- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ХИЛИЙН БООМТОД МӨРДӨХ НИЙТЛЭГ ЖУРАМ
Хилийн боомтын үндэсний зөвлөлийн 2017 оны
001 дүгээр тогтоолын хавсралт
ХИЛИЙН БООМТОД МӨРДӨХ НИЙТЛЭГ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Хилийн боомтод мөрдөх нийтлэг журам /цаашид “нийтлэг журам” гэх/-ын зорилго нь хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, боомт дахь хилийн хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа болон мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх, хилийн хяналтын байгууллагын хяналт, шалгалт явуулах нөхцлийг бүрдүүлэхтэй холбоотой нийтлэг асуудлуудыг зохицуулахад оршино.
1.2.Хилийн боомт бүр тухайн боомтын онцлог /зэрэглэл, төрөл, горим/-т тохирсон хилийн боомтод мөрдөх журам /цаашид “боомтод мөрдөх журам” гэх/-тай байна.
1.3.Нийтлэг журам болон боомтод мөрдөх журмыг хилийн хяналтын байгууллагын албан хаагчид, хилийн боомтод ажил, үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд, зорчигч, тээврийн хэрэгслийн жолооч, үйлчлэх бүрэлдэхүүн дагаж мөрдөнө.
1.4.Нийтлэг журам болон боомтод мөрдөх журам нь хилийн хяналтын байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг, эрхийг хөндөхгүй.
Хоёр.Хилийн боомтын үндэсний зөвлөл, түүний үйл ажиллагаа
2.1.Хилийн боомтын үндэсний зөвлөл /цаашид “Хилийн боомтын үндэсний зөвлөл” гэх/ нь хилийн боомтыг хөгжүүлэх бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор улсын хил хамгаалалтын, санхүүгийн, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, хилийн хяналтын байгууллага, худалдаа аж үйлдвэрийн танхим, Монгол Улсын хилийн тухай хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
2.2.Боомтын үндэсний зөвлөл нь хилийн боомтын байгуулах, өргөтгөх, хөгжүүлэх, боомтын дэд бүтэц, хөрөнгө оруулалт, хилийн хяналтын байгууллагын Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар санал боловсруулахдаа хилийн хяналтын болон холбогдох бусад байгууллагын саналыг авна.
2.3.Боомтын үндэсний зөвлөлийн гишүүд нь хилийн боомтыг өргөтгөх, хөгжүүлэх, хилийн хяналтын байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх асуудлаар санал боловсруулж зөвлөлд танилцуулж болно.
2.4.Хилийн хяналтын байгууллагууд нь боомтын үндэсний зөвлөлөөс гаргасан тогтоол, зөвлөмжийн хэрэгжилтийг зохион байгууж, биелэлт, үр дүнг зөвлөлд тайлагнана.
2.5.Хилийн болон суурьшлын бүсийг боомт газраас тодорхой зайд тогтоох асуудлыг Хил хамгаалах байгууллага шийдвэрлэнэ.
2.6.Улсын хил дамнасан байгууламж барих, ашиглах, засварлах, хамгаалах асуудлыг хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээгээр зохицуулна.
Гурав. Хилийн боомт дахь хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа, уялдаа холбоо
3.1.Хилийн боомтод хил хамгаалах, гааль, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн, харьяатын байгууллагууд Монгол Улсын хилийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан дарааллыг чанд баримтлан хяналт шалгалт явуулж, зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа болон мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг хууль тогтоомж, хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу улсын хилээр нэвтрүүлнэ.
3.2.Хилийн боомт бүрт хилийн хяналтын болон тагнуулын, тээврийн байгууллагын төлөөлөл оролцсон хилийн боомтын зөвлөл /цаашид “боомтын зөвлөл” гэх/ ажиллах бөгөөд зөвлөлийн дарга нь хилийн төлөөлөгч /орлогч/ байна.
3.3.Боомтын зөвлөлийн гишүүд нь боомтын үндэсний зөвлөлийн тогтоол, зөвлөмжийн хэрэгжилтийг зохион байгуулж биелэлт, үр дүнг харьяа байгууллагын удирдлагад танилцуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд боомтын зөвлөлөөс Хилийн боомтын үндэсний зөвлөлд хагас жил тутам тайлагнана.
