- Нүүр
- Сайдын тушаал
- Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар, гэрчилгээ олгох журам
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн
119 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт
Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар, гэрчилгээ олгох журам
1. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь усан замын тээврийн үйл ажиллагааггол, мөрөн, нуурын экологи, байгаль орчинд сөрөг нөлөөгүй эрхлэхэд төрийн хяналт, зохицуулалтыг чиглүүлж, хүн, хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлд байгаа усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийж хөвөлтийн аюулгүй байдлыг ханган, усан замын тээврийн хэрэгслийн тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар, гэрчилгээ олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг улсын мэргэжлийн хяналтын байгууллагаас зохих эрх олгогдсон, усан замын тээврийн асуудал эрхэлсэнтөрийн захиргааны төв байгууллага, түүний харъяа байгууллагын усан замын тээврийн хяналтын улсын байцаагчид энэхүү журмыг баримтлан хийнэ.
1.3. Усан замын тээврийн хэрэгслийн тоо бүртгэл хөтлөх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон улсын дугаар олгох үйл ажиллагааг усан замын тээврийн асуудал эрхэлсэнтөрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон байгууллага эрхлэн гүйцэтгэх бөгөөд усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлж, лавлагаа гаргана.
1.4.Усан замын тээврийн хэрэгслийн осол, зөрчил гарсан болон бусад шаардлагатай тохиолдолдусан замын тээврийн хэрэгслийн техникийнхяналтын үзлэг хийх, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулж болно. Ажлын хэсгийг усан замын тээврийн хяналтын улсын байцаагч ахалж, тухайн орон нутаг дахь холбогдох мэргэжлийн болон хууль хяналтын байгууллагын төлөөллийг оруулж, осол, зөрчлийг шинжлэн шалгаж дүгнэлт гаргана.
1.5. Энэхүү журмын хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын байгууллагын усан замын тээврийн хяналтын улсын байцаагчид хяналт тавина.
2.Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх
2.1. Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг жилд нэг удаа усан замын тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон байгууллага үзлэг оношлогооны болон утааны найрлага хэмжигч зэрэг бусад шаардлагатай багаж хэрэгслээр хийнэ. Шаардлагатай тохиолдолд ээлжит бус үзлэг хийж болно.
2.2. Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг жил бүрийн хөвөлтийн улирал эхэлснээс хойш 14 хоногийн дотор Усан замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан техникийн шаардлагын дагуу хийнэ.
2.3. Техникийн хяналтын үзлэгт оруулах усан замын тээврийн хэрэгсэлд Усан замын тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан даатгалыг хийлгэсэн байна.
2.4. Техникийн хяналтын үзлэгээр усан замын тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, хөдөлгүүрийн дугаар, төрөл, зориулалтыг усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээнд заасан мэдээлэлтэй тулгаж хянах ба усан замын тээврийн хэрэгсэлд зайлшгүй шаардагдах нэмэлт хэрэгслийн /галын хор, ослын дохио, уяа оосор, эмийн сан г.м./ бүрдэл, ашиглалтын шаардлага зэргийг шалгана.
2.5. Техникийн хяналтын үзлэгээр усан замын тээврийн хэрэгсэл нь техникийн дараах шаардлагыг хангаж буй эсэхийг шалгана. Үүнд:
2.5.1. Хөдөлгүүрийн ажиллагаа;
2.5.2. Хөдөлгүүрээс ялгарч буй утааны бохирдол байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэх;
2.5.3. Их биеийн даац, хөдөлгүүрийн багтаамж;
2.5.4. Их биеийн бүрэн бүтэн байдал (цоорсон, цуурсан, элэгдсэн эсэх);
2.5.5. Шатахууны савны битүүмжлэл, шатах тослох материал алдагдаж буй эсэх;
2.5.6. Аврах хантаазнь стандартын болон ашиглалтын шаардлага бүрэн хангаж, зорчигчдын суудлын тоонд хүрэлцэхүйц хэмжээнд байгаа эсэх /хүүхдэд болон том хүнд зориулсан/;
2.5.7. Бусад аврах хэрэгсэл болон гал унтраах хэрэгсэл шаардлага хангаж байгаа эсэх;
2.5.8. Гэрлэн ба дуут дохионы хэвийн ажиллагаа, бүрэн бүтэн байдал;
2.5.9. Ус шавхагч насос хэвийн ажиллагаатай эсэх.
