A

A

A

Бүлэг: 1979

Санхүүгийн зохицуулах хорооны

2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн

245 дугаар тогтоолын хавсралт

 

ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА

ЭРХЛЭХЭД ТАВИГДАХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Энэхүү нөхцөл, шаардлагын зорилго нь Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Хороо” гэх/-ноос хадгаламж, зээлийн хоршоо /цаашид "ХЗХ" гэх/-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаанд тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлох, тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох, хэрэгжилтэд хяналт тавих, сунгах, бүртгэх, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох болон бусад харилцааг зохицуулахад оршино.

1.2.Энэхүү нөхцөл, шаардлага нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн байна.

ХОЁР. ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

2.1.ХЗХ нь дараах нийтлэг шаардлагыг хангаж ажиллана:

2.1.1.хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх;

2.1.2.Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зарчмыг баримтлах;

2.1.3.бүх гишүүдийн хурал, тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал нь гишүүдийн Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулиар олгосон бүрэн эрхийг хангаж, тэдний  эрх ашгийн төлөө ажиллах;

2.1.4.Хорооноос тогтоосон ХЗХ-ны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллаx;

2.1.5.ХЗХ-ны актив хөрөнгийг холбогдох журмын дагуу ангилж, эрсдэлийн сан байгуулаx;

2.1.6.нягтлан бодох бүртгэлийг хууль тогтоомжийн дагуу үнэн зөв хөтөлж, жилийн санхүүгийн тайланг аудитын байгууллагаар баталгаажуулах;

2.1.7.санхүүгийн болон зохистой харьцааны тайлан, статистик мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд зохих маягтын дагуу гаргаж Хороонд хүргүүлэх;

2.1.8.Хорооноос тогтоосон зохицуулалтын үйлчилгээний хөлсийг хугацаанд нь төвлөрүүлэх;

2.1.9.ХЗХ-ны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулах 2-оос доошгүй ажилтантай байх;

2.1.10.ажлын байр, техник, тоног төхөөрөмж, санхүүгийн програм хангамж нь тухайн ажил, үйлчилгээг хэвийн явуулах нөхцөл, шаардлага хангасан байх;

2.1.11.Тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 34.4, 34.11, 36 дугаар зүйлийн 36.5, 38 дугаар зүйлийн 38.5, 39 дүгээр зүйлийн 39.6-д заасан шаардлагыг хангасан байх;

2.1.12.ХЗХ-ны тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал нь сонгогдож, томилогдсоноос хойш 6 сарын хугацаанд Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбооны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх;

2.1.13.жил бүр бүх гишүүдийн ээлжит хурал хуралдсанаас хойш 30 хоногийн дотор Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хурлын материалыг Хороонд хүргүүлэх.

2.2.Хадгаламжийн үйл ажиллагаа:

2.2.1.хадгаламжийн үйл ажиллагаанд Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 16 дугаар зүйл, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 2 дугаар бүлгийг мөрдлөг болгох;

2.2.2.хадгаламжийн төрлийг тодорхойлохдоо гадаад, дотоод орчин, макро эдийн засгийн тэнцвэртэй байдал, санхүүгийн зах зээлийн эрсдэлийн түвшинг үнэлсэн судалгаанд суурилсан шийдвэр гаргах;

2.2.3.хадгаламжийн талаар баримтлах бодлого боловсруулж мөрдөж ажиллах;

2.2.4.Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу гишүүдийн хадгаламжийг даатгах, хамгаалалтын болон тогтворжилтын сан байгуулах;

2.2.5.хадгаламжийн хүүг тогтоохдоо үйл ажиллагааны орлого, зардал, өгөөж, эрсдэлийг тооцож, салбарын болон тухайн орон нутгийн зах зээлийн дундаж хүүг харгалзаж үзэх.

2.3.Зээлийн үйл ажиллагаа:

2.3.1.зээлийн үйл ажиллагаанд Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны хуулийн 4 дүгээр бүлгийг мөрдлөг болгох;

2.3.2.Зээлийн мэдээллийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасны дагуу Монголбанкны Зээлийн мэдээллийн сантай гэрээ байгуулж ажиллах;

2.3.3.зээлийн хүүг тогтоохдоо үйл ажиллагааны орлого, зардал, цэвэр орлогыг тооцож, салбарын болон тухайн орон нутгийн зах зээлийн дундаж хүүг харгалзаж үзэх;

2.3.4.гишүүний зээлийн төлбөрт түүний хадгаламжаас шууд суутгахгүй зөвхөн өөрийнх нь хүсэлт, шүүхийн шийдвэрийг үндэслэн зарлагын гүйлгээ хийх;

2.3.5.зээлийн талаар баримтлах бодлого боловсруулж, тухайн үеийн байдал, хэтийн төлөвийг судалж, эрсдэлийг тооцож ажиллах.    

2.4.Санхүүгийн бусад ажил, үйлчилгээ:

2.4.1.санхүүгийн бусад ажил, үйлчилгээнд Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасны дагуу ХЗХ-ноос гишүүддээ үзүүлж болох энэхүү нөхцөл, шаардлагын 2.4.2-2.4.7-д заасан ажил, үйлчилгээ хамаарна.

2.4.2.Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийг мөрдлөг болгох бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:

2.4.2.а.тухайн үйлчилгээг эрхлэхэд Хорооноос баталсан холбогдох журамд заасныг мөрдлөг болгон ажиллах;

2.4.2.б.тухайн ХЗХ-ны гишүүнээс бусад этгээдэд даатгалын гэрээ борлуулахгүй байх.

