A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2018 оны 146 дугаар
тогтоолын хавсралт

 

ГАДААДЫН ИРГЭН МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУХ
БОЛОН ТҮҮНИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ

(Засгийн газрын 2021 оны 194 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2021-8-16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэн, харьяалалгүй хүн (цаашид “гадаадын иргэн” гэх)-ийг бүртгэх, бүртгэлээс хасах, оршин суух зөвшөөрөл олгох, зөвшөөрлийн хугацааг сунгах, өөрчлөх, хүчингүй болгох үйл ажиллагааг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон энэхүү журмаар зохицуулна.

1.2. Иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний заалтыг хэрэгжүүлэхэд энэ журам хамаарахгүй.

Хоёр. Гадаадын иргэнийг бүртгэх

2.1. Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн түр ирэгч, хувийн хэргээр оршин суух болон төрийн байгууллагын урилгаар ирсэн, Засгийн газар хоорондын байгууллагад ажиллах гадаадын иргэнийг гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24.4-т заасан байгууллагад ажиллах гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүн (эхнэр/нөхөр, төрүүлсэн эцэг, эх, хүүхэд)-ийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад Монгол Улсад орж ирсэн өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор урьж ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүртгүүлж, бүр мөсөн буцах тохиолдолд бүртгэлээс хасуулна.

2.2. Энэ журмын 2.1-д зааснаас бусад тохиолдолд гадаадын иргэн өөрөө бүртгүүлнэ.

2.3. Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугч нь оршин суух зөвшөөрлийн хугацаанд дахин бүртгүүлэхгүй.

2.4. Гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь гадаадын иргэнийг бүртгэхдээ тухайн иргэний паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг (цаашид “паспорт” гэх), түүний хуулбар, 3.5х4.5 см хэмжээнтэй цээж зургийг зохих мэдүүлгийн хуудасны хамт хүлээн авч бүртгэнэ.

2.5. Гадаадын иргэний паспортад бүртгэлийн дугаар, бүртгүүлсэн он, сар, өдөр бүхий “бүртгэв” гэсэн тэмдэг дарж, тухайн гадаадын иргэний болон уригчийн талаарх мэдээллийг мэдээллийн санд оруулан мэдүүлгийн хуудсан дээр тэмдэглэл хийнэ.

2.6. Гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хилийн боомт болон орон нутаг дахь салбар, нэгж нь хил орчмын нутагт зорчих үнэмлэхээр ирсэн гадаадын иргэн зорчих үнэмлэхэд заасан хилийн боомтоор нэвтэрч, зөвшөөрсөн хил орчмын нутагт зорчиж, хугацаандаа гарч байгаа эсэхэд хяналт тавина.


Гурав. Албан хэргээр Монгол Улсад оршин суух

3.1. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 32.1-д заасны дагуу гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага албан хэргээр оршин суух гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, хугацааг сунгана.

3.2. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 32.2-т заасан албан хэргээр оршин суух гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүн оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ Монгол Улсад орж ирсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад гаргана.

3.3. Гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага албан хэргээр оршин суух зөвшөөрлийг 1 хүртэл жилийн хугацаагаар олгож, тухай бүр мөн хугацаагаар сунгана.

3.4. Гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авахаас чөлөөлөгдсөн гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийг уригч байгууллагын хүсэлтийг үндэслэн 3 хүртэл жилээр олгож, тухай бүр мөн хугацаагаар сунгана.

3.5. Албан хэргээр оршин суух гадаадын иргэн мэдүүлгийн хуудас бөглөн  дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:

3.5.1. хөдөлмөр эрхлэхээр оршин суух тохиолдолд хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний эрх олгосон байгууллагын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл;

3.5.2. уригч байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг;

3.5.3. оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт (хаягийн);

3.5.4. 3.5х4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;

3.5.5. паспорт, хуулбарын хамт.

