- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “ОСОЛ, ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2018 оны 163 дугаар
тогтоолын хавсралт
“ОСОЛ, ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
Дэлхий дахинд осол, гэмтлийн улмаас жилд 5.8 сая хүн амь насаа алдаж, 600 гаруй сая хүн гэмтэж, хөгжлийн бэрхшээлтэй болж байгаагийн зэрэгцээ 5-29 насны хүүхэд, залуучуудын амь насаа алдах үндсэн шалтгаан нь зам тээврийн осол болж байна. Осол, гэмтэл нь зүрхний шигдээс, амьсгалын замын өвчлөлийн дараа хүн амын нас баралтын гурав дахь гол шалтгаан болж байгаа бөгөөд ослоор нас барагсдын 90 гаруй хувь нь хөгжиж байгаа улс оронд ногдож, жилд 700 тэрбум ам. долларын хохирол учирч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онцлон тэмдэглэжээ.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-д 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 25 хувиар, зам тээврийн ослын улмаас нас баралтыг 50 хувиар тус тус бууруулах зорилт дэвшүүлэн осол, гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулахыг улс орнуудад зөвлөж байна.
Монгол Улсын хүн амын дунд гадны шалтгааны улмаас нас барах, өвчлөх тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, 2017 оны байдлаар өвчлөлийн 5 дахь, нас баралтын 3 дахь шалтгаан болж байна. 2017 онд улсын хэмжээнд осол, гэмтлийн шалтгаант гэмтэл болон хордлогын 115321 тохиолдол, гадны шалтгаант 2626 нас баралтын тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад өвчлөл 7.2 хувиар, нас баралт 7.7 хувиар тус тус өссөн байна. Гэмтсэн хүмүүсийн 62 хувь нь эрэгтэйчүүд, 38 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь эрчүүд осол, гэмтэлд эмэгтэйчүүдээс илүү өртөж байгааг харуулж байна. Осол, гэмтлийн шалтгаант нас баралтын 79 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд 10 000 хүн тутамд ногдох нас баралтын түвшин эмэгтэйчүүдээс 4 дахин их байна.
Осол, гэмтлийн өвчлөлийн шалтгааны 37.3 хувийг унаж бэртэх,15.3 хувийг зам тээврийн осол эзэлж байгаа бол нас баралтын хувьд 21 хувийг санамсаргүй хордох, хорт бодист өртөх, 20.6 хувийг зам тээврийн осол эзэлж байна. Нийт осол, гэмтлийн шалтгаант нас баралтын 53 хувь нь нийслэлд, 47 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Осол, гэмтлийн байдлыг насны ангиллаар авч үзвэл, 0-1 насны хүүхдийн дунд түлэгдэлт, түүнээс дээш насны хүүхэд болон насанд хүрэгчдийн хувьд унаж гэмтэх, зам тээврийн осол зонхилж байна.
Монгол Улсын нийгэм-эдийн засгийн хөгжил, хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн, хотжилттой холбоотой төвлөрөл нь осол, гэмтлээс үүдэлтэй өвчлөл, нас баралтын тохиолдол нэмэгдэхэд нөлөөлж байна. Тээврийн хэрэгслийн тоо жил бүр тогтмол өсч, сүүлийн 10 жилд 4 дахин нэмэгдэж, 840000 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хирээр ослын тохиолдол жил бүр ихэсч, жилд 45000 орчим осол гарч,17000 хүн гэмтэж, 500 орчим хүн амь насаа алдаж байна. Үүний дотор зам тээврийн ослын улмаас жилд 2000 гаруй хүүхэд гэмтэж, 70 гаруй хүүхэд амь насаа алдаж байна. Осол, гэмтлийн шалтгаанаар нас барсан 5-9 насны хүүхдийн 50 орчим хувь нь зам тээврийн ослоор нас барсан байна.
Манай улсад осол, гэмтэлд өртөгсдөд үзүүлэх яаралтай тусламжийн үйлчилгээ сүүлийн жилүүдэд сайжирсан боловч алслагдсан аймаг, сумдад хангалтгүй байна. Энэ нь ослын газарт яаралтай тусламжийн үйлчилгээг цаг тухайд нь үзүүлээгүй, орон нутгийн эмнэлэгт бэлтгэгдсэн хүний нөөц дутагдалтай, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж хангалтгүй байгаатай холбоотой байна. Үүнээс гадна осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг бүрдүүлэхэд салбар дундын хамтын ажиллагаа, мэдээллийн солилцоо хангалтгүй, иргэдийн эрүүл мэндийн боловсрол болон осол, гэмтлийн үед үзүүлэх анхан шатны яаралтай тусламжийн мэдлэг хангалтгүй байна.
