A

A

A

Бүлэг: 1979

Санхүүгийн зохицуулах хорооны

2018 оны 6 сарын 29-ний өдрийн

246 дугаар тогтоолын хавсралт

 

ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ЗОХИСТОЙ ХАРЬЦААНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

   1.1.Энэхүү зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн зорилго нь Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Хороо” гэх/-ноос хадгаламж, зээлийн хоршоо /цаашид "ХЗХ" гэх/-ны санхүүгийн үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт /цаашид “Шалгуур үзүүлэлт” гэх/-ийг тогтоох, түүний хэрэгжилтэд хяналт тавихад оршино.

1.2. ХЗХ нь өөрийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг дараах үндсэн 4 үзүүлэлтийн дагуу тооцож, мөрдлөг болгон ажиллана. Үүнд:

1.2.1. Хөрөнгийн чанарын болон хамгаалалтын үзүүлэлт;

1.2.2. Үр ашигтай санхүүгийн бүтцийн үзүүлэлт;

1.2.3. Өгөөж, зардлын хувь хэмжээний үзүүлэлт;

1.2.4. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт;

1.3. ХЗХ нь энэхүү шалгуур үзүүлэлтийн 1.2-т заасан үзүүлэлтүүдийг үнэн зөв тооцож, түүний өөрчлөлтөд нөлөөлсөн хүчин зүйл, шалтгааныг тогтоон үнэлэлт, дүгнэлт өгөх замаар ХЗХ-ны үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг тооцох, түүнээс сэргийлэх арга хэмжээг авна.

1.4. ХЗХ нь өөрийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн эрсдэлийг үнэлэх, хяналт тавьж, удирдах зорилгоор нэмэлт журмыг дотооддоо боловсруулан мөрдүүлж болно. Тэдгээр нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай болон холбогдох бусад хууль, журамтай нийцсэн байна.

1.5. Хянан шалгагч нь ХЗХ-ны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн тайланг хянаж, холбогдох аргачлалын дагуу үнэлгээ хийн хууль, журамд заасан шаардлагатай арга хэмжээг авна /Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 1022 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

1.6.  /Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 1022 дугаар тогтоолоор хассан./

Хоёр. Хөрөнгийн чанар, хамгаалалтын үзүүлэлт

2.1. ХЗХ-ны актив хөрөнгийг Хорооноос баталсан холбогдох журмын дагуу ангилж, эрсдэлийн сан байгуулна.

2.2. Зээл, өмчлөх бусад хөрөнгө болон бусад активтай холбоотой гэрээ, хэлцлийн дагуу үүрэг хүлээсэн этгээд нь үндсэн зээл, түүний хүүгийн төлбөрийг бүхэлд нь болон хэсэгчлэн буцаан төлөх чадваргүй болж болзошгүй нь үндэслэл бүхий баримт (зээлийн гэрээний хугацаа дууссан, барьцаа хөрөнгийн чанар муудсан, зах зээлийн үнэ буурсан, байгалийн болон гэнэтийн эрсдэл учирсан гэх мэт)-аар тогтоогдвол ХЗХ нь эрсдэлийн санг зардлаар байгуулна.

2.3. Хэвийн зээл, авлагыг санхүүгийн тайлан тэнцэлд анх тусгаснаас хойш эрсдэлийн сан байгуулсан тохиолдолд санхүүгийн тайланд холбогдох үндэслэл, шийдвэр, баримт материалыг хавсаргаж Хороонд ирүүлнэ.

2.4. Хугацааны ба чанарын үзүүлэлтийг энэ бүлгийн 2.1-д заасан журмын хавсралтад заасан хүчин зүйлсээр тооцон ангилна.

2.5. Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл нь нийт зээлийн багцын 5 хувиас хэтрэхгүй байвал зохино.

2.6. ХЗХ-ны нэг гишүүн болон нэгдмэл сонирхолтой этгээдэд олгосон нийт зээлийн дүн нь өөрийн хөрөнгийн 30 хувиас ихгүй байвал зохино.

Гурав. Үр ашигтай санхүүгийн бүтцийн үзүүлэлт

3.1. Хөрөнгө

3.1.1.Цэвэр зээлийн өрийн үлдэгдэл нь нийт хөрөнгийн 60-85 хувь байвал зохино.

3.1.2.ХЗХ-ны  цэвэршүүлсэн үндсэн хөрөнгө нь нийт хөрөнгийн 10 хувиас хэтрэхгүй байвал зохино.

3.2.  Эх үүсвэр

         3.2.1.Гишүүдээс хадгалуулсан мөнгөн хадгаламжийн нийт дүн нь нийт хөрөнгийн 20-80 хувь байвал зохино.

