A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АВТО ЗАМЫН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН БЭЛТГЭХ, ДАВТАН СУРГАХ, МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны

108 дугаар тушаалын хавсралт

 

АВТО ЗАМЫН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН БЭЛТГЭХ, ДАВТАН СУРГАХ, МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Монгол Улсын авто замын салбарын /цаашид салбар гэх/ мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалтыг тасралтгүй зохион байгуулах, мэргэжлийн зэрэг олгох, сунгах, цуцлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Авто замын салбарын мэргэжилтэн гэдэгт авто зам, гүүрийн барилга, засвар арчлалт, материалын үйлдвэрлэл, зам, гүүрийн зураг төслийн инженер, инженер эдийн засагч,авто замын барилгынмашин тоног төхөөрөмжийн механикч инженер, төсөвчинхамаарна.

1.3.Инженер нь дадлагажсан, мэргэшсэн, зөвлөх, төсөвчиннь мэргэшсэн ба тэргүүлэх гэсэн зэргийн шатлалтай байна.

1.4.Мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох, сунгах, цуцлах, хяналт тавих, сургалтын тогтолцоог боловсронгуй болгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргийг Зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Авто замын салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох орон тооны бус Зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ хариуцна.

1.5.Мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах, мэргэжлийн зэрэг олгох, сунгах үйл ажиллагаагТөрийн захиргааны төв байгууллагын Авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй гэрээ байгуулсан эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ.

1.6.Салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн захиалгад нийцүүлэн зохион байгуулах үйл ажиллагааг Мэргэжлийн боловсролын тухай хуулиар зохицуулах ба сургалт явуулах зөвшөөрөл авсанбайгууллага сургалтыг явуулна.

 

Хоёр. Авто замын салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх,мэргэжлийн зэрэг

олгох орон тооны бус зөвлөл

2.1.Авто замын салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох орон тооны бус Зөвлөлийн бүрэлдэхүүнийг салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга батална.

2.2.Зөвлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байх ба зөвлөлийг салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Авто замын асуудал хариуцсан нэгжийн дарга ахалж ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүний 70-аас доошгүй хувь нь зөвлөх зэрэгтэй инженер байх басургалт хариуцсан мэргэжилтэн байж болно.

2.3.Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Хуралдаанаар салбарын мэргэжилтэнд зэрэг олгох мэргэжлийн хүрээ, мэргэжлийн зэрэг горилогчдод зориулсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, мэргэжил дээшлүүлэх шалгалтын журам, зөвлөх зэрэг горилох сэдвийн жагсаалтыг баталгаажуулах,мэргэжлийн зэрэг горилох шалгаруулалтын дүн, мэргэжлийн зэрэг олгох, сунгах, цуцлах асуудлыг тус тус хэлэлцэнэ.

2.4.Зөвлөл нь дор дурдсан эрх, үүрэгтэй.

2.4.1.Зөвлөл нь дарга, нарийн бичиг, гишүүд гэсэн бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн дарга, гишүүд нь салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг Авто замын тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомж, эрх зүйн актын хүрээнд удирдан зохион байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллана.

2.4.2.Холбогдох дүрэм, журмыг чанд баримтлан ашиг сонирхлын зөрчилгүй, үнэнч шударга ажиллана.

2.4.3.Мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг горилогчдод зориулсан сургалтын багц цагийн үнэлгээг тухай бүрт нь хэлэлцэн шийдвэрлэнэ.

2.4.4.Шалгалтын комиссын бүрэлдэхүүнийг батлаж, шалгалтын комиссыг Зөвлөлийн гишүүн ахална.Комиссоос гаргасан шийдвэр шаардлага хангаагүй тохиолдолд шалгалтын комиссыг дахин томилон ажиллуулна.

2.4.5.Мэргэжлийн зэрэг горилогч нь мэргэжлийн алдаа, дутагдал, гаргасан нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон, мөн ёс зүйн зөрчилгаргасан бол Зөвлөлийн хурлаар мэргэжлийн зэргийг цуцлах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

2.4.6.Зөвлөл нь сургалт, шалгаруулалттай холбогдон гарсан аливаа маргаан, гомдол, санал, хүсэлтийг холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд шийдвэрлэнэ.