Иймд хүн амын осол, гэмтлийн шалтгаан, түүний эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулах, иргэд, олон нийтийн оролцоог сайжруулан аюулгүй нөхцөл бүрдүүлэх, осол, гэмтлийн үед үзүүлэх яаралтай тусламжийн үйлчилгээг сайжруулах замаар осол, гэмтлийн шалтгаант өвчлөл, нас баралтыг бууруулах зорилгоор Осол, гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр (цаашид “Хөтөлбөр” гэх)-ийг боловсрууллаа.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх хугацаа
2.1. Хөтөлбөрийн зорилго
Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, түүний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах талаар иргэдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх, осол, гэмтлийн үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах замаар осол, гэмтлийн шалтгаант өвчлөл, нас баралтыг бууруулахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
2.2. Хөтөлбөрийн хүрээнд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:
2.2.1. осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх талаарх иргэдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлж, зөв зохистой зан үйлийг төлөвшүүлэх;
2.2.2. осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, түүний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд салбар дундын болон иргэд, хамт олон, байгууллага, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг өргөжүүлэх;
2.2.3. осол, гэмтлийн үед үзүүлэх эмнэлгийн яаралтай болон гэмтлийн дараах сэргээн засах тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах.
2.3. Хөтөлбөр хэрэгжих хугацаа
2.3.1. Хөтөлбөрийг 2018-2022 онд хэрэгжүүлнэ.
Гурав. Хөтөлбөрийн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх
үйл ажиллагаа
3.1. Хөтөлбөрийн 1 дүгээр зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.1.1. Үйл ажиллагааны чиглэл 1. Осол, гэмтлийн шалтгааны хамгийн их хувийг эзэлж байгаа унаж гэмтэх ослын эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, хүн амд зохистой зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээр:
3.1.1.1. хордох, живэх, хөлдөх, гэнэтийн аюул осолд өртөхөөс өөрийгөө хамгаалах чадвар олгох сургалтыг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын болон ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх;
3.1.1.2. унаж гэмтэх болон бусад эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, хүн амд осол, гэмтлээс өөрийгөө хамгаалах чиглэлээр мэдээлэл сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулах;
3.1.1.3. ахмад настанд зориулсан ахуйн ослоос урьдчилан сэргийлсэн, аюулгүй, ээлтэй орчин бий болгох талаар хийх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажилд хэвлэл мэдээллийн байгууллагыг татан оролцуулах;
3.1.1.4. унах, тээглэх, бүдэрч унах, ахуйн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх хамгаалах хэрэгслийн хэрэглээг сурталчлах, шаардлагатай хүмүүст хэрэглүүлж хэвшүүлэх;
3.1.1.5. нохой болон бусад амьтанд хазуулах, дайралтад өртөх осол гэмтлээс сэргийлэх анхааруулга, сэрэмжлүүлгийг бүх төрлийн мэдээллийн хэрэгслээр тогтмол явуулах.
3.1.2. Үйл ажиллагааны чиглэл 2. Зам тээврийн ослын эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, замын хөдөлгөөнд оролцох зөв зан үйлийг иргэдэд төлөвшүүлэх чиглэлээр дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
3.1.2.1. хамгаалалтын бүс, малгай, хүүхдийн хамгаалах суудлын хэрэглээг хэвшүүлэх талаар жолооч, зорчигчдод зориулсан сургалт, сурталчилгаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явуулах;
3.1.2.2. замын хөдөлгөөнд оролцогчдын замын хөдөлгөөний дүрмийн талаарх ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, зөв зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулахад олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглах, анхааруулга бүхий төрөл бүрийн зурагт хуудас боловсруулж түгээх;
3.1.2.3. ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зам тээврийн ослоос сэргийлэх талаар урьдчилан сэргийлэх аян, ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах;
3.1.2.4. цэцэрлэгийн хүүхэд, сургуулийн сурагчдад замын хөдөлгөөний дүрмийг хялбарчилсан байдлаар тайлбарлан таниулах мэдээлэл, сурталчилгааг тогтмол хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр богино хэмжээний сурталчилгаа явуулах;
3.1.2.5. ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд тэдний насны онцлогт тохируулсан “Ногоон гэрэл-цагаан шугам”, “Бяцхан зорчигч”, “Сохор цэгийг заах” зэрэг уралдаан тэмцээнийг тогтмол зохион байгуулах;
3.1.2.6. бага насны хүүхдийг бие даан замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зорилгоор “Гараас гарт дамжуулах” хөтөлбөр хэрэгжүүлж, эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах.
