A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТЕХНИК-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ, ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, БАРИХ, АРЧЛАХ, ЗАСВАРЛАХ, ТЕХНИК,ТЕХНОЛОГИЙН ХЯНАЛТ ТАВИХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АЖЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
Бүлэг: 1979

/ЗТХС-ын 2021 оны А/101 дүгээр тушаалаар хүчингүй болсон/ 

           Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 6 дугаар сарын 18 -ны өдрийн

131 тоот тушаалын хавсралт

АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТЕХНИК-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ, ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, БАРИХ, АРЧЛАХ, ЗАСВАРЛАХ, ТЕХНИК,ТЕХНОЛОГИЙН ХЯНАЛТ ТАВИХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АЖЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Авто зам, замын байгууламжийн техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах,техник,технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргасан, Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагад өмчийн хэлбэрийг үл харгалзан тухайн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сунгах, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.1.Энэхүү журмынхавсралтад заасан суурь нөхцөл шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, байгууллагад 2.8-д заасан үйл ажиллагааны төрлөөр тусгай зөвшөөрөл олгоно.

1.3.“Авто зам, замын байгууламжийн техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тусгай зөвшөөрөл-ийг /цаашид тусгай зөвшөөрөл гэх/ ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийг үндэслэн авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр олгоно.

Хоёр. Тусгай зөвшөөрөл олгоход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, эрх олгох нөхцөл

2.1. Тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгуулахыг хүссэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа,үйлдвэрлэлийн бааз, техникийн хангамж, инженер техникийн мэргэжлийн ажилчид болон бусад шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж дүгнэлт гаргах ажлын хэсгийг авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар байгуулна.

2.2. Тусгай зөвшөөрөлтэй холбогдсон мэдээллийн сан бүрдүүлэх, баяжилт хийх, цахим хэлбэрт шилжүүлэх, тайлан мэдээг авч дүн шинжилгээ хийх, дүнг тайлагнах ажлыг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Төрийн бус байгууллага хариуцна.

2.3. Тусгай зөвшөөрөл авахыг хүссэн аж ахуйн нэгж нь “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан бичиг баримтыг бүрдүүлнэ.

2.4. Тусгай зөвшөөрөл авахыг хүссэн аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ. Үүнд:

2.4.1. Хүсэлт гаргагчийн мэдээлэл

2.4.2. Холбогдох ажлын үйл ажиллагааны төрлийг хүссэн өргөдөл

2.4.3. Удирдах ажилтнуудын мэдээлэл

2.4.4. Инженер техникийн ажилтны мэдээлэл

2.4.5.Машин механизм, тоног төхөөрөмжийн жагсаалтын мэдээлэл

2.4.6.  Үйлдвэрлэлийн баазын мэдээлэл

Ажлын хэсэг өргөдлийг хүлээж авснаас хойш дүгнэлт гаргах явцад шаардлагатай бусад баримт бичгийг шаардаж болно.

2.5. Тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгуулахыг хүсэгч аж ахуйн нэгж нь энэ журмын хавсралтад заасан нөхцөл шаардлагыг хангасан байна.

2.6. Тусгай зөвшөөрөл авахыг хүссэн аж ахуйн нэгж, байгууллагаас энэ журмын 2.3, 2.4, 2.5-т заасан баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай”хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу ажлын 21 хоногийн дотор асуудлыг шийдвэрлэнэ.

2.7. Ажлын хэсэг зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж, байгууллагын инженер-техникийн ажилтан, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник хангамжтай шаардлагатай тохиолдолд газар дээр нь танилцаж, ирүүлсэн материалыг хянан үзэж тусгай зөвшөөрлийг олгох дүгнэлт гаргана.

2.8.Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны төрөл

2.8.1 Техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах, авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд:

2.8.1.1 Техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах

2.8.1.2 Төв замын зураг төсөл боловсруулах

2.8.1.3 Хуримтлуулагч замын зураг төсөл боловсруулах

2.8.1.4. Хотын авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах

2.8.1.5  Хөдөө орон нутгийн замын зураг төсөл боловсруулах

2.8.1.6  Нисэх буудлын хөөрч буух зурвасын зураг төсөл боловсруулах

2.8.1.7  Гүүр, туннелийн зураг төсөл боловсруулах

2.8.2  Авто зам, замын байгууламжийг барих, засварлах, арчлах ажлын хүрээнд:

2.8.2.1 Хатуу хучилттай зам барих

2.8.2.1.1  5 км хүртэл хатуу хучилттай зам барих, / Энэ хэсгийг ЗТХС-ын 2020.07.01-ний А/123-р нэмсэн./

2.8.2.1.2 5 км-ээс 15 км хүртэл хатуу хучилттай зам барих,

2.8.2.1.3 15 км болон түүнээс дээш хатуу хучилттай зам барих

2.8.2.2 Хайрган хучилттай зам барих

2.8.2.3 Бүх төрлийн гүүр, тунель, үерийн хамгаалалтын далан барих

2.8.2.4  Зам барилга, засварын материал, хийцийн үйлдвэрлэл

2.8.2.5  Бүх төрлийн зам, гүүр, тунель, газар доогуур нүхэн гарам засварлах, замын байгууламжийн арчлалтын ажил

2.8.2.6  Зам, талбайн тохижилтын ажил хийх, засварлах

2.8.2.7  Замын тоноглол, тэмдэг, тэмдэглэгээний ажил

2.8.3 Техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд:

2.8.3.1. Техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх

2.9. Тусгай зөвшөөрлийг энэхүү журмын 2.3, 2.4, 2.5, болон хавсралтад заасан нөхцөл, шаардлагыг хангасан Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжболон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн инженер техникийн ажилчдын 70-аас доошгүй хувь нь дотоодын инженер техникийн ажиллагсад байх шаардлагыг хангасан байгууллагуудад 2.8-д заасан үйл ажиллагааны төрлөөр 3 жилийн хугацаатай олгоно.