2.6. Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийлгэхэд дараах баримт бичиг бүрдүүлнэ. Үүнд:
2.6.1.Иргэн бол иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ;
2.6.2. Усан замын тээврийн хэрэгслийн техникийн паспорт, усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бусад дагалдах баримт бичиг;
2.6.3. Усан замын тээврийн хэрэгсэлд их засвар хийсэн бол түүнийгнотолсон баримт бичиг;
2.6.4.Усан замын тээврийн хэрэгслийн өмчлөгч солигдсон буюу бусад тохиолдолд хийгдсэн шилжилтийн тухай баримт бичиг;
2.6.5. Даатгалд даатгуулсан баримт;
2.6.6.Улсын тэмдэгтийн хураамж болон бусад холбогдох албан татварыг төлсөн баримт.
2.7. Усан замын тээврийн хэрэгсэлд ээлжит бус техникийн хяналтын үзлэгийг дараах тохиолдолд хийнэ. Үүнд:
2.7.1. Техникийн хяналтын үзлэгт хамрагдсан усан замын тээврийн хэрэгсэлд зайлшгүй шаардлагаар их засвар үйлчилгээ хийлгэж, хөдөлгүүр сольсон тохиолдолд;
2.7.2. Байгаль орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүссэн болон хөвөлтийн аюулгүй байдлын шаардлага хангахгүй байгаа талаар иргэдээс санал, гомдол гаргасан тохиолдолд;
2.7.3. Ашиглагдаж байгаад импортоор оруулж ирсэн усан замын тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт хамруулна.
2.8. Техникийн хяналтын үзлэгт тэнцсэн усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогооны хуудсанд тухайн техникийн хяналтын үзлэгийг хийсэн эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч гарын үсэг зурж баталгаажуулна.
2.9. Эвдрэл, гэмтлийн улмаас хөвөлтөд гарах боломжгүй усан замын тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч нь бүртгүүлж, гэрчилгээнд энэ тухай тэмдэглэл хийлгүүлнэ.
2.10. Эвдрэл, гэмтэл болон бусад шалтгаанаар цаашид ашиглах боломжгүй болсон усан замын тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглосон тухай тэмдэглэгээг гэрчилгээний “тусгай тэмдэглэл” хэсэгт хийж, гэрчилгээг хураан авна.
2.11. Техникийн хяналтын үзлэг шалгалтын дүнг тэмдэглэсэн усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогооны хуудсыг 2 хувь үйлдэж нэг хувийг усан замын тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчид өгч, нэг хувийг техникийн хяналтын үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч хадгална.
3. Усан замын тээврийн хэрэгслийг бүртгэх, улсын дугаар, гэрчилгээ олгох
3.1.Техникийн хяналтын үзлэгт хамрагдсан усан замын тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч хүн, хуулийн этгээдийн хаягаар бүртгэж, харъяалах орон нутгийн нэрийг илэрхийлэх ялгах тэмдэг бүхий улсын дугаар, гэрчилгээ олгоно.
3.2. Өмчлөгч, эзэмшигч нь улсын дугаараас гадна усан замын тээврийн хэрэгсэлдээ нэр өгөх хүсэлт гаргасан бол, түүний санал болгосон нэрийг бусад усан замын тээврийн хэрэгсэлд олгосон нэртэй давхардуулалгүйгээр олгож, хувийн хэрэгт нь тэмдэглэнэ.
3.3. Усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээг баталсан загварын дагуу нууцлалын шаардлагыг хангаж хэвлүүлнэ.
3.4. Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгч нь тээврийн хэрэгслийн хувийн хэрэг хөтлөх бөгөөд хувийн хэргийг төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон байгууллага олгоно.
3.5. Усан замын тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд шинээр бүртгүүлэхэд дараахбаримт бичгийг бүрдүүлж, усан замын тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон байгууллагад ирүүлнэ. Үүнд:
3.5.1. Өмчлөгч, эзэмшигч нь иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар, баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, албан хүсэлт;
3.5.2. Усан замын тээврийн хэрэгслийн техникийн паспорт, үйлдвэрлэгчийн дагалдах баримт бичиг;
3.5.3. Импортоор оруулж ирсэн бол гаалийн бүрдүүлэлт хийснийг нотолсон баримт бичиг, эсхүл гаалийн байгууллагын тодорхойлолт;
3.5.4. Усан замын тээврийн хэрэгслийг Монгол Улсад үйлдвэрлэж, угсарсан бол түүний аюулгүй байдлыг хянан баталгаажуулсан гаднын мэргэжлийн байгууллагын баримт бичиг;
3.5.5. Усан замын тээврийн хэрэгслийг техникийн үзлэг, оношлогоонд хамруулсан баримт бичиг;
3.5.6. Улсын тэмдэгтийн хураамж болон бусад холбогдох татвар, хураамж төлсөн баримт;
3.5.7. Даатгалд даатгуулсан баримт.