2.5.Зөвлөлийн хурал нь 75-аас доошгүй хувийн ирцтэй хуралдаж, шийдвэрийг олонхийн саналаар гаргана. Зөвлөлийн хурлын шийдвэрийг Зөвлөлийн дарга баталгаажуулна.

2.6.Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь сургалт хариуцсан байгууллагын ажилтан байна.

2.7.Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь хурлын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах, хурлаас гаргасан шийдвэрийг албажуулах, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, бусад холбогдох мэдээллээр хангах ажлыг хариуцаж, зохион байгуулна. Нарийн бичгийн дарга нь хуралд саналын эрхгүй оролцоно.

 

Гурав. Мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох сургалтын үйл ажиллагаа

3.1.Салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох сургалтын үйл ажиллагаагАвто замын салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулсан эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ.

3.2.Авто замын салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох, сунгах сургалтыг зохион байгуулах, хэрэгжүүлэх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна.

3.2.1.Мэргэжилтэй ажилтан бэлтгэх, сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагаас авсан байх;

3.2.2.Сургалтын байгууллага нь анги танхим, сургалтын материал, техник, тоног төхөөрөмжийн хувьд сургалтын байгууллагад тавигдах стандарт шаардлагыг бүрэн хангасан байх;

3.2.3.Сургалтын чиг хандлагад нийцсэн, салбарын мэргэжилтний чадавхийг сайжруулах талаар сургалтын нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөө, аргачлалтай байх;

3.2.4.Сургагч багш нь мэргэжлийн мэргэшсэн болон зөвлөх зэрэгтэй инженер, боловсролын зэрэг нь магистраас доошгүй байх.

3.3.Сургалтын байгууллага нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

3.3.1.Сургалтын нэгдсэн төлөвлөгөө,хөтөлбөр болон батлагдсан төлөвлөгөөний дагуу сургалтын нэг багц цагийн үнэлгээг тооцож, Зөвлөлөөр батлуулах;

3.3.2.Сургалтын төлөвлөгөөний дагуу мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжлийн зэрэг олгох сургалтыг зохион байгуулж, хэрэгжүүлэх;

3.3.3.Сургалтын үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлэх;

3.3.4.Сургалтын үйл ажиллагааны тайлан мэдээ, дүгнэлтээ хагас жил тутамд Зөвлөлд тайлагнах;

3.3.5.Сургалттай холбоотой бичиг баримт /хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, суралцагчдын судалгаа, шалгалтын материал, санал хүсэлт г.м/-ыг архивын нэгж болгон 5 жил хүртэл хугацаагаар хадгалах;

3.3.6.Мэргэжил дээшлүүлэх сургалтын чиглэлээр ижил төстэй мэргэжлийн байгууллага, иргэдтэй хамтран ажиллах;

3.3.7.Мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалтын талаарх салбарын үйл ажиллагааны хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө боловсруулахад оролцох.

 

Дөрөв.Мэргэжлийн зэрэг олгох, сунгах, цуцлах үйл ажиллагаа

4.1.Мэргэжлийн зэрэг олгох, сунгах үйл ажиллагаанд энэхүү журмын хавсралтад заасан мэргэжил дээшлүүлэх тогтолцооны бүдүүвч, мэргэжлийн зэрэг олгох мэргэжилтэнд тавигдах шаардлагыг мөрдлөг болгон ажиллана.Мэргэжлийн чиглэлээр доктор (academic)-ын зэрэг хамгаалсан тохиолдолд Зөвлөх зэрэг горилогчийн бичгээр уламжилсан хүсэлтийг үндэслэн зөвхөн мэргэжлийн шалгалтаас чөлөөлж, реферат хамгаалсаны дараа олгох ба 2 удаа сунгасны дараа зэргийг хугацаагүйгээр олгоно.

4.2.Зэрэг горилох, сунгах, зэрэг ахиулах мэргэжилтэн нь энэ журмын хавсралтад дурдсан шаардлагыг тус тус хангасан байна.