Гурав. Тусгай зөвшөөрөл авах аж ахуйн нэгжид тавигдах ерөнхий шаардлага

3.1.Тусгай зөвшөөрөл авах аж ахуйн нэгж нь эрхлэх үйл ажиллагааны төрлөөс хамаарч журмын хавсралтад заасан инженер техникийн ажилтан болон холбогдох мэргэжилтэй, үндсэн ажиллагсадтай байна.

3.2.Инженер-техникийн ажилтнуудын мэргэжлийн дипломын хуулбарыг хавсаргана. Шаардлагатай тохиолдолд эх хувийг шалгана.

3.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага нь чадавхын мэдээлэл, инженер техникийн ажилтны шилжилт хөдөлгөөнийг тухай бүрд нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын мэдээллийн санд бүртгүүлнэ.

3.4.Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь тухайн ажлыг гүйцэтгэхэд технологийн бүрдэл, тоо хэмжээ, ашиглалтын шаардлага хангасан байхын зэрэгцээ нийт машин механизм, тоног төхөөрөмжийн 60-аас доошгүй хувь нь тусгай зөвшөөрөл хүсэж байгаа аж ахуйн нэгжийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй өөрийн өмчлөлийн машин механизм, тоног төхөөрөмжтэй байна.

3.5.Зарим машин механизм, тоног төхөөрөмжийг түрээсээр ажиллуулж болох ба энэ тохиолдолд түрээслүүлэгч байгууллагатай түрээсийн гэрээ байгуулсан байна. Тоног төхөөрөмжийн техник ашиглалтын байдлыг харуулсан техникийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар батлуулан түрээсийн гэрээнд хавсаргана.

3.6.Тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж нь авто замын салбарт үйл ажиллагаа явуулахад мөрдөх Үндэсний стандарт, норм норматив болон бусад техникийн баримт бичгийн бүрдэлтэй байх ба баримт бичиг худалдан авсан баримтыг хавсаргана.

3.7. Тусгай зөвшөөрөл хүссэн баримт бичгийн үнэн зөв болохыг баталгаажуулан аж ахуйн нэгж, байгууллагын захирал /дарга/ гарын үсэг зурж, тэмдэг дарсан байна.

Дөрөв.Тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, сунгах

4.1. Тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэн зөрчил дутагдлыг арилгуулна.

4.2. Дээр дурдсан нөхцөл байдал үүссэнийг нотолсон эрх бүхий байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох саналыг ажлын хэсэг Авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулан шийдвэрлүүлнэ.

4.3. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэрийн талаар “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасны дагуу харьяалах татварын албанд 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.

4.4. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нөхцөл, байдал арилсан тухай гомдол гаргасан захиалагч болон мэргэжлийн хяналтын байгууллагын саналыг үндэслэн тусгай зөвшөөрлийг сэргээж болно.

4.5.Тусгай зөвшөөрлийг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг үндэслэн хүчингүй болгоно.

4.6.Тусгай зөвшөөрөл олгох дүгнэлт гарснаас хойш 3 сарын дотор тэмдэгтийн хураамжийг төлөх бөгөөд хугацаандаа төлөөгүй тохиолдолд “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 14 дүгээр зүйлд заасныг үндэслэн хүчингүй болгоно.

4.7.Тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон мөн тусгай зөвшөөрлөө гээгдүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага шаардлага хангасан нөхцөлд зөвшөөрөл авах хүсэлтээ дахин гаргаж болно. Тусгай зөвшөөрлийг үрэгдүүлсэн аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгохыг хүссэн өргөдөл, тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг үндэслэн гэрчилгээг нөхөж олгоно.

4.8.Тусгайзө вшөөрлийн хугацаа дуусахаас ажлын 30 хоногийн өмнө тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь уг зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ Ажлын хэсэгт хүргүүлнэ.

4.9.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өргөдлийг үндэслэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахэ сэх талаар энэхүү журмын 2.1-т заасан ажлын хэсэг дүгнэлт гаргана.

4.10.Ажлын хэсэг тусгай зөвшөөрлийг сунгах эсэх тухай гаргасан дүгнэлтээ Авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж шийдвэрлүүлнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг анх олгосон хугацаанаас доошгүй хугацаагаар сунгах ба голлох бичиг баримтыг дахин бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

4.10.1.Хүсэлт гаргагчийн мэдээлэл

4.10.2.Холбогдох ажлын төрлийг хүссэн өргөдөл

4.10.3.Инженер техникийн ажилтны мэдээлэл

4.10.4.Урьд жилүүдэд хийж гүйцэтгэсэн ажлууд /Хийж гүйцэтгэсэн ажлын гэрээ, ажил хүлээлцсэн болон ашиглалтад оруулсан акт зэргийг хавсаргах /

4.10.5.Механизм тоног төхөөрөмжийн мэдээлэл

4.10.6.Санхүүгийн мэдээлэл

Тав. Зөвшөөрөл олгоход авах хураамж

5.1.Тусгай зөвшөөрөл олгоход Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасныг баримтлан тэмдэгтийн хураамж авч, улсын төсөвт шилжүүлнэ.

5.2.Тусгай зөвшөөрөл олгох шаардлага хангасан аж ахуйн нэгж нь тэмдэгтийн хураамжийг төлнө.

5.3.Тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сунгах, хүчингүй болгохтой холбогдон гарсан маргааныг Монгол Улсын холбогдох хуулийн дагуу шийдвэрлэнэ.