4. Усан замын тээврийн хэрэгслийн тоо бүртгэлд шилжилт хөдөлгөөн хийх
4.1.Дараах тохиолдолд усан замын тээврийн хэрэгслийн тоо бүртгэлд шилжилт хөдөлгөөн, өөрчлөлт хийнэ. Үүнд :
4.1.1. Өмчлөгч, эзэмшигч хүн, хуулийн этгээд нь усан замын тээврийн хэрэгслээ бусдад худалдах, бэлэглэх, солилцох, шилжүүлэх;
4.1.2. Өмчлөгч, эзэмшигч хүн, хуулийн этгээдийн оршин байгаа байршил, хаяг өөрчлөгдөх;
4.1.3. Усан замын тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг өөрчлөх;
4.1.4. Өмчлөгч хуулийн этгээд татан буугдсан, улсын бүртгэлээс хасагдсан эсхүл өмчлөгч эзэмшигч нас барсан;
4.1.5.Усан замын тээврийн хэрэгслийн өмчлөгч нас барсан тохиолдолд өв залгамжлагчийн, мөн шүүхийн шийдвэрээр усан замын тээврийн хэрэгслийг хураасан буюу шилжүүлсэн бол шийдвэрт заасан хүн, хуулийн этгээдийн нэр дээр тус тус бүртгэнэ.
4.1.6.Татан буугдаж бүртгэлээс хасагдсан хуулийн этгээдийн усан замын тээврийн хэрэгслийг харъяалах нутаг дэвсгэрийн татварын албаны тодорхойлолтыг үндэслэн бусад хүн, хуулийн этгээдийн нэр дээр шилжүүлэн бүртгэж болно.
4.2.Усан замын тээврийн хэрэгслийн тоо бүртгэлд шилжилт, хөдөлгөөн хийлгэхэд дараах баримт бичгийг бүрдүүлж, усан замын тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон байгууллагад ирүүлнэ. Үүнд:
4.2.1.Хуулийн этгээд хооронд усан замын тээврийн хэрэгслийг шилжүүлбэл шилжүүлэн өгч байгаа хуулийн этгээдийн дарга, захирлын шийдвэр, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, холбогдох татвар хураамж төлсөн баримт болон шилжүүлэн авч байгаа хуулийн этгээдийн дарга, захирлын болон ТУЗ, бүх гишүүдийн хурлын шийдвэр, албан бичиг, гэрчилгээ;
4.2.2.Хуулийн этгээд өөрийн өмчлөлийн усан замын тээврийн хэрэгслийг иргэнд шилжүүлбэл тухайн хуулийн этгээдийн дарга, захирлын болон ТУЗ, бүх гишүүдийн хурлын шийдвэр, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, холбогдох татвар хураамж төлсөн баримт шилжүүлэн авч байгаа хүний үнэмлэх, өргөдөл;
4.2.3.Иргэн өөрийн өмчлөлийн усан замын тээврийн хэрэгслийг хуулийн этгээдэд шилжүүлбэл тухайн иргэний өргөдөл, иргэний үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, холбогдох татвар хураамж төлсөн баримт, шилжүүлэн авч байгаа хуулийн этгээдийн албан бичиг, гэрчилгээ;
4.2.4.Иргэд хоорондоо усан замын тээврийн хэрэгслээ шилжүүлбэл иргэн тус бүрийн иргэний үнэмлэх, шилжүүлэх өргөдөл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, холбогдох татвар хураамж төлсөн баримт;
4.2.5.Өмчлөгч иргэн болон хуулийн этгээд тээврийн хэрэгслээ бусдад шилжүүлэхийг хүссэн өргөдөл хуулийн этгээд бол албан бичиг, шийдвэр;
4.2.6.Иргэн, хуулийн этгээдийн хооронд байгуулсан өмчлөлөө шилжүүлсэн гэрээ /нотариатаар гэрчлүүлсэн/;
4.2.7. Даатгуулсан баримт.
4.3.Усан замын тээврийн хэрэгслийн өмчлөгч нас барсан тохиолдолд өв залгамжлалын гэрчилгээ болон хууль ёсны өвлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэнэ.
