- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫГ ТҮР ХАДГАЛАХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, УСТГАХ БОЛОН БҮРТГЭХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ
Засгийн газрын 2018 оны 116 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫГ ТҮР ХАДГАЛАХ, ЦУГЛУУЛАХ,
ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, УСТГАХ
БОЛОН БҮРТГЭХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх, бүртгэх, тайлан мэдээ цуглуулах болон эдгээр үйл ажиллагаанаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хамгаалахад энэхүү журмын зорилго оршино.
1.2. Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Хог хаягдлын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Агаарын тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Усны тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, холбогдох бусад хууль, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан дүрэм, журам болон энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.3. Цацраг идэвхт хог хаягдлыг цуглуулах, савлах, түр байршуулах, тээвэрлэх, устгах, дахин боловсруулах, хадгалахтай холбогдсон үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулахгүй.
Хоёр. Аюултай хог хаягдлыг түр хадгалах
2.1. Аюултай хог хаягдал үүсгэгч нь аюултай хог хаягдлыг Хог хаягдлын тухай хуулийн 23.1-д заасан хугацаанд эх үүсвэр дээр түр хадгална.
2.2. Аюултай хог хаягдал үүсгэгч болон өмчлөгч нь аюултай хог хаягдлыг эх үүсвэр дээр түр хадгалахад Хог хаягдлын тухай хуулийн 23.3-т зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
2.2.1.аюултай хог хаягдлыг ангилан ялгасан байх;
2.2.2.аюултай хог хаягдлыг агуулах сав нь агуулж буй хог хаягдалтайгаа урвалд ордоггүй материалаар хийгдсэн, эсхүл ийм материалаар доторлосон байх;
2.2.3.аюултай хог хаягдлыг хадгалах сав нэг бүр нь “Аюултай хог хаягдал” гэсэн нэр, стандартаар тогтоосон тэмдэг, тэмдэглэгээтэй байх бөгөөд ил харагдахуйц газар тухайн хаягдлын нэр, хуримтлуулж эхэлсэн хугацааг тэмдэглэсэн байх;
2.2.4.хог хаягдлын аюулын шинж чанар болон аюултай шинж чанар үзүүлэгч бүрэлдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораториор тодорхойлуулсан байх;
2.2.5.үүсэх хог хаягдлын төрөл, кодыг хог хаягдлын кодчилсон жагсаалтын дагуу тогтоосон байх;
2.2.6.гал унтраах хэрэгсэл, галын дохиолол, аюултай хог хаягдал асгарч алдагдсан үед ашиглах материал, хувийн хамгаалах хэрэгслийг шаардлагатай газар байрлуулж, ашиглалтын бэлэн байдлыг хангасан байх;
2.2.7.шаардлагатай газруудад дараах мэдээллийг нүдэнд харагдахуйц газар байрлуулсан байна:
2.2.7.а.аюултай хог хаягдал хариуцсан ажилтны овог нэр, утасны дугаар;
2.2.7.б.гал унтраах хэрэгсэл, галын дохиолол, аюултай хог хаягдал асгарч алдагдсан үед ашиглах материалын байрлалыг заасан зураг, схем;
2.2.7.в.галын дуудлага өгөх утасны дугаар.
2.3. Аюултай хог хаягдал үүсгэгч нь Хог хаягдлын тухай хуульд зааснаас гадна дараах үүргийг хүлээнэ:
2.3.1.аюултай хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнд хяналт тавих;
2.3.2.үүсэх хог хаягдлын хэмжээг бууруулах, эргүүлэн ашиглах, хоргүйжүүлэх, устгах замаар байгаль орчинд ялгарах ялгарал, бохирдуулагчийн хэмжээг бууруулах;
2.3.3.өөрийн үйл ажиллагаанаас үүссэн аюултай хог хаягдлаа устгах тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авах;
2.3.4.өөрийн үйл ажиллагаанаас үүсэх хог хаягдлаа устгах болон дахин боловсруулах боломжгүй тохиолдолд аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, устгах, дахин боловсруулах, экспортлох зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлэх;
2.3.5.хэвийн үйл ажиллагааны үед аюултай хог хаягдалтай харьцах болон аюул ослын үед ажиллах зааварчилгааг түүнтэй харьцдаг ажилтан бүрээр боловсруулж, тэднийг сургаж, дадлагажуулах;
2.3.6.анхны тусламж үзүүлэх зааварчилгаа боловсруулж, шаардлагатай материал, хэрэгслээр хангах.
2.4. Аюултай эд анги агуулсан бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдан борлуулах үйл ажиллагаа эрхлэгчийг аюултай хог хаягдал үүсгэгч гэж үзэх бөгөөд дараах үүргийг хүлээнэ:
2.4.1.үйлдвэрлэсэн, худалдан борлуулсан бараа, бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн схемийг гаргаж, олон нийтэд нээлттэй байлгах, сурталчлах;
2.4.2.үйлдвэрлэсэн, худалдан борлуулсан бараа, бүтээгдэхүүнээс үүсэх хог хаягдлыг цуглуулах;
2.4.3.цуглуулсан хог хаягдлыг байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй аргаар хадгалах, дахин боловсруулах, устгах, экспортлох, эсхүл эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлэх;
2.4.4.хуучирсан, ашиглалтаас гарсан бараа, бүтээгдэхүүнийг цуглуулахдаа дараах аргыг сонгоно:
2.4.4.а.шинийг худалдахдаа хуучныг нь эргүүлэн авч, үнийн хөнгөлөлт үзүүлэх;
2.4.4.б.хуучирсан, ашиглалтаас гарсан бараа, бүтээгдэхүүнийг тодорхой үнээр худалдан авах, эсхүл шинэ бүтээгдэхүүн худалдан авахад хөнгөлөлт үзүүлэх, урамшуулал олгох;
2.4.4.в.худалдан борлуулах цэгүүдэд хаягдал хүлээн авах цэг, сав ажиллуулах.
