A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГА, ЗАГВАР
Бүлэг: 1979

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 5 дугаар сарын 4-ны өдрийн

А/104 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

МЭРГЭЖЛИЙН  БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГА, ЗАГВАР

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Боловсролын тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжид заасны дагуу мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/ авахад бүрдүүлэх баримт бичигт энэхүү шаардлагыг мөрдөнө.

1.2. Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан баримт бичгийн шаардлагыг нягталж, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, цуцлах дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага,түүний харьяа байгууллагууд, хяналт, шинжилгээ, үнэлгээний байгууллага зэрэг төлөөллөөс бүрдүүлж, Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно.

1.3. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 334 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийгмийн үйлчилгээний жишиг норматив”-ийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу 20000-аас дээш хүн амтай бүх сум, хотод болон бүсчилсэн хөгжил, хот төлөвлөлтийн бодлого, бүс нутгийн онцлогийг харгалзан зарим сумдад боловсролын стандартад заасан боловсролын агуулгын түвшин, сургалтын орчинд тавигдах үндсэн шаардлага, барилгын норм ба дүрэмд заасан нормативыг хангасан тохиолдолд мэргэжлийн  болон техникийн боловсролын сургалтын байгууллага байгуулахыг шийдвэрлэнэ.

1.4. Гадаадын хөрөнгө оруулалттай, хамтарсан, нэрэмжитзэрэг төрийн өмчит мэргэжлийн  болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг байгуулахдаа холбогдох гэрээ, хэлэлцээр, баримт бичгийг үндэслэн Засгийн газар шийдвэрлэж, тусгай зөвшөөрлийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллага олгоно.

1.5. Цэрэг, цагдаа, батлан хамгаалах, төмөр зам, хүнд, хортой, аюултай болон онцгой байдлын салбарын мэргэжлийн  болон техникийн боловсролын сургалтын  байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, шинэ мэргэжлээр сургалт явуулах тохиолдолд холбогдох байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэнэ.

1.6. Иргэнд мэргэжлийн анхан болон дунд шатны ур чадвар шаардагдах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт багатай, нийтлэг мэргэжлээр  мэргэжлийн  болон техникийн боловсролын сургалтын байгууллагын тусгай зөвшөөрөл олгох эсэхийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.

1.7. Политехник коллежоор бэлтгэх мэргэжлийн чиглэл нь тухайн сургалтын байгууллагын сургалт эрхэлж байгаа мэргэжлийн 50-аас дээш хувийг техникийн боловсрол эзэмшүүлэх сургалт давамгайлна.

1.8. Шинээр мэргэжлийн  болон техникийн боловсролын сургалтын байгууллага байгуулах, шинэ мэргэжлээр сургалт эрхлэх тохиолдолд мэргэжил бүрийн чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг харьяа мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ болон бүсийн арга зүйн төвөөр дүгнэлт гаргуулна.

Хоёр. Тусгай зөвшөөрөл авах баримт бичигт тавигдах шаардлага

2.1. Тусгай зөвшөөрөл хүсэж буй үүсгэн байгуулагч нь Боловсролын тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль болон Стандартчиллын үндэсний зөвлөлөөс 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 45 тоот тогтоолоор баталсан “MNS 6541:2015, Мэргэжлийн боловсрол, сургалт. Ерөнхий шаардлага”,Хөдөлмөрийн сайдын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/197 тоот тушаалаар баталсан “Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн загвар”, “Олон нийт, иргэний барилгын БНбД-31-03-03, Барилгын норм ба дүрэм (БНбД-II-66-88)”, “Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага /MNS 5742: 2007/”-ыг тус тус хангасан байна.

2.2. Шинээр мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх,шинэ мэргэжил болон захиалгат сургалт явуулахад дараахь баримт бичгийг бүрдүүлнэ.

2.2.1. Шинээр мэргэжлийн  болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэхэд загвар /1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11/-ын дагуу хүсэлт гаргаж ирүүлнэ.

2.2.2. Шинээр мэргэжлийн  болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэхэд шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, харьяа дүүргийн нийгмийн даатгал, татварын алба болон харилцагч банкнаас санхүүгийн болон байгууллагын чадавхийг илэрхийлсэн тодорхойлолтыг ирүүлнэ.

2.2.3. Шинэ мэргэжлээр сургалт явуулахад загвар /12, 13/-ын дагуу хүсэлт гаргаж, ирүүлнэ.

2.2.4. Техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэхэд загвар /6, 7, 8, 12, 15/-ын дагуу хүсэлт гаргаж, ирүүлнэ.

2.2.5. Сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага захиалгат сургалт зохион байгуулахад загвар /12/-ын дагуу хүсэлт гаргаж, ирүүлнэ.

2.2.6. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад загвар /14/-ын дагуу хүсэлт гаргаж, ирүүлнэ.

