A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2018 оны 184 дүгээр
  тогтоолын 2 дугаар хавсралт

 

ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛЫН
ТООЛЛОГО ХИЙХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь түүх, соёлын үл хөдлөх дурсгал (цаашид “үл хөдлөх дурсгал” гэх)-ын эх төрх, бүрэн бүтэн байдлыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 26.1-д заасны дагуу таван жил тутам нягтлан шалгаж, хадгалалт, хамгаалалтын нөхцөл, аюулгүй байдалд хяналт тавих үйл ажиллагааг зохицуулахад оршино.

1.2. Үл хөдлөх дурсгалын тооллогын комисс байгуулах, тооллого хийхэд бэлтгэх, зохион байгуулах, тайлагнах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.

1.3. Тооллогын ажилд соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд бүртгэлтэй үл хөдлөх дурсгалын жагсаалт бүхий тооллогын дэвтрийг ашиглана.

Хоёр. Тооллогын комисс байгуулах

2.1. Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга  тооллогын ажлыг арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий Улсын комиссын бүрэлдэхүүн, удирдамжийг тухайн жилийн 2 дугаар сарын 15-ны дотор баталж, аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ. 

2.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга тооллогын ажлыг зохион байгуулах үүрэг бүхий салбар комиссын бүрэлдэхүүн, ажлын төлөвлөгөөг тухайн жилийн 3 дугаар сарын 15-ны дотор батална.

2.3. Комиссын бүрэлдэхүүн нь холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллийг оролцуулна. Комиссын бүрэлдэхүүн нь сондгой тооны төлөөллөөс бүрдэнэ.

2.4. Улсын комиссын орон нутагт ажиллахад шаардагдах зардлыг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, салбар комиссын орон нутагт ажиллахад шаардагдах зардлыг аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус хариуцна.

2.5. Сум, дүүргийн Засаг дарга, Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Хил хамгаалах байгууллага, түүний харъяа анги, нэгтгэлүүд нь улсын болон салбар комиссын үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.

Гурав. Тооллогод бэлтгэх

3.1. Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага үл хөдлөх дурсгалын тооллогын ажлын бэлтгэлийг хангах талаар дараах ажлыг зохион байгуулна:

        3.1.1. тооллого явуулах талаар сургалт зохион байгуулах;

        3.1.2. тооллогын ажилд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг холбогдох байгууллагад хуваарилах;

        3.1.3. тооллогын ажлыг зохион байгуулах талаарх мэдээллийг онцгой байдал, хил хамгаалах болон мэргэжлийн хяналтын байгууллага, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд мэдэгдэх;

        3.1.4. тооллогын ажилд ашиглах тооллогын дэвтрийг хэвлэж бэлтгэх.

3.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга салбар комиссын орон нутагт ажиллахад ашиглах туулах чадвар сайтай, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслийг бэлтгэнэ.

Дөрөв. Тооллогын ажлыг зохион байгуулах

4.1. Улсын комиссын дарга тооллогын дэвтэрт гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулан салбар комисст хүлээлгэж өгнө.

4.2. Салбар комиссын дарга тооллогын ажлыг орон нутагт зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө, гишүүдийн ажил үүргийн хуваарийг энэхүү журмын   2.1-д заасан удирдамжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ.

4.3. Салбар комисс улсын хилийн бүс, улсын тусгай хамгаалалттай газар нутагт ажиллах бол холбогдох зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авна.    

4.4. Салбар комисс тооллогын ажлыг холбогдох хууль тогтоомж, энэхүү журамд заасны дагуу үнэн зөв, шуурхай, чанартай зохион байгуулна. Салбар комисс дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

        4.4.1. тооллогын дэвтэрт бичигдсэн үл хөдлөх дурсгалыг тооллогод бүрэн хамруулах;

        4.4.2. үл хөдлөх дурсгалын гэрэл зургийг харьцуулах хэмжээстэй авах, дүрс бичлэг хийж байршлыг тогтоох;

        4.4.3. шинээр илэрсэн дурсгалыг зохих журмын дагуу бүртгэж, тооллогод хамруулах;

        4.4.4. үл хөдлөх дурсгалын талаар тооллогын дэвтэрт буруу бичигдсэн тохиолдолд бичвэрийн шалтгааныг судлан тодруулж, тэмдэглэл бичих;

        4.4.5. тооллогын ажлын явцын мэдээллийг аймаг, нийслэлийн Засаг дарга болон улсын комисст 30 хоног тутам мэдээлэх;

        4.4.6. хууль бус үйл ажиллагаанд өртсөн үл хөдлөх дурсгалын талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлэх.

4.5. Салбар комисс тооллогын явцад галын аюулгүй байдлын хууль тогтоомжийг чанд мөрдөж, аливаа эрсдэлээс өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж ажиллана.

4.6. Салбар комиссын дарга тооллогын явцад тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг байнга шалгаж шаардлагатай засвар үйлчилгээг цаг тухайд нь хийлгэнэ.

4.7. Улсын болон салбар комиссын бүрэлдэхүүнд ажилласан гишүүдэд комиссыг томилсон соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга, эсхүл аймаг, нийслэлийн Засаг дарга өөрийн төсвийн зардлаас мөнгөн урамшуулал олгоно. 

Тав. Тооллогын ажлын дүнг тайлагнах

5.1. Салбар комисс тооллогын ажлын тайланг мөн оны 11 дүгээр сарын 1-ний дотор эцэслэж, холбогдох баримт бичгийн хамт аймаг, нийслэлийн Засаг даргад танилцуулна. 

5.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга тооллогын ажлын тайлантай танилцаад мөн оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор зохих санал дүгнэлтийн хамт Улсын комисст хүргүүлнэ.

5.3. Улсын комисс аймаг, нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн тайланг нэгтгэж дүнг мөн оны 12 дугаар сарын 15-ны дотор соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргад танилцуулна.

5.4. Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга тооллогын ажлын нэгдсэн дүнг тухайн жилд багтаан Засгийн газарт танилцуулна.

5.5. Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга аймаг, нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн тайлан, холбогдох бусад баримт бичгийг Соёлын өвийн үндэсний төвд хүлээлгэн өгч хадгалуулна.


Зургаа. Хариуцлага

6.1. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага ногдуулна.