2.4.3.ХЗХ нь тоног төхөөрөмж, техник хэрэгслийг гуравдагч этгээдээс худалдан авч, гишүүддээ тодорхой нөхцөлтэйгээр түрээслүүлж, түрээсийн төлбөрийг санхүүжүүлж, түрээсийн хугацаа дуусгавар болоход гишүүнээс ХЗХ-нд санхүүжилтийг буцаан төлж дууссан тохиолдолд түрээсийн эд зүйлийг гишүүний өмчлөлд шилжүүлэх хэлбэрээр санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхэлж болно. Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэхэд дараах шаардлагыг хангасан байна:

2.4.3.а.уг үйл ажиллагааг эрхлэхэд Иргэний хуулийн 26 дугаар бүлэг, Санхүүгийн түрээсийн тухай хуулийг мөрдлөг болгон ажиллах;

2.4.3.б.санхүүгийн түрээсээр авах тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нь даатгуулсан байх.

2.4.4.Хоршооны гишүүдийн хэрэгцээг хангах зорилгоор бичил бизнес, орон нутгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөрийг дамжуулан хэрэгжүүлэх үйл ажиллагаа эрхэлж болно. Төсөл хөтөлбөрийг дамжуулан хэрэгжүүлэх үйл ажиллагаа эрхлэхэд дараах шаардлагыг хангасан байна:

2.4.4.а.төсөл хөтөлбөр дамжуулан хэрэгжүүлэх зөвшөөрөл хүсэгч нь 1-ээс доошгүй жил хэвийн үйл ажиллагаа явуулсан байх;

2.4.4.б.төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгчээс тавьсан нөхцөл, шаардлагыг хангасан байх;

2.4.4.в.дамжуулан зээлдүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах, хангуулах;

2.4.4.г.зээлдэгч бүрт хувийн хэрэг нээж, хөтлөх;

2.4.4.д.дамжуулан зээлдүүлэх гэрээ, төслийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээлдүүлсэн зээлийн хүүгийн болон үндсэн төлбөрийг хугацаанд нь төлөх.

2.4.5.Цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр гишүүдийн бэлэн мөнгийг цахим төлбөр тооцооны хэрэгсэл ашиглан цахим мөнгөн хэлбэрт хөрвүүлэх, цахим хэтэвч эзэмшигч гишүүдийн бүртгэл болон бэлэн мөнгөний орлого, зарлагын гүйлгээг гүйцэтгэх зорилгоор цахим төлбөр тооцооны төлөөлөгчөөр ажиллах үйлчилгээ эрхэлж болно. Цахим төлбөр тооцооны төлөөлөгчөөр ажиллах үйлчилгээ эрхлэхэд дараах шаардлагыг хангасан байна:

2.4.5.а.тухайн үйлчилгээг эрхлэхэд Хорооноос баталсан холбогдох журамд заасныг мөрдлөг болгон ажиллах;

2.4.5.б.ажлын байранд цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгчээс олгосон таних тэмдэг бүхий батламж, дансны дугаар, үйлчилгээний үнийн саналыг гишүүдэд харагдахуйц газар байрлуулах.

2.4.6.Гишүүдийн мөнгөн хөрөнгийг банкин дахь өөрийн харилцах дансаар дамжуулан шилжүүлэх, төлбөр тооцоог гүйцэтгэх үйл ажиллагаа эрхлэх зорилгоор мөнгөн гуйвуулга хийх үйлчилгээ эрхэлж болно. Мөнгөн гуйвуулга хийх үйлчилгээ эрхлэхэд дараах шаардлагыг хангасан байна:

2.4.6.а.мөнгөн гуйвуулга хийх үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлийг боловсруулж, үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмж, програм хангамж зэрэг мэдээллийн технологийн асуудлыг шийдвэрлэсэн байх.

2.4.7.Гишүүдийн нэр дээр нэгж эрх нээж, тэдгээрийн зөвшөөрснөөр ирээдүйд хэрэглэх хуримтлал үүсгэх, түүнийг үр ашигтай байдлаар хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрээр удирдах зорилгоор хуримтлалын сан үүсгэх, удирдах үйл ажиллагааг эрхэлж болно. Хуримтлалын сан үүсгэх, удирдах үйл ажиллагаа эрхлэхэд дараах шаардлагыг хангасан байна:

2.4.7.а.сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдах журам, сангийн дүрмийг бүх гишүүдийн хурлаар баталж, мөрдөх;

2.4.7.б.хуримтлагдсан хөрөнгийг өсгөж, үр ашигтай удирдах хөрөнгө оруулалтын мэргэжилтэнтэй байх;

2.4.7.в.хуримтлалын санд гишүүд сайн дурын үндсэн дээр хураамж төлж, хуримтлал үүсгэнэ;

2.4.7.г.сангийн хөрөнгийн эх үүсвэр нь ХЗХ-ны бүх гишүүдийн хурлаар баталсан хэмжээгээр сар бүрийн гишүүдийн хураамж, сайн дурын хандив /төрийн ба төрийн бус байгууллага, иргэд, ААН, олон улсын байгууллага/, ХЗХ-ноос тус санд зөвхөн тухайн жилийн цэвэр орлогоос ХЗХ-ны дүрэмд заасан хэмжээгээр нөөцийн санг бүрдүүлсний дараа тодорхой хувийг бүх гишүүдийн хурлын шийдвэрээр хуваарилж болох ба хуулинд хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдүүлэх;

2.4.7.д.сангийн хөрөнгийг тусгаарласан дансанд төвлөрүүлсэн байх;

2.4.7.е.санд хураамж төлж, хуримтлал үүсгэсэн гишүүн нас барсан тохиолдолд уг сангаас түүнд ногдох мөнгөн хөрөнгийг өвлүүлэх боломжтой байх;

2.4.7.ё.санд орлого хуримтлуулах болон сангийн хөрөнгийн зарцуулалтыг гишүүдэд ил тод тайлагнадаг байх.

