A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАЙНГЫН АСАРГАА ШААРДЛАГАТАЙ АХМАД НАСТАН, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН, ХҮҮХДИЙГ ТОДОРХОЙЛОХ ЗААВАР
Бүлэг: 1979

Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны
A/69, 48 дугаар хамтарсан тушаалын дөрөвдүгээр хавсралт

БАЙНГЫН АСАРГАА ШААРДЛАГАТАЙ АХМАД НАСТАН, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН, ХҮҮХДИЙГ ТОДОРХОЙЛОХ ЗААВАР

Нэг.Ерөнхий зүйл

1.1.Байнгын асаргаанд байх шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийг тодорхойлох, асаргаанд байх хугацааг тогтоох, сунгах, цуцлах асуудлыг шийдвэрлэхэд энэхүү зааврыг баримтална.

1.2.Аймаг, дүүргийн  Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн Эмнэлэг хяналтын комисс (цаашид “ЭХК), Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс (цаашид ХБХЭМБНХСК), Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмнэлэг хяналтын комисс (цаашид СЭМҮТ-ийн ЭХК) эмнэлгийн эмч, сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч, мэргэжилтнүүд байнгын асаргаа шаардлагатай иргэнийг  тодорхойлох үйл ажиллагаанд энэхүү зааврыг ашиглана.  

1.3.Заавар нь байнгын асаргаа шаардлагатай иргэнийг тодорхойлох,  асаргаанд байх хугацааг сунгах, цуцлах, эмчлэн эрүүлжүүлэх, нөхөн сэргээхтэй холбоотой харилцааг оролцогчид нэг мөр мөрдөж хэрэглэх, нийгмийн халамжийн үйлчилгээг ил тод нээлттэй хүргэхэд чиглэгдэнэ.

1.4.Өвчин гэмтэл нь архагшин эрхтэн, бие махбодын тогтоц, үйл ажиллагаа нь хүндээр гэмтсэний улмаас өөрөө өөртөө үйлчлэх чадваргүй, хэвтрийн дэглэмд бусдын асаргаа сувилгаанд байдаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд, хүндэвтэр болон хүнд хэлбэрийн оюуны бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй иргэн, хүүхдэд “Байнгын асаргаа шаардлагатай  ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний өвчин, гэмтлийн жагсаалт”, “Байнгын асаргаа шаардлагатай 0-16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн (цаашид өвчин гэмтлийн жагсаалт гэх ) ба “Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийг үнэлэх шалгуур, үзүүлэлт” (цаашид шалгуур, үзүүлэлт гэх)-ийг үндэслэн асаргааг тогтооно.

Хоёр.Комиссын үйл ажиллагаа

2.1.ЭХК, СЭМҮТ-ийн ЭХК, сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч “Эмнэлэг хяналтын комиссын дүрэм”, ХБХЭМБНХСК нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүрэм”-ийг үйл ажиллагаандаа тус тус баримтлан ажиллана.

2.2.ЭХК-ын хурал  нь дарга, нарийн бичгийн дарга,  төрөлжсөн мэргэжлийн 3 эмч, ХБХЭМБНХСК–ын хурал нь дарга болон 6 гишүүн, СЭМҮТ-ийн ЭХК-ын хурал нь 4 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдах бөгөөд  гишүүдийн 80–аас доошгүй хувийн саналаар байнгын асаргааг тогтоох эсэхийг шийдвэрлэнэ.

2.3.Хурлын үед эргэлзээтэй тохиолдолд Эрүүл мэндийн яамны дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөлийн эмч, мэргэжилтнүүд, ХБХЭМБНХ-ын төв комиссын дэргэдэх мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх Зөвлөлийн гишүүдээс мэргэжил арга зүйн зөвлөгөө авч болно.

2.4.Сумын эрүүл мэндийн төв, ЭХК, СЭМҮТ-ийн ЭХК, ХБХЭМБНХСК нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж,  явуулын узель, микрофон, электрон урсдаг дэлгэц, зурагт, цахим зарын самбар ашиглах зэргээр шуурхай чирэгдэлгүй үйлчлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

Гурав.  Байнгын асаргаа шаардлагатай иргэнийг тодорхойлох үйл ажиллагаа

3.1.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчлэгч эмч нь бие махбодийн бүтэц, үйл ажиллагаа алдагдсан байдлыг нягтлан магадлах зорилгоор иргэнийг  аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, сэтгэцийн болон төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, оношлогоо шинжилгээнд илгээнэ.