3.1.3. Үйл ажиллагааны чиглэл 3. Хүүхдийг осол, гэмтлийн эрсдлээс урьдчилан сэргийлэх дадал, хэвшилд сургах чиглэлээр дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
3.1.3.1. хүүхдийн дунд зонхилон тохиолдож байгаа живэх, унаж гэмтэх, хордох, хөлдөх, хахах, амьсгал боогдох зэрэг осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан хүүхдэд тогтмол мэдээлэл, сэрэмжлүүлэг өгөх;
3.1.3.2. хүүхдийн осол, гэмтлийн эрсдэлт орчинд үнэлгээ хийх, эрсдэлт хүчин зүйлийг арилгахад иргэд, эцэг эх, асран хамгаалагчийг татан оролцуулах, мэдээлэл, зөвлөмж өгөх;
3.1.3.3. хүүхдийг ахуйн түлэгдлээс хамгаалах түлэгдлийн үед анхны тусламж үзүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах;
3.1.3.4. хурдан морины унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хүүхэд болон уяач нарт зориулан мэдээлэл, зөвлөгөө өгөх;
3.1.3.5. хүүхдийг осол, гэмтлээс сэргийлэх талаар албан, албан бус болон зайн сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах, тэдгээрийг сургалтад нэвтрүүлэх;
3.1.3.6. хүн амд болон хүүхдэд зориулсан осол, гэмтлээс сэргийлэх, өөрийгөө эрсдлээс хамгаалах зөв зан үйл, амьдралын дадал хэвшилд сургах ажилд эцэг эх, асран хамгаалагч болон төрийн бус байгууллагыг татан оролцуулах;
3.1.3.7. хүүхдийг осол, гэмтлээс сэргийлэх эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх талаар олон нийтээс гаргасан санал, санаачлагыг дэмжих.
3.2. Хөтөлбөрийн 2 дугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.2.1. Үйл ажиллагааны чиглэл 1. Осол, гэмтлийн шалтгааны хамгийн их хувийг эзэлж байгаа унаж гэмтэх болон бусад төрлийн ослын эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр:
3.2.1.1. унаж гэмтэхээс үүдэлтэй осол, гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох тандалт, судалгааг үндэсний хэмжээнд хийж, гарсан дүгнэлтийг хэрэгжүүлэхэд салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах;
3.2.1.2. явган зорчигч, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан зам, талбай, байшин барилгын шат, гишгүүрийг стандартын шаардлага хангасан материалаар хийх, гарц, орцны тохижилтыг сайжруулах;
3.2.1.3. нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зорчигчийн аюулгүй байдлыг хангах орчин бий болгоход иргэд, байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн оролцоог хангах;
3.2.1.4. ухсан нүх, шуудуу, засварын цооног, худаг орчимд анхааруулах тэмдэг байршуулах, таглаж битүүлэх, нийтийн эзэмшлийн зам, талбайн цас мөсийг цэвэрлэх, гэрэлтүүлэх, камерын хяналтын систем суурилуулах зэргээр аюулгүй нөхцөл бүрдүүлэх ажлыг орон нутгийн бүх шатны байгууллагад хийж хэвшүүлэх.
3.2.2. Үйл ажиллагааны чиглэл 2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөнд оролцох нөхцөлийг сайжруулахад салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
3.2.2.1. замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор замын тэмдэг, тэмдэглэгээ, гарц, гэрлэн дохио, камерын тоог нэмэгдүүлэх;
3.2.2.2. мотоцикл, мопед, унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцогчдод стандартын шаардлага хангасан хамгаалалтын малгай өмсөж хэвшүүлэх;
3.2.2.3. орон нутгийн авто зам, хороолол доторх замд хурд хэтрүүлэх зөрчилд тавих хяналтыг сайжруулах зорилгоор үе шаттайгаар камерын хяналтын систем суурилуулах;
3.2.2.4. зам тээврийн ослын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгох;
3.2.2.5. нийтийн тээврийн хэрэгсэлд бичлэгийн хар хайрцаг суурилуулах;
3.2.2.6. замын хөдөлгөөнд оролцогчдоос согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эмийг хэрэглэсэн эсэхийг илрүүлэх тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах;
3.2.2.7. тээврийн хэрэгслийн хурдны хяналт, камерын хяналтын систем, хөдөлгөөнт хяналтын цэгийн тоог нэмэгдүүлэх.
