A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2018 оны 161 дүгээр
   тогтоолын 1 дүгээр хавсралт

 

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ
ЗАРДЛЫГ ТООЦОХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх, гэм буруутай хүн, хуулийн этгээд болон түүний өмнөөс хариуцвал зохих этгээдээр нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна. 

1.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа байгууллага болон прокурор, шүүх, шүүхийн шинжилгээний байгууллагын тухайн жилийн төсөвт тусган санхүүжүүлж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох

2.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зардлаас бүрдэнэ.

2.2. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид төлөх зардлын хэмжээ нь гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай шүүхийн шийдвэрээр тодорхойлогдоно.

2.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрчээр дуудагдсан хүний дуудагдаж ирсэнтэй нь холбогдож гарсан зардлыг дараахь байдлаар тооцно:

2.3.1. байр, хоолны зардлыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан албан томилолтын зардлын хэмжээгээр;

2.3.2. тээврийн зардлыг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан зорчигч тээвэрлэлтийн жишиг тарифаар.

2.4. Шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрчид олгох урамшууллын зардлыг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно.

2.5. Албан үүргийн хувиар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрчид урамшуулал олгохгүй.

2.6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараахь зардлыг дор дурдсанаар тооцно:

2.6.1. эд мөрийн баримт болон хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг шилжүүлэх, цуглуулахад гарсан тээврийн зардлыг энэхүү журмын      2.3.2-т заасан тарифийн дагуу;

2.6.2. эд мөрийн баримт болон хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хадгалах, шинжлүүлэх, бэхжүүлэх зардлыг эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд гарсан шууд зардлын хэмжээгээр;

2.6.3. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхээс оргон зайлсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлах, гэрч, хохирогч, шинжээч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг албадан ирүүлэх, хүргэх, шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс шүүх хуралдааныг хойшлуулахтай холбогдон гарсан болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарсан байр, хоол, тээврийн зардлыг энэхүү журмын 2.3 дахь хэсэгт заасны дагуу;

2.6.4. аудит, эдийн засаг, байгаль орчны хохирол тооцох, шинжилгээ хийж дүгнэлт гаргах, эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд гарсан зардлыг тухайн үйл ажиллагааны үйлчилгээний хөлсний хэмжээгээр;

2.6.5. эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аливаа оролцогч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгуулагад хүрэлцэн ирж мэдүүлэг өгөх боломжгүй тохиолдолд тухайн байгаа газарт нь очиж хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан зардлыг гарсан шууд зардлын хэмжээгээр;

2.6.6. насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр.

2.7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардалд хэргийн газар, орон байр, хүний бие, цогцост үзлэг, нэгжлэг, шинжилгээ хийх, цогцсыг оршуулсан газраас нь гаргаж шинжлэх, мөрдөн шалгах туршилт хийх, мэдүүлгийг газар дээр нь шалгах, таньж олуулах ажиллагаа явуулах, ялтныг хорих ангид очиж байцаах, дуудлагаар явахад гарсан болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны үр дүнд үүссэн ажил гүйцэтгэсний хөлс, зардал багтана.

Гурав.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
зардлыг баталгаажуулах

3.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн өмнөх шатанд гарсан зардлыг мөрдөгч, прокурор, шүүхийн шатанд гарсан зардлыг шүүгч тус тус тооцож, тухай бүр тэмдэглэл үйлдэн баталгаажуулна. Мөрдөгч, прокурор, шүүгч зардлыг баталгаажуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос бичгээр гаргасан нэхэмжлэлийг харгалзаж болно.

3.2. Мөрдөгч, прокурор, шүүгч энэхүү журмын 3.1-д заасан тэмдэглэлийг үндэслэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын маягтыг бөглөн тухайн байгууллагын санхүүгийн асуудал хариуцсан нэгжийн дарга, эсхүл дээд шатны даргаар хянуулан баталгаажуулж, хавтаст хэрэгт хавсаргана.

3.3. Мөрдөгч, прокурор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаарх баримт, маягтыг энэхүү журмын 3.2-т заасны дагуу хавтаст хэрэгт хавсарган прокурор, шүүхэд шилжүүлнэ.

3.4. Шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг буруутай этгээдээс гаргуулах талаар шүүхийн шийдвэрт тусгана.

3.5. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын шатанд хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгох тохиолдолд буруутай этгээдээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргуулахаар энэхүү журмын 3.3-т заасан журмаар шүүхэд шилжүүлнэ. 

3.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зардал тооцоогүй, эсхүл хавтаст хэрэгт тусгаагүй тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нэхэмжлэх эрх үүсэхгүй.

3.7. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг буруутай этгээдээс гаргуулах тухай шийдвэрийг гаргахдаа энэхүү журмын 3.1, 3.2-т заасан мөрдөгч, прокурор, шүүгчийн тэмдэглэл, маягт, тэдгээрт хавсаргасан нотлох баримтын эх сурвалжид үндэслэнэ.

3.8. Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналт, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хэргийн яллагдагч, шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг сайн дураараа төлсөн тохиолдолд энэ талаар баримт үйлдэж, хавтаст хэрэгт хавсаргана.

3.9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардлын тэмдэглэлийг  мөрдөгч, прокурор, шүүгч үнэн, зөв, бодитой гаргах үүрэгтэй  бөгөөд худал бүрдүүлсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Дөрөв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
зардлыг санхүүжүүлэх

4.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг энэхүү журмын 1.2-т заасны дагуу төсөвт тусган санхүүжүүлэхдээ нэг эрүүгийн хэрэгт ногдох хувьсах зардлын дундаж нормативаар тооцно.

4.2. Хувьсах зардлын дундаж норматив гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага, прокурор, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болон  шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тооноос шууд хамааралтайгаар өөрчлөгдөх зардлын нэг эрүүгийн хэрэгт ногдох хэмжээг ойлгоно.

4.3. Нэг эрүүгийн хэрэгт ногдох хувьсах зардлын дундаж нормативын санхүүжилтийг төсвийн жилээр төлөвлөж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яамны саналыг үндэслэн холбогдох төсвийн захирагчийн төсвийн багцад тусгана.


Тав.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг
нөхөн төлүүлэх, төвлөрүүлэх

5.1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бол түүнийг эрүүгийн хариуцлага болон ялаас чөлөөлсөн эсэхийг үл харгалзан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нөхөн төлүүлнэ.

5.2. Шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон өсвөр насны хүн, Иргэний хуулийн 16 дугаар зүйлд заасан эрх зүйн бүрэн бус чадамжтай шүүгдэгч болон Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан этгээдэд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг түүний эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, хууль ёсны төлөөлөгчөөр нөхөн төлүүлнэ.

5.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар төлбөрийн чадваргүй иргэний өмгөөлөгчийн хөлсийг төрөөс төлсөн тохиолдолд өмгөөлөгчид төлсөн зардлыг нөхөн төлүүлэхгүй.

5.4. Шүүхийн шийдвэрт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нөхөн төлүүлэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу гүйцэтгэнэ.

5.5. Шийдвэр гүйцэтгэх байгууллага эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлбөр төлөгчөөс гаргуулж, улсын төсөвт төвлөрүүлнэ.

5.6. Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтны эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг иргэний журмаар нэхэмжилж болно.