3.6. Монгол Улсад албан хэргээр орших суух зөвшөөрлийг дараахь хэлбэрээр олгоно:

3.6.1. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн               32.2-т заасан албан хэргээр оршин суух гадаадын иргэн (А2);

3.6.2. Энэ журмын 3.6.1-д заасан албан хэргээр оршин суух гадаадын иргэний гэр бүлийн гишүүн (А2-F).

Дөрөв. Хувийн хэргээр Монгол Улсад оршин суух

4.1. Монгол Улсад хувийн хэргээр оршин суух гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ тус улсад орж ирсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд оршин суух зөвшөөрлийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.4-т заасан гадаадын иргэдийн тоонд багтаан олгоно.

4.2. Монгол Улсад хувийн хэргээр орших суух зөвшөөрлийг дараахь хэлбэрээр олгоно:

4.2.1. гэр бүлийн шалтгаанаар:

4.2.1.1. Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын  иргэн (GB1);

4.2.1.2. Монгол Улсын иргэнээс төрсөн 18 хүртэлх насны гадаадын иргэн (GB2);

4.2.1.3. Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн болон хувийн бусад зорилгоор оршин суух гадаадын иргэний гэр бүлийн гишүүн (GB1-F,H1-F, H2-F, H3-F);

4.2.1.4. Монгол Улсад цагаачлан оршин сууж байгаа гадаадын иргэний гэр бүлийн гишүүн (TS-F);

4.2.1.5. гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, удирдах албан тушаалтан гадаадын иргэний гэр бүлийн гишүүн (T1-F);

4.2.1.6. гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтны гэр бүлийн гишүүн (T2-F);

4.2.1.7. аж ахуйн нэгжид хөдөлмөр эрхлэх хөдөлмөр эрхлэгч гадаадын иргэний гэр бүлийн гишүүн (HG-F);

4.2.1.8. шашны байгууллагад ажиллах гадаадын иргэний гэр бүлийн гишүүн (SH-F);

4.2.1.9. төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллагад ажиллах гадаадын иргэний гэр бүлийн гишүүн (O-F);

4.2.1.10. дээд боловсролын байгууллагад суралцах магистр болон түүнээс дээш зэрэг горилогч гадаадын иргэний гэр бүлийн гишүүн (S1-F).

4.2.2. цагаачлах (TS).

4.2.3. хөдөлмөр эрхлэх:

   4.2.3.1. аж ахуйн нэгжид хөдөлмөр эрхлэх (HG);

   4.2.3.2. шашны байгууллагад ажиллах гадаадын иргэн (SH);

   4.2.3.3. төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллагад ажиллах гадаадын иргэн (O).

  4.2.4. хөрөнгө оруулах:

4.2.4.1. гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, удирдах албан тушаалтан (Т1);

4.2.4.2. гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын төлөөлөгч (T2).

  4.2.5. суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх:

4.2.5.1. ерөнхий болон дээд боловсролын байгууллагад суралцах гадаадын иргэн (S1);

  4.2.5.2. мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцах гадаадын иргэн (S2);

  4.2.5.3. аж ахуйн нэгжээс бусад байгууллагад дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх гадаадын иргэн (S3).

  4.2.6. хувийн бусад зорилгоор оршин суух:

  4.2.6.1. Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэн (H1);

  4.2.6.2. Монгол Улсын иргэнээс төрсөн 18-аас дээш насны гадаадын иргэн (H2);

  4.2.6.3. Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан, гаргах боломжтой гадаадын иргэн (H3);

4.2.6.4. хуулийн байгууллага (шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зэрэг)-аас холбогдох асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл Монгол Улсад зайлшгүй байх шаардлагатай гэж үзсэн гадаадын иргэн (H4);

4.2.6.5. хувийн бусад зорилгоор оршин суух гадаадын иргэн (H5).

