- Нүүр
- Сайдын тушаал
- БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТЫН ОРЧИН, ДОТУУР БАЙРАНД ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨХӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЖУРАМ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 5 дугаар сарын 1-ны өдрийн
А/239 тоот тушаалын хавсралт
БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТЫН ОРЧИН, ДОТУУР БАЙРАНД ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨХӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь цэцэрлэг, сургууль, дотуур байрны орчинд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2.Хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд цэцэрлэг, сургууль, дотуур байрын орчинг судалж, үнэлэх, эрсдэлд байгаа хүүхдэд нөхцөл байдлын үнэлгээ хийж, шаардлагатай тусламж, үйлчилгээнд холбон зуучлах, сурагчдын дунд үе тэнгийн дарамт, дээрэлхэл, хүчирхийлэл гарахаас урьдчилан сэргийлэх, хүүхдэд эерэг харилцаа, ёс зүй, хууль эрх зүйн мэдлэг олгох, хүүхдийн сурч, амьдрах орчинг аюулгүй, ээлтэй болгох үйл ажиллагааг хамруулна.
1.3.Хүчирхийллээс бий болсон хор хохирлыг арилгах, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэхээс бусад хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг энэхүү журмаар зохицуулахгүй.
Хоёр. Хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үндсэн зарчим
2.1.Хүүхдийн нэр төр, өөртөө итгэх итгэл, үнэлэмжийг хүндэтгэж, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаална.
2.2.Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхалтаас ангид, хүүхдийн бие бялдар, нийгэм-сэтгэл хөдлөл, танин мэдэхүй онцлогт тохирсон байна.
2.3.Хүүхдийн хувийн халдашгүй байдлыг хүндэтгэж, нууцыг хадгална.
2.4.Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь хүүхдийн насны онцлог, ялгаатай хэрэгцээг харгалзсан байна.
Гурав. Үйл ажиллагааны чиглэл
3.1.Цэцэрлэг, сургууль, дотуур байрын багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагч, суралцагчдад хүүхдийн эрх, хамгаалал, харилцаа хандлагын талаар дор дурдсан чиглэлээр нөлөөллийн үйл ажиллагааг сургууль дээр зохион байгуулна.3.1.1. Хүүхдийн эрх хамгааллын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх;
3.1.2.Хүүхэд хүмүүжүүлэх, хүүхэдтэй харилцах эерэг харилцааны аргад суралцах;
3.1.3.Хүүхдэд сөрөг зан үйл төлөвшихөөс урьдчилан сэргийлж, эерэг зан үйлийг дэмжих;
3.1.4.Ялгаварлан гадуурхал, ялгаатай байдлын талаарх хүүхдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, үе тэнгийн дээрэлхэлтийг зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хөтөлбөр боловсруулж ажиллах;
3.1.5.Аливаа хүчирхийлэл, дарамт, дээрэлхэлтээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, сэтгэлзүйн бэрхшээлийг даван туулах чадвар олгох;
3.2. Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хүрээнд дараах тандалт судалгааг хагас жил тутам зохион байгуулна.
3.2.1.Цэцэрлэг, сургууль, дотуур байрын материаллаг болон нийгэм сэтгэлзүйн нөхцөл байдалд үнэлгээ хийж, нөхцөл байдлын талаар дүгнэлт гаргах;
3.2.2.Нөхцөл байдлын үнэлгээнд суурилан хүүхдэд учирч болзошгүй эрсдэл болон хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэдтэй ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө гарган анги удирдсан багш, эцэг эхтэй хамтран ажиллах.
3.2.3.Багш, сургуулийн эмч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нь хүүхдийн бэртэл гэмтэл, өвчлөл, сэтгэл санааны байдал, айдас, хичээл таслалт, сургууль завсардалт зэрэг хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, зан үйлд гарч байгаа сөрөг нөлөөллийн шалтгааныг тогтоох, хүчирхийллээс үүдэлтэй эсэхийг тандан судална.
3.3. Нийгэм, сэтгэлзүйн үйлчилгээ /зөвлөгөө, дэмжих үйлчилгээ/
3.3.1.Суралцагчдад сэтгэл санааны хямрал, гутрал, тогтворгүй байдлыг даван туулахад чиглэсэн үйлчилгээг нийгмийн ажилтан, хүүхдийн сэтгэл зүйн чиглэлээр мэргэшсэн сэтгэл зүйч үзүүлнэ.