2.5. Аюултай хог хаягдал хариуцсан ажилтан нь аюул осол гарсан, аюултай хог хаягдал асгарсан, алдагдсан тохиолдолд дараах арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авна:
2.5.1.галын дуудлага өгөх, гал тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, боломжтой бол унтраагуур, хэрэгсэл ашиглаж галыг унтраах;
2.5.2.асгарсан аюултай хог хаягдлын асгаралтыг зогсоох, тархалтаас сэргийлэх арга хэмжээ авах, бохирдсон материал, хөрсийг цэвэрлэх;
2.5.3.хүний эрүүл мэндэд аюул учруулахуйц галын аюул, дэлбэрэлт, асгаралт үүссэн, гадаргын усыг бохирдуулсан тохиолдолд тухайн орон нутгийн онцгой байдлын болон мэргэжлийн хяналтын байгууллагад яаралтай мэдэгдэж, дараах мэдээллийг өгнө:
2.5.3.а.аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, бүртгэлийн дугаар;
2.5.3.б.аюул ослын төрөл (галын аюул, асгаралт гэх мэт), огноо, цаг хугацаа;
2.5.3.в.аюулд өртсөн хог хаягдлын төрөл, тоо хэмжээ;
2.5.3.г.үүссэн аюултай нөхцөл байдал болон үүсэж болзошгүй нөхцөл
байдлын талаарх мэдээлэл;
2.5.3.д.шаардагдах материал болон түүний хэмжээ.
2.6. Аюултай хог хаягдал үүсгэгч нь үүссэн болон хуримтлагдсан хог хаягдлын хэмжээний талаар бүртгэл хөтлөх бөгөөд бүртгэлийг аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах, экспортлох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий байгууллагад шилжүүлснээр дуусгавар болгож, дахин эхлэх үед бүртгэлийг шинээр хөтөлж эхэлнэ.
2.7. Үүсгэгч болон өмчлөгч нь шүүрлийн шингэн цуглуулах системд хуримтлагдсан шингэнийг хамгийн багадаа 90 хоногт 1 удаа цэвэрлэж, энэ тухай бүртгэл хөтлөх бөгөөд үүссэн хаягдлыг устгах зөвшөөрөл бүхий байгууллагад шилжүүлнэ.
2.8. Үүсгэгч болон өмчлөгч нь аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах, экспортлох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий байгууллагад шилжүүлэхдээ байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан маягтын дагуу аюултай хог хаягдлын дагалдах бичгийг бүрдүүлж, бүртгэл хөтөлнө.
2.9. Үүсгэгч болон өмчлөгч нь энэ журмын 2.8-д заасан дагалдах бичгийг 4 хувь үйлдэх бөгөөд өөрөө болон тээвэрлэгч гарын үсэг зурж баталгаажуулсны дараа 1 хувийг өөрт үлдээж, бусад 3 хувийг тээвэрлэгчид хог хаягдлын хамт хүлээлгэн өгнө.
2.10. Тээвэрлэгч нь энэ журмын 2.9-д заасан 3 хувь хог хаягдлын дагалдах бичгийг хог хаягдлын хамт хүлээн авагчид хүргэж, гарын үсэг зуруулж баталгаажуулан, 1 хувийг хог хаягдал хүлээн авагчид өгч, 1 хувийг тээвэрлэгч өөртөө үлдээнэ. 3 дахь хувийг үүсгэгчид эргүүлэн өгнө.
2.11. Үүсгэгч нь энэ журмын 2.10-т заасан өөрт үлдээсэн хог хаягдлын дагалдах бичгийг хүлээн авагч гарын үсэг зурж баталгаажуулсан хог хаягдлын дагалдах бичгийн хувийг хүлээн авах хүртэлх хугацаанд хадгална.
2.12. Үүсгэгч нь энэ журмын 2.11-д заасны дагуу гарын үсэг зурж баталгаажуулсан хог хаягдлын дагалдах бичиг, үүсгэсэн болон тээвэрлүүлсэн хог хаягдлын бүртгэл, тайлангийн баримт материалыг 10 жил хадгална.
Гурав. Аюултай хог хаягдлыг тээвэрлэх
3.1. Тээвэрлэгч нь аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.
3.2. Тээвэрлэгч нь үүсгэгч болон өмчлөгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр зориулалтын саванд савласан, “Аюултай хог хаягдал” гэсэн тэмдэг, тэмдэглэгээтэй, хог хаягдлын дагалдах бичиг бүхий аюултай хог хаягдлыг үүсгэгчээс хүлээн авч тээвэрлэнэ.
3.3. Тээвэрлэгч нь үүсгэгчийн огноо, гарын үсэг бүхий хог хаягдлын 3 хувь үйлдсэн дагалдах бичгийг бүрэн, үнэн зөв бөглөгдсөн эсэхийг шалгаж, гарын үсэг зурж хүлээн авна.
3.4. Тээвэрлэгч нь үүсгэгчээс хүлээн авсан аюултай хог хаягдлын бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг ханган тээвэрлэж, дагалдах бичигт заасан аж ахуйн нэгжид хүлээлгэж өгнө.
3.5. Тээвэрлэлт дууссаны дараа энэ журмын 2.11-д заасны дагуу хүлээн авагчийн гарын үсэг зурж баталгаажуулсан хог хаягдлын дагалдах бичгийн 1 хувийг үүсгэгчид буцаан өгч, 1 хувийг өөртөө авна.
3.6. Үүсгэгч болон өмчлөгчийн буруутай үйл ажиллагааны улмаас аюултай хог хаягдлын дагалдах бичиг, төрөл, тоо хэмжээтэй таарахгүй байгаа тохиолдолд хүлээн авагч уг хаягдлыг хэсэгчлэн болон бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж хог хаягдлын дагалдах бичгийг энэ журмын 2.9, 2.10-т заасны дагуу шинээр бүрдүүлнэ.
3.7. Хүлээн авагч хог хаягдлыг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд энэ тухай бичгээр гаргасан тайлбарыг хог хаягдал болон түүний дагалдах бичгийн хамт үүсгэгчид хүлээлгэн өгнө.
3.8. Хэрэв тээвэрлэлтийг нэгээс дээш тээвэрлэгч (жишээ нь: авто болон төмөр замын холимог тээвэр) гүйцэтгэж байгаа тохиолдолд тээвэрлэгч бүр гарын үсэг зурж баталгаажуулсан дагалдах бичгийг хог хаягдлын хамт дараагийн тээвэрлэгчид хүлээлгэн өгнө. Эцсийн тээвэрлэгчээс бусад нь зөвхөн хог хаягдлын дагалдах бичгийн хуулбарыг өөртөө үлдээнэ. Эцсийн тээвэрлэгч дагалдах бичгийн эх хувийг энэ журмын 2.11-д заасны дагуу баталгаажуулж, үүсгэгчид хүлээлгэн өгнө.
3.9. Тээвэрлэгч нь өөрт үлдсэн хог хаягдлын дагалдах бичгийг 10 жил хадгална.