4.3. Хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл хүсэгч гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрөл авах, сунгуулахдаа мэдүүлгийн хуудас бөглөн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:

4.3.1. уригч байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг, хувь хүн бол өргөдөл;

4.3.2. оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт (хаягийн);

4.3.3. 3.5x4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;

4.3.4. паспорт, хуулбарын хамт;

4.3.5. гэр бүлийн гишүүд оршин суух зөвшөөрөл хүсэхдээ гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээг баталгаажуулсан апостиль гэрчилгээ буюу консулын баталгаа, орчуулгын хамт.

4.4. Хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл хүсэгч гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрлийн хэлбэрээс хамааран энэ журмын 4.3-т зааснаас гадна шаардагдах бичиг баримтыг нэмж бүрдүүлнэ.

4.5. Оршин суух зөвшөөрөл хүсэгч нь мэдүүлсэн мэдээллийн үнэн зөвийг нотлох үүргийг хүлээж, зөвшөөрөл олгоход шаардагдах үндэслэл бүхий бичиг баримтыг бүрдүүлнэ.

4.6. Гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тухайн гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл хүссэн бичиг баримтыг эх хувиар нь шаардаж болно.

4.7. Оршин суух зөвшөөрөл хүсэгч нь мэдүүлгийн хуудас, бичиг баримтыг бүрэн гүйцэт, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй.

4.8. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд гадаадын иргэнтэй ярилцлага хийж оршин суух зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.

4.9. Энэ журмын 4.2.1.1, 4.2.1.2, 4.2.2, 4.2.6.2, 4.2.6.3-т заасан нэг жилээс дээш хугацаагаар хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэнд гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага регистрийн дугаар олгож, хувийн хэрэг хөтөлнө.

4.10. Энэ журмын 4.2.1.1, 4.2.2-т заасан гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө, бусад албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэн ажлын 5 өдрийн өмнө гаргана.

4.11. Энэ журмын 4.2.1.1, 4.2.1.3 (GB1-F), 4.2.1.4, 4.2.2, 4.2.6.1-4.2.6.3, 4.2.6.5-д заасан оршин суух зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу авсан гадаадын иргэн 1 жилийн дараа, бусад гадаадын иргэн 90 хоногийн дараа дахин тус улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргаж болно.

4.12. Хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авах хүсэлт гаргасан гадаадын иргэн сэтгэцийн эмгэгтэй эсэх талаар шинжилгээ хийлгэх, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн бүрэн шинжилгээ хийлгэсэн байхыг шаардаж болно.

Тав. Гэр бүлийн шалтгаанаар Монгол Улсад
оршин суух

5.1. Энэ журмын 4.2.1.1, 4.2.1.3 (GB1-F), 4.2.1.4-т заасан гадаадын иргэн нь гэр бүлийн шалтгаанаар оршин суух зөвшөөрөл авахдаа мөн журмын                 4.3-т зааснаас гадна дараахь бичиг баримтыг нэмж бүрдүүлнэ:

5.1.1. дархлалын олдмол хомсдолын өвчний шинжилгээний бичиг;

5.1.2. амьжиргааны эх үүсвэрийн талаарх нотолгоо;

5.1.3. Монгол Улсын болон гадаадын иргэний гурван үеийн намтар (өөрийн, эхнэр/нөхөр, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эхийн)-ыг энэ журмын                4.2.1.1, 4.2.1.4-т заасан гадаадын иргэн;

5.1.4. гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан эсэх талаар харьяалах орны засаг захиргааны болон цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг энэ журмын 4.2.1.1-д заасан иргэн.

5.2. Монгол Улсын иргэнээс төрсөн 18 хүртэлх насны гадаадын иргэн гэр бүлийн шалтгаанаар оршин суух зөвшөөрөл авахдаа энэ журмын 4.3-т зааснаас гадна эцэг эх, асран хамгаалагчийн бичиг баримтын эх хувийг хуулбарын хамт бүрдүүлсэн байна.