3.3.2.Сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлсэн байгууллага, ажилтан сургуулийн нийгмийн ажилтанд хүүхдийн мэдээллийг нэг бүрчлэн өгч хамтарч ажиллана.
3.3.4.Сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэхэд холбогдох хууль, дүрэм, журам, ёс зүйг баримтлан хүүхдэд хүндэтгэлтэй хандах, хүүхдийн сэтгэл зүй, насны онцлогт тохирсон асуулт асуух, хүүхдийг буруутгасан аливаа асуулт, үйлдэл гаргахгүй байхад анхаарч ажиллана.
3.4.Цэцэрлэг, сургууль, дотуур байрын орчныг хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх чиглэлээр дараах ажлыг зохион байгуулна.
3.4.1.Цэцэрлэг, сургууль, дотуур байрыг хяналтын камертай болгон түүнийг ашиглах, бичлэг хадгалах, хянах дүрэм, журам батлан мөрдүүлнэ.
3.4.2.Цэцэрлэг, сургууль, дотуур байрын өрөө тасалгаа, анги танхим, заал, коридор, бие засах газар, ариун цэврийн өрөөг хүүхдэд аюулгүй, ээлтэй байхаар тохижуулна.
3.4.3.Цэцэрлэг, сургууль, дотуур байрын орчин болон ариун цэврийн гадна байгууламжтай бол түүнд хүрэх зам, талбай, орчныг гэрэлтүүлгээр хангаж, байнгын ажиллагаа, хараа хяналттай байлгана.
3.5.Эрхзүйн орчинг бүрдүүлж ажиллах
3.5.1.Цэцэрлэг, сургууль, дотуур байранд гадны хүн нэвтрэхэд баримтлах дэгийг дотоод журамдаа тусган хэрэгжүүлнэ.
3.5.2.Цэцэрлэг, сургууль, дотуур байранд багш, ажилтан ажилд авах шалгуурт хүүхдийн эсрэг хүчирхийлэл, зөрчил, гэмт хэрэгт холбогдож байгаагүй талаар тусгана.
3.5.3.“Бага насны хүүхдийг заавал эцэг эх, асран хамгаалагчаас хүлээн авах, хүлээлгэн өгөх /гараас гарт/ журам” боловсруулж, хэрэгжилтийг ханган ажиллана.
3.5.4.Цэцэрлэг, сургууль бүр хүүхэд хамгааллын бодлогод нийцүүлэн “Хүүхэд хамгааллын дүрэм”-ийг баталж, мөрдөнө.
3.6.Мэдээлэл хүлээн авах, холбогдох байгууллага, ажилтанд мэдээлэх
3.6.1.Сургалтын орчин, дотуур байранд хүүхдийн эсрэг хүчирхийллийн аливаа зөрчил илэрсэн, харсан, сэжиг таамаг мэдэгдсэн тохиолдолд тухайн цэцэрлэг, сургууль, дотуур байрын багш, ажилтан, нийгмийн ажилтан, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захиралд мэдэгдэнэ.
3.6.2.Багш, ажилтан, суралцагчдын зүй бус, ёс зүйгүй үйлдлийн тухай үнэн зөв, бодит мэдээллийг хүлээн авах, шалгах, хариу арга хэмжээ авах тухай “Мэдээллийн журам” боловсруулан мөрдөх, дотоод хяналтын тогтолцоотой байна.
3.6.3.Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртсөн байж болзошгүй гэж үзвэл мэдээллийг Хүүхдийн эрхийн тухай хуулиар үүрэг хүлээсэн оролцогч талуудад /хамтарсан багийн гишүүд/, цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад болон хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх утасны үйлчилгээнд мэдээлж, холбогдох арга хэмжээ, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.
Дөрөв. Хэрэгжүүлэх арга зам
4.1.Цэцэрлэг, сургууль, дотуур байранд хүүхэд сурч, амьдрах аюулгүй орчинг бүрдүүлэх, суралцагч бүрийг хүүхдийн эсрэг хүчирхийллээс хамгаалах, хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бүхий л үйл ажиллагаанд сургууль, эцэг эх асран хамгаалагч, орон нутгийн удирдлага, хүүхэд хамгааллын хамтарсан баг, олон нийтийн хүчин чармайлтыг нэгтгэн, уялдаа холбоог хангаж ажиллана.
