- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ВИЗ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2018 оны 145 дугаар
тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ВИЗ ОЛГОХ ЖУРАМ
(Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2021-8-16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсын виз хүссэн гадаадын иргэн, харьяалалгүй хүн (цаашид “гадаадын иргэн” гэх)-д виз, визийн зөвшөөрөл олгох, визийн ангиллыг өөрчлөх, визийн Монгол Улсад байх хугацааг сунгах, визийг хүчингүй болгоход Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний заалтыг мөрдөхөд энэ журам үйлчлэхгүй.
1.3. Харилцан адил байх зарчмыг баримтлан виз олгох нөхцөлийг өөрчилж болно.
Хоёр. Визийн зөвшөөрөл олгох
2.1. Дипломат, албан зэргийн бүх төрлийн болон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 15.1.4-т заасан “О”, 15.1.5-д заасан “В” ангиллын 30 хүртэлх хоногийн орох зориулалтын нэг болон хоёр удаагийн энгийн зэргийн визийн зөвшөөрлийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
2.2. Энэ журмын 2.1-д зааснаас бусад визийн зөвшөөрлийг гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгоно.
2.3. Визийн зөвшөөрөл нь тухайн визийн зөвшөөрөл олгогдсон өдрөөс 90 хоногийн дотор хүчинтэй байна.
2.4. Уригч нь хилийн боомтод олгогдох визийн зөвшөөрөл авах хүсэлтээ гадаадын тухайн иргэнийг Монгол Улсад ирэхээс 14 хоногийн өмнө гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад гаргана.
2.5. Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 15.1.4-т заасан “O”, 15.1.5-д заасан “B” ангиллын визийн зөвшөөрөл авах хүсэлт гаргахдаа дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
2.5.1. уригчийн албан хүсэлт;
2.5.2. цахимаар бөглөсөн мэдүүлэг;
2.5.3. гадаадын иргэний хүчин төгөлдөр паспорт буюу паспортыг орлох баримт бичиг (цаашид “паспорт” гэх)-ийн хуулбар;
2.5.4. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
2.5.5. хураамж төлсөн баримт.
2.6. Гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 15.1.4, 15.1.5-д зааснаас бусад ангиллын визийн зөвшөөрөл авах хүсэлт гаргахдаа дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
2.6.1. уригчийн хүсэлт;
2.6.2. гадаадын иргэний хүчин төгөлдөр паспортын хуулбар;
2.6.3. хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулах зорилгоор ирэх гадаадын иргэнд төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл;
2.6.4. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
2.6.5. гэр бүлийн гишүүд дагалдан ирэх тохиолдолд гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээг баталгаажуулсан апостиль гэрчилгээ буюу консулын баталгаа, шаардлагатай тохиолдолд орчуулгын хамт.
2.7. Гадаадын иргэнийг Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар урьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасан үүрэг хүлээнэ.
2.8. Түр ирэгчийн олон удаагийн виз, визийн зөвшөөрөл хүсэхэд энэ журмын 2.6-д зааснаас гадна уригч аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээ, гаалийн бүрдүүлэлт, татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт зэрэг хилийн боомтоор олон удаа нэвтрэх шаардлагатайг нотлох бичиг баримтыг бүрдүүлнэ.
2.9. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 15.1.7-д заасан “J” ангиллын 30 хүртэл хоногийн виз мэдүүлэхэд визийн зөвшөөрөл шаардахгүй бөгөөд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консулд уг визийн талаарх хүсэлтээ мэдүүлнэ.
2.10. Уригч нь мэдүүлсэн мэдүүлгийн үнэн зөвийг нотлох үүргийг хүлээж, визийн зөвшөөрөл олгоход шаардагдах үндэслэл бүхий нэмэлт бичиг баримтыг бүрдүүлнэ.