3.10. Аюултай хог хаягдлыг тээврийн хэрэгсэлд ачиж, буулгахад дараах шаардлагыг мөрдөнө:
3.10.1.тээвэрлэлтийн явцад аюултай хог хаягдал унаж, асгарч, алдагдахгүй байхаар хөдөлгөөнгүй, жигд тархалттайгаар байршуулж тээвэрлэх;
3.10.2.том овортой сав, баглаа боодолтой аюултай хог хаягдлыг тээврийн хэрэгсэлтэй бат бөх бэхлэх, шингэн бодисын хувьд савалгааны дүүргэлтийг хазайх, тойрох үед тэнцвэр нь хадгалагдаж байхаар тохируулах;
3.10.3. аюултай хог хаягдалтай савны амыг дээш харуулж байрлуулах.
3.11. Аюултай хог хаягдлыг тээвэрлэхэд дараах шаардлагыг мөрдөнө:
3.11.1.авто тээврийн хэрэгслээр зөвхөн өдрийн цагаар тээвэрлэх;
3.11.2.авто тээврийн хэрэгслийн хурдыг 50 км/цаг-аас хэтрүүлэхгүй байх;
3.11.3.цуваагаар явах тохиолдолд тээврийн хэрэгсэл хоорондын зайг хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уулын замд 300 метрээс багагүй, бусад замд 50 метрээс багагүй байхаар хурдыг сонгож явах.
3.12. Аюултай хог хаягдлыг тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавигдах ерөнхий шаардлагын стандартыг хангасан, стандартаар тогтоосон тэмдэг, тэмдэглэгээтэй, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.
3.13. Аюултай хог хаягдал тээвэрлэх тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхтэй, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан байна.
3.14. Тээвэрлэгч нь тээврийн хэрэгслийг аюултай хог хаягдал асгарах, алдагдах үед ашиглах багаж хэрэгсэл, материалаар хангах бөгөөд тээврийн хэрэгслийн жолооч нь тэдгээрийг ашиглах сургалтад хамрагдаж, зохих дадал эзэмшсэн байна.
3.15. Тээвэрлэлтийн үед аюултай хог хаягдал асгарах, алдагдах тохиолдолд тээвэрлэгч нь дараах арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авна:
3.15.1.үүсгэгчид яаралтай мэдэгдэж, холбогдох зааварчилгааг авах;
3.15.2.тухайн орон нутгийн онцгой байдлын болон мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж дараах мэдээллийг өгөх:
3.15.2.а.аюул осол болсон газрын байршил, огноо, цаг хугацаа;
3.15.2.б.аюулд өртсөн хог хаягдлын төрөл, тоо хэмжээ;
3.15.2.в.үүсч болзошгүй аюултай нөхцөл байдал болон үүссэн нөхцөл
байдлын талаарх мэдээлэл;
3.15.2.г.шаардагдах материал болон түүний хэмжээ.
3.16. Тээвэрлэгч нь аюултай хог хаягдал асгарсан, алдагдсан талаарх мэдээллийг 30 хоногийн дотор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад хүргүүлнэ. Мэдээлэлд дараах зүйлийг тусгана:
3.16.1.мэдээ гаргагчийн нэр, хаяг, утасны дугаар;
3.16.2.аюултай хог хаягдал асгарсан, алдагдсан газрын нэр, байршил, огноо;
3.16.3.асгарсан, алдагдсан аюултай хог хаягдлын нэр, ангилал;
3.16.4.тээвэрлэж явсан болон асгарсан, алдагдсан аюултай хог хаягдлын хэмжээ;
3.16.5.аюултай хог хаягдал асгарч алдагдах болсон шалтгаан;
3.16.6.нөлөөлөлд өртсөн, хордсон хүний тоо;
3.16.7.бохирдолд өртсөн хөрс, ус, барилга байгууламжийн хэмжээ, талбай;
3.16.8.ослын үед авсан арга хэмжээ, түүнийг хариуцаж хэрэгжүүлсэн хүний овог, нэр, албан тушаал, хаяг.
3.17. Тээвэрлэгч нь асгарсан, алдагдсан хог хаягдлыг байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй түвшинд хүртэл цэвэрлэх арга хэмжээг авах бөгөөд уг арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг буруутай этгээд хариуцна.
3.18. Тээвэрлэгч нь тухайн жил тээвэрлэсэн аюултай хог хаягдлын талаарх мэдээллийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан аюултай хог хаягдал тээвэрлэх үйл ажиллагааны тайлангийн маягтын дагуу гаргаж, “Хог хаягдлын улсын мэдээллийн нэгдсэн сангийн тогтолцоо, бүрдэл болон мэдээлэл төвлөрүүлэх журам”-д заасан байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлнэ.
Дөрөв. Аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах,
устгах үйл ажиллагаа
4.1. Аюултай хог хаягдлыг хадгалах, дахин боловсруулах, устгах байгууламж нь Хог хаягдлын тухай хуулийн 25.3-т зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
4.1.1.аюул ослын үед дохио өгөх дохиоллын болон дотоод холбооны систем суурилуулсан байх;
4.1.2.аюул ослын үед орон нутгийн цагдаагийн болон онцгой байдлын байгууллагатай шууд холбоо барих утастай байх;
4.1.3.зөөврийн галын хор, гал унтраах (хөөс, инертийн хий, хуурай химийн бодис гэх мэт гал унтраах зориулалтын тоноглол) болон асгарсан шингэний урсалтыг хязгаарлах тоноглол, хоргүйжүүлэх тоног төхөөрөмж, бодис, материалтай байх;
4.1.4.даралттай ус хангалттай хэмжээгээр өгөх боломжтой хоолой, хөөс үүсгэгч тоног төхөөрөмж, ус бороожуулагч системтэй байх.
