- Нүүр
- Сайдын тушаал
- АНАГААХ УХААНЫ ЁС ЗҮЙН ХЯНАЛТЫН ХОРОО, САЛБАР ХОРООНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
Эрүүл мэндийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн
А/217 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
АНАГААХ УХААНЫ ЁС ЗҮЙН ХЯНАЛТЫН ХОРОО, САЛБАР ХОРООНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү дүрмийн зорилго нь шинжлэх ухаан, үйлдвэрлэл, техник технологийн хөгжил, хүний сайн сайхны төлөө гүйцэтгэгдэж байгаа, хүн, амьтныг оролцуулан хийх био анагаах, тархвар зүйн судалгаа, ажиглалт, туршилт шинжилгээний үед хүн, амьтны эрхийг хамгаалах, шинжлэх ухааны ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий Ёс зүйн хяналтын хороо, салбар хорооны үйл ажиллагааг зохицуулахад оршино.
1.2. Анагаах ухааны сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургууль, тусгай мэргэжлийн төвийн дэргэд анагаах ухааны ёс зүйн салбар хороо, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд анагаах ухааны ёс зүйн хяналтын хороо тус тус ажиллана. Анагаах ухааны ёс зүйн хяналтын хороо, салбар хорооны үндсэн үйл ажиллагааны хэлбэр нь хурал байна.
1.3.Ёс зүйн хяналтын хороо, салбар хороо нь судалгаа, туршилт, эрдэм шинжилгээний төслийг үнэлэх, анагаахын шинжлэх ухааны ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавихдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай, Хувь хүний нууцын тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Инновацийн тухай хууль,Технологи дамжуулалтын тухай хууль, Хог хаягдалын тухай, Амьтны тухай хууль болон бусад хууль тогтоомж, Олон улсын гэрээ, Хельсинкийн тунхаглал (WMA,2014), хүнийг хамруулсан био-анагаахын судалгааны удирдамж (CIOMS,2002), Тархвар зүйн судалгааны ёс зүйн хяналтын олон улсын удирдамж (CIOMS,2010), 4R зарчим (туршилтын амьтны ёс зүй) зэрэг анагаах ухааны болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээтэй холбоотой дүрэм, журмыг мөрдлөг болгон ажиллана.
Хоёр. Ёс зүйн хяналтын хороо, салбар хорооны бүтэц, бүрэлдэхүүн, баримтлах зарчим, үйл ажиллагааны чиглэл, санхүүжилт
2.1. Бүтэц, бүрэлдэхүүн:
2.1.1 Анагаах ухааны ёс зүйн хяналтын хороо, салбар хороо нь 7-13 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулна.
2.1.2.Хорооны дарга, гишүүн, нарийн бичгийн даргыг 6 жилийн хугацаатай томилно. Хорооны гишүүн, дарга, нарийн бичгийн дарга хүндэтгэн үзэх шалгаантай буюу өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх тохиолдолд томилгоог нөхөх, сольж болно.
2.1.3. Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг сонгон шалгаруулах ажлыг тусгайлсан ажлын хэсэг/комисс/ зохион байгуулж, хяналтын хорооны бүрэлдэхүүнийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
2.1.4. Ёс зүйн хяналтын салбар хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх анагаах ухааны ёс зүйн хяналтын хороотой зөвшилцөн, энэхүү журмын 1.2-т заасан байгууллагын дарга /захирал/ томилно.
2.1.5. Ёс зүйн хяналтын хороо, салбар хорооны бүрэлдэхүүнд олон талт төлөөлөл буюу анагаах ухааны салбарын эрдэм шинжилгээний туршлага бүхий эрдэмтэн, судлаач, эмнэлгийн мэргэжилтэн, хуульч, шашны төлөөлөгч нарыг оруулна. Мэргэжлийн болон үйл ажиллагааны чиглэлийг харгалзан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оруулж болно.
2.1.6. Ёс зүйн хяналтын хороо, салбар хороо нь энэхүү үлгэрчилсэн дүрэмтэй нийцүүлэн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн эрх, үүрэг, хурлын дэг, үйл ажиллагааг тусгасан өөрийн дүрмээ боловсруулан баталж, мөрдөнө.
2.1.7. Ёс зүйн хяналтын хороо, салбар хороо нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Хорооны үйл ажиллагаа, судлаачийн судалгаа, шинжилгээ, туршилт явуулахтай холбоотой баримт бичгийг архив, албан хэрэг хөтлөлтийн журмын дагуу тухайн байгууллагынхаа архивт тодорхой хугацаагаар хадгалуулна.