5.3. Энэ журмын 4.2.1.1, 4.2.1.3 (GB1-F), 4.2.1.4-т заасан 18-аас дээш насны гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийг холбогдох хууль хяналтын байгууллагаас санал авсны үндсэн дээр олгоно.

5.4. Гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гэр бүлийн шалтгаанаар оршин суух гадаадын иргэнд дор дурдсан хугацаагаар оршин суух зөвшөөрөл олгож, сунгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ:

5.4.1. Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг эхний 2 жилд 1 хүртэл жилийн хугацаагаар олгож, сунгах бөгөөд цаашид удаан хугацаагаар амьдрах тохиолдолд тухай бүр 3 хүртэл жилийн хугацаагаар сунгана;

5.4.2. Монгол Улсын иргэнээс төрсөн 18 хүртэлх насны гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг эцэг, эхийн зөвшөөрлийг нь үндэслэн 5 хүртэл жилийн хугацаагаар олгож, тухай бүр 3 хүртэл жилийн хугацаагаар сунгана;

5.4.3. энэ журмын 3.6.1, 4.2.3, 4.2.4, 4.2.5.1-д заасан гадаадын иргэний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаагаар түүний гэр бүлийн гишүүний тус улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа тодорхойлогдоно;

5.4.4. энэ журмын 4.2.1.3, 4.2.1.4-т заасан гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн               27.1-д заасны дагуу олгож, сунгана.

5.5. Энэ журамд заасан хүүхэд гэдэгт 18 хүртэлх насны, эцэг эхтэйгээ хамт амьдардаг, төрүүлсэн болон албан ёсоор үрчилж авсан хүүхдийг ойлгоно.

5.6. Хөгжлийн бэрхшээлтэй гадаадын иргэн хүүхдийг насанд хүрэхэд нь оршин суух хэлбэрийг өөрчлөхийг шаардахгүй.


Зургаа. Монгол Улсад цагаачлах

6.1. Монгол Улсад цагаачлах зөвшөөрлийг тухайн гадаадын иргэний цагаачлах тухай хүсэлт, боловсрол, мэргэжил, улс орны дотоод нөхцөл байдал, эдийн засгийн чадамж болон холбогдох хууль хяналтын байгууллагын саналыг харгалзан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 29.5-д заасан тоонд багтаан эхний 2 жилд 1 хүртэл жилийн хугацаагаар олгож, сунгана. Цаашид удаан хугацаагаар амьдрах тохиолдолд тухай бүр 2 хүртэл жилийн хугацаагаар сунгана.

6.2. Монгол Улсад цагаачлан амьдрах хүсэлт гаргасан гадаадын иргэн нь дараахь ерөнхий шалгуурыг хангасан байна:

6.2.1. сарын орлого нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс багагүй байх;

6.2.2. дээд боловсролтой, эсхүл Монгол Улсад онц чухал шаардлагатай мэргэжил эзэмшсэн байх;

6.2.3. гэмт хэрэгт ял шийтгэгдэж байгаагүй;

6.2.4. Монгол Улсаас албадан гаргаж, тус улсад орох эрхийг нь хязгаарлаж байгаагүй;

6.2.5. Монгол Улсад 3 жилээс дээш хугацаагаар оршин суусан байх.

6.3. Монгол Улсад цагаачлан амьдрах хүсэлт гаргасан гадаадын иргэн нь энэ журмын 4.3-т зааснаас гадна дараахь бичиг баримтыг нэмж бүрдүүлнэ:

6.3.1. гурван үеийн намтар (өөрийн, эхнэр/нөхөр, эцэг эх, эмэг эх, өвөг эцгийн);

6.3.2. гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан эсэх талаар харьяалах орны засаг захиргааны болон цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

6.3.3. дархлалын олдмол хомсдол, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэгийн өвчний шинжилгээний бичиг болон сэтгэцийн өвчтэй эсэх тухай эмнэлгийн байгууллагын магадалгаа;

6.3.4. амьжиргааны эх үүсвэрийн талаарх нотолгоо;

6.3.5. 3.5x4.5 см хэмжээтэй 3 хувь цээж зураг;

6.3.6. боловсрол, мэргэжлийн үнэмлэх, дипломын эх хувийг хуулбар болон баталгаат орчуулгын хамт.