ГУРАВ. ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХОД ТАВИГДАХ ШААРДЛАГА, БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

3.1.Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн ХЗХ нь дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:

3.1.1.Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд заасны дагуу үүсгэн байгуулагдсан байх;

3.1.2.Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.3-т заасан нөхцөл, шаардлагыг хангасан байх;

3.1.3.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д заасан нөхцөл, шаардлагад нийцсэн байх;

3.1.4.ХЗХ-ны үүсгэн байгуулагч гишүүдийн оруулж буй хувь хөрөнгө нь тухайн иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны үйл ажиллагаанаас бий болсон орлого байх.

3.2.Тусгай зөвшөөрөл хүссэн ХЗХ нь дараах баримт бичгийг бүрдүүлж, Хороонд ирүүлнэ:

3.2.1.тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг;

3.2.2.энэхүү нөхцөл, шаардлагын 1 дүгээр хавсралтын дагуу гаргасан тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл;

3.2.3.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

3.2.4.ХЗХ-г үүсгэн байгуулагчдын хурлын тэмдэглэл, шийдвэр /үүсгэн байгуулагчдын ирцийн бүртгэлийг хуралд оролцсон гишүүдийн гарын үсгээр баталгаажуулсан байх/;

3.2.5.ХЗХ-ны үүсгэн байгуулагчдын хооронд байгуулсан гэрээ /үүсгэн байгуулагчдын гарын үсгээр баталгаажуулсан байх/;

3.2.6.ХЗХ-ны дүрэм;

3.2.7.бүх гишүүдийн хурлаар баталсан тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны ажиллах журам, журмыг баталсан хурлын тэмдэглэл, шийдвэр;

3.2.8.тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлаар баталсан хадгаламжийн болон зээлийн үйл ажиллагааны журам, журмыг баталсан хурлын тэмдэглэл, шийдвэр;

3.2.9.гишүүдийн хувь нийлүүлсэн мөнгөн хөрөнгийг банкин дахь тухайн ХЗХ-ны дансанд байршуулсныг нотлох дансны хуулга /гишүүн бүр хувь нийлүүлсэн хөрөнгийг ХЗХ-ны дансанд тушаасан байх/;

3.2.10.бүх гишүүдийн хурлаар баталсан, энэхүү нөхцөл, шаардлагын 9 дүгээр хавсралтад заасан зөвлөмжийн дагуу боловсруулсан 3-аас доошгүй жилийн бизнес төлөвлөгөө;

3.2.11.үүсгэн байгуулагч гишүүдийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

3.2.12.энэхүү нөхцөл, шаардлагын 5 дугаар хавсралтын дагуу гаргасан тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга, гишүүн, хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, зээлийн хорооны дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, нягтлан бодогчийн анкет;

3.2.13.энэхүү нөхцөл, шаардлагын 6 дугаар хавсралтын дагуу бэлтгэсэн санхүүгийн эхлэлтийн тайлан тэнцэл;

3.2.14.тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга, гишүүн, хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, зээлийн хорооны дарга, гишүүн, гүйцэтгэх захирлын мэргэжил, мэргэшил, ур чадварыг тодорхойлох мэргэжлийн диплом, үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шаардлагатай тохиолдолд орон нутгийн хөгжил, хоршооны талаар мэдлэг, туршлагатайг нотлох тодорхойлолт;

3.2.15.гүйцэтгэх захирлыг томилсон тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр;

3.2.16.тэргүүлэгчдийн зөвлөлийн гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээ;

3.2.17.нягтлан бодогчийг томилсон гүйцэтгэх захирлын тушаал;

3.2.18.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14.4.11-т заасны дагуу хяналт тавих ажилтныг томилсон гүйцэтгэх захирлын тушаал холбогдох бусад баримт бичиг;  /СЗХ-ны 2019 оны 439 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/

3.2.19.бүх гишүүдийн хурлаар баталсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан дотоод хяналтын хөтөлбөр; /СЗХ-ны 2019 оны 439 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/

3.2.20.ХЗХ-ны үүсгэн байгуулагч гишүүдийн оруулж буй хувь хөрөнгө нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан, хууль ёсны үйл ажиллагаанаас бий болсон орлого болохыг нотлох баримт, тайлбар тодруулга;

3.2.21.үйл ажиллагаа явуулах ажлын байр нь түрээсийнх бол түрээсийн гэрээ, өөрийн өмчлөлийнх бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар;

3.2.22.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д заасны дагуу үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах, дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын дүгнэлт.

ДӨРӨВ. ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХОД ТАВИГДАХ ШААРДЛАГА, БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

4.1.Санхүүгийн бусад ажил, үйлчилгээ эрхлэх, салбар байгуулах, оноосон нэр өөрчлөх, өөрчлөн байгуулахыг хүссэн ХЗХ нь дараах нийтлэг нөхцөл, шаардлагыг хангасан байна:

4.1.1.бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн байх;

4.1.2.ХЗХ-ны дүрэмд тусгасан байх;

4.1.3.тухайн зөвшөөрөл нь ХЗХ-ны санхүүгийн төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлөхгүй, гишүүдэд нь хохирол учруулахгүй байх;

4.1.4.Хорооноос хийсэн газар дээрх хяналт шалгалтаар зөрчил дутагдал илрээгүй, илэрсэн бол зөрчлийг арилгах талаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт хангагдсан байх;

4.1.5.Хороонд төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсийг төлсөн байх;

4.1.6.тухайн зөвшөөрөл авах ажил, үйлчилгээнд мөрдөх журам, заавар нь Монгол Улсын Иргэний хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тухайн ажил, үйлчилгээтэй холбоотой бусад хууль, тогтоомж, Хорооноос гаргасан журам, заавар, нөхцөл, шаардлагын хүрээнд боловсруулж батлагдсан болон гишүүдийн эрх ашгийг хангахад чиглэгдсэн байх./СЗХ-ны 2019 оны 439 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/

4.2.Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн ХЗХ нь энэхүү нөхцөл, шаардлагын 4.1-д заасан шаардлагыг хангасан байна.