2.2. Баримтлах зарчим:
2.2.1. Хороо нь Монгол Улсын нутаг дэвсгэрт анагаах ухааны чиглэлээр хийгдэх судалгаа, шинжилгээний төсөл, туршилтад зөвшөөрөл олгохдоо дараах үндсэн зарчмыг баримтлана.Үүнд:
- Үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхахгүйгээр хүний эрхийг дээдлэн, энэрэнгүй байж, хүний нэр төр, эрхэм чанарыг хүндэтгэн, эрх тэгш байдлыг хангах;
- Шударга ёсыг баримтлах;
- Судалгаа нь хүний сайн сайхан, эрүүл мэндийн төлөө, тодорхой чиглэлтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй, үр ашигтай байх;
- Биологийн олон янз байдлыг хамгаалах;
- Судалгаа, эрдэм шинжилгээ, туршилтын ажлыг хамрагдаж буй хүний хүсэл сонирхол, албан ёсны зөвшөөрлийн үндсэн дээр явуулах
- Амьтныг зөвхөн судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах;
2.3.Үйл ажиллагааны чиглэл, хэлэлцэх асуудлын хүрээ:
2.3.1. Хяналтын хороо нь дор дурьдсан чиглэлээр үйл ажиллагаа явуулж, хэлэлцэнэ. Үүнд:
- Олон улсын хамтарсан судалгаа;
- Шинжлэх ухааны суурь болон захиалгат, цөм технологи, инновацийн судалгаа;
- Анагаах ухааны судалгааны ёс зүйн удирдамж боловсруулан баталж, гарын авлага гаргах;
- Анагаах ухааны судалгааны ёс зүйн удирдамжийн дагуу судлаач нарт сургалт зохион байгуулах;
- Эрдмийн зөвлөлийн баталсан арга аргачлалыг хэлэлцэх;
2.3.2. Салбар хороо нь дор дурьдсан чиглэлээр үйл ажиллагаа явуулж, хэлэлцэнэ. Үүнд:
- Судлаач нарт судалгааны ёс зүйн сургалт зохион байгуулах;
- Магистр, доктор, баклаврын түвшингийн болон бусад судалгааны ажил, төсөл, хөтөлбөр;
2.4.Санхүүжилт:
2.4.1. Хорооны гишүүдийн цалин, хөлс урамшуулал, үйл ажиллагааны зардалыг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, анагаах ухааны сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургууль, тусгай мэргэжлийн төв нь тухайн жилийн байгууллагынхаа төсөв, гадаадын зээл тусламж, төсөл, хөтөлбөрт тусгах байдлаар санхүүжүүлнэ.
Гурав. Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооны эрх, үүрэг
3.1. Эрх:
3.1.1. Анагаах ухааны ёс зүйн хяналтын хороо нь дор дурьдсан эрхтэй.
- Салбар хороог байгуулах;
- Холбондох хууль, журам болон үлгэрчилсэн дүрэмд нийцүүлэн хяналтын хорооны үйл ажиллагааны дүрмийг батлах;
- Судалгааны ажилд зөвшөөрөл олгох, хянах, дүгнэлт гаргах; түтгэлзүүлэх, зогсоох;
- Эмнэлзүйн туршилт судалгаа, шинжилгээний ажилд таниулсан зөвшөөрөл өгөх;
- Шинжээч томилох;
3.2.Үүрэг:
3.2.1. Дор дурьдсан үүрэгтэй.
- Судалгаанд оролцогчийн эрүүл мэнд, аюулгүй байдал, хүний эрхийг хамгаалах;
- Анагаах ухааны ёс зүйн удирдамж батлах, түүний дагуу сургалт зохион байгуулах;
- Судалгааны ёс зүйн удирдамжийг боловсруулан, баталж, салбар хороодод хүргүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;
- Судалгааны арга аргачлал, баримт бичгийн нууцлалыг задруулахгүй байж, хорооны гишүүд, шинжээч нараас нууцлалыг чанд хадгалж задруулахгүй байх баталгаа гаргуулах;
- Судалгааны зөвшөөрөл олгох шийдвэрийг кодлох ажлыг зохион байгуулна.
Дөрөв. Анагаах ухааны ёс зүйн салбар хорооны эрх, үүрэг
4.1.Эрх:
4.1.1. Анагаах ухааны ёсзүйн салбар хороо нь дор дурьдсан эрхтэй:
- Судалгааны ажилд зөвшөөрөл олгох, хянах, дүгнэлт гаргах, түдгэлзүүлэх, зогсоох;
- Эмнэлзүйн туршилт судалгаа, шинжилгээний ажилд таниулсан зөвшөөрөл өгөх;
- Салбар хороо нь үйл ажиллагааны дүрмийг боловсруулан, батлах;
- Судлаач нарт судалгааны ёс зүйн сургалт зохион байгуулах, арга зүйгээр хангах, зөвлөгөө өгөх;
- Магистр, доктор, баклаврын түвшингийн болон бусад судалгааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд судалгааны ёс зүйн зөвшөөрөл олгох, хянах, дүгнэлт гаргах;
- Шинжээч томилох;
4.2.Үүрэг:
Дор дурьдсан үүрэгтэй.
- Судалгаанд оролцогчийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эрхийг хамгаалах;
- Судлаачийн судалгаа, шинжилгээ, туршилт явуулах зөвшөөрөл хүссэн судалгааны баримт бичгийн нууцлалыг задруулахгүй байх;
- Жил бүрийн 4-р улиралд багтаан үйл ажиллагаагаа ёс зүйн хяналтын хороонд тайлагнах;
- Анагаах ухааны хяналтын хорооны баталсан судалгааны ёс зүйн удирдамжуудыг баримтлах;
Тав. Шинжээчийн эрх, үүрэг
5.1. Эрх:
- Судалгааны ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх;
Судалгаатай холбоотой нэмэлт мэдээлэлийг судалгааны багаас авах;
-Судалгааны баг, судлаач нарт зөвлөгөө өгөх
5.2.Үүрэг:
-Судалгааны хяналтын болон салбар хороонд судалгаатай холбоотой ёс зүйн хороо санал өгөх;
-Судалгааны ажилд үнэн, зөв, дүгнэлт гаргах;
-Судалгааны багт зөвлөмж хүргүүлэх.
Зургаа.Хариуцлага
6.1. Энэхүү дүрмийг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээнэ.
6.2.Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийг бүрэн хариуцана.
6.3.Шинжээчид нөлөөлөхийг хориглоно.
Текст томруулах
A
A
A