4.2. Аюултай хог хаягдлыг цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь Хог хаягдлын тухай хуулийн 26.1-д зааснаас гадна дараах шаардлагын дагуу ажиллана:
4.2.1.энэ журмын 4.1-д заасан тоног төхөөрөмжийн ажиллагааг шалгаж туршин, засвар үйлчилгээг тогтмол хийж, тэмдэглэл хөтлөх;
4.2.2.орон нутгийн мэргэжлийн хяналт, цагдаа болон онцгой байдлын байгууллагад өөрийн байгууламжийн бүтэц, үйл ажиллагаа, устгаж, боловсруулж байгаа хог хаягдлын шинж чанар, гарч болзошгүй аюул осол, ажилтнуудын ажлын байрны байршил, байгууламжийн доторх орц, гарц, зам, ослын гарцын талаар жил бүр танилцуулж, мэдээллээр хангана;
4.2.3.орон нутгийн эмнэлгийн ажилтнуудад байгууламжид устгаж, боловсруулж байгаа хог хаягдлын шинж чанар, галын аюул, дэлбэрэлт болон аюултай хог хаягдал алдагдах үед гарч болзошгүй өвчлөл, гэмтэл, хордлогын талаар жил бүр танилцуулна;
4.2.4.“Аюултай! Гадны хүн зөвшөөрөлгүй орохыг хориглоно” гэсэн анхааруулгыг гол хаалга болон дотоод байгууламжийн хаалга тус бүр дээр хамгийн багадаа 10 м-ийн зайнаас харагдахуйцаар байрлуулах;
4.2.5.аюултай хог хаягдлыг хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаанаас үүсэж болох аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор дараах ажиллагаанд хяналт тавих төлөвлөгөөтэй байх:
4.2.5.а.технологийн тоног төхөөрөмжийн ажиллагаа;
4.2.5.б.аюул ослоос урьдчилан сэргийлэх, түүнийг мэдрэх, хариу арга хэмжээ авах зориулалттай хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмж, тоноглол, дохиоллын системийн ажиллагаа;
4.2.5.в.ашиглалтын болон барилгын бүтээц хэсгийн (далан суваг, хураагуур гэх мэт) бүрэн бүтэн байдал.
4.2.6.энэ журмын 4.2.5-д заасан төлөвлөгөөнд эвдрэл, гэмтэл гарах болон чанар байдал нь алдагдсанаас үүсэж болох эрсдэлийн (далан суваг элэгдэх, шингэн алдагдах) жагсаалтыг тусгаж, хяналт шалгалтыг төлөвлөгөөний дагуу хийх;
4.2.7.энэ журмын 4.2.5-д заасан төлөвлөгөөний дагуу хяналт шалгалт хийх хугацааг (тухайн үйлдэл бүрийн үед, өдөр бүр, сард гэх мэт) тухайн тоног төхөөрөмжийн элэгдэлд өртөх хугацаа, хэвийн ажиллагаа алдагдах, эвдрэл гэмтэлд өртөх магадлал, хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой эрсдэл үүсэх магадлал, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн зэргээс хамааруулан тогтоох;
4.2.8.хяналт шалгалт хийх үед дэлгэрэнгүй бүртгэл хөтөлж, дүгнэлт гаргах бөгөөд уг бүртгэл, дүгнэлтийн материалыг шалгалт хийсэн өдрөөс хойш 10 жил хадгалах;
4.2.9.энэ журмын 4.2.8-д заасан бүртгэл, дүгнэлтэд хяналт шалгалт хийсэн өдрийн огноо, гүйцэтгэсэн хүний овог, нэр, албан тушаал, хийсэн ажиглалтын талаарх тэмдэглэл, илэрсэн зөрчлийг арилгах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээг тэмдэглэх;
4.2.10.хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээг яаралтай авах;
4.2.11.аюултай хог хаягдалтай ажилладаг ажлын байр болон тухайн ажлын байранд ажилладаг ажилтнуудын жагсаалт, нэг бүрээр гаргасан ажлын байрны тодорхойлолтыг гаргаж, баталсан байх.
4.3. Аюултай хог хаягдлыг хадгалах, дахин боловсруулах, устгах байгууламжинд ажилладаг ажилтан тухайн ажлын байрны шаардлагыг хангах зохих сургалтад хамрагдсан байна. Сургалт нь танхимын болон ажлын байран дээр дадлагажуулах сургалт гэсэн хэсгээс бүрдэнэ.
4.4. Энэ журмын 4.3-т заасан сургалтын агуулга нь дараах хөтөлбөрөөс бүрдэнэ:
4.4.1.аюултай хог хаягдалтай харьцах болон тухайн ажлын байранд ажиллах заавар;
4.4.2.ажилтны хувийн хамгаалах хэрэгсэл, хяналтын болон авран хамгаалах багаж, хэрэгслийг ашиглах, шалгах, засварлах, солих заавар;
4.4.3.технологийн гол параметрүүдийг хянах заавар;
4.4.4.холбоо болон дохиоллын системийг ашиглах заавар;
4.4.5.галын аюул болон дэлбэрэлт үүссэн үед ажиллах заавар;
4.4.6.газрын доорх ус бохирдсон тохиолдолд ажиллах заавар;
4.4.7.анхны тусламж үзүүлэх заавар;
4.4.8.системийг унтраах, зогсоох заавар.
4.5. Энэ журмын 4.3-т заасан сургалтын үргэлжлэх хугацаа 3 сараас багагүй байна.
4.6. Сургалтад хамрагдсан ажилтныг жил бүр давтан сургалтад хамруулна.
4.7. Аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь ажилтнуудыг жилд нэг удаа эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна.
4.8. Аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд аюул учруулах хэмжээгээр агаар, хөрс, усанд санамсаргүй болон санаатайгаар аюултай хог хаягдал алдах, тэсэрч дэлбэрэх, галын аюул гарах үед үүсэх эрсдэлийг хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулах зорилго бүхий аюул, ослын үед ажиллах төлөвлөгөөтэй байна.
4.9. Аюул, ослын үед ажиллах төлөвлөгөөнд аюул, осол үүсэх үед байгууламжийн ажилтнуудын авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үүргийг тодорхойлж, дараах жагсаалтыг хавсаргасан байна:
4.9.1.онцгой байдлын зохицуулагч болон ослын үед ажиллах шуурхай бүлэгт томилогдсон ажилтнуудын овог нэр, гэрийн хаяг, утасны дугаар;
4.9.2.аюул, ослын үед ашиглах тоног төхөөрөмж, техник хэрэгслийн жагсаалт (гал унтраах, асгаралтыг хянах, холбоо дохиоллын систем, хоргүйжүүлэх, саармагжуулах тоног төхөөрөмж, хэрэгсэл гэх мэт);
4.9.3.энэ журмын 4.9.2-т заасан тоног төхөөрөмж, хэрэгсэл нэг бүрийн гадаад хэлбэр дүрс, тэдгээрийн байршлыг заасан бүдүүвч зураг.
4.10. Аюул, ослын үед ажиллах төлөвлөгөөнд шаардлагатай тохиолдолд байгууламжийн ажилтан болон ойр орчмын байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, оршин суугч иргэд, мал, гэрийн тэжээвэр амьтныг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг хавсаргасан байна.