4.3.Зэрэг горилогч нь сургалт эхлэхээс 30 хоногийн өмнө дараах
баримт, бичгийг бүрдүүлж, сургалт зохион байгуулах байгууллагад ирүүлнэ. Үүнд:

1)Мэргэжлийн зэрэг олгох шалгаруулалтад хамрагдахыг хүссэн өргөдөл, анкет/загварын дагуу/

2)3x4 хэмжээтэй 2 хувь зураг

3)Мэргэжлийн дипломын баталгаажсан хуулбар

4)Мэргэжил дээшлүүлсэн талаарх үнэмлэх, гэрчилгээний баталгаажсан хуулбар

5)Ажил олгогчоос гадна тухайн мэргэжлийн чиглэлээр зөвлөх, мэргэшсэн инженер, мэргэшсэн ба тэргүүлэх төсөвчин зэрэгтэй 2-оос доошгүй мэргэжилтнээр баталгаажуулсан бүтээлийн тайланг загварын дагуу хавсралтаар гаргаж, боловсруулсан норм, дүрэм, стандарт, бичсэн ном, гарын авлага, нийтлэл, бүтээлийн фото хэлбэр, нүүр хуудас, гэрчилгээний хуулбар, гүйцэтгэсэн, боловсруулахад оролцсон зураг төсөл, төсвийн талаарх материалуудыг хавсаргана.

4.4.Зөвлөх инженер, тэргүүлэх төсөвчний зэргийг эхний удаа 5 жилээр олгож, шаардлага хангасан тохиолдолд 5 жилээр сунгах ба зохих шалгуурыг хангасан бол 3 дахь сунгалтаас хугацаагүй олгоно.

4.5.Мэргэшсэн инженер, мэргэшсэн төсөвчний зэргийг эхний удаа 3 жилээр олгож, шаардлага хангасан тохиолдолд 5 жилээр сунгах ба зохих шалгуурыг хангасан бол 3 дахь сунгалтаас хугацаагүй олгоно.

4.6.Дадлагашсан инженерийн зэргийн хугацаа 2 жил байна. 2 жилийн дараа мэргэшсэн инженерийн зэрэг горилох сургалтад хамрагдаж болно.

4.7.Хөдөлмөрийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн ажил олгогч мэргэжлийн зэрэгтэй ажилтанд зэргийн нэмэгдлийг олгох ба зөвлөх зэрэгтэй инженер 20%, мэргэшсэн зэрэгтэй инженер 15%, тэргүүлэх төсөвчин 20%, мэргэшсэн төсөвчин 15%-ийн зэргийн нэмэгдэлтэй байна.

4.8.Зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу дадлагажсан, мэргэшсэн, зөвлөх инженер, мэргэшсэн төсөвчин, тэргүүлэх төсөвчний зэргийг 1-2 жил хүртэл хугацаагаар цуцалж болно.Хэрэв мэргэжлийн зэргийг цуцлах хугацаа дуусгавар болсон тохиолдолд Зөвлөлд зэрэг сунгах хүсэлтээ гаргана.

4.9.Мэргэжлийн зэргээ цуцлуулсан мэргэжилтэн Зөвлөлд гэрчилгээ, баталгааны тэмдгийг хураалгана.

4.10.Бүтээлээ худал мэдүүлэх, эсвэл бусдын бүтээлийг ашигласан нь тогтоогдвол мэргэжлийн зэрэг олгохоос татгалзаж, олгосон зэргийг хураана.

 

Тав. Мэргэжлийн зэрэгтэй мэргэжилтний эрх, үүрэг

5.1.Мэргэжлийн зэрэгтэй мэргэжилтэн нь ажил, үйлчилгээг холбогдох хууль тогтоомж, норм стандарт, дүрэм, журам, зааврын дагуу мэргэжлийн түвшинд чанартай гүйцэтгэж, инженерийн ёс зүйг чанд баримтлан, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлж ажиллана.