2.3. Үүсгэн байгуулагч тухайн мэргэжлийн чиглэлээр сургалт явуулах үндэслэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, сургалтын байгууллага байгуулах хэрэгцээ, мэргэжлийн боловсрол, сургалтын стандартын шаардлага, сургалтын орчин нөхцлийн бүрдүүлэлт /өөрийн эзэмшлийн байр, газар/, үүсгэн байгуулагчийн санхүүгийн чадавхи, тооцоо судалгаа нь тусгай зөвшөөрөл олгох үндсэн шаардлагыг хангах үндэслэл болно.

2.4. Сургалтын ажлыг эхлүүлэх болон цаашид бүрэн хүчин чадлаараа ажиллах хүртэлх суралцагчийн тооны  төлөв, нэг багшид ногдох суралцагч, сургалтын төлбөрийн хэмжээ, тогтоосон үндэслэл, төсвийн төсөөллийг гурван жилээр тооцож хавсаргасан байна.

2.5. Сургалтын байгууллага нь нийт багш нарын 80-аас доошгүй хувийг мэргэжлийн үндсэн багш байхаар бүрдүүлсэн байна.

2.6. Мэргэжлийн  болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь мэргэжлийн зэрэгтэй, тухайн чиглэлээр 3-аас доошгүй жилийн ажлын дадлага, туршлагатай, мэргэжлийн боловсрол, сургалтын заах арга зүйн сургалтад хамрагдаж, багшлах эрхийн үнэмлэх авсан байх бөгөөд нотлох баримтыг бүрдүүлж ирүүлнэ.

2.7. Сургуулийн зориулалтын барилга байгууламж нь үүсгэн байгуулагчийн эзэмшлийн өмч болохыг нотлох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, барилга байгууламжийн зохион байгуулалт, давхаруудын зураглал, бүтэн харуулсан гэрэл зураг хавсаргасан байна.

2.8. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-д заасан улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт бүрдүүлэхтэй холбогдох асуудлыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5, 22.1.6, 42 дугаар зүйлд заасны дагуу баримт бүрдүүлж, ирүүлнэ.

2.9. Шинээр мэргэжлийн  болон техникийн боловсролын сургалтын байгууллага байгуулах хүсэлт гаргаж буй этгээд ньмэргэжлийн сургалтын үйл ажиллагаа эрхэлсэн 3-аас доошгүй жилийн туршлагатай байна.Гэрчилгээний хугацаа хүчин төгөлдөр байна.

2.10.Ангилал өөрчлөн тогтооход мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг хийлгэсэн байна.

2.11. Мэргэжлийн  болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь эдийн засгийн бүс, бүсчлэл, газар нутгийн байршлаасаа хамаарч зонхилох мэргэжлийн чиглэлийн сургалтын хөтөлбөрөөр төрөлжинө. Дагалдах мэргэжлийн чиглэлийн сургалтын хөтөлбөрүүдээр үйл ажиллагаа эрхэлж болно.

2.12. Мэргэжлийн  болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь салбар байгуулах, өөр орон нутагтсургалтын үйл ажиллагаа шилжүүлэн эрхлэх тохиолдолд шинээр сургалтын байгууллага байгуулахтай адилаар шийдвэрлэнэ.

Гурав. Бусад

3.1. Мэргэжлийн  болон техникийн боловсролын сургалтын байгууллага үүсгэн байгуулагч нь тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг баримт бичгийн хамт тухай жилийнсургалтын үйл ажиллагаа эхлэхээс 6-аас доошгүй сарын өмнө мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

3.2. Мэргэжлийн  болон техникийн боловсролын сургалтын байгууллагын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах, шинэ мэргэжлээр сургалт явуулах тусгай зөвшөөрөл авах, техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх хүсэлтийг тухайн жилийн сургалт эхлэхээс 5-аас доошгүй сарын өмнө мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

3.3. Төр засгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх тохиолдолд шинэ мэргэжил нээх хүсэлтийг хугацаа харгалзахгүй хүлээн авч шийдвэрлэж болно.

3.4. Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан баримт бичиг болон энэхүү тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавих шаардлага хангасан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгоно.

3.5. Энэхүү журмын дагуу тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангасны дараа холбогдох баримт бичгийг өргөдлийн хамт мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

3.6. Мэргэжлийн  болон техникийн боловсролын сургалтын байгууллага шинэ мэргэжлээр сургалт явуулах тушаал батлагдсаны дараагаар зөвшөөрөл олгосон мэргэжил тус бүрээр 150 000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлнө. /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 22.1.6/

3.7. Мэргэжлийн  болон техникийн боловсролын сургалтын байгууллага байгуулах тусгай зөвшөөрлийг хуулийн хугацаанд сунгуулаагүй, тусгай зөвшөөрөл, хавсралтыг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

3.8. Тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, татан буулгах асуудлыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11-14 дүгээр зүйл, Боловсролын тухай хуулийн 21-25 дугаар зүйл, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу тус тус зохицуулна.