4.3.Төсөл хөтөлбөрийг дамжуулан хэрэгжүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн ХЗХ нь энэхүү нөхцөл, шаардлагын 4.1-д заасан шаардлагыг хангасан байна.

4.4.Хорооноос салбар байгуулах зөвшөөрөл хүссэн ХЗХ нь энэхүү нөхцөл, шаардлагын 4.1-д зааснаас гадна дараах шаардлагыг хангана:

4.4.1.Хорооноос баталсан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг сүүлийн 2 улирал дараалан хангаж, үйл ажиллагааг хэвийн явуулсан байх;

4.4.2.салбарын байршлыг сонгохдоо гишүүнчлэл нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан нөхцөлийг хангасан байх;

4.4.3.салбарт ажиллах захирал нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д заасан шаардлагыг хангасан байх;

4.4.4.ажлын байр, техник, тоног төхөөрөмж, санхүүгийн програм хангамж нь тухайн ажил, үйлчилгээг хэвийн явуулах нөхцөл, шаардлага хангасан байна.

4.5.Оноосон нэр өөрчлөх зөвшөөрөл хүссэн ХЗХ энэхүү нөхцөл, шаардлагын 4.1.1, 4.1.3-т зааснаас гадна нэр өөрчлөх нь гишүүдэд сөрөг нөлөө үзүүлэхгүй, төөрөгдүүлэхгүй байх шаардлагыг хангана.

4.6.ХЗХ нь бүх гишүүдийн хурлын шийдвэрээр нийлүүлэх, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдаж болно. Өөрчлөн байгуулах зөвшөөрөл хүссэн ХЗХ нь энэхүү нөхцөл, шаардлагын 4.1-д зааснаас гадна дараах шаардлагыг хангана:

4.6.1.өөрчлөн байгуулагдсанаар тухайн ХЗХ-ны гишүүдийн эрх ашигт сөрөг нөлөө үзүүлэхгүй, хохирол учруулахгүй байх;

4.6.2.өөрчлөн байгуулах шийдвэр гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор Хороонд бичгээр мэдэгдэх;

4.6.3.ХЗХ нь өөрчлөн байгуулагдахдаа Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 47 дугаар зүйлд заасныг мөрдлөг болгох;

4.6.4.Нийлүүлэх, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдаж буй ХЗХ-д нь өөрчлөн байгуулах үеийн хаалтын санхүүгийн тайланг аудитын байгууллагаар баталгаажуулан ирүүлэх.

4.7.Санхүүгийн бусад ажил, үйлчилгээ эрхлэхийг хүссэн ХЗХ нь дараах баримт бичгийг бүрдүүлж, Хороонд ирүүлнэ:

4.7.1.санхүүгийн бусад ажил, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүссэн албан бичиг;

4.7.2.энэхүү нөхцөл, шаардлагын 2 дугаар хавсралтын дагуу гаргасан санхүүгийн бусад ажил, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл;

4.7.3.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

4.7.4.тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтын хуулбар;

4.7.5.санхүүгийн бусад ажил, үйлчилгээ эрхлэхээр дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, шийдвэр;

4.7.6.эрхлэх санхүүгийн бусад ажил, үйлчилгээний төрлийг тусгаж, өөрчлөлт оруулсан дүрэм;

4.7.7.тухайн ажил, үйлчилгээнд мөрдөх журам, түүнийг баталсан бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, шийдвэр;

4.7.8.эрхлэх санхүүгийн бусад ажил, үйлчилгээтэй холбоотой нэмэлт өөрчлөлт оруулсан бизнес төлөвлөгөө, тухайн ажил, үйлчилгээний санхүүгийн үр ашгийн тооцоо, түүнийг баталсан бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, шийдвэр;

4.7.9.төсөл хөтөлбөрийг дамжуулан хэрэгжүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэгч ХЗХ нь төсөл хөтөлбөрийн талаарх танилцуулга, тавигдах шаардлагын талаар мэдээлэл, хамтран ажиллах гэрээний төсөл, холбогдох бусад баримт бичиг;

4.7.10.хуримтлалын сан үүсгэх, удирдах зөвшөөрөл хүсэх тохиолдолд хөрөнгө оруулалтын мэргэжилтний иргэний үнэмлэх болон мэргэжлийн дипломын хуулбар.

4.8.Салбар байгуулахыг хүссэн ХЗХ нь дараах баримт бичгийг бүрдүүлж, Хороонд ирүүлнэ:

4.8.1.салбар байгуулах зөвшөөрөл хүссэн албан бичиг;

4.8.2.энэхүү нөхцөл, шаардлагын 2 дугаар хавсралтын дагуу гаргасан салбар байгуулах зөвшөөрөл хүссэн өргөдөл;

4.8.3.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

4.8.4.салбар байгуулахтай холбогдуулан дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, шийдвэр;

4.8.5.салбар байгуулах тухай өөрчлөлт орсон дүрэм;

4.8.6.салбарын үйл ажиллагаанд мөрдөх журам, түүнийг баталсан бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, шийдвэр;

4.8.7.салбар байгуулахтай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулсан бизнес төлөвлөгөө, санхүүгийн үр ашгийн тооцоо, түүнийг баталсан бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, шийдвэр;

4.8.8.салбарын захирлыг томилсон шийдвэр, иргэний үнэмлэх, мэргэжлийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шаардлагатай тохиолдолд орон нутгийн хөгжил, хоршооны талаар мэдлэг, туршлагатайг нотлох тодорхойлолт;

4.8.9.энэхүү нөхцөл, шаардлагын 5 дугаар хавсралтын дагуу гаргасан салбарын захирлын анкет;

4.8.10.тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтын хуулбар;