2.11. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын олгосон визийн зөвшөөрлийг Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон хилийн боомт дахь гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын салбар, нэгжид цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
2.12. Виз олгох байгууллага нь Монгол Улсын харьяатаас гарсан, Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын иргэн, тэдгээрийн гэр бүлийн гишүүнд “Н” ангиллын 90 хүртэл хоногийн нэг болон хоёр удаагийн “орох” визийг зөвшөөрөлгүйгээр олгож болно.
Гурав. Виз, визийн зориулалт, төрөл, хугацаа
3.1. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 11.5-д заасан зориулалтын визийг дараахь гадаадын иргэнд олгоно:
3.1.1. түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнд “орох”;
3.1.2. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 32.1-д зааснаас бусад албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэн тус улсаас гараад буцаж ирэх тохиолдолд “гарах-орох”;
3.1.3. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин нэг улсаас нөгөө улсад зорчиж байгаа гадаадын иргэнд “дамжин өнгөрөх”.
3.2. Визийн хүчинтэй байх хугацаа гэдэгт орох, дамжин өнгөрөх бүх төрлийн визийн хувьд виз олгосон өдрөөс Монгол Улсын хилээр нэвтрэх хүртэлх хугацааг ойлгоно.
3.3. “Гарах-орох” визийн хүчинтэй байх хугацаа гэдэгт гадаадын иргэний Монгол Улсаас гараад буцаж ирэх хугацаа хамаарах бөгөөд энэ нь түүний гадаад улсад байх хугацааг мөн тодорхойлно.
3.4. Визийн хүчинтэй байх хугацаа:
3.4.1. нэг болон хоёр удаагийн “орох” виз 90 хоног;
3.4.2. нэг болон хоёр удаагийн “гарах-орох” виз 180 хүртэл хоног;
3.4.3. нэг болон хоёр удаагийн “дамжин өнгөрөх” виз 90 хоног;
3.4.4. түр ирэгчийн болон дамжин өнгөрөх олон удаагийн визийн хүчинтэй хугацаа нь 183 буюу 365 хоног.
3.5. Албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэнд олгох “гарах-орох” бүх төрлийн визийн хүчинтэй хугацаа нь оршин суух зөвшөөрлийн хугацаанаас хэтрэхгүй байна.
3.6. Визийн хуудсан дээр бичигдсэн “байх хугацаа” нь гадаадын иргэн Монгол Улсын хилээр нэвтэрснээс хойш тус улсад байх хугацааг заах бөгөөд дараахь хугацаатай байна:
3.6.1. нэг болон хоёр удаагийн орох виз 90 хүртэл хоног;
3.6.2. түр ирэгчид олгох олон удаагийн виз 30 хоног;
3.6.3. бүх төрлийн “дамжин өнгөрөх” виз 10 хүртэл хоног.
3.7. Түр ирэгч гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааны нийлбэр тухайн жилд 180 хоногоос илүүгүй байх бөгөөд түүнээс илүү хугацаагаар байх тохиолдолд оршин суух зөвшөөрөл авна.
3.8. Албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэний “орох” визэд энэхүү журмын 3.6-д заасан хугацааг заахгүй бөгөөд оршин суух зөвшөөрөл мэдүүлэх хугацааг визийн хуудасны тусгай тэмдэглэл хэсэгт бичиж болно.
3.9. Гадаадын иргэний виз нь Монгол Улсад зорчих зорилготой нийцсэн байна.
Дөрөв. Виз олгох
4.1. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 32.2-т заасны дагуу Монгол Улсад албан хэргээр оршин суух болон түр ирэх, хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнд гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага виз, визийн зөвшөөрөл олгоно.
4.2. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консул нь Монгол Улсыг хавсран суугаа болон гадаад улсын бусад дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөний ноот бичгийг үндэслэн гадаадын иргэнд зохих визийг олгож болно.
4.3. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консул байхгүй улсаас ирж байгаа гадаадын иргэнд шаардлагатай тохиолдолд олон улсын хилийн боомт дээр “орох” виз олгож болно.