3.2.Өвчин, гэмтлийн жагсаалт, шалгуур үзүүлэлтийн дагуу өрх, төрөлжсөн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд өвчтөний биеийн байдал, үзлэг, оношлогоо, шинжилгээгээр баталгаажсан онош, өвчний явц, үе  шат, хүндрэл зэргийг тодорхойлон байнгын асаргаа тогтоох үндэслэлтэй бол комиссын хурлаар хэлэлцүүлнэ.

3.3.Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч ньөвчтөний биеийн байдал,  үзлэг, оношилгоо, шинжилгээгээр баталгаажсан онош, өвчний явц, үе  шат, хүндрэл зэргийг тодорхойлон байнгын асаргаа тогтоох асуудлыг шийдвэрлэнэ.

3.4.Байнгын асаргаа шаардлагатай 0-16 хүртэлх насны хүүхдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн (цаашид ЭХЭМҮТ) төрөлжсөн мэргэжлийн бусад эмнэлэгийн байгууллагын мэргэшсэн эмчийн үзлэг, оношилгооны дүгнэлт,  хэрэв хүүхэд, түүний асран хамгаалагч Улаанбаатар хотод ирж III шатлалын эмнэлгийн дүгнэлт авах боломжгүй тохиолдолд тухайн орон нутгийн хүүхдийн зөвлөх эмчийн дүгнэлт, эсхүл цахимаар авсан ЭХЭМҮТ-ийн эмчийн дүгнэлтийг үндэслэн  аймаг, дүүргийн  ХБХЭМБНХСК  хэлэлцэнэ.

3.5.Эрхтэн системийн гүнзгийдутагдалтай, тээвэрлэх боломжгүй иргэний өвчний онош, үе шатыг бүрэн нотолсон эмчлэгч эмчийн үзлэг дүгнэлт, өөрсдийнх нь хүсэлт зэргийг үндэслэн комиссын гишүүд гэрийн үзлэг хийж, эсхүл тухайн өвчтөний видео бичлэг, зураг зэргийг үндэслэн асаргаа тогтоох асуудлыг хурлаар хэлэлцэнэ.

3.6. ЭХК, СЭМҮТ-ийн ЭХК, ХБХЭМБНХСК нь Өрхийн болон төрөлжсөн мэргэжлийн эмчийн  хурлаар иргэний биеийн байдал, үзлэг, шинжилгээ, оношилгоо, онош, өвчтөний үечилсэн дүгнэлттэй танилцан   шаардлагатай гэж үзвэл холбогдох үзлэг шинжилгээг давтан хийлгэсний дараа тухайн иргэнд  байнгын асаргааг тогтоох эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

3.7.Анх удаа байнгын асаргаа тогтоолгож байгаа иргэний тухайд өвчний оношийг төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагын  мэргэжлийн эмчээр оношийг баталгаажуулсан байна.

3.8.Өвчин, гэмтлийн жагсаалт, шалгуур үзүүлэлтийн  дагуу өвчний онош, үе шат, хүндрэл, үзлэг, шинжилгээ,оношилгооны дүгнэлтийг үндэслэн байнгын асаргаа тогтоохыг  комисс хэлэлцэн эцсийн шийдвэрийг гаргана.

3.9.Гадаад улсад удаан хугацаагаар эмчлүүлж байгаа байнгын асаргаа шаардлагатай иргэний асаргаа хугацааг сунгахдаа оршин сууж буй газрын харъяа эмнэлэгт үзлэг, шинжилгээ, эмчлэн эрүүлжүүлэх үйл ажиллагаанд хамрагдаж буй эсэх талаарх эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт, биеийн байдлын талаарх  дүгнэлтийн эх хувь, иргэний хувийн хүсэлт зэргийг үндэслэн тухайн комисс шийдвэрлэнэ.

Дөрөв. Байнгын асаргааны  хугацааг тогтоох ба сунгах

4.1.Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн байнгын асаргаанд  байх шаардлагатайг тодорхойлсон тохиолдолд өвчин гэмтлийн жагсаалтад заасан хугацааг баримтлан 6-36 сарын хугацаагаар  тогтоох буюу сунгана.

4.2. 0-16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хүүхдийг тодорхойлох өвчин, гэмтлийн жагсаалтад орсон мэс заслын өвчний үед хагалгаа хийлгэснээс хойшхи заасан хугацааг баримтлан байнгын асаргааг тогтооно.

4.3.Өвчин, гэмтлийн жагсаалтад заасан зарим өвчний үед асаргаанд байх шаардлагатай хугацааны “.. сар, хүртэлх” гэснийг зөвхөн нэг удаа тухайн хугацаагаар тогтоох бөгөөд дахин сунгахгүй.