6.4. Цагаач иргэнээс Монгол Улсад төрсөн хүүхдэд 2 сарын дотор оршин суух зөвшөөрөл авах хүсэлтийг гаргана.

6.5. Гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага цагаач иргэнээс төрсөн хүүхдэд регистрийн дугаар олгож хувийн хэрэг хөтөлнө.

6.6. Цагаач иргэний 18 нас хүртэлх насны хүүхдийн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь түүний эцэг, эхийн оршин суух зөвшөөрлийн хугацаагаар тодорхойлогдоно.

6.7. Монгол Улсад төрсөн цагаач иргэний цагаачлах зөвшөөрлийг тухай бүр 3 хүртэл жилийн хугацаагаар сунгаж болно.

6.8. Цагаач иргэнээс төрсөн хүүхдэд оршин суух зөвшөөрлийн хүсэлт гаргахад мэдүүлгийн хуудас бөглөн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:

6.8.1. өргөдөл;

6.8.2. хүүхдийн төрсний гэрчилгээ;

6.8.3. эцэг, эхийн оршин суух үнэмлэх;

6.8.4. паспорт, хуулбарын хамт;

6.8.5. оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт (хаягийн, ам бүлийн);

6.8.6. 3.5х4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг.

6.9. Цагаач нь жилд 180 хоногоос хэтрэхгүй хугацаагаар гадаад улсад зорчиж болох бөгөөд гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тухай бүр хяналт тавина.

6.10.Цагаач нь жилд 180 хоногоос илүү хугацаагаар гадаад улсад зорчих тохиолдолд Гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад оршин суух үнэмлэхээ түр хураалгаж явна.

Долоо. Хөдөлмөр эрхлэхээр Монгол Улсад оршин суух

7.1. Гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ журмын 4.3-т заасан бичиг баримт болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон түүний эрх олгосон байгууллагын хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрсөн албан бичгийг үндэслэн гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг 1 хүртэл жилийн хугацаагаар олгож, тухай бүр мөн хугацаагаар сунгана.

Найм. Хөрөнгө оруулагчаар Монгол Улсад оршин суух

8.1. Гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон тэдгээрийн эрх олгосон байгууллагын хүсэлтийг үндэслэн гадаадын хөрөнгө оруулагчид дор дурдсан хугацаагаар зөвшөөрөл олгож, сунгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ:

  8.1.1. гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, удирдах албан тушаалтанд хөрөнгө оруулсан болон Монгол Улсын иргэнийг ажлын байраар хангасан байдал, татвар төлөлт, үйл ажиллагааны тогтворжилтыг харгалзан шаардлагатай тохиолдолд хяналт шалгалт явуулж, оршин суух зөвшөөрлийг 1 хүртэл жилийн хугацаагаар олгож, тухай бүр 3 хүртэл жилийн хугацаагаар сунгана;

  8.1.2. гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтанд оршин суух зөвшөөрлийг 1 хүртэл жилийн хугацаагаар олгож, тухай бүр мөн хугацаагаар сунгана.

8.2. Гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хөрөнгө оруулагч гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийг олгох, сунгахдаа энэ журмын 4.3-т заасан бичиг баримт болон татварын тодорхойлолт, улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас олгосон гэрчилгээний хугацааг үндэслэнэ.