4.11. Нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөнд нүүлгэн шилжүүлэлт эхлэх үед ажиллах дохиолол, нүүлгэн шилжүүлэх зам, гарц, аюулд өртсөн тохиолдолд ашиглах нэмэлт гарц зэргийг заасан байна.
4.12. Аюул, ослын үед ажиллах төлөвлөгөөг хамтран ажиллах гэрээ байгуулсан орон нутгийн мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллага болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зэрэг бусад гэрээ байгуулсан байгууллагуудад хүргүүлнэ.
4.13. Аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь дараах тохиолдолд аюул, ослын үед ажиллах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, орон нутгийн онцгой байдлын газраар батлуулна:
4.13.1.үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдсөн;
4.13.2.уг төлөвлөгөөг аюул, ослын үед ашиглан ажиллагаа явуулахад шаардлага хангаагүй;
4.13.3.байгууламжийн загвар, барилга байгууламж, үйл ажиллагаа өөрчлөгдсөн;
4.13.4.ашиглалтын болон бусад горимд өөрчлөлт орсон (гал, тэсрэх аюул үүсгэх, аюултай хог хаягдал алдагдах боломжтой хог хаягдлын хэмжээ ихэссэн);
4.13.5.аюул, ослын үед авах арга хэмжээ өөрчлөгдсөн;
4.13.6.аюул, ослын үед ашиглах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, материал өөрчлөгдсөн.
4.14. Аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь онцгой байдлын зохицуулагч болон түүний эзгүйд орлох этгээдийг томилно.
4.15. Онцгой байдлын зохицуулагч нь дараах баримт материалыг бүрэн судалж, ашиглах болон ажиллах дадлыг эзэмшсэн байна:
4.15.1.аюул, ослын үед ажиллах төлөвлөгөө;
4.15.2. байгууламжийн техник, технологи, үйл ажиллагаа;
4.15.3. аюултай хог хаягдлын шинж чанар болон байрлал;
4.15.4.байгууламжийн бүх бүртгэл, бичлэгийн байршил;
4.15.5.байгууламжийн дотоод зохион байгуулалт, байршил.
4.16. Онцгой байдлын зохицуулагч нь аюул, ослын үед дараах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлнэ:
4.16.1.байгууламжийн дохиолол, холбооны системийг ажиллуулах;
4.16.2.шаардлагатай тохиолдолд орон нутгийн онцгой байдлын болон мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэх;
4.16.3.аюулын шинж чанар, эх үүсвэр, тоо хэмжээ, цар хүрээг тодорхойлох;
4.16.4.хүлээн авсан, боловсруулсан, устгасан аюултай хог хаягдлын бүртгэл, хяналт-шинжилгээний бичлэг, химийн шинжилгээний дүн зэргийг хянаж үзэх;
4.16.5.ослын үед үүсч, хүний эрүүл мэнд, байгаль орчинд аюул учруулж болзошгүй аюулыг үнэлэх. Ингэхдээ аюултай хог хаягдал алдагдах, гал гарсан болон дэлбэрэлт болсон үед шууд болон шууд бусаар үүсэх аюулын аль алиныг авч үзнэ (хортой, идэмхий, амьсгал боогдуулагч хий үүссэнээс үзүүлэх нөлөө, гал унтраах болон дэлбэрэлтийн үед үүссэн дулааныг бууруулахад ашигласан ус, химийн бодисоос үүссэн урсац гадаргын усанд хортой нөлөө үзүүлэх гэх мэт).
4.17. Хэрэв онцгой байдлын зохицуулагч байгууламжид үүссэн аюул, ослоос байгууламжийн гаднах хүн ам, байгаль орчинд хор, аюул учруулахаар байгааг тогтоовол орон нутгийн мэргэжлийн хяналтын болон улсын онцгой байдлын байгууллагад яаралтай мэдэгдэж, дараах мэдээллийг өгнө:
4.17.1.өөрийн овог нэр, утасны дугаар;
4.17.2.байгууламжийн нэр, байршил;
4.17.3.аюул, ослын төрөл (гал, хаягдал алдагдах гэх мэт);
4.17.4.аюул, осол гарсан хугацаа;
4.17.5.аюул үүсгэсэн материалын нэр төрөл, тоо хэмжээ, тархалт;
4.17.6.хор аюулын цар хүрээ;
4.17.7.байгууламжийн гаднах хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учруулж болох аюул;
4.17.8.хэрэв хүний эрүүл мэндэд аюул учруулсан тохиолдолд өртсөн болон нас барсан хүний тоо.
4.18. Онцгой байдлын зохицуулагч нь аюул, осол гарсан үед бусад хог хаягдал гал болон дэлбэрэлтэд өртөх, асгарах, алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор технологийн процесс, үйл ажиллагааг зогсоох, асгарсан хог хаягдлыг цуглуулах, савлах, савласан хаягдлыг зөөх, тусгаарлах гэх мэт боломжтой бүх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
4.19. Хэрэв үүсч болох аюулаас урьдчилан сэргийлж технологийн процессыг зогсоосон тохиолдолд онцгой байдлын зохицуулагч нь даралт нэмэгдэх, аюултай хог хаягдал асгарах, алдагдах, хий үүсэх, хавхаг хаалт, шугам хоолой болон бусад тоног төхөөрөмжид гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж, хяналт тавина.
4.20. Аюул, осол гарсны дараа онцгой байдлын зохицуулагч нь асгарсан хаягдал, бохирдсон хөрс, ус болон бусад бохирдсон материалыг яаралтай цэвэрлэх, савлах, устгах арга хэмжээг авна.
4.21. Онцгой байдлын зохицуулагч нь байгууламжийн аюул, осолд өртсөн талбайг цэвэрлэх, савлаж, устгаж байгаа хог хаягдалтай нийцэхгүй хог хаягдал байгаа эсэх, аюул, ослын үед ашиглах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг цэвэрлэх, зохих байрлалд нь тавьсан эсэхэд хяналт тавина.
