A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал
Бүлэг: 1979

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018  оны 7 дугаар сарын 25-ны өдрийн

А/147 дугаар тушаалын хавсралт

Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал

     Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Захиргааны хэм хэмжээний акт /цаашид “акт” гэх/-ын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийхэд энэхүү аргачлал /цаашид “аргачлал” гэх/-ыг баримтална.

1.2.Нөлөөллийн шинжилгээний зорилго нь Захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргахад олон нийтийн оролцоог хангах, эерэг болон сөрөг талуудыг харьцуулан судалж, шийдвэрийн эдийн засаг, нийгмийн амьдралд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тооцсоны үндсэн дээр тухайн харилцааг зохицуулах үр дүнтэй зохицуулалт бүхий зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гаргах нөхцөлийг тодорхойлоход оршино.

1.3.Нөлөөллийн шинжилгээ нь Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт заасны дагуу тухайн захиргааны хэм хэмжээний актын эдийн засаг, нийгмийн амьдралд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан судалж, тооцоолох цогц үйл ажиллагаа байна.

1.4.Нөлөөллийн шинжилгээ хийхэд төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаас  гадна Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан дараахь тусгай зарчмыг баримтална. Үүнд:

1.4.1.хуульд үндэслэх;

1.4.2.шуурхай, тасралтгүй байх;

1.4.3.хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх;

1.4.4.үр нөлөөтэй байх;

1.4.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;

1.4.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах.

1.5.Захиргааны хэм хэмжээний актын төсөлд нөлөөллийн шинжилгээ хийх ажлыг шийдвэр гаргах эрх бүхий этгээд удирдан зохион байгуулах бөгөөд нөлөөллийн шинжилгээний үнэн зөвийг хариуцна.

Хоёр. Нөлөөллийн шинжилгээ хийх

2.1.Нөлөөллийн шинжилгээнд Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт заасан дараахь нөхцөл байдлыг тусгаж, түүнд хариулт өгөх байдлаар хийнэ:

2.1.1.акт гаргах үндэслэл, шаардлага, зорилтыг тодорхойлох

Энэ хүрээнд захиргааны хэм хэмжээний акт гаргах хууль зүйн үндэслэл, практик шаардлага, бодит нөхцөл байдал, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэснээр гарах үр дүн, зорилгодоо хүрэх эсэхийг тодорхойлно.

Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу хуулиар тусгайлан эрх олгогдсон байх нь акт гарах хууль зүйн үндэслэл болно.

2.1.2.тухайн актын ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ

Энэ хэсэгт захиргааны хэм хэмжээний акт нь ерөнхий бүтцийн хувьд хэдэн бүлэг, хэдэн зүйлтэй байхыг заахаас гадна актаар ямар харилцааг зохицуулахыг тогтоож, үйлчлэх хүрээг тодорхой тусгана.

2.1.3.акт гарсны дараа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аливаа байдлаар хөндөгдөх бүлгийг тодорхойлох

Тухайн захиргааны хэм хэмжээний актын улмаас нийгмийн ямар бүлэг, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгааг тодорхойлж, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасан журмын дагуу холбогдох ажиллагааг явуулна.

2.1.4.хүний эрх, эрх чөлөө, өрсөлдөөнийг хязгаарласан, эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан, аливаа хүнд суртал, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт агуулж байгаа эсэх;

2.1.4.1.Ялгаварлан гадуурхсан эсхүл аль нэг бүлэгт давуу байдал үүсгэх эсэх;

2.1.4.2.Хүний эрхийг хязгаарласан зохицуулалт агуулж байгаа эсэх, хэрэв тийм бол хуульд нийцсэн эсэх;

2.1.4.3.Жендерийн эрх тэгш байдлыг хангасан эсэх;

2.1.4.4.Дотоодын аж ахуйн нэгж болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хоорондын өрсөлдөөнд нөлөө үзүүлэх эсэх;

 2.1.4.5.Хязгаарлагдмал өрсөлдөөний улмаас үнийн хөөрөгдөл бий болох эсэх;

 2.1.4.6.Аль нэг аж ахуйн нэгжид, ялангуяа зах зээлд шинээр орж ирж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд бэрхшээл, хүндрэл бий болох эсэх;

 2.1.4.7.Төрийн байгууллага болон бусад иргэн, хуулийн этгээдэд захиргааны шинж чанартай нэмэлт ачаалал бий болох эсэх;

2.1.4.8.Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсооход хүргэх эсэх;

2.1.4.9.Эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд ямар нэгэн саад хориг тогтоох эсэх, хэрэв тийм бол тэр нь хуульд нийцсэн эсэх;

2.1.4.10.Хэрэглэгчдийн эрх ашигт нөлөөлөх эсэх;

2.1.4.11.Хүнд суртал, авлига гарах нөхцөл, боломж бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт байгаа эсэх, байгаа бол тэр нь хуульд нийцсэн эсэх;

2.1.5.тухайн асуудлыг зохицуулж байгаа хүчин төгөлдөр хууль, захиргааны хэм хэмжээний акт байгаа эсэх;

Тухайн харилцааг зохицуулж буй хууль, эрх зүйн актыг орхигдуулалгүй нарийвчлан судалж, эрх зүйн зохицуулалтын давхардал хийдэл, зөрчил үүсгэхээс сэргийлэх арга хэмжээг авах.

2.1.6.актыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, техник, эдийн засгийн тооцоо

Тухайн захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлэхэд шаардагдах хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлж, түүнд шаардагдах зардлыг тооцон гаргах.

Шинээр төрийн байгууллага байгуулах, эсхүл төрийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийгдэх, захиргааны шинэ чиг үүрэг бий болгох шаардлага тавигдах эсэх, тухайн шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдон иргэн, хуулийн этгээдэд нэмэлт зардал үүсэх, эсхүл буурах эсэхийг судалж тогтоох.

2.2.Энэ аргачлалын 2.1.4-т заасан асуултаар хязгаарлалгүй, судалж байгаа асуудлын онцлогоос хамааран нэмэлт асуулт гаргаж болно.

2.3.Хүний нөөц, техник, эдийн засгийн тооцоог тоон хэмжигдэхүүнээр тооцон гаргах ба боломжгүй тохиолдолд нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөө, үр дагаврыг тодорхойлно.

2.4.Нөлөөллийн шинжилгээгээр тухайн шийдвэрийг гаргах зайлшгүй шаардлагатай нь тогтоогдсон тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн  62.1 дэх хэсэгт заасны дагуу санал авах ба мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 62.3, 62.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэлэлцүүлэг зохион байгуулна.

Гурав. Нөлөөллийн шинжилгээний танилцуулга бэлтгэх, баталгаажуулах

3.1.Нөлөөллийн шинжилгээний танилцуулгад нөлөөллийн шинжилгээгээр тогтоогдсон үр дүн, дүгнэлтээс гадна дараахь асуудалд холбогдох мэдээллийг  тусгана.

3.1.1.Аргачлалын 2.2, 2.3 дахь хэсэгт заасны дагуу хийсэн судалгааны үндэслэл бүхий тайлбар.

3.1.2.Аргачлалын 2.4 дахь хэсэгт заасан саналын мэдээлэл, үр дүнг тусгана.

3.2.Нөлөөллийн шинжилгээний танилцуулгад шийдвэр гаргах эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулна.

 

           --oOo--