4.4.Усан замын тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг өөрчилсөн бол тухайн өөрчлөлт нь стандартын шаардлага хангаж байгааг нотолсон техникийн хяналтын үзлэгийн дүгнэлт, өмчлөгчийн хүсэлтийг үндэслэн өөрчлөлтийг бүртгэж, гэрчилгээнд тэмдэглэнэ.
4.5.Өмчлөгч хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасагдсан шийдвэр, татан буугдсан бол үүсгэн байгуулагчийн шийдвэр, хүсэлт, улсын бүртгэлийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэнэ.
5. Усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөн олгох
5.1.Усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээг үрэгдүүлсэн тохиолдолд нөхөн авахын тулд дараах баримт бичгийг бүрдүүлж, усан замын тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон байгууллагад ирүүлнэ.Үүнд:
5.1.1. үрэгдүүлсэн гэрчилгээг нөхөн олгохыг хүссэн өмчлөгч /эзэмшигч/-ийн өргөдөл, хуулийн этгээд бол албан бичиг;
5.1.2.үрэгдүүлсэн гэрчилгээг хүчингүйд тооцсон тухай өдөр тутмын сонинд зарлуулсан баримт, сонины зарын хуулбар;5.1.3. гэрчилгээний үнэ тушаасан баримт.
5.2.Усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөж олгосон тохиолдолд гэрчилгээн дээр “нөхөн олгов” гэж тэмдэглэнэ.
5.3.Хэрэглээний явцад хуучирч муудсан, бичлэг тэмдэглэл нь баларч уншигдах боломжгүй болсон гэрчилгээг өмчлөгчийн хүсэлтээр үнийг нь төлүүлэн сольж болно.
6. Усан замын тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах
6.1.Усан замын тээврийн хэрэгслийг техникийн хувьд цаашид ашиглах боломжгүй болсон эсхүл усанд живсэн, экспортлох тохиолдолд өмчлөгч хүн, хуулийн этгээд усан замын тээврийн хэрэгслээ нэг сарын дотор улсын бүртгэлээс хасуулна.
6.2.Усан замын тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах тохиолдолд дараах баримтбичгийг бүрдүүлж, усан замын тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон байгууллагад ирүүлнэ. Үүнд:
6.2.1. усан замын тээврийн хэрэгслийг техникийн хувьд цаашид ашиглах боломжгүй болсон, эсхүл экспортлох бол улсын бүртгэлээс хасуулах тухай өмчлөгч хүн, хуулийн этгээдийн хүсэлт, шийдвэр;
6.2.2. Усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
6.2.3. Татварын байгууллагын тодорхойлолт;
6.2.4. Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийсэн улсын байцаагчийн акт, эсхүл усанд живсэн тухай онцгой байдлын байгууллагын байцаагчийн дүгнэлт.
6.3. Байгууллага нь хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор хасалт хийнэ.
7. Усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч хүн, хуулийн этгээдийн эрх, үүрэг
7.1. Усан замын тээврийн хэрэгслийг өмчилж авснаас хойш 14 хоногийн дотор усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон байгууллагад бүртгүүлж улсын дугаар, гэрчилгээ авах буюу шилжилт хөдөлгөөн хийлгүүлнэ.
7.2. Усан замын тээврийн хэрэгслийн улсын дугаарыг баталсан загварын дагуу байршуулж тэмдэглэнэ.
7.3. Усан замын тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн ашиглах ба түүний техникийн байдалд тогтмол үзлэг хийж, илэрсэн эвдрэл, гэмтлийг тухай бүр засах, өнгө үзэмжийг сайжруулах, усан замын тээврийн хэрэгсэлд засвар, үйлчилгээ хийсэн талаарх тэмдэглэгээг хувийн хэрэгт хийнэ.
7.4. Усан замын тээврийн хяналтын улсын байцаагчийн тавьсан шаардлагыг бүрэн биелүүлж, усан замын тээврийн хэрэгслээ товлогдсон хугацаанд техникийн хяналтын үзлэгт заавал хамруулна;
7.5. Усан замын тээврийн хэрэгслийг шинээр хөвөлтөд гаргах, хөдөлгүүрийг солих буюу их засвар хийсэн тохиолдолд усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон байгууллагад 14 хоногийн дотор мэдэгдэн бүртгүүлэхээс гадна шилжилт хөдөлгөөнийг хийлгэнэ.
7.6. Усан замын тээврийн хэрэгслийн зориулалтыг өөрчлөхгүй.
8. Байгууллагын эрх, үүрэг
8.1. Усан замын тээврийн хэрэгслийн тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар, гэрчилгээ олгох, шилжилт хөдөлгөөн хийх, бүртгэлээс хасах үйл ажиллагааны үнэн зөв байдлыг хариуцна.