4.4. Хилийн боомтод Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 32.1-д зааснаас бусад Монгол Улсад оршин суугч гадаадын иргэнд уригчийн хүсэлтийг үндэслэн “гарах-орох” виз олгож болно.
4.5. “Дамжин өнгөрөх” визийг хилийн боомт дээр тухайн гадаадын иргэний очих улсын виз, эсхүл тийзийг үндэслэн олгоно.
4.6. Аялал жуулчлалаар ирэх гадаадын иргэнд олон улсын нисэх буудал дээр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 15.1.7-д заасан “J” ангиллын визийг олгож болно.
4.7. Иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй тохиолдолд гадаадын иргэн гэрээнд зааснаас илүү хугацаагаар зорчих, оршин суух зөвшөөрөл хүсэх тохиолдолд зохих ангиллын визийг урьдчилан авсан байна.
4.8. Виз хүсэгч виз мэдүүлэхдээ визийн хураамжийг төлсөн байх шаардлагатай бөгөөд виз олгохоос татгалзсан тохиолдолд уг хураамжийг буцаан олгохгүй.
4.9. Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консул, хилийн боомтод Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 15.1.1-д заасан “D” ангиллын, мөн хуулийн 32.2-т зааснаас бусад “A” ангиллын виз хүсэгч гадаадын иргэн нь мэдүүлгийн хуудас бөглөн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
4.9.1. хүчин төгөлдөр паспорт;
4.9.2. 3.5x4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;
4.9.3. гадаад улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан бичиг, эсхүл гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөл.
4.10. Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консул, хилийн боомтод Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 15.1.7-д заасан “J” ангиллын виз хүсэгч гадаадын иргэн нь мэдүүлгийн хуудас бөглөн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
4.10.1. хүчин төгөлдөр паспорт;
4.10.2. 3.5x4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;
4.10.3. Монгол Улсад ирэх, буцах нислэг буюу галт тэрэгний тийз захиалгын хуудас;
4.10.4. Монгол Улсад зорчих хугацаанд байрлах зочид буудлын захиалгын хуудас, байрлах газрын хаяг;
4.10.5. шаардлагатай тохиолдолд хөдөлмөр эрхэлдэг, санхүүгийн чадавхитайг нотолсон бичиг баримт;
4.10.6. гадаадын иргэд бүлгээр аялах тохиолдолд эрх бүхий хүлээн авагчийн урилга болон илгээгч байгууллагын хүсэлт;
4.10.7. визийн хураамж төлсөн баримт.
4.11. Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консулд энэ журмын 4.9, 4.10-т зааснаас бусад ангиллын виз хүсэгч болон хилийн боомтод энэ журмын 4.9-д зааснаас бусад ангиллын виз хүсэгч гадаадын иргэн нь мэдүүлгийн хуудас бөглөн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
4.11.1. хүчин төгөлдөр паспорт;
4.11.2. 3.5x4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;
4.11.3. виз олгох эрх бүхий байгууллагаас олгосон тохиолдолд визийн зөвшөөрөл, хувийн урилга;
4.11.4. гадаадын иргэд бүлгээр аялах тохиолдолд эрх бүхий хүлээн авагчийн урилга болон илгээгч байгууллагын хүсэлт;
4.11.5. шаардлагатай бол албан хүсэлт;
4.11.6. визийн хураамж.
4.12. Виз хүсэгч нь мэдүүлгийнхээ үнэн зөвийг нотлох үүргийг хүлээж, виз олгоход шаардагдах үндэслэл бүхий бичиг баримтыг нэмж бүрдүүлнэ.
4.13. Шаардлагатай тохиолдолд виз олгох байгууллага виз хүсэгчтэй ярилцлага хийсний үндсэн дээр виз олгох эсэхийг шийдвэрлэж болно.