4.22. Аюултай хог хаягдлыг хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь аюул, ослын үед ажиллах төлөвлөгөөг хэрэгжүүлсэн тохиолдол бүрт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаг хугацаа зэргийг тэмдэглэж, аюул, осол тохиолдсон өдрөөс хойш 15 хоногийн дотор дараах мэдээлэл бүхий тайланг орон нутгийн онцгой байдлын болон мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлнэ:
4.22.1.аюултай хог хаягдал устгах, хадгалах, дахин боловсруулах үйл ажиллагаа эрхлэгчийн нэр, хаяг, утасны дугаар;
4.22.2.байгууламжийн нэр, гэрийн хаяг, утасны дугаар;
4.22.3.аюул, ослын төрөл, гарсан огноо, цаг, минут;
4.22.4.аюулд өртсөн материалын нэр, тоо хэмжээ;
4.22.5.аюулд өртсөн цар хүрээ;
4.22.6.хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх бодит болон болзошгүй аюулын үнэлгээ;
4.22.7.аюул, ослын үед үүссэн материалын (бохирдсон ус, бодис шингээсэн материал гэх мэт) тоо хэмжээ, төлөв байдал;
4.22.8.авч хэрэгжүүлсэн арга хэмжээ.
4.23. Аюултай хог хаягдлыг хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь шатамхай, урвалын идэвхтэй, нийцгүй хог хаягдлыг бусад хог хаягдлаас тусад нь хадгалах бөгөөд түүний ойролцоо ил гал гаргах, тамхи татах, гагнуур хийх, металл тасдах болон үрэлтээс үүсэх дулаан, оч (статик, цахилгаан, механик оч), өөрөө урвалд орж халдаг бодис, цацрагийн дулаан, халуун гадаргуу зэрэг эх үүсвэртэй ойр байршуулахыг хориглоно.
4.24. Шатамхай, урвалын идэвхтэй болон нийцгүй хог хаягдалтай харьцах газруудад “Тамхи татахыг хориглоно”, “Ил гал гарахыг хориглоно” гэсэн анхааруулгыг харагдахуйц газар байрлуулсан байна.
4.25. Шатамхай, урвалын идэвхтэй болон нийцгүй аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь ажлын байрны аюулгүй байдлыг хангасан, дараах нөхцөл байдал хяналтгүй үүсэхээс сэргийлсэн байгууламжид үйл ажиллагаа явуулна:
4.25.1.гэнэтийн халалт, гал гарах, тэсрэлт үүсэх, даралт нэмэгдэх, эрчимтэй урвалжих;
4.25.2.хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөл учруулахуйц хэмжээгээр хортой уур, манан, тоос, хий үүсэх;
4.25.3.гал гарах, тэсрэлт үүсгэх үед шатамхай уур, хий үүсэх;
4.25.4.байгууламж болон тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал алдагдах, гэмтэл гарах;
4.25.5.хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөтэй шингэн алдагдах.
4.26. Аюултай хог хаягдлыг хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь үйл ажиллагааны бүртгэлийг Хог хаягдлын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу тогтмол хөтөлж, хадгална.
4.27. Аюултай хог хаягдлыг шатааж устгах үйл ажиллагаа эрхлэгч нь байгууламжийн үйл ажиллагааг зогсоож, хаахдаа шатаалтын зуухнаас бүх хог хаягдал, тэдгээрийн үлдэгдлийг (үнс, скруберийн ус болон лаг гэх мэт) зайлуулсан байна.
4.28. Аюултай хог хаягдал шатаах үйл ажиллагааны горим, технологийн үзүүлэлтийг тогтоох туршилтын шатаалтаар доорх үзүүлэлтүүдийг тодорхойлж, бүртгэл хөтөлнө:
4.28.1.хаягдал дахь аюултай органик үндсэн бүрэлдэхүүн (АОҮБ);
4.28.2.яндангаас гарах утааны хий дэх аюултай органик үндсэн бүрэлдэхүүн, хүчилтөрөгч (O2), хлорт устөрөгч (HCl);
4.28.3.үнс, скруберийн ус болон бусад үлдэгдлийн найрлагын тоон шинжилгээ;
4.28.4.утааны хий дэх тоосны хэмжээ;
4.28.5.шатаалтын хийн хурд, температур (тасралтгүй хэмжилтээр);
4.28.6.яндангаас гарах утааны хий дэх нүүрстөрөгчийн монооксидын (CО) агууламж (тасралтгүй хэмжилтээр);
4.28.7.зориудын бусаар үүсдэг удаан задардаг органик бохирдуулагч.
4.29. Ландфиллын үйл ажиллагаа эрхлэгч нь ландфилл байгуулах болон доторлогооны систем тавих явцад доторлогооны системийн жигд байдал, гэмтэл, эвдрэл үүссэн эсэхэд (нүх, цууралт, толбо, нимгэрэлт, гадны биет гэх мэт) хяналт тавина.
4.30. Аюултай хог хаягдал хадгалах үйл ажиллагаа эрхлэгч нь Хог хаягдлын тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаас гадна дараах шаардлагыг мөрдөнө:
4.30.1.аюултай хог хаягдлыг юүлэх болон нэмэхээс бусад тохиолдолд савыг байнга таглаж битүү байлгах;
4.30.2.аюултай хог хаягдалтай савыг онгойлгох, зөөх, ачиж буулгах, хадгалахдаа эвдэрч гэмтэх, хог хаягдал асгарахаас сэргийлж, аюулгүй ажиллагааг хангасан байх;
4.30.3.аюултай шингэн хог хаягдал хадгалах сав байрлуулах талбай нь дараах шаардлагыг хангасан хязгаарлалтын системтэй байна:
4.30.3.а.хязгаарлалтын системийн суурь нь эвдрэл гэмтэл, завсар зайгүй, асгарсан, алдагдсан хаягдал, хуримтлагдсан хур тунадасны усыг тогтоон барих боломжтой хаалт, хашилттай байх;
4.30.3.б.алдагдсан, хуримтлагдсан шингэнийг тогтоон барих хязгаарлалтын системийн эзлэхүүн нь уг суурин дээр байрласан савнуудын нийт эзлэхүүнээс, эсхүл хамгийн том савны эзлэхүүнээс 10 хувиар их байх.
4.30.4.алдагдсан, хуримтлагдсан шингэнийг хальж алдагдахаас урьдчилан сэргийлж, хураагуур болон хязгаарлалтын системд хуримтлагдсан шингэнийг тухай бүр нь зайлуулж байх;
4.30.5.аюултай хуурай хог хаягдал хадгалах сав байрлуулах талбай нь дараах шаардлагыг хангасан байна:
4.30.5.а.талбайн суурь нь налуу байх, эсхүл хуримтлагдсан хур тунадсыг зайлуулах, шавхах боломжтой байхаар төлөвлөгдөж, хийгдсэн байх;
4.30.5.б.хур тунадас, нарны шууд тусгалаас хамгаалсан дээвэртэй байх.
