд суурилсан арга зүй;

3.1.3. Бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартад нийцэж, суралцагчдыг хөгжүүлэхэд чиглэсэн үнэлгээ.

       3.2. Сургалтын төлөвлөгөөнд дараах агуулгыг тусган баталгаажуулна.

3.2.1. Дүйцсэн хөтөлбөрийн сургалтын хичээлийн жилийн бүтэц, зайны болон бие даах, танхимд хичээллэх сургалтын цагийн хэмжээ, хичээлийн хуваарь;

3.2.2. Багшлах боловсон хүчин, санхүүгийн нөөцийн хуваарилалт, тооцоо;

3.2.3. Боловсролын түвшин бүрээр судлах сурах бичиг, модулийн төрөл, тоо;

3.2.4. Давтлага, шалгалтын хуваарь.

     3.3. Сургалтын явцад дор дурдсан баримт бичгийг хөтөлнө. Үүнд:

-Ангийн журнал;

-Анги удирдсан багшийн дэвтэр;

-Суралцагчийн хувийн хэрэг; 

                  -Суурь боловсролын гэрчилгээ;

-Бүрэн дунд боловсролын үнэмлэх;

3.4. Суралцагч бие даан суралцсан мэдлэг, чадварын түвшинг тогтоолгох хүсэлтээ аймаг, дүүргийн Насан туршийн боловсролын төв, нэгжээр уламжлан Боловсролын газарт хүргүүлэн шийдвэрлүүлнэ.

            3.5. Аймаг, дүүргийн Насан туршийн боловсролын төв, нэгж нь Боловсролын газрын гаргасан шийдвэрийг үндэслэн сургуульд огт суугаагүй, бие даан зохих түвшний мэдлэг, чадвар эзэмшсэн суралцагчдад хувийн хэрэг нээн тухайн ангийн  сурлагын амжилтын түвшний үнэлгээг нөхөн бичиж, холбогдох шийдвэрийг хавсарган баталгаажуулна.

 

Дөрөв. Сургалтын хэлбэр, хугацаа

            4.1. Дүйцсэн хөтөлбөрийн танхимын сургалт 9 дүгээр сарын 1, бусад хэлбэрийн сургалт 10 сарын 1-ээс эхлэх бөгөөд тухайн хичээлийн жилдсургалт зохион байгуулах сургуулийн удирдлага, хичээл заагч багш нар сургалтад хамрагдах суралцагч тэдний хууль ёсны төлөөлөгчтэй гэрээ байгуулна.

4.2. Сургалтын үргэлжлэх хугацааг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан “Бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөө”-ий 70-аас доошгүй хувь байхаар төлөвлөнө.

4.3. Сургалтыг суралцагчийн мэдлэг, чадварын түвшин, суралцах боломжид үндэслэн танхимын, зайны, бие даах, гэрийн буюу шавь сургалт, түр цугларалтын аль нэгээр, эсвэл эдгээрийн хосолсон хэлбэрээр зохион байгуулах бөгөөд журмын 4.2-т заасан сургалтын хугацааг баримтална.

4.4. Суралцагч танхимаас бусад хэлбэрээр суралцах гэрээ байгуулсан тохиолдолд 4.2-т заасан төлөвлөгөөт цагийн гуравны нэгийг заавал танхимын сургалтаар судлах бөгөөд жилд хоёроос доошгүй удаа, 14 хоногоос доошгүй хугацаагаар сургалтад хамрагдана.         

4.5. Сургалтыг 10-аас доошгүй суралцагчтай бүлэг байхаар зохион байгуулна. 

4.6. Сургалт эрхлэх, бүртгэх, сунгах тусгай зөвшөөрлийг Боловсролын тухай болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэнэ. 

 

Тав. Сургалтын явцад хийх хяналт-шинжилгээ, үнэлгээ

5.1. Дүйцсэн хөтөлбөрийн сургалтын үйл ажиллагаанд аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын газар, Насан туршийн боловсролын үндэсний төв, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Улсын мэргэжлийн хяналтын алба тус тус хяналт тавьж, зөвлөн тусалж ажиллана.

5.2. Хамран сургалт, захиргааны удирдлага, зохион байгуулалтаар хангах үүргийг бүх шатны Засаг дарга хүлээх бөгөөд сургалтын явц, чанар, үр дүн, хамрагдалтын талаар сургалт зохион байгуулагчаас гаргасан статистикийн мэдээллийг хянах чиг үүргийг аймаг, нийслэлийн Боловсролын газар тус тус гүйцэтгэнэ.

5.3. Суралцагчийг ерөнхий боловсролын сургуульд шилжүүлэн суралцуулах асуудлыг сургалт зохион байгуулагч, ерөнхий боловсролын сургууль, Боловсролын газар, орон нутгийг Засаг даргын Тамгын газартай хамтран шийдвэрлэнэ.

5.4. Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшиж, төгсөлтийн шалгалт өгөх суралцагчдын дэлгэрэнгүй мэдээллийг сургалт зохион байгуулж буй сургуулийн захиргаа аймаг, нийслэлийн Боловсролын газраар дамжуулан Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд ирүүлэх ба төгсөлтийн шалгалт өгөх, боловсролын үнэмлэх, гэрчилгээ олгох үйл ажиллагааг бага, дунд боловсролын төгсөлтийн шалгалтын журмаар зохицуулна.

 

Зургаа. Сургалтын санхүүжилт

6.1. Дүйцсэн хөтөлбөрийн сургалтад хамрагдаж буй нэг суралцагчид ногдох нормативт зардлыг Засгийн газраас тогтоосон хэмжээний дагуу улсын төсвөөс санхүүжүүлнэ.

6.2. Дүйцсэн хөтөлбөрөөр сургалт явуулахад суралцагчаас төлбөр авахгүй бөгөөд бага, суурь боловсролын сурах бичиг, сургалтын модулиудыг үнэ төлбөргүй ашиглуулна.

6.3. Журмын 4.3-т заасан танхимын сургалтаас бусад хэлбэрийн сургалтыг орон нутагт зохион байгуулахад шаардагдах нэмэлт зардал (унаа, шатахуун, багшийн томилолт, урамшуулал, нүүдлийн үйл ажиллагааны бусад зардал зэрэг)-ыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

6.4. Төсөл, хөтөлбөр, хандив тусламж, өөрийн үйл ажиллагааны орлого зэрэг санхүүжилтийн бусад эх үүсвэртэй байж болно.

6.5. Дүйцсэн хөтөлбөрөөр суралцагчдын статистикийн мэдээллийг тогтоосон хугацаанд аймаг, нийслэлийн Боловсролын газарт хүргүүлэн баталгаажуулж, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

 

-000-