4.4.Өвчин, гэмтлийн жагсаалтад заасан асаргаанд байх шаардлагатай хугацааны  “... . сар” гэснийг дээрх хугацаагаар сунгаж, тухайн хугацааг дуусмагц өвчний явц, хүндрэлийг харгалзан үргэлжүүлэн заасан хугацаагаар сунгах, эсэхийг тухайн  комисс хэлэлцэн шийдвэрлэнэ.

4.5.Байнгын асаргаанд байх хугацаа дууссан өдрөөс хойш ахмад настан , хөгжлийн бэрхшээлтэй иргэний асаргааг ажлын 10 хоногийн дотор сунгуулах бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүй тохиолдолд комиссын хурлаар орсон өдрөөс тооцон хугацааг сунгана.

4.6.Төрөлхийн оюуны хөгжлийн бэрхшээлтэй болон сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй хүндбайнгын асаргаа шаардлагатай хугацааг 36 сараар тогтоож, мөн хугацаагаар сунгана.

4.7.Эрхтэн системийн үйл ажиллагаа алдагдаж, эргэшгүй өөрчлөлтөд орсон хүнд өвчтэй иргэнд байнгын асаргаа шаардлагатай хугацааг 36 сараар тогтоож, мөн хугацаагаар давтан сунгана.

4.8.Байнгын асаргаатай иргэн эмчийн зөвлөсөн эмчилгээ, зөвлөгөөг хэрэгжүүлээгүй, хяналтын үзлэгт хамрагдаагүй тохиолдолд байнгын асаргааны хугацааг цуцлах хүртэлх арга хэмжээ авч болно.

4.9.Байнгын асаргааны хугацааг тогтоох болон сунгахад эрүүл мэндийн байгуулагын цахим мэдээллийн сангаас тухайн иргэний эмнэлгийн тусламж үйлчилгээг авдаг эсэх, 0-16 насны хүүхдийн Эрүүл мэндийн дэвтрийг хөтөлдөг эсэхийг хянаж, шийдвэр гаргахад харгалзана.

Тав. Бусад зүйл

5.1.Байнгын асаргааг тогтоох, сунгах, цуцлахаар гаргасан шийдвэрийг тухайн эрүүл мэндийн байгууллага бүртгэлийн журналд тухай бүр үнэн зөв бүртгэнэ.

5.2.Байнгын асаргаа тогтоосон болон сунгасан тухай шийдвэрийг Эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан маягт дээр холбогдох эмч мэргэжилтнүүдийн гарын үсэг зурж баталгаажуулна.

5.3.Комиссын гишүүн бүр харилцан бие биеэ хүндэтгэж, үндэслэлтэй зөв шийдвэр гаргахыг эрхэмлэнэ.

5.5.Иргэний байнгын асаргааг тогтоох, сунгах, цуцлах үйл ажиллагаанд холбогдох дүрэм, журмыг зөрчсөн, тухайн иргэний нөхцөл байдалтай нийцэхгүй буруу шийдвэр гаргасан, хуурамч бичиг, баримт үйлдсэн эмч, эмнэлгийн байгууллагыг тухайн аймаг, нийслэл, дүүргийн Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд хүргүүлэн дүгнэлт гаргуулж, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар А/807, A/216

Улаанбаатар хот

Жагсаалт, шалгуур үзүүлэлт, маягт шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11 дэх хэсэг, Засгийн газрын 2021 оны "Журам шинэчлэн батлах тухай" 362 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний өвчин, гэмтлийн жагсаалт"-ыг нэгдүгээр, "Байнгын асаргаа шаардлагатай 0-16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалт, шалгуур үзүүлэлт"-ийг хоёрдугаар, "Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрсэн иргэнийг үнэлэх шалгуур, үзүүлэлт"-ийг гуравдугаар, "Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний тодорхойлолт"-ыг дөрөвдүгээр, “Байнгын асаргаа шаардлагатай, хүнд хэлбэрийн 0-16 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох өвчин, гэмтлийн жагсаалт, шалгуур”-ыг тавдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

/Энэ хэсэгт ЭМС/ГБХНХС-ын 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Тушаалд нэмэлт оруулах тухай А/68, А/62 дугаар тушаалаар нэмэлт оруулсан/

2. Энэ тушаалыг мөрдөж ажиллахыг эмнэлгийн байгууллагын Эмнэлэг хяналтын комисс, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын аймаг, дүүргийн салбар комисст тус тус үүрэг болгосугай.

3. Тушаалыг хэрэгжүүлж ажиллах эмч, мэргэжилтнүүдийг мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт тус тус даалгасугай.

4. Уг тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт тус тус үүрэг болгосугай.

5. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын "Жагсаалт, шалгуур үзүүлэлт, заавар, маягт батлах тухай" 2018 оны А/69/48 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД А.АРИУНЗАЯА