4.14. Визийн мэдүүлгийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон энэ журмын холбогдох заалтыг баримтлан дараах албан тушаалтан хянан баталгаажуулна:
4.14.1. гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал эрхэлсэн газрын захирал, дэд захирал;
4.14.2. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, консулын хэлтсийн дарга, консулын албан тушаалтан, өргөмжит консул;
4.14.3. гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга, түүний эрх олгосон албан тушаалтан.
4.15. Энэ журмын 4.14-д заасан албан тушаалтан гадаадын иргэний визийн мэдүүлгийг хянан баталгаажуулсан тохиолдолд хүчин төгөлдөр паспортын тэмдэглэлгүй хуудсан дээр виз олгоно.
4.16. Визийн мэдүүлгийг хянан үзээд виз олгохоос татгалзах тохиолдолд энэ тухай мэдэгдэх хуудсыг виз мэдүүлэгчид өгнө.
4.17. Виз бүхий паспортыг үрэгдүүлсэн, солиулсан гадаадын иргэнд визийн хуудасны үнийг төлүүлэн өмнө олгосон визийг дахин олгож болно.
4.18. Гадаадын иргэнд зөвшөөрөлгүй виз олгосон, визийн хуудсанд тэмдэглэх мэдээллийг буруу тэмдэглэсэн тохиолдолд визийг хүчингүй болгож, зохих ангиллын визийг дахин олгоно. Визийн хуудасны үнийг буруутай этгээдээр төлүүлнэ.
4.19. Визийг цахим хэлбэрээр олгож болно.
Тав. Виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзах,
визийг хүчингүй болгох
5.1. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаас гадна дараах үндэслэлээр виз, визийн зөвшөөрлийг олгохоос татгалзана:
5.1.1. гадаадын иргэн виз, визийн зөвшөөрөл мэдүүлэхээс өмнө 1 сарын хугацаанд Зөрчлийн тухай хуулийн 16.2-т заасан зөрчил гаргаж шийтгэл хүлээсэн;
5.1.2. Монгол Улсад зорчих зорилгоо тодорхойлж чадаагүй;
5.1.3. виз олгоход шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөөгүй;
5.1.4. хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, худал мэдүүлэг өгсөн;
5.1.5. мэдүүлгийн хуудсыг бүрэн гүйцэд бөглөөгүй.
5.2. Визийг дараахь үндэслэлээр хүчингүй болгоно:
5.2.1. визийг хуурамчаар үйлдсэн;
5.2.2. уригчийн үндэслэл бүхий хүсэлтийг харгалзан;
5.2.3. тагнуул, цагдаагийн байгууллагын бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн;
5.2.4. визийн хуудсан дээрх бичилт, тэмдэглэгээ алдаатай;
5.2.5. албадан гаргаж байгаа;
5.2.6. визийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй олгосон;
5.2.7. бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн виз, оршин суух зөвшөөрөл мэдүүлсэн;
5.2.8. оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгосон болон хугацаа дууссан.
5.3. Визийг хүчингүй болгохдоо визийн хуудас дээр “хүчингүй” буюу “void” тэмдэг дарна.
5.4. Виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд виз, визийн зөвшөөрөл хүсэгч 30 хоногийн дараа дахин хүсэлт гаргаж болно.
Зургаа. Монгол Улсад байх визийн хугацааг
сунгах, ангилал өөрчлөх
6.1. Визийн хүчинтэй хугацааг сунгахгүй.
6.2. Гадаадын иргэн Монгол Улсад байх визийн хугацааг сунгуулах хүсэлтээ мэдүүлгийн хуудас бөглөн дараах бичиг баримтын хамт уг хугацаа дуусахаас ажлын 4-өөс доошгүй хоногийн өмнө Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 16.1.1, 16.1.2-т заасан эрх бүхий байгууллагад гаргана:
6.2.1. хүчин төгөлдөр паспорт;
6.2.2. уригчтай бол уригчийн хүсэлт;
6.2.3. 3.5x4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг.
