A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2018 оны 184 дүгээр
  тогтоолын 1 дүгээр хавсралт

 

СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ҮЗЛЭГ ХИЙХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн       8.4-т заасан төлөөллийн болон яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний жагсаалтад бүртгэгдсэн соёлын биет бус өвийн хадгалалт, хамгаалалтын байдлыг мөн хуулийн 26.1-д заасны дагуу гурван жил тутам нягтлан үзэж, дүн шинжилгээ хийх үйл ажиллагааг зохицуулахад оршино.

1.2. Соёлын биет бус өвийн үзлэг хийхэд бэлтгэх, зохион байгуулах, тайлагнахад энэхүү журмыг мөрдөнө.

1.3. Соёлын биет бус өвийн үзлэг хийх ажлыг нэгдсэн арга зүйгээр хангах, зохион байгуулах, тайлагнах үүргийг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцна.

1.4. Соёлын биет бус өвийн үзлэгийг Улсын Их Хурлын 2001 оны 57 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын 4.3-т заасны дагуу бүсчлэн зохион байгуулна. 

1.5. Соёлын биет бус өвийн үзлэгийг хуанлийн жилд багтаан зохион байгуулна.

Хоёр. Үзлэг хийхэд бэлтгэх

2.1. Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга соёлын биет бус өвийн үзлэг хийх ажлын удирдамж болон үзлэгийн ажлыг энэхүү журмын 1.4-т заасан бүс нутагт хэрэгжүүлэх ажлын хэсэг (цаашид “Ажлын хэсэг” гэх)-ийн бүрэлдэхүүнийг батална.

2.2. Ажлын хэсэгт төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, үзлэгт хамрагдах орон нутгийн төлөөллийг оролцуулах бөгөөд дарга, нарийн бичгийн дарга, 5-аас дээшгүй гишүүнээс бүрдэнэ.    

2.3. Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга соёлын биет бус өв болон өвлөн уламжлагчийн тоо хэмжээ, газар нутгийн цар хүрээнээс хамаарч энэхүү журмын 1.4-т заасан бүс нутагт хэд хэдэн Ажлын хэсэг томилон ажиллуулж болно. 

2.4. Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тухайн бүс нутагт уламжлан хадгалагдсан соёлын биет бус өвийн бүртгэлийг бэлтгэж, Ажлын хэсэгт хүлээлгэн өгнө.  

2.5. Бүх шатны Засаг дарга Ажлын хэсэгт шаардлагатай дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.

2.6. Соёлын биет бус өвийн үзлэг хийхэд шаардагдах зардлыг Соёл, урлагийг дэмжих санд хуваарилагдсан хөрөнгөөс санхүүжүүлнэ.

Гурав. Үзлэгийн ажлыг зохион байгуулах

3.1. Ажлын хэсэг соёлын биет бус өвийн үзлэгийн ажлыг холбогдох хууль, энэхүү журамд заасны дагуу үнэн зөв, шуурхай, чанартай зохион байгуулна.

3.2. Ажлын хэсэг дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

        3.2.1. соёлын биет бус өвийн хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдлыг тандан судлах;

        3.2.2. соёлын биет бус өвийг сурвалжлан олж, судлах;

        3.2.3. соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч болон орон нутгийн ард иргэдтэй уулзаж мэдээлэл цуглуулах;

        3.2.4. соёлын биет бус өвийн хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдалд эерэг, сөрөг нөлөөлж байгаа хүчин зүйлийг илрүүлж, тогтоох;

        3.2.5. соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн тоо болон газар нутгийн тархалтыг тогтоох;

        3.2.6. соёлын биет бус өвийг хамгаалах чиглэлээр тухайн орон нутагт зохион байгуулагдсан арга хэмжээний талаарх мэдээллийг цуглуулах;

        3.2.7. соёлын биет бус өв тус бүрийн хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх;

        3.2.8. соёлын биет бус өв, түүнийг өвлөн уламжлагчийг гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулах;

        3.2.9. соёлын биет бус өвийн үзлэгийн тайланг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх.

3.3. Ажлын хэсгийн дарга Ажлын хэсгийн үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангаж, үзлэгийн ажлыг зохион байгуулах төлөвлөгөөг батлан, гишүүдийн хариуцах ажил үүргийг тогтооно. 

3.4. Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга ажлын хэсгийн үйл ажиллагааг баримтжуулах, холбогдох баримт бичгийг хадгалах, ажлын хэсгийн даргаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг хариуцна.

3.5. Ажлын хэсэг соёлын биет бус өвийн үзлэгийн үеэр олж авсан хувь хүн, албан байгууллагын нууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу чандлан нууцална.

3.6. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажилласан гишүүдэд соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга өөрийн төсвийн багцаас мөнгөн урамшуулал олгоно. 

Дөрөв. Үзлэгийн ажлын дүнг тайлагнах

4.1. Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Ажлын хэсгээс ирүүлсэн тайланг нэгтгэн, дүн шинжилгээ хийж, үзлэгийн мөрөөр авах арга хэмжээний саналын хамт дараа оны эхний улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.

4.2. Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага соёлын биет бус өвийн үзлэгийн ажилд холбогдох тайлан, бусад мэдээллийг дэвтэрлэн Соёлын өвийн үндэсний төвд хүлээлгэн өгч хадгалуулна.

Тав. Хариуцлага

5.1. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага ногдуулна.