4.8.11.үйл ажиллагаа явуулах ажлын байр нь түрээсийнх бол түрээсийн гэрээ, өөрийн өмчлөлийнх бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар;

4.8.12. Энэхүү нөхцөл, шаардлагын 3.2.18, 3.2.19-т заасныг хэрхэн биелүүлж байгаагаас гадна Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан бусад шаардлага. /СЗХ-ны 2019 оны 439 дүгээр тогтоолоор 4.8.12-р заалтыг нэмсэн/

4.9.Оноосон нэр өөрчлөхийг хүссэн ХЗХ нь дараах баримт бичгийг бүрдүүлж, Хороонд ирүүлнэ:

4.9.1.оноосон нэр өөрчлөх зөвшөөрөл хүссэн албан бичиг;

4.9.2.энэхүү нөхцөл, шаардлагын 2 дугаар хавсралтын дагуу гаргасан оноосон нэр өөрчлөх зөвшөөрөл хүссэн өргөдөл;

4.9.3.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

4.9.4.оноосон нэр өөрчлөх болон дүрэмд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, шийдвэр;

4.9.5.оноосон нэр өөрчлөхтэй холбоотой өөрчлөлт орсон дүрэм;

4.9.6.бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас авсан хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас;

4.9.7.оноосон нэрийг өөрчлөх хүсэлт гаргах үеийн санхүүгийн тайлан, гишүүдийн хадгаламж, зээл, хувь хөрөнгө болон өр төлбөр, авлагын дэлгэрэнгүй бүртгэл;

4.9.8.тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтын хуулбар.

4.10.ХЗХ-г өөрчлөн байгуулахыг хүссэн тохиолдолд дараах баримт бичгийг бүрдүүлж, Хороонд ирүүлнэ:

4.10.1.өөрчлөн байгуулах зөвшөөрөл хүссэн албан бичиг;

4.10.2.энэхүү нөхцөл, шаардлагын 2 дугаар хавсралтын дагуу гаргасан өөрчлөн байгуулах зөвшөөрөл хүссэн өргөдөл;

4.10.3.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

4.10.4.ХЗХ-г өөрчлөн байгуулах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, шийдвэр;

4.10.5.гишүүд, тэдгээрийн хадгаламж, зээл болон хувь нийлүүлсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл;

4.10.6.өөрчлөн байгуулах үеийн аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан тэнцэл;

4.10.7.өр төлбөр ба авлагын дэлгэрэнгүй бүртгэл, өөрчлөн байгуулахад эдгээрийг хэрхэн шийдвэрлэх тухай ХЗХ-ны шийдвэр, холбогдох байгууллагуудтай тооцоо нийлсэн акт, байгуулсан гэрээ;

4.10.8.өөрчлөн байгуулах үйл ажиллагаатай холбоотой гарах зардлыг хэрхэн шийдвэрлэх тухай шийдвэр;

4.10.9.өөрчлөн байгуулагдаж байгаа ХЗХ тус бүрийн бүх гишүүдийн хурлаар баталсан өөрчлөн байгуулах нөхцөл, үйл ажиллагааг дэлгэрэнгүй тусгасан журам;

4.10.10.тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтын хуулбар.

4.11.Нийлүүлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдаж байгаа тохиолдолд энэхүү нөхцөл, шаардлагын 4.10-т зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлж, Хороонд ирүүлнэ:

4.11.1.шинээр бий болох ХЗХ-ны дүрмийн төслийг ХЗХ тус бүрийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлсэн хурлын тэмдэглэл, шийдвэр;

4.11.2.өөрчлөн байгуулагдсанаас үүсэх санхүүгийн үр дүнгийн тооцоо;

4.11.3.шинээр бий болсон ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлт.

4.12.Нэгдэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдаж байгаа тохиолдолд энэхүү нөхцөл, шаардлагын 4.10-т зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлж, Хороонд ирүүлнэ:

4.12.1.нэгдэж байгаа ХЗХ тус бүрийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцсэн өөрчлөн байгуулах талаарх хурлын тэмдэглэл, шийдвэр болон өөрчлөн байгуулах нөхцөл, журмыг тодорхойлсон гэрээ;

4.12.2.ХЗХ-ны дүрэм;

4.12.3.өөрчлөн байгуулагдсанаас үүсэх санхүүгийн үр дүнгийн тооцоо;

4.12.4.өөрчлөн байгуулагдсаны дараах хуулийн этгээдийн эхлэлтийн тайлан тэнцэл.

 

ТАВ.ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, ЗӨВШӨӨРЛИЙН ХҮСЭЛТИЙГ ХЯНАХ, ОЛГОХ

5.1.Холбогдох баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авснаас хойш тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу ажлын 45 хоногийн дотор, ХЗХ-г өөрчлөн байгуулах зөвшөөрөл олгох эсэх асуудлыг мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т заасны дагуу ажлын 30 хоногийн дотор, бусад зөвшөөрлийг олгох эсэх тухай асуудлыг ажлын 14 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.

5.2.Хороо тусгай зөвшөөрөл, зөвшөөрлийн болон бусад хүсэлтийг хүлээн авч хянах үед ХЗХ-ноос холбогдох нэмэлт мэдээллийг шаардаж болно.

5.3.ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, ХЗХ-г өөрчлөн байгуулах зөвшөөрөл олгохтой холбогдсон өргөдөл, баримт бичгийг энэхүү нөхцөл, шаардлагын дагуу хүлээн авч хянан, Хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

5.4.ХЗХ-ны санхүүгийн бусад ажил, үйлчилгээ эрхлэх, салбар байгуулах, оноосон нэр өөрчлөх зөвшөөрөл олгохтой холбогдсон өргөдөл, баримт бичгийг энэхүү нөхцөл, шаардлагын дагуу хүлээн авч хянан, Хорооны дарга шийдвэрлэнэ.