4.30.6.шатамхай болон урвалын идэвхтэй хог хаягдал хадгалах савыг байгууламжийн доторх барилга байгууламжаас 15 метрээс багагүй зайд байрлуулсан байх;
4.30.7.нийцгүй хог хаягдал хадгалж байсан савыг цэвэрлэлгүйгээр өөр хог хаягдал савлахад ашиглахгүй байх;
4.30.8.нийцгүй хог хаягдал хадгалж байгаа савыг бусад хог хаягдал хадгалдаг савтай ойр байрлуулсан тохиолдолд далан, суваг, хана гэх мэтээр тусгаарлаж, эрсдэл үүсэхээс хамгаалсан байх;
4.30.9.аюултай хог хаягдлыг хадгалах сав байрлаж байгаа газарт 7 хоногт нэгээс доошгүй удаа үзлэг, шалгалт хийж, асгаралт, алдагдал, эвдрэл гэмтэл, элэгдэл, зэврэлт гарсан эсэхийг тогтоож байх.
Тав. Аюултай хог хаягдал хүлээн авах
5.1. Аюултай хог хаягдлыг хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь аюултай хог хаягдлыг дагалдах бичигт заасан хог хаягдал мөн эсэх, үл зохицол байгаа эсэхийг шалган гарын үсэг зурж, хүлээн авна.
5.2. Аюултай хог хаягдлыг хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч энэ журмын 5.3-5.5-д заасан үл зохицол илэрсэн тохиолдолд хог хаягдлыг хэсэгчлэн болон бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж болно. Энэ тохиолдолд холбогдох зардлыг буруутай этгээд хариуцна.
5.3. Дараах тохиолдолд хог хаягдлын дагалдах бичигт үл зохицол үүссэн гэж үзнэ:
5.3.1.хог хаягдлын төрөл, тоо хэмжээ нь дагалдах бичигт байгаа мэдээллээс зөрүүтэй байх;
5.3.2.хог хаягдлыг хүлээн авах боломжгүй хэмжээнд хэт дүүрэн эсхүл бага ачилттай байх;
5.3.3.хоосон сав гэж ирсэн хаягдал дахь бүтээгдэхүүний үлдэгдэл нь энэхүү журмын 5.7-д заасан “хоосон” сав гэж үзэх хэмжээнээс их байх.
5.4. Аюултай хог хаягдлыг хүлээн авах үед хаягдлын жингийн зөрүү 5 хувиас их, эсхүл савлагаатай хаягдлын хувьд 1 тэвшин дэх торхны тооны зөрүү нэг болон түүнээс их байгаа тохиолдолд хог хаягдлын тоо хэмжээний үл зохицол гэж үзнэ.
5.5. Үзлэг болон химийн шинжилгээгээр нэр төрөл тохирохгүй байгаа нь тогтоогдсон, эсхүл хог хаягдлын дагалдах бичигт аюултай шинж чанар үзүүлэгч бүрэлдэхүүнийг мэдүүлээгүй тохиолдолд хог хаягдлын төрлийн үл зохицол гэж үзнэ.
5.6. Хүлээн авагч хүлээн авсан аюултай хог хаягдлыг савнаас нь суллахад хоосон сав гэж үзэх энэ журмын 5.7-5.9-д заасан шаардлагыг хангахгүй байвал үүсгэгчтэй зөвлөлдөж, савыг суллах боломжтой аргыг сонгоно.
5.7. Шахсан хий болон онцгой хортой химийн бодисоос бусад аюултай хог хаягдал савласан сав болон дотоод давхар савлагааны уутыг дараах тохиолдолд хоосон гэж үзнэ:
5.7.1.доторх бүх хаягдлыг нь сулласан;
5.7.2.савны болон дотоод давхар савлагааны уутны ёроолд 2.5 см-ээс ихгүй үлдэгдэл үлдсэн;
5.7.3.савны эзлэхүүн 450 литртэй тэнцүү буюу түүнээс бага байвал савны нийт багтаамжийн 3 хувиас (жингийн) ихгүй үлдэгдэл (хог хаягдал) сав болон дотоод давхар савлагааны уутанд үлдсэн;
5.7.4.савны эзлэхүүн 450 литрээс их байвал нийт багтаамжийн 0.3 хувиас (жингийн) ихгүй үлдэгдэл (хог хаягдал) сав болон дотоод давхар савлагааны уутанд үлдсэн.
5.8. Шахсан хий агуулсан савны дотоод даралт атмосферийн даралттай ойролцоо байвал уг савыг хоосон гэж үзнэ.
5.9. Онцгой хортой химийн бодис савласан савыг дараах тохиолдолд хоосон гэж үзнэ:
5.9.1.тухайн аюултай хог хаягдлыг зайлуулах чадвар бүхий бодисын уусмалаар 3 удаа зайлж цэвэрлэсэн;
5.9.2.савны болон дотоод давхар савлагааны уутыг аюултай хог хаягдал үүсгэгчийн санал болгосон, эсхүл холбогдох мэргэжлийн байгууллагаас баталсан арга, аргачлалаар цэвэрлэсэн;
5.9.3.давхар савлагаатай хаягдлын хувьд доторх савтай нь хамт хаягдлыг сулласан (гаднах сав нь агуулж буй аюултай хог хаягдлаар бохирдоогүй байх).
5.10. Хүлээн авагч энэ журмын 5.3-5.5-д заасан үл зохицол илэрсэн хог хаягдлыг хүлээн авсан тохиолдолд үүсгэгч болон тээвэрлэгчээс шалтгааныг тодруулж, үл зохицлыг арилгахтай холбогдон гарах зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ.
5.11. Аюултай хог хаягдлыг хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч хог хаягдлыг хүлээн авснаас хойш 10 жилийн хугацаанд хог хаягдлын дагалдах бичгийг хадгална.
Зургаа. Аюултай хог хаягдлын үүсгэгч болон тээвэрлэх,
цуглуулах, дахин боловсруулах, устгах үйл
ажиллагаа эрхлэгчийг бүртгэх
6.1. Аюултай хог хаягдал үүсгэгч болон аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлж, бүртгэлийн дугаар авна.
6.2. Аюултай хог хаягдлыг өмчлөгч нь өмчлөх эрхээ шилжүүлсэн, эсхүл байгууламжийн байршил өөрчлөгдсөн тохиолдолд энэ журмын 6.1-д заасны дагуу дахин шинээр бүртгүүлнэ.