6.3. Түр ирэгч гадаадын иргэний визийн сунгалт хоорондын хугацаа 90 хоногоос доошгүй байна.
6.4. Төрийн болон Засгийн газар хоорондын байгууллагын шугамаар ирсэн гадаадын иргэний визийн хугацааг сунгахад энэ журмын 6.3 дахь хэсэг хамаарахгүй.
6.5. Хөрөнгө оруулагч, төрийн болон Засгийн газар хоорондын байгууллагад ажиллахаар ирсэн, Монгол Улсын харьяатаас гарсан, Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын иргэн болон тэдгээрийн гэр бүлийн гишүүн түр ирэгч оршин суух зөвшөөрөл хүссэн тохиолдолд визийн ангиллыг өөрчилж болно.
6.6. Гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийн хэлбэрээ өөрчлөх хүсэлт гаргасан тохиолдолд визийн ангиллыг нь өөрчилнө.
6.7. Визийн ангиллыг өөрчлөхдөө оршин суух зөвшөөрлийн хэлбэрт нийцүүлэн визийг дахин олгоно.
6.8. Монгол Улсад байх визийн хугацааг сунгахдаа бүртгэл хийн, паспортад “бүртгэв” гэсэн тэмдэг дарна. “Бүртгэв” тэмдэгт гадаадын иргэнийг бүртгэсэн он, сар, өдрийг бичиж, тэмдэгний хажууд бүртгэлийн дугаарыг тэмдэглэнэ.
6.9. Монгол Улсад байх визийн хугацааг сунгах хоногийг "хасав" гэсэн тэмдгийн зүүн доод буланд бичнэ. “Хасав” тэмдгийн “он, сар, өдөр” гэсэн хэсэгт визийн сунгалтын сүүлийн өдрийг бичиж, тэмдгийн хажууд сунгасан визийн дугаарыг тэмдэглэнэ.
Долоо. Бусад зүйл
7.1. Зөрчлийн тухай хуулийн 16.2-т дугаар зүйлд заасны дагуу захиргааны шийтгэл оногдуулсан гадаадын иргэний паспортад гарах хугацааг заасан “хасав” тэмдгийг дарна.
7.2. Энэ журмын 7.1-д заасан хасалт нь захиргааны шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 10 хүртэл хоногийн хугацаатай байна. Гадаадын иргэн нь уг хугацаанд багтаж Монгол Улсаас гарах үүрэгтэй.
7.3. Гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бүртгэх, хасалт хийх, хүчингүй болгох тэмдгийн загварыг тус тус баталж, загварыг холбогдох байгууллагуудад хүргүүлнэ.
7.4. Шаардлагатай тохиолдолд виз, визийн зөвшөөрөл олгохдоо хууль хяналтын байгууллагын саналыг авна.
7.5. Гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь виз, визийн зөвшөөрөл олгох, сунгах хүсэлтийг ажлын тав хоногт, яаралтай бол ажлын гурав хоногт багтаан шийдвэрлэнэ.
7.6. Виз, визийн зөвшөөрөл хүсэгч мэдүүлгийн хуудас, бичиг баримтыг бүрэн гүйцэт, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй.
7.7. Хүчин төгөлдөр визтэй гадаад паспортын хуудас дууссан (тэмдэглэгээ хийх зайгүй болсон), хүчингүй болсон зэргээр ашиглах боломжгүй болсон паспортыг шинэ паспортын хамт авч яваа тохиолдолд виз шилжүүлэхийг шаардахгүй.
7.8. Виз олгох эрх бүхий байгууллага виз, визийн зөвшөөрөл олгох хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч болно.
7.9. Визийн мэдүүлгийн хуудасны загварыг хууль зүй болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
7.10. Виз, визийн зөвшөөрөл мэдүүлэхэд гадаадын иргэний паспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна.
Текст томруулах
A
A
A