3.2.3. Үйл ажиллагааны чиглэл 3. Хүүхдийг осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, түүний эрсдлийг бууруулах, аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэхэд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.2.3.1. хүүхэд осол, гэмтэлд өртсөн тохиолдол бүрт гэм буруутай этгээд, эцэг эх, асран хамгаалагч, гэр бүл, байгууллага, аж ахуйн нэгжид хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох;
3.2.3.2. хүүхдийн дунд зонхилон тохиолдох осол, гэмтлийн орчны болон эрүүл мэндийн нөлөөллийг үнэлэх, шалтгаан, нөхцөл, эрсдэлт хүчин зүйлийг тогтоох судалгааг тогтмол хийх, цаашид авах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх;
3.2.3.3. хүүхдийн тоглоом болон тоглоомын талбайн орчныг стандартын дагуу тохижуулах;
3.2.3.4. цэцэрлэг, сургуулийн эргэн тойронд аюулгүй нөхцөл бүрдүүлэх асуудлаар стандарт боловсруулах, сургуулийн биеийн тамирын талбай, тоног төхөөрөмж, уралдаан тэмцээний үеийн аюулгүй байдлыг хангах асуудлаар журам батлан мөрдүүлэх;
3.2.3.5. цэцэрлэг, сургууль, дотуур байранд хяналтын камер суурилуулан, ашиглалтыг сайжруулах асуудлаар журам батлан мөрдүүлэх;
3.2.3.6. хурдан морины унаач хүүхдийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, уралдааны талбайг хянах боломж бүхий хяналтын камерын систем нэвтрүүлэх.
3.3. Хөтөлбөрийн 3 дугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.3.1 Үйл ажиллагааны чиглэл 1. Осол, гэмтлийн үед үзүүлэх анхны болон яаралтай тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
3.3.1.1. осол, гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх сургалтыг ерөнхий боловсролын сургууль, жолооч бэлтгэх сургалтын хөтөлбөрт тусгах, сургагч багш бэлтгэх;
3.3.1.2. аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, иргэдэд осол, гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх ур чадварыг эзэмшүүлэх дадлага, сургуулилт хийх;
3.3.1.3. осол, гэмтлийн үед үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламжид зайн оношлогоог ашиглах, орчин үеийн оношилгоо, эмчилгээний менежментийг нэвтрүүлэх;
3.3.1.4. осол, гэмтлийн үед эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх эмч, мэргэжилтнийг бэлтгэх, ашиглах тээврийн хэрэгсэл, эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх;
3.3.1.5. орон нутаг, дүүргийн эмнэлэгт гэмтлийн болон эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнг чадавхижуулах сургалт зохион байгуулах;
3.3.1.6. аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, цагдаа, онцгой байдлын ажилтнуудад анхны тусламж үзүүлэх дадлага олгох, сургагч багш бэлтгэх;
3.3.1.7. эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгслийг олон улсын стандартын дагуу шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглох;
3.3.1.8. осол, гэмтлийн үед анхан шатны тусламж үзүүлэгч эмч, мэргэжилтнүүдийг осол, гэмтлийн тохиолдлыг бүртгэх, мэдээлэх чиглэлээр чадавхижуулах;
3.3.1.9. үйлдвэр, нийтийн үйлчилгээний газарт зүрхний хэм жигдрүүлэгч автомат тусгай аппарат (дефибрилятор) суурилуулах.