              3.2.2.ХЗХ-ны банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл, төсөл, хөтөлбөрийн зээл нь нийт хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй байвал зохино.

             3.2.3.Нэг гишүүний оруулж болох хувь хөрөнгө нь нийт хувь хөрөнгийн 10 хувиас хэтрэхгүй байвал зохино.

         3.2.4.Хоршоологчдын өмч нь хандив тусламж, нөөцийн сан, хадгаламж хамгаалалтын сан, тогтворжилтын сан болон бусад сан, хуримтлагдсан орлого (алдагдал)-ын нийлбэрээс бүрдэх бөгөөд нийт хөрөнгийн 5 хувиас доошгүй байвал зохино.

               3.2.5.ХЗХ-ны жилийн тайлант хугацааны эцэс дэх цэвэр орлогоос байгуулах нөөцийн сан нь нийт хөрөнгийн 3 хувиас доошгүй байвал зохино. 

              3.2.6.ХЗХ-ны жилийн тайлант хугацааны эцэс дэх цэвэр орлогоос байгуулах хадгаламж хамгаалалтын сан нь хоршоологчдын өмчийн 5 хувиас доошгүй байвал зохино.

              3.2.7.ХЗХ-ны жилийн тайлант хугацааны эцэс дэх цэвэр орлогоос байгуулах тогтворжилтын сан нь Хоршоологчдын өмчийн 5 хувиас доошгүй байвал зохино.

Дөрөв. Өгөөж, зардлын хувь хэмжээний үзүүлэлт

4.1. ХЗХ нь дор дурдсан өгөөж, зардлын  харьцаануудыг тооцож, санхүү, төлбөрийн чадвар болон бусад үзүүлэлтэд үнэлгээ, дүгнэлт өгнө. Үүнд:

        4.1.1.ХЗХ-ны үйл ажиллагааны зардал нь нийт хөрөнгийн 15 хувиас хэтрэхгүй байвал зохино.

       4.1.2.Хөрөнгийн өгөөж нь нэг төгрөгөөс ямар хэмжээний орлого олж байгааг харуулах бөгөөд татварын дараах цэвэр орлогыг нийт хөрөнгөд харьцуулан тооцно.

        4.1.3.ХЗХ-ны үйл ажиллагаанаас бий болсон үр дүнг хэрхэн удирдаж, хэмнэлт гаргах, санхүүгийн тогтвортой байдал, бодит өсөлтийг хэрхэн удирдахыг тооцоолно.

         4.1.4.Хүүгийн орлого, нийт дундаж хөрөнгийн харьцааг зээлийн хүүгийн орлогыг нийт хөрөнгийн дундаж үлдэгдэлд харьцуулан тооцно.

       4.1.5.Хүүгийн зардал, нийт дундаж хөрөнгийн харьцааг бүх төрлийн хүүгийн зардлыг хөрөнгийн дундаж үлдэгдэлд харьцуулан тооцно.

       4.1.6.Хүүгийн цэвэр орлого, нийт дундаж хөрөнгийнхарьцааг бүх төрлийн хүүгийн орлогоос хүүгийн зардлыг хассан дүнг хөрөнгийн дундаж үлдэгдэлд харьцуулан тооцно.

      4.1.7.Хүүгийн бус орлого, нийт дундаж хөрөнгийн харьцааг ханш болон үнэлгээний тэгшитгэлийн орлого, бусад төрлийн орлогуудын нийлбэр дүнг хөрөнгийн дундаж үлдэгдэлд харьцуулан тооцно.

      4.1.8.Хүүгийн бус зардал, нийт дундаж хөрөнгийн харьцааг ханш болон үнэлгээний тэгшитгэлийн зардал, боловсон хүчний холбогдолтой зардал, болзошгүй эрсдэлийн зардал зэрэг хүүгийн бус зардлуудын нийлбэр дүнг хөрөнгийн дундаж үлдэгдэлд харьцуулан тооцно.

          4.1.9.Эрсдэлийн сангийн зардал, нийт дундаж хөрөнгийн харьцааг бүх төрлийн болзошгүй эрсдэлийн зардлуудын нийт дүнг хөрөнгийн дундаж үлдэгдэлд харьцуулан тооцно.

       4.1.10.Хүүгийн орлого, хүүгийн орлого оруулдаг нийт дундаж хөрөнгийн харьцааг бүх төрлийн хүүгийн орлогыг хүүгийн орлого оруулдаг нийт хөрөнгийн дундаж үлдэгдэлд харьцуулан тооцно.