Ес. Суралцах зорилгоор Монгол Улсад оршин суух

9.1. Гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх зорилгоор Монгол Улсад оршин суух гадаадын иргэнд дор дурдсан хугацаагаар зөвшөөрөл олгож, сунгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ:

  9.1.1. ерөнхий болон дээд боловсролын байгууллагад суралцах гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг 1 хүртэл жилийн хугацаагаар олгож, тухай бүр мөн хугацаагаар сунгана;

  9.1.2. мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцах гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг 1 хүртэл жилийн хугацаагаар олгож, нэг удаа 1 хүртэл жилийн хугацаагаар сунгана;

9.1.3. аж ахуйн нэгжээс бусад байгууллагад дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг        1 хүртэл жилийн хугацаагаар олгож, нэг удаа 6 хүртэл сарын хугацаагаар сунгана.

9.2. Энэ журмын 9.1.1, 9.1.2-т заасан гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийг сунгахдаа гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь тухайн гадаадын иргэний суралцаж байгаа эсэхийг харгалзан үзнэ.

Арав. Хувийн бусад зорилгоор Монгол Улсад
оршин суух

10.1. Гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хувийн бусад зорилгоор оршин суух гадаадын иргэнд дор дурдсан хугацаагаар оршин суух зөвшөөрөл олгож, сунгах эсэхийг шийдвэрлэнэ:

10.1.1. энэ журмын 4.2.6.1-4.2.6.3-т заасан гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг 5 хүртэл жилийн хугацаагаар олгож, тухай бүр 3 хүртэл жилийн хугацаагаар сунгана.

10.1.2. энэ журмын 4.2.6.4, 4.2.6.5-д заасан гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг 1 хүртэл жилийн  хугацаагаар олгож, тухай бүр мөн хугацаагаар сунгана.

10.2. Хувийн бусад зорилгоор оршин суух гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгохдоо хууль, хяналтын болон эрх бүхий байгууллагын саналыг үндэслэнэ.

10.3. Энэ журмын 4.2.6.2-т заасан гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл хүсэхдээ 4.3-т заасан бичиг баримт болон гурван үеийн намтар (өөрийн,        эхнэр/нөхөр, эцэг эх, өвөг эцэг, эмэг эхийн)-ыг бүрдүүлнэ.

10.4. Энэ журмын 4.2.6.3-т заасан гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл хүсэхдээ 4.3-т заасан бичиг баримт болон харьяалах төрийн захиргааны төв байгууллагын Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан, гаргах боломжтойг нотолсон тодорхойлолтыг бүрдүүлнэ.

Арван нэг. Гадаадын иргэний хөрөнгийн эх үүсвэрийн баталгааны
                төрөл, хэлбэр, тэдгээрийг мэдүүлэх

11.1. Гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эсхүл гадаадын иргэн өөрөө Монгол Улсад оршин суухад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн баталгааг (цаашид “баталгаа” гэх) виз, визийн зөвшөөрөл, хувийн урилга, оршин суух зөвшөөрөл авах үед гаргана.

11.2. Баталгааг дараахь хэлбэрээр гаргана:

11.2.1. уригч нь тухайн гадаадын иргэнийг оршин суух зөвшөөрлийн болон визийн хугацаанд нь буцаахыг баталсан өргөдөл, албан бичиг;

11.2.2. мөнгөн хэлбэр (дансны хуулга, банкны хадгаламжийн дэвтэр, цалингийн тодорхойлолт, тэтгэврийн дэвтэр гэх мэт).

11.3. Уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эсхүл гадаадын иргэн энэ журмын 11.2.2-т заасны дагуу баталгаа гаргах бол бичиг баримтын эх хувийг хуулбарын хамт авчирна.

11.4. Энэ журмын 11.2.2-т заасан баталгааны хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байх бөгөөд энэ нь гадаадын нэг иргэнд хамаарна.

Арван хоёр. Оршин суух зөвшөөрлийг хянан
                  шийдвэрлэх ажиллагаа

12.1. Гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 31.1-д заасны дагуу оршин суух зөвшөөрөл олгох болон зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг дор дурдсан хугацаанд хянан шийдвэрлэнэ:

12.1.1. энэ журмын 4.2.1.1, 4.2.1.3 (GB1-F), 4.2.1.4, 4.2.2, 4.2.6-д заасан гадаадын иргэний Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг 60 хоногийн дотор, уг зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтийг 30 хоногийн дотор;

12.1.2. Монгол Улсын иргэнээс төрсөн 18 хүртэлх насны гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл олгох болон сунгуулах хүсэлтийг 30 хоногийн дотор;

12.1.3. энэ журмын 12.1.1, 12.1.2-т зааснаас бусад гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох болон сунгуулах хүсэлтийг ажлын 5 өдрийн дотор.