3.4.Хил хамгаалах байгууллага нь хилийн ауудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээнд заасан цагийн хуваарийн дагуу хилийн боомтыг ажиллуулж, хилийн боомтод үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын ажилтанд боомтод нэвтрэх зөвшөөрөл олгоно.
3.5.Хил хамгаалах байгууллага нь хилийн боомтын аюулгүй байдлыг хангах, дэг журмыг сахиулах зорилгоор тухайн боомтод мөрдөх журмыг сахиулах, хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, ерөнхий зохицуулалтаар хангах үүргийг хэрэгжүүлнэ.
Дөрөв.Хилийн боомтод мөрдөх журам
4.1.Боомтын зөвлөл нь тухайн боомтод мөрдөх журмыг хэлэлцэж, зөвлөлийн дарга, хилийн төлөөлөгч /орлогч/ батална.
4.2.Боомтод мөрдөх журам нь хилийн боомтын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны салшгүй хэсэг бөгөөд хилийн хяналтын байгууллагуудын хяналт шалгалт явуулах, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.
4.3.Боомтод мөрдөх журмыг Хил хамгаалах байгууллага мөрдүүлж, хэрэгжилтэд нь Хилийн боомтын үндэсний зөвлөл хяналт тавина.
4.4.Боомтод мөрдөх журамд зорчигч, тээврийн хэрэгслийг хяналт шалгалтад оруулах, гаргах, тээврийн хэрэгслийг зогсоолд зогсоох, журам сахиулах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тусгах бөгөөд хяналт шалгалтын болон суурьшлийн бүсийн заагийг тодорхой заана.
4.5.Агаарын замын хилийн боомтод хүндэт зочны болон бизнес танхимаар үйлчлүүлэгчид, дамжин өнгөрөх зорчигчдыг хяналт шалгалтад оруулах асуудлыг нэмэлтээр тусгана.
4.6.Хилийн боомтод нийтээр хамарсан эмх замбараагүй байдал, гамшиг, онцгой нөхцөл үүссэн үед Хил хамгаалах байгууллагаас хяналт шалгалтыг зогсоох, зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, боомтыг барилга, байгууламжийг чөлөөлөх зэргээр тусгай дэглэм тогтоож, хилийн боомтын аюулгүй байдлыг хангахтай холбогдсон нэмэлт арга хэмжээ авч болно.
Тав. Хилийн боомтод газар ашиглах, барилга байгууламж барих
5.1.Хил залгаа улсын газар нутгийн хязгаартай зах нийлэн хиллэж байгаа хилийн зурвас, боомтын газар нь төрийн өмч бөгөөд улсын хилийн зурвас газрын бүрдэл хэсэг байна.
5.2.Улсын хилийн зурвас газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглоно.
5.3.Улсын зурваст хил хамгаалалтын зориулалтайгаас бусад барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.
5.4.Хилийн боомтын дэд бүтцийг өргөтгөх, шинэчлэх асуудлыг хилийн боомтын үндэсний зөвлөл шийдвэрлэж Хил хамгаалах байгууллагын зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.
5.5.Улсын хилийн шугамаас хилийн боомт хүртэлх зайнд улсын хил хамгаалах байгууллагын хяналтад байна.
Зургаа.Бусад асуудал
6.1.Хилийн боомтын үндэсний зөвлөлөөс хилийн боомтуудын хаяг, түүний загварыг баталж, нэгдсэн байдлаар жигдэлнэ.
6.2.Хилийн боомтын хяналт, шалгалтын болон суурьшлийн бүс нь тусгаарласан хашаатай байх ба хяналт шалгалттай холбоотой тэмдэг, тэмдэглэгээ тайлбар, анхааруулга бүхий самбарууд нь зохистой газар байршсан цэгцтэй ойлгомжтой, өнгө үзэмжтэй байна.
Долоо.Хориглох зүйл, хүлээлгэх хариуцлага
7.1.Хилийн хяналтын байгууллагын хяналт, шалгалт дууссаны дараа зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.
7.2.Хилийн боомтод жагсаал цуглаан хийх, нэвтрэх хөдөлгөөнийг хаах болон бусад арга хэлбэрээр хэвийн үйл ажиллагааг тасалдуулахыг хориглоно.
7.3.Энэхүү журмыг зөрчсөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
----оОо----
Текст томруулах
A
A
A