5.5.Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн Хорооны шийдвэр, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг үндэслэн ХЗХ-нд энэхүү нөхцөл, шаардлагын 7 дугаар хавсралтаар батлагдсан тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгоно.

5.6.ХЗХ-г өөрчлөн байгуулах эсхүл оноосон нэр өөрчлөхийг зөвшөөрсөн Хорооны шийдвэр, холбогдох зохицуулалтын үйлчилгээний хөлс төлсөн баримтыг үндэслэн тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шинэчлэн олгоно.

5.7.ХЗХ-ны салбар байгуулахыг зөвшөөрсөн Хорооны шийдвэрийг үндэслэн энэхүү нөхцөл, шаардлагын 8 дугаар хавсралтаар батлагдсан салбарын гэрчилгээг олгоно.

5.8.Энэ нөхцөл, шаардлагын 5.5, 5.6-д зааснаас бусад зөвшөөрөл олгосон шийдвэр, зохицуулалтын үйлчилгээний хөлс төлсөн баримтыг үндэслэн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад холбогдох тэмдэглэгээ хийнэ.

5.9.Тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга, гишүүн, хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, зээлийн хорооны дарга, гишүүн, гүйцэтгэх захирал нь сүүлийн гурван жилийн хугацаанд санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаад дампуурсан хуулийн этгээдийн удирдлагад ажиллаж байсан эсэх, ял шийтгэлтэй эсэх, хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэхийг Хороо шалгана.

5.10.Шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрөл олгоход Хороо газар дээрх шалгалтыг хийж болно.

5.11.ХЗХ-ны тэргүүлэгчдийн зөвлөл нь Хорооноос олгосон тусгай зөвшөөрөл, зөвшөөрлийг бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ.

ЗУРГАА.ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХООС ТАТГАЛЗАХ

6.1.Дараах тохиолдолд Хороо нь тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргаж, энэ тухай хариуг албан бичгээр өгнө:

6.1.1.ХЗХ-ны тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл хүсч ирүүлсэн өргөдөлд дурдсан мэдээлэл дутуу буюу шаардлага хангаагүй, баримт бичгийг хууль, журам, нөхцөл, шаардлагад нийцэхүйц хэмжээнд бүрдүүлээгүй;

6.1.2.гишүүний оруулсан хувь хөрөнгийг зээлийн эх үүсвэрээр бүрдүүлсэн эсхүл мөнгөн хөрөнгийг хууль ёсны үйл ажиллагаанаас олсон болох нь нотлогдоогүй, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй;

6.1.3.ХЗХ-ны тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл хүсч ирүүлсэн баримт бичиг нь хуурамч болох нь тогтоогдсон;

6.1.4.Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасан үндэслэл илэрсэн;

6.1.5.Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасныг үндэслэн.

6.2.Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гарсан тохиолдолд Хороо Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д заасныг үндэслэн тухайн ХЗХ-г татан буулгах, эсхүл хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар ХЗХ, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

6.3.Тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл хүсч ирүүлсэн баримт бичгийг хууль тогтоомжийн шаардлагад нийцэхүйц хэмжээнд бүрдүүлээгүй бол тусгай зөвшөөрөл хүсэгчээс нэмэлт баримт бичиг шаардсан өдрөөс хойш 3 сарын хугацаа өнгөрсөн, зөвшөөрөл хүсэгчээс нэмэлт баримт бичиг шаардсан өдрөөс хойш ажлын 45 хоногийн хугацаа өнгөрсөн бол тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгохоос татгалзсан үндэслэл бүхий хариуг албан бичгээр хүргүүлнэ.

6.4.Хуурамч баримт бичиг бүрдүүлсэн үндэслэлээр тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд уг өдрөөс хойш 1 жилийн дотор хүсэлтийг дахин хүлээж авахгүй.

ДОЛОО.ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦААГ СУНГАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА, СУНГАХ, ТАТГАЛЗАХ

7.1.Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах зөвшөөрөл хүссэн ХЗХ нь дараах баримт бичгийг бүрдүүлж, Хороонд ирүүлнэ:

7.1.1.тусгай зөвшөөрөл сунгахыг хүссэн албан бичиг;

7.1.2.энэхүү нөхцөл, шаардлагын 2 дугаар хавсралтын дагуу гаргасан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах зөвшөөрөл хүссэн өргөдөл;

7.1.3.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

7.1.4.тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудал хэлэлцсэн тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр;

7.1.5.бүх гишүүдийн хурлаар баталсан, энэхүү нөхцөл, шаардлагын 9 дүгээр хавсралтад заасан зөвлөмжийн дагуу боловсруулсан 3-аас доошгүй жилийн бизнес төлөвлөгөө;

7.1.6.тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтын хуулбар;

7.1.7. “Энэхүү нөхцөл, шаардлагын 3.2.18, 3.2.19-т заасныг хэрхэн биелүүлж байгаагаас гадна Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан бусад шаардлага. /СЗХ-ны 2019 оны 439 дүгээр тогтоолоор 7.1.7-р заалтыг нэмсэн/

7.2.Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос 30 хоногийн өмнө Хороонд холбогдох баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ.

7.3.Хорооны ХЗХ-ны бүртгэл, зөвшөөрөл хариуцсан нэгж нь хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос 45-аас доошгүй хоногийн өмнө ХЗХ-нд энэ тухай мэдэгдлийг цахимаар эсхүл албан бичгээр хүргүүлнэ.

7.4.ХЗХ нь тусгай зөвшөөрөл сунгах өргөдөл, баримт бичгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй бөгөөд хяналт, шалгалт хариуцсан нэгжийн саналд үндэслэн хугацаа дууссан өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийг хүчингүйд тооцох эсэхийг Хорооны хуралдаанаар шийдвэрлэнэ.