3.3.2. Үйл ажиллагааны чиглэл 2. Осол, гэмтлийн үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
3.3.2.1. түлэгдлийн эмчилгээ, түлэнхийн сэргээн засах үйлчилгээний мэргэшсэн төв байгуулах;
3.3.2.2. аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв гэмтлийн мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлэх чадавхийг бий болгох, хэвтэн эмчлүүлэх орны тоог нэмэгдүүлэх;
3.3.2.3. аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, эмч нарын багийг сургах;
3.3.2.4. гэмтэл согогийн салбарт бага хөнөөлт мэс заслыг хөгжүүлэх, өдрийн эмчилгээг нэвтрүүлэх;
3.3.2.5. аймаг, дүүрэг, сумын эрүүл мэндийн төвийн эмчийг гэмтэл согогийн чиглэлээр чадавхижуулах;
3.3.2.6. санамсаргүй хордох, хорт бодист өртөх үед үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр эмч нарыг сургах;
3.3.2.7. улсын хэмжээнд осол, гэмтлийн өвчлөл, нас баралтын байдалд жил бүр тандалт судалгаа хийж дүгнэлт гаргах;
3.3.2.8. осол, гэмтлийн тандалтын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор бүх шатны эрүүл мэндийн байгууллагын мэдээлэл зүйн мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт зохион байгуулах.
3.3.3 Үйл ажиллагааны чиглэл 3. Осол, гэмтлийн дараахь үеийн сэргээн засах тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр:
3.3.3.1. осол, гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвар алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх;
3.3.3.2. гэр бүл, нийгэм, хамт олонд түшиглэсэн сэргээн засах тусламж, үйлчилгээг өргөжүүлэх;
3.3.3.3. гэмтлийн дараахь сэргээн засах чиглэлээр мэргэшсэн эмчилгээний баг бүрдүүлэх, эмч, мэргэжилтэнг сурган дадлагажуулах;
3.3.3.4. сэргээн засах эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх асуудлыг судлах;
3.3.3.5. осол, гэмтэлд өртсөн өвчтөн, гэр бүлийн гишүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл засал эмчилгээ хийх боломж бүрдүүлэх.
Дөрөв. Хөтөлбөрийн хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт
4.1 Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:
4.1.1. зам тээврийн ослын шалтгааныг арилгах, эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын мэдлэг, хандлагыг өөрчлөн зохистой зан үйлийг төлөвшүүлж зам тээврийн ослын улмаас эрүүл мэндээр хохирох, нас барах тохиолдлыг бууруулна.
4.1.2. сэргийлж болох осол, гэмтлийн шалтгааныг тогтоон хүүхдийн амьдарч, сурах аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлж, эцэг эх, асран хамгаалагчдын мэдлэг хандлага, хариуцлагыг дээшлүүлснээр хүүхдийн осол, гэмтлийн шалтгаант өвчлөл, нас баралтыг бууруулна.
4.1.3. осол, гэмтэлд орж байгаа шалтгаан, орчны хүчин зүйлд хяналт тавьж, тандалт, судалгаа, үнэлгээ хийж, дүнг иргэд олон нийтэд танилцуулах, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа үр дүнтэй хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
4.1.4. осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, түүний эрсдлийг бууруулах асуудлаарх эрх зүйн орчин боловсронгуй болж, осол, гэмтлээс сэргийлэх, хянах үйл ажиллагааг сайжруулахад салбар дундын үйл ажиллагааны уялдаа холбоо, хамтын ажиллагаа сайжирна.
4.1.5. осол, гэмтлийн үед үзүүлэх анхны болон яаралтай тусламж, мэс засал, эрчимт эмчилгээ, сэргээн засах тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулснаар осол, гэмтлээс шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй болох, хөдөлмөрийн чадвар болон гадаад гоо үзэмж алдах, нас барах тохиолдол буурна.
4.1.6. осол, гэмтлээс урьдчилан сэргийлснээр эрсдэл багасч, аюулгүй байдал бүрдэж, эрүүл зан үйл төлөвшиж, нийгэмд эерэг дэмжлэгт орчин бий болж, иргэн бүр урт удаан, эрүүл саруул, амар амгалан амьдрах нөхцөл бүрдэнэ.