12.2. Гадаадын иргэнд хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзсан тохиолдолд гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь энэ тухай хүсэлт гаргагчид шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор бичгээр мэдэгдэж, 10 хоногийн дотор тус улсаас гарахыг сануулж, оршин суух үнэмлэхийг хураан авч хүчингүй болгоно.

12.3. Оршин суух зөвшөөрөл хүссэн болон оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн дараахь үүрэгтэй:

12.3.1. худал мэдүүлэг өгөхгүй байх;

12.3.2. холбогдох байгууллагаас дуудсан цагт өөрийн биеэр ирэх;

12.3.3. зөвшөөрөлгүйгээр өөр аж ахуйн нэгж, байгууллагад шилжин ажиллах, суралцахгүй байх;

12.3.4. оршин суух зөвшөөрөл олгох, сунгахад шаардагдах нотлох баримтыг гаргаж өгөх.

12.4. Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэн тус улсаас бүр мөсөн гарах, оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж ирэхгүй тохиолдолд гэр бүлийн гишүүний хамт гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад оршин суух үнэмлэхээ хураалгаж, оршин суух бүртгэлээс хасалт хийлгэнэ.

12.5. Түр ирэгчийн болон оршин суух бүртгэлээс хасалт хийхдээ гадаадын иргэний паспортад "хасав" гэсэн дардас дарж, Монгол Улсаас гарах сүүлийн хугацааг зааж өгнө. Гадаадын иргэн нь уг хугацаанд багтаж Монгол Улсаас гарна.

12.6. Гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь уригч байгууллагын албан бичгийг үндэслэн түр ирэгчийн болон оршин суух бүртгэлээс хасалт хийнэ.

12.7. Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэнийг бүртгэлээс хасах хугацаа нь түүний оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусах өдрөөс хойш 10 хоногоос илүүгүй байна.

12.8. Түр ирэгч гадаадын иргэнийг бүртгэх үйлчилгээг холбогдох бичиг баримтыг бүрдүүлснээс хойш ажлын 3 өдөрт, Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгох, сунгах үйлчилгээг ажлын 5 өдөрт, яаралтай үйлчилгээг ажлын     3 өдөрт багтаан үзүүлнэ.

12.9. Албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэн оршин суух хэлбэрээ өөрчлөх хүсэлт гаргасан тохиолдолд хүсэлтийг хянан үзэж, оршин суух хэлбэрийг өөрчилж болно.

12.10. Гадаадын иргэн, уригч нь оршин суух зөвшөөрөл олгох, сунгуулах хүсэлтээ цахимаар мэдүүлж болно.

12.11. Хүсэлтийг хүлээн авсан тухай хуудас нь хүсэлтийг шалгах хугацаанд гадаадын иргэнийг Монгол Улсад оршин суух эрх зүйн баримт бичиг болно.

12.12. Дараахь тохиолдол илэрвэл гадаадын иргэнийг уригч нь гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад нэн даруй мэдэгдэнэ:

12.12.1. гадаадын иргэн ажлаасаа чөлөөлөгдсөн, эсхүл ажлын байраа сольсон;

12.12.2. гадаадын оюутан сургуулиа дүүргэсэн, сургуулиа орхисон болон төгсөөгүй;

12.12.3. гадаадын иргэн хууль тогтоомж зөрчсөн;

12.12.4. гадаадын иргэн нас барсан, сураггүй алга болсон.

12.13. Албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэн паспортаа сольсон тохиолдолд гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.