7.5.Хороо нь ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах зөвшөөрөл олгохтой холбогдсон өргөдөл, баримт бичгийг энэхүү нөхцөл, шаардлагын дагуу хүлээн авч хянана.

7.6.Хорооны хяналт шалгалт хариуцсан нэгжээс ирүүлсэн дүгнэлтийг харгалзан тухайн асуудлыг хариуцсан бүртгэл, зөвшөөрлийн нэгжийн саналд үндэслэн, Хорооны хуралдаанаар хэлэлцэж, ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хугацааг 3 хүртэл жилээр сунгах эсэх талаар шийдвэр гаргана.

7.7.ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан Хорооны шийдвэрийг үндэслэн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 15 хоногт багтаан тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад холбогдох тэмдэглэгээ хийнэ.

 

НАЙМ.ХҮСЭЛТИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗАХ

8.1.ХЗХ-ны хаяг байршил өөрчлөгдсөн тохиолдолд Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан хугацаанд дараах баримт бичгийг бүрдүүлж, Хороонд ирүүлнэ:

8.1.1.хаяг байршлын өөрчлөлтийг бүртгүүлэхийг хүссэн албан бичиг;

8.1.2.энэхүү нөхцөл, шаардлагын 3 дугаар хавсралтын дагуу гаргасан хаяг байршлын өөрчлөлтийг бүртгүүлэхийг хүссэн өргөдөл;

8.1.3.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

8.1.4.үйл ажиллагаа явуулах ажлын байр нь түрээсийнх бол түрээсийн гэрээ, өөрийн өмчлөлийнх бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар;

8.1.5.тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтын хуулбар.

8.2.ХЗХ-ны сонгуульт гишүүн, гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн бол ажлын 10 хоногийн дотор дараах баримт бичгийг бүрдүүлж, Хороонд ирүүлнэ:

8.2.1.сонгуульт гишүүн болон гүйцэтгэх захирлын өөрчлөлтийг бүртгүүлэхийг хүссэн албан бичиг;

8.2.2.энэхүү нөхцөл, шаардлагын 3 дугаар хавсралтын дагуу гаргасан сонгуульт гишүүн, гүйцэтгэх захирлын өөрчлөлтийг бүртгүүлэхийг хүссэн өргөдөл;

8.2.3.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

8.2.4.сонгуульт гишүүн /тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга, гишүүн, хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, зээлийн хорооны дарга, гишүүн/-ийг өөрчилсөн тухай шийдвэр, хурлын тэмдэглэл;

8.2.5.гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн /хөлсөөр ажиллах/ гэрээг дүгнэсэн акт, шинээр гүйцэтгэх захирал томилсон үндэслэл бүхий тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр;

8.2.6.шинээр сонгуульт гишүүнээр сонгогдсон, шинээр гүйцэтгэх албанд томилогдсон этгээдийн мэргэжил, мэргэшил, ур чадварыг тодорхойлох мэргэжлийн диплом, үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шаардлагатай тохиолдолд орон нутгийн хөгжил, хоршооны талаар мэдлэг, туршлагатайг нотлох зохих байгууллагын тодорхойлолт;

8.2.7.энэхүү нөхцөл, шаардлагын 5 дугаар хавсралтын дагуу шинээр сонгуульт гишүүнээр сонгогдсон, шинээр гүйцэтгэх захирлаар томилогдсон этгээдийн анкет.

8.3.Хороо нь ХЗХ-ны хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг ажлын 5 хоногт, сонгуульт гишүүн, гүйцэтгэх захирлын өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг ажлын 10 хоногт хянаж хариуг албан бичгээр мэдэгдэнэ.

8.4.Хаягийн өөрчлөлтийг бүртгэсэн бол тухайн ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад холбогдох тэмдэглэгээг хийнэ.

8.5.Хороо нь хүсэлтийг бүртгэхээс дараах үндэслэлээр татгалзана:

8.5.1.тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 34.4, 34.11, 36 дугаар зүйлийн 36.5, 38 дугаар зүйлийн 38.5, гүйцэтгэх захирал нь мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д заасан шаардлагыг хангаагүй;

8.5.2.өөрчлөгдсөн хаяг байршил нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.3-т заасан нөхцөлийг хангахад гишүүдэд хүндрэл учруулахаар бол.

ЕС.ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, СЭРГЭЭХ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ

9.1.Хороо нь хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ:

9.1.1.Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2-т заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан;

9.1.2.хууль, журмын хэрэгжилтийг хангуулахаар Хорооноос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, биелэлтийг хангалтгүй гэж үзсэн;

9.1.3.үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг 3 улирал дараалан хангаж ажиллаагүй нь ХЗХ-ны санхүү, төлбөрийн чадварт нь сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа;

9.1.4.зайны хяналтаар эрсдэлийн түвшин өндөртэй эсхүл газар дээрх хяналт, шалгалтаар хангалтгүй үнэлгээ авсан;

9.1.5.хяналт шалгалтад саад учруулсан, шалтгаангүйгээр зайлсхийсэн;

9.1.6.ирүүлбэл зохих санхүүгийн тайлан, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн тайлан мэдээг 2 улирал дараалан Хороонд ирүүлээгүй;

9.1.7.холбогдох заавар, журмаар тогтоосон зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 сараас дээш хугацаагааар хэтрүүлсэн;

9.1.8.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн. /СЗХ-ны 2019 оны 439 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/

9.1.9.хууль, тогтоомжид заасан бусад үндэслэл.

9.2.Хорооноос тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх нөхцөл бүрдсэн гэж үзвэл үндэслэл бүхий мэдэгдлийг ХЗХ-нд албан бичгээр мэдэгдэнэ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзсэн тухай тайлбараа Хороонд бичгээр ирүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ.

9.3.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэрийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу ажлын 3 хоногт багтаан ХЗХ болон харъяа татварын албанд албан бичгээр мэдэгдэнэ.