6.3. Бүртгэлийн дугаар нь үсэг бүхий 5 цифрээс бүрдэх бөгөөд үйл ажиллагааны төрлөөс хамаарч дараах үсгээр эхэлнэ:
6.3.1.үүсгэгчийн бүртгэлийн дугаар “Ү”;
6.3.2.тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэлийн дугаар “Т”;
6.3.3.цуглуулах ажиллагаа эрхлэгчийн бүртгэлийн дугаар “Ц”;
6.3.4.дахин боловсруулах ажиллагаа эрхлэгчийн бүртгэлийн дугаар “Б”;
6.3.5.устгах үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэлийн дугаар “У” үсгээр эхэлнэ. Жишээ нь: Ү000001
Долоо. Хяналт-шинжилгээ хийх
7.1. Аюултай хог хаягдлыг хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч газрын доорх ус, гадаргын ус, хөрс, агаарын хяналт-шинжилгээний болон хариу арга хэмжээний хөтөлбөртэй байх бөгөөд хөтөлбөрийн дагуу хяналт-шинжилгээг хийнэ.
7.2. Энэ журмын 7.1-д заасан хөтөлбөрт дараах асуудлыг заавал тусгана:
7.2.1.хяналт-шинжилгээний төрөл, хугацаа, талбай;
7.2.2.хяналт-шинжилгээ хийх арга;
7.2.3.хариу арга хэмжээ.
7.3. Газрын доорх усны хяналт-шинжилгээний цооног нь газрын гадаргаас доош босоо чиглэлд газрын доорх усны дээд үе хүртэл үргэлжлэх бөгөөд байгууламжийн газрын доорх усны хяналт-шинжилгээний систем нь газрын доорх усны хамгийн дээд үеэс дээж авах боломж бүхий гүнд суурилагдсан, тогтоосон цэгт гаргасан, хангалттай тооны хяналтын худагтай байна.
7.4. Газрын доорх усны хяналтын худгаас дээж авах бүртээ газрын доорх усны түвшинг хэмжиж, бүртгэл хөдөлнө.
7.5. Газрын доорх усны хяналт-шинжилгээний үргэлжлэх хугацаа нь тухайн байгууламжийн үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл авсан өдрөөс байгууламжийг хаах хүртэл байна.
7.6. Газрын доорх усны цооног гаргах зөвшөөрлийг тухайн орчны газрын доорх усны суурь судалгаа, цооногийн гүний болон байршлын зураг төсөлд үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
7.7. Гүний худаг болон гадаргын усанд хяналт-шинжилгээ хийх талбай нь байгууламжийн хилээс 1500 метрийн радиус дотор байна.
7.8. Аюултай хог хаягдлыг хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь байгууламжийг хаасан тохиолдолд Хог хаягдлын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу хаалтын дараах хяналт-шинжилгээг хийнэ.
7.9. Хаалтын дараах хяналт-шинжилгээг дор дурдсан чиглэлээр хийж, тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ:
7.9.1.байгууламжийн бүрэн бүтэн байдал;
7.9.2.шүүрэл ялгарч буй эсэх;
7.9.3.газрын доорх усны хяналт-шинжилгээ.
7.10. Газрын доорх усны хяналт-шинжилгээг тухайн байгууламжийг хаасан өдрөөс хойш газрын доорх усны чанар дараалсан 3 жилийн турш стандартын шаардлага хангаж байгааг нь нотлогдсон тохиолдолд зогсооно.
7.11. Аюултай хог хаягдлыг хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч хяналт-шинжилгээгээр ялгарал, шүүрэл илэрсэн тохиолдолд авах арга хэмжээний төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж, нөлөөллийг арилгах арга хэмжээг авна.
7.12. Аюултай хог хаягдлыг хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч Хог хаягдлын тухай хуулийн 32.7-д заасан зардлыг итгэлцлийн сан байгуулж төвлөрүүлэх тохиолдолд дараах журмыг мөрдөнө:
7.12.1.нийт зардлыг тухайн байгууламжийн ажиллах жилд хувааж, нэг жилд ноогдох хэмжээг тогтооно;
7.12.2.эхний жилд ноогдох зардлыг анхны хог хаягдлаа хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор, дараагийн жилүүдэд өмнөх жилийн зардал дансанд төвлөрүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор тус тус итгэлцлийн санд төвлөрүүлнэ.
7.13. Аюултай хог хаягдлыг хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч Хог хаягдлын тухай хуулийн 32.7-д заасан зардлыг барьцаа хөрөнгө байршуулах замаар төвлөрүүлэх тохиолдолд нийт зардлыг анхны хог хаягдлаа хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор барьцаа хөрөнгийн дансанд байгууламжийг хаах хүртэлх хугацаагаар, зарцуулах эрхгүйгээр байршуулна.
7.14. Энэ журмын 7.12, 7.13-т заасан дансанд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулахтай холбогдсон үйл ажиллагааг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан гэрээгээр зохицуулна.
Найм. Аюултай хог хаягдлыг устгах, хадгалах, дахин
боловсруулах үйл ажиллагаанаас үүсэх ялгарлыг
хянах системд тавигдах шаардлага
8.1. Аюултай хог хаягдлыг хадгалах, дахин боловсруулах, устгах байгууламжийн үйл ажиллагаанаас үүсэх ялгарлыг хянах систем нь Хог хаягдлын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.
8.2. Аюултай хог хаягдлыг хадгалах, дахин боловсруулах, устгах байгууламжийн ажлын байр, агуулах зэрэг битүү орчны агаарыг сэлгэх агааржуулалтын нэгдсэн системтэй байх бөгөөд уг системээс гарсан агаарыг шатаалтын зууханд өгч байгаа агаартай нийлүүлж шатаах, эсхүл цэвэршүүлж агаарт хаях аргаар зайлуулна.
8.3. Агаарт ялгарах ялгаралд хяналт тавих системтэй байх бөгөөд хэмжилтийг тасралтгүй, эсхүл тогтоосон хугацаанд хийж, үр дүнг бүртгэнэ.
8.4. Аюултай хог хаягдлыг дахин боловсруулах, устгах байгууламж нь нэрэх, ууршуулах, уусгагчаар хандлах процесс, хий болон уур цэвэрлэх систем зэргээс үүссэн хүнд болон хөнгөн, шингэн хаягдлыг цуглуулах, хуримтлуулах тоноглолтой байна.
Ес. Бусад
9.1. Аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь тухайн жилд гүйцэтгэсэн ажлын тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан маягтын дагуу гаргаж, холбогдох байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлнэ.
9.2. Энэхүү журмыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд Хог хаягдлын тухай хууль болон холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A