4.2.Цэцэрлэг, сургууль, дотуур байранд өөрийн үнэлгээ хийхэд эцэг эхчүүдийн оролцоог хангаж, үйл ажиллагаанд гарсан ахиц өөрчлөлт, хүндрэл бэрхшээлээ тодорхойлж, тухайн нөхцөл байдлыг сайжруулахад хамтран ажиллана.
4.3.Сургууль дээрх аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд аймаг, сум, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-тэй хамтран ажиллаж болно.
4.4.Хүүхдийг аливаа хүчирхийлэл, авто замын осол, гэмтэл болон болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж хичээл эхлэх, тарах үед “сургуулийн цагдаа” /school police/-г эцэг эхийн оролцоог хангаж, хамтран зохион байгуулж болно.
4.5.Цахим орчинд хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр мэргэжлийн байгууллагатай хамтран төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулан ажиллана.
4.6.Хүүхдийн талаарх мэдээллийн нууцыг хадгалж ажиллана.
4.6.1.Хувь хүүхэдтэй холбоотой асуудлаар эцэг эх, асран хамгаалагчтай ганцаарчлан уулзана.
4.6.2.Хүүхдийн талаарх хувийн мэдээллийг /эрүүл мэнд, зан төрх, хөгжлийн үзүүлэлт г.м/ багш, эцэг эхээс нь бусад хүмүүст үзүүлэх, дамжуулахыг хориглоно.
4.6.3.Хүүхдийн хувийн мэдээллийг бусдад тараахыг хориглоно. /хүүхдийн зургийг сурталчилгаанд хэрэглэх, хүүхдийн нэртэй материал хэвлэн нийтлэх, хүүхдээс ярилцлага авч хэвлэл мэдээллээр гаргах г.м/
Тав. Удирдлага, зохион байгуулалт
5.1.Аймаг, нийслэлийн боловсролын газар нь сургуулийн хүүхэд хамгаалал, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхижүүлэх, салбар дундын зохицуулалтыг хангах, арга зүйн дэмжлэг үзүүлэх, үр дүнг хянах ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангана.
5.2.Хүүхдийн эрх, хамгаалал, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал удирдаж, холбогдох зардлыг тухайн жилийнхээ төсөвт тусгаж ажиллана.
5.3.Цэцэрлэг, сургууль, дотуур байр нь өөрийн үнэлгээ болон хүүхэд хамгааллын чиглэлээр анхаарах эрсдлийн хүчин зүйлсийн үнэлгээнд үндэслэн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хагас, бүтэн жилээр гарган, хэрэгжилтийг хангаж ажиллана.
5.4.Дотуур байр, эцэг эх, хүүхдийн үүрэг хариуцлагыг тусгасан гурван талт хамтарсан гэрээг хичээлийн жилийн эхэнд байгуулж, хичээлийн жилийн төгсгөлд дүгнэн, цаашид авах арга хэмжээний талаар хамтран хэлэлцэж, онцлох асуудлыг дараа жилийн гэрээнд тусгана.
5.5.Цэцэрлэг, сургууль, дотуур байранд багш, ажилтан ажилд авах шалгуурт хүүхдийн эсрэг хүчирхийлэл, зөрчил, гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг тусгана.
Зургаа. Хяналт, үнэлгээ
6.1.Цэцэрлэг, сургууль, дотуур байрын өөрийн үнэлгээ болон үйл ажиллагаандаа эрсдлийн үнэлгээг жил бүр цэцэрлэг, сургуулийн удирдлага, эцэг эхийн төлөөлөлтэй хамтран хийж, хүүхдийн эсрэг хүчирхийлэлд хүргэх өндөр эрсдэлтэй үйл ажиллагааны жагсаалтыг гарган эрсдлийг бууруулах арга хэмжээ авна.
6.2.Үйл ажиллагааны тайланг цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал хичээлийн жилийн төгсгөлд хамт олон, эцэг эх, сургуулийн зөвлөлд танилцуулж, жил бүрийн 05 дугаар сарын 20-ны дотор аймаг, нийслэлийн боловсролын газарт хүргүүлнэ.
6.3.Аймаг, Нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтэс нь журмын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг жил бүр хийж, үр дүн бүхий тайланг 6 дугаар сарын 1-ний дотор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
6.4.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аймаг, нийслэлийн боловсролын газраас ирүүлсэн тайлан мэдээнд хяналт үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, шаардлагатай тохиолдолд зөвлөмж, чиглэл хүргүүлнэ.
Долоо. Бусад
7.1.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A