9.4.Хорооноос хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэр гарсан өдрөөс ХЗХ нь дараах үйлдэл хийхийг хориглоно:

9.4.1.шинээр хадгаламж төвлөрүүлэх, зээл олгох;

9.4.2.тухайн өдрөөс өмнө байгуулсан аливаа хадгаламж болон зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах;

9.4.3.Хорооноос авсан зөвшөөрөлтэй санхүүгийн бусад ажил, үйлчилгээ эрхлэх.

9.5.Энэ нөхцөл, шаардлагын 9.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тохиолдолд ХЗХ нь зөрчил, дутагдлыг арилгаж, хэвийн үйл ажиллагааг хангасан гэж үзвэл түдгэлзүүлсэн хугацаанд багтаан сэргээх хүсэлтийг дараах баримт бичгийг бүрдүүлж, Хороонд ирүүлнэ:

9.5.1.тусгай зөвшөөрөл сэргээхийг хүссэн албан бичиг;

9.5.2.энэхүү нөхцөл, шаардлагын 2 дугаар хавсралтын дагуу гаргасан тусгай зөвшөөрөл сэргээхийг хүссэн өргөдөл;

9.5.3.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

9.5.4.Хорооноос өгсөн үүрэг даалгаврын биелэлт, зөрчил дутагдлыг арилгасан тухай тайлбар;

9.5.5.тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтын хуулбар.

9.6.Хороо хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр хүчингүй болгоно:

9.6.1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан үндэслэл үүссэн;

9.6.2.Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9-т заасан нөхцөл байдал үүссэн;

9.6.3.Хорооноос хийсэн зайны болон газар дээрх хяналт, шалгалтаар цаашид үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй гэж дүгнэсэн;

9.6.4.Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан үндэслэл үүссэн;

9.6.5.гишүүнчлэл нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан шаардлагыг хангаагүй;

9.6.6.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд Хорооноос өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангагдаагүй, тусгай зөвшөөрлийг сэргээх тухай хүсэлтийг Хороонд ирүүлээгүй;

9.6.7.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн.  /СЗХ-ны 2019 оны 439 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/

9.6.8.хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.

9.7.Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг хүссэн ХЗХ нь дараах баримт бичгийг бүрдүүлж, Хороонд ирүүлнэ:

9.7.1.тусгай зөвшөөрөл хүчингүй болгохыг хүссэн албан бичиг;

9.7.2.энэхүү нөхцөл, шаардлагын 4 дүгээр хавсралтын дагуу гаргасан тусгай зөвшөөрөл хүчингүй болгохыг хүссэн өргөдөл;

9.7.3.тусгай зөвшөөрөл хүчингүй болгох асуудлыг хэлэлцсэн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, шийдвэрийн эх хувь, бүх гишүүдийн ирцийн бүртгэл /ирцийг хуралд оролцсон гишүүдийн гарын үсгээр баталгаажуулсан байх/;

9.7.4.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

9.7.5.үйл ажиллагааг зогсоох үеийн аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан;

9.7.6.санхүүгийн тайланд бүртгэлтэй байгаа өглөг, авлагын тооцоог хэрхэн барагдуулах талаарх татан буулгах комиссын төлөвлөгөө, татан буулгасны дараа гишүүдэд ногдох хөрөнгийн тооцоо;

9.7.7.ХЗХ-ны гишүүд болон авлагатай иргэн, хуулийн этгээдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх эсэх талаарх тайлбар;

9.7.8.зээл, хадгаламж, хувь нийлүүлсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл;

9.7.9.авлага, өглөг, үндсэн хөрөнгө, өмчлөх бусад хөрөнгө, тэнцлийн гадуурх дансны дэлгэрэнгүй бүртгэл;

9.7.10.банкны харилцах дансны хуулга /банк бүрээр/.

9.8.Хорооноос тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох нөхцөл бүрдсэн гэж үзвэл үндэслэл бүхий мэдэгдлийг ХЗХ-нд албан бичгээр мэдэгдэнэ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн тухай тайлбараа Хороонд бичгээр ирүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

9.9.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу ажлын 3 хоногийн дотор ХЗХ, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, харъяа татварын албанд албан бичгээр мэдэгдэнэ.

9.10.ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон өргөдөл, баримт бичгийг энэхүү нөхцөл, шаардлагын дагуу хүлээн авч хянан, Хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

9.11.ХЗХ нь Хорооноос тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон өдрөөс эхлэн Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т заасныг мөрдлөг болгоно.

9.12.Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл хүчингүй болсон тохиолдолд ХЗХ нь тусгай зөвшөөрлийн болон салбарын гэрчилгээг Хороонд ирүүлэх үүрэг хүлээнэ.

9.13.Хорооноос хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, салбарын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд Хороо энэ тухай олон нийтэд мэдээлж, гэрчилгээг хураан авч, хүчингүй тэмдэг даран, тухайн ХЗХ-ны хувийн хэрэгт хийж, зохих журмын дагуу архивт шилжүүлнэ.

9.14.Хорооноос хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэр гарсан үеэс хадгаламж, зээлийн үйл ажиллагаа нь дуусгавар болно.

9.15.Хорооноос хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон шийдвэр гарсан өдрөөс тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг үргэлжлүүлбэл холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

9.16.ХЗХ нь хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж ажиллаагүй эсхүл өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд Хорооноос олгосон аливаа зөвшөөрлийг хүчингүй болгоно.

 

АРАВ. ТАТАН БУУЛГАХ

10.1.Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд ХЗХ-г татан буулгах ажиллагааг холбогдох хуулийн дагуу явуулна.

 

АРВАН НЭГ. ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА

11.1.ХЗХ-ны үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, нөхцөл, шаардлагад нийцэж байгаа эсэхэд Хороо хяналт тавьж, зөрчсөн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

----oOo----