5.2.Дадлагажсан зэрэгтэй инженер нь гэрчилгээнд заасан эрхлэх ажлын хүрээнд зураг төсөл, инженерийн тооцоолол боловсруулахад оролцох, судалгаа, шинжилгээ хийх, салбарын үйлдвэрлэл, үйлчилгээний талаар санал гаргах, тоног төхөөрөмж угсрах, туршилт, тохируулга, зүгшрүүлэлт, засвар, үйлчилгээ хийх зэрэг ажил, үүргийг хэрэгжүүлнэ.

5.3.Мэргэшсэн зэрэгтэй инженер нь гэрчилгээнд заасан эрхлэх ажил үйлчилгээний хүрээнд зураг төсөл, инженерийн тооцоолол боловсруулах, судалгаа, шинжилгээ хийх, салбарын үйлдвэрлэл, үйлчилгээг зохион байгуулах, тоног төхөөрөмж угсрах, туршилт, тохируулга, зүгшрүүлэлт, засвар үйлчилгээ зэрэг ажил гүйцэтгэх, хяналт тавих эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

5.4.Зөвлөх зэрэгтэй инженер нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

5.4.1.Зөвхөн өөрөө гүйцэтгэсэн, оролцсон эсвэл удирдсан, хянаж зөвлөсөн ажлын гүйцэтгэлийн тайлан, дүгнэлт, техникийн акт, баримт бичиг, зураг төсөлд гарын үсэг зурж, баталгааны тэмдгээ дарж баталгаажуулах;

5.4.2.Судалгаа шинжилгээний ажил удирдах, зөвлөх ажил үйлчилгээ үзүүлэх, зураг, төсөл, хөтөлбөр удирдан гүйцэтгэх, бусдын хийсэн ажил үйлчилгээнд хяналт тавих, шалгах, дүгнэлт гаргах, зөвлөх, мэргэшсэн зэрэг горилогчийн бүтээлийн тайлан, илтгэлийн хураангуй /реферат/ хамгаалахад шүүмж хийх,

5.4.3.Бие даан зураг төсөл боловсруулахын зэрэгцээ бусдын боловсруулсан зураг төслийг шалгах, зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, сонгон шалгаруулалтад хамрагдах.

5.4.4.Зөвлөх, мэргэшсэн зэрэгтэй мэргэжилтэн нь салбарын чиглэлээр боловсруулж буй хууль эрх зүйн акт, норм, дүрэм, стандарт, техникийн баримт бичиг боловсруулах, санал дүгнэлт өгөх болон мөн өөрийн мэргэжлийн зэргийн хүрээнд мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг горилогчдод зориулсан сургалтад мэдээлэл хийх.

5.5.Мэргэшсэн зэрэгтэй төсөвчин нь шинээр барих, болон өргөтгөл, шинэчлэлт, засвар хийх замын барилга байгууламжийн төлөвлөгөө хийх, зардал, өртгийг тодорхойлох, төсөв, санхүүгийн тооцоо, гүйцэтгэлийн төсөв зохиох ажлыг бие даан хийх зэрэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

5.6.Тэргүүлэх зэрэгтэй төсөвчин нь бизнес төлөвлөгөө хийхийн зэрэгцээ бусдын зохиосон бизнес төлөвлөгөөг шалгах, зам, замын байгууламжийн зардал, өртгийг тодорхойлох, төсөв, санхүүгийн тооцоо, гүйцэтгэлийн төсөвт өртөгт магадлал хийх, хөндлөнгийн дүгнэлт, шүүмж хийх зэрэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

5.7.Зөвлөх ба мэргэшсэн инженер, мэргэшсэн болон тэргүүлэх зэрэгтэй төсөвчин нь баталсан загвар бүхий гэрчилгээ, баталгааны тэмдэгтэй байна.

 

Зургаа. Хариуцлага

 

6.1.Мэргэжлийн зэрэгтэй мэргэжилтэн нь өөрийн бие дааж гүйцэтгэсэн болон удирдсан ажлын чанарыг хянаж, баталгаажуулсан үр дүн болон өөрийн буруугаас учирсан хохирлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу бүрэн хариуцна.

 

-----оОо-----