8.2. Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн усан замын тээврийн хэрэгслийг бүртгүүлэх, улсын дугаар болон гэрчилгээ авах, шилжилт хөдөлгөөн хийлгэх, бүртгэлээс хасуулах тухай хүсэлт, холбогдох материалыг хүлээж авснаас хойш ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэнэ.
8.3. Усан замын тээврийн хэрэгслийг бүртгэж, гэрчилгээ олгохдоо бүртгэлийн карт хөтөлнө.
8.4. Усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн хийлгэх, бүртгэлээс хасуулах талаар энэхүү журмын заалтыг зөрчсөн тохиолдолд түүнийг арилгуулах арга хэмжээ авна.
8.5.Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх хугацаа болон хамрагдах нутаг дэвсгэр, байрлалыг өдөр тутмын сонин, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг үзлэг явуулахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө олон нийтэд урьдчилан мэдээлнэ.
8.6.Усан замын тээврийн хэрэгслүүдийг техникийн хяналтын үзлэгт бүрэн хамруулах ажлын бэлтгэлийг хангах арга хэмжээг авах талаар усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүргийг тухайн орон нутагт хэрэгжүүлж буй байгууллагад мэдэгдэнэ.
9. Усан замын тээврийн улсын байцаагчийн эрх, үүрэг
9.1. Усан замын тээврийн хяналтын улсын байцаагч нь “Бага оворын усан онгоц, завь, катерт техникийн (анхан шатны) үзлэг хийсэн тухай акт” ба “Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын хуудас”-ыг баримтлан усан замын тээврийн хэрэгслийн үзлэг, хяналтын үйл ажиллагаагаа явуулна.
9.2. Үзлэгт хамрагдсан усан замын тээврийн хэрэгсэл нь техникийн хяналтын шаардлагыг хангаагүй, байгаль орчинд ээлгүй, утаа, химийн аливаа хорт бодис ялгаруулж байгаа тохиолдолд өмчлөгчид доголдол, дутагдлыг арилгах талаар хугацаатай үүргийг өгч тухайн орон нутгийн усан замын тээврийн хяналтын улсын байцаагчид шалгуулан дахин үзлэг хийлгэх арга хэмжээг авах талаар шаардлага тавина.
9.3. Үзлэгээр илэрсэн доголдол, дутагдлыг арилгаагүй болон үзлэгт оруулаагүй усан замын тээврийн хэрэгслийг усан замын хөдөлгөөнд оролцуулахгүй буюу шаардлагатай гэж үзвэл түр саатуулах, мөн хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авна.
9.4. Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийсэн акт буюу дүгнэлтийг ажлын 14 хоногийн дотор тухайн орон нутгийн захиргаанд бичгээр хүргүүлнэ.
9.5. Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийхдээ нийтээр дагаж мөрдөх хууль, тогтоомж, дүрэм, журам, заавар, норм, норматив, стандартыг мөрдөж ажиллах бөгөөд тэдгээр хууль тогтоомжид заасан улсын байцаагчийн бүрэн эрхийн дагуу хяналтыг хэрэгжүүлнэ.
10. Журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
10.1. Усан замын тээврийн хэрэгслийг бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр тээвэрлэлт хийсэн тохиолдолд Усан замын тээврийн тухай хуулийн 19.1.4 дэх заалтын дагуубуруутай этгээдэд хариуцлага хүлээлгэнэ.
10.2. Техникийн үзлэгт усан замын тээврийн хэрэгслээ хамруулаагүй тохиолдолд Усан замын тээврийн тухай хуулийн 19.1.3 дахь заалтын дагуу хариуцлага хүлээлгэнэ.
10.3. Усан замын тээврийн хэрэгслийг энэхүү журмын 7.5-д заасан хугацаанд бүртгэл, шилжилт хөдөлгөөнийг хийлгээгүй тохиолдолд Усан замын тээврийн тухай хуулийн 19.1.3 -т заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
11. Бусад
11.1. Усан замын тээврийн хэрэгслийн өмчлөлийн асуудлаар гэр бүлийн гишүүдийн дунд маргаан гарвал Иргэний хуулийн 129 дүгээр зүйл, мөн хуулийн бусад холбогдох заалтыг үндэслэл болгоно.
11.2.Улсын хилээр түр хугацаагаар буцаж гаргах нөхцлөөр оруулсан усан замын тээврийн хэрэгслүүдэд “түр дугаар” олгоно.
Текст томруулах
A
A
A