          4.1.11.Зээлийн эрсдэлийн сан, нийт зээлийн өрийн үлдэгдлийн харьцааг зээлийн эрсдэлийн санг нийт зээлийн өрийн үлдэгдэлд тус тус харьцуулан дүгнэлт хийнэ.

Тав. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт

5.1. Түргэн борлогдох хөрөнгийг касс дахь бэлэн мөнгө, банк, санхүүгийн байгууллагад байршуулсан харилцах, хадгаламж, гишүүдээс 30 хоногт төлөгдөх зээлийн нийлбэрээр тооцно.

5.2. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэлийн түвшинг тооцохдоо түргэн борлогдох хөрөнгөөс гишүүдийн хугацаагүй хадгаламж, 30 хоногт төлөгдөх зээл, бусад богино хугацаат өр төлбөр, гишүүдэд 30 хоногт буцаан олгох хадгаламжийг тус тус хасч, гишүүдээс татан төвлөрүүлсэн 30-аас дээш хоногт төлөгдөх хугацаатай хадгаламж болон урт хугацаат өр төлбөрийн нийлбэрт харьцуулах замаар тооцно. Энэ харьцаа нь 4 хувиас дээш байвал зохино.  /Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 1022 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

Зургаа. Бусад

6.1. Энэхүү шалгуур үзүүлэлтэд заасан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг ханган ажиллаж байгаа эсэхэд ХЗХ-ны бүх гишүүдийн хурал, тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл, зээлийн хороо болон гүйцэтгэх удирдлага нь хууль тогтоомжоор олгогдсон эрхийнхээ хүрээнд хяналт тавьж, хангуулахтай холбогдуулан зохих арга хэмжээг авч ажиллана.

6.2. ХЗХ нь зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг дараах хавсралтуудын дагуу улирал бүр тооцож, тайланг улирал бүрийн дараа сарын 10-ны өдрийн дотор Хороонд ирүүлнэ. Үүнд:

6.2.1.Хураангуй тайлан, тэнцэл /Хавсралт 1/;

6.2.2.Орлогын дэлгэрэнгүй тайлан /Хавсралт 2/;

6.2.3.Зээл олголт, эргэн төлөлт, зээлийн зориулалт, хүүгийн судалгааны тайлан/Хавсралт3/;

6.2.4.Хадгаламж, хадгаламжийн хүүгийн судалгаа /Хавсралт 4/;

6.2.5. 40 том зээлдэгчид олгосон зээл, зээлтэй адилтган тооцох бусад хөрөнгийн тайлан /Хавсралт 5/;  /Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 1022 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

6.2.6.Нэгдмэл сонирхолтой этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох бусад хөрөнгийн тайлан  /Хавсралт 6/;

6.2.7. 40 Том хадгаламж эзэмшигчийн тайлан /Хавсралт 7/;  /Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 1022 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

6.2.8.Их хэмжээний хувь хөрөнгө нийлүүлсэн гишүүдийн тайлан /Хавсралт 8/;

6.2.9.Хөрөнгө, эх үүсвэрийн эргэн төлөгдөх хугацааны тайлан /Хавсралт 9/;

6.2.10.Хөрөнгийн чанар,  хамгаалалтын үзүүлэлтийн тайлан /Хавсралт 10/;

6.2.11.Үр ашигтай санхүүгийн бүтцийн үзүүлэлтийн тайлан /Хавсралт 11/;

6.2.12.Өгөөж, зардлын хувь хэмжээний үзүүлэлтийн тайлан /Хавсралт 12/;

6.2.13.Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлтийн тайлан /Хавсралт 13/;

6.2.14.Зохистой харьцааны шалгуур үзүүлэлт /Хавсралт 14/.

6.3. Зах зээлийг дэмжих болон бусад тодорхой бодлого, зохицуулалтын арга хэмжээний хүрээнд Хорооны шийдвэрээр зарим шалгуур үзүүлэлтийг ялгаатай байдлаар тооцох эсхүл зарим үзүүлэлтийг тооцохгүй байхаар тогтоож болно /Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 1022 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

6.4. Энэхүү шалгуур үзүүлэлтийг мөрдөгдөж эхэлснээс хойш хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан ХЗХ нь Хорооноос тусгай зөвшөөрөл олгосноос хойшхи 4 улиралд багтаан зохистой харьцааны шалгуурүзүүлэлтийг бүрэн хангаж ажилласан байх үүргийг хүлээнэ.

6.5. “Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага”-д заасны дагуу зохистой харьцааны шалгуур үзүүлэлт хангагдаагүй үндэслэлээр тухайн ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох болон бусад арга хэмжээг авч эхлэх тайлант хугацааны эхлэлийг энэ журмын 6.4-д заасан хугацаанаас хойш тооцно.