4.2 Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт
4.2.1 Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр нөлөө, үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр дүгнэх бөгөөд 2017 оны мэдээллийг суурь үзүүлэлт болгон ашиглана:
Хөтөлбөрийн зорилго, зорилт |
Шалгуур үзүүлэлт |
Хэмжих нэгж |
Суурь түвшин 2017 |
Хүрэх түвшин, он |
Мэдээллийн эх сурвалж |
||||||
2018 |
2020 |
||||||||||
Үр нөлөөний шалгуур үзүүлэлт |
|||||||||||
Зорилго: Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, түүний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах талаар иргэдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, аюулгүй байдлыг бүрдүүлэх, гэмтлийн үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах замаар хүн амын осол, гэмтлийн шалтгаант өвчлөл, нас баралтыг бууруулахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино. |
Осол гэмтэл, гадны шалтгаант өвчлөлийн түвшин
|
10000 хүн тутамд |
369.6 |
347.4 |
303.1 |
Эрүүл мэндийн хөгжлийн төв
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн статистик үзүүлэлт |
|||||
Осол гэмтэл, гадны шалтгаант нас баралтын түвшин |
10000 хүн тутамд |
8.4 |
7.9 |
6.9 |
|||||||
Үр дүнгийн шалгуур үзүүлэлт |
|||||||||||
Зорилт 1. Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх талаарх иргэдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлж зөв зохистой зан үйлийг төлөвшүүлнэ.
|
0-19 насны залуучуудын осол, гэмтлийн шалтгаант өвчлөлийн түвшин |
10000 хүн тутамд |
327 |
286.5 |
238.1 |
Эрүүл мэндийн хөгжлийн төв
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн статистик үзүүлэлт
|
|||||
0-19 насны залуучуудын осол, гэмтлийн шалтгаант нас баралтын түвшин |
10000 хүн тутамд |
3.1 |
2.3 |
2.1 |
|||||||
Түлэгдэлтийн шалтгаант 5 хүртэлх насны хүүхдийн өвчлөлийн түвшин |
10000 хүн тутамд |
80.2 |
|
65.8 |
|||||||
Түлэгдэлтийн шалтгаант 5 хүртэлх насны хүүхдийн нас баралтын түвшин |
10000 хүн тутамд |
0.6 |
0.6 |
0.5 |
|||||||
Зорилт 2. Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, түүний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд салбар дундын болон иргэн, хамт олон, байгууллага, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
|
Зам тээврийн ослын тоо |
Бодит тоо |
36591 |
35493 |
32931 |
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн статистик үзүүлэлт |
|||||
Зам тээврийн шалтгаант осол, гэмтлийн тохиолдлын түвшин |
10000 хүн тутамд |
56.4 |
52.0 |
50.0 |
|||||||
Зам тээврийн ослын шалтгаант нас баралтын түвшин |
10000 хүн тутамд |
1.7 |
1.3 |
1.2 |
|||||||
Уналтаас шалтгаалсан осол, гэмтлийн өвчлөлийн түвшин |
10000 хүн тутамд |
137.8 |
110.0 |
105.0 |
Зам тээврийн статистик үзүүлэлт |
||||||
Түлэгдэлтийн шалтгаант өвчлөлийн түвшин |
10000 хүн тутамд |
18.2 |
17.1 |
14.9 |
|||||||
Нохой болон бусад амьтанд хазуулсан шалтгаант осол, гэмтлийн өвчлөлийн түвшин |
10000 хүн тутамд |
22.1 |
21.0 |
20.0 |
|||||||
Зорилт 3. Осол, гэмтлийн үед үзүүлэх яаралтай болон гэмтлийн дараахь сэргээн засах тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна. |
Гэмтлийн үеийн тусламж үйлчилгээ үзүүлэх ор бүхий тасагтай эмнэлгийн тоо |
Бодит тоо |
18 |
22 |
- |
Эрүүл мэндийн хөгжлийн төв
Нийгмийн хамгааллын статистик үзүүлэлт |
|||||
Осол, гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвар алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдийн бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх |
Бодит тоо |
0 |
1 |
1 |
Тав. Хөтөлбөрийн санхүүжилт
5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
5.1.1. улс, орон нутгийн төсөв;
5.1.2. олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламж;
5.1.3. төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн тусламж, хандив;
5.1.4. бусад эх үүсвэр.
Зургаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийн
хяналт-шинжилгээ, үнэлгээ
6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэний нийгэм, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүргийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.
6.2. Хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, биелэлтэд нь хяналт тавих, удирдан зохицуулах ажлыг бүх шатны Засаг дарга хариуцан зохион байгуулна.
6.3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хамтран жил бүр хийнэ.
6.4. Орон нутгийн хэмжээнд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээг бүх шатны Засаг дарга жил бүр хийнэ. Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар нь хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор хүргүүлнэ.
6.5. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг 1 дүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулна.
Текст томруулах
A
A
A