- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗРЫН ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛ
Засгийн газрын 2018 оны 181 дүгээр
тогтоолын хавсралт
ГАЗРЫН ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ
ХИЙХ АРГАЧЛАЛ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 15.1-д заасан газрын эдийн засгийн үнэлгээг хийхэд энэхүү аргачлалыг баримтална.
1.2. Газрын эдийн засгийн үнэлгээг газрын нэгдмэл сангийн үндсэн болон дэлгэрэнгүй ангиллын газрыг үнэлгээний тойрог, зэрэглэл бүрээр газрын чанар, чадавх, эдийн засгийн үр өгөөжийн харьцуулсан үзүүлэлтээр үнэлнэ.
1.3. Газрын тухай хуулийн 10.1.2-т заасан хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийг тогтооход нийгэм, эдийн засгийн болон инженер геологи, байгаль орчин, инженерийн хангамжийн нөхцөл, хотжилтын төлөв, байршил, газрын зах зээлийн үнэ, газар ашиглах зориулалтыг нь харгалзана.
1.4. Энэхүү аргачлалын 1.3-т зааснаас бусад газрын нэгдмэл сангийн ангиллын газрыг байгаль, нутаг дэвсгэрийн цогцолбор нөхцөл, газрын чанарын үнэлгээ, газар ашиглах зориулалт, газар зүйн байршил болон газрын үржил шим, өгөөжөөс үүсэх ялгаварт орлого, хөрөнгө оруулалт, ой, усны экологи, эдийн засгийн үнэлгээ зэргийг харгалзан газрын үнэлгээний тойрогт хуваана.
1.5. Газрын үнэлгээний зэрэглэл, тойрог тус бүрт хамаарах олон тооны нэгж талбарын газрын төлөв байдал, чанар, чадавхи, эдийн засгийн үр өгөөжийг илэрхийлсэн үзүүлэлт, газрын зах зээлийн үнийн мэдээг харьцуулан загварчилж, газрын суурь үнэлгээг тодорхойлно.
1.6. Энэхүү аргачлалын 1.5-д заасан газрын суурь үнэлгээг тодорхойлоход кадастрын мэдээллийн санд үндэслэнэ.
Хоёр. Газрын эдийн засгийн үнэлгээ хийх бэлтгэл ажил
2.1. Газрын эдийн засгийн үнэлгээ хийхэд дараах мэдээллийг бүрдүүлж ашиглана:
2.1.1. улсын газрын кадастрын мэдээллийн сан;
2.1.2. байрзүйн зураг;
2.1.3. агаарын ортофото болон сансрын зураг;
2.1.4. газар зохион байгуулалтын үндсэн баримт бичгийн мэдээлэл;
2.1.5. бэлчээрийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны үр дүн;
2.1.6. тариалан болон атаршсан газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны үр дүн;
2.1.7. хот, тосгон, бусад суурины газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны үр дүн;
2.1.8. газрын нэгдмэл сангийн тооллого, тоо бүртгэл;
2.1.9. нийгэм, эдийн засгийн статистик мэдээлэл;
2.1.10. газрын зах зээлийн үнийн мэдээ;
2.1.11. бусад.
2.2. Улсын газрын кадастрын мэдээллийн сангаас аймаг, нийслэл, сум, дүүргийн газрын нэгдмэл сангийн ангилал тус бүрт харгалзах кадастрын зурган мэдээллийг хуулбарлан бэлтгэнэ.
2.3. Байр зүйн зургийг дараах төрөл, масштабаар тоон байдлаар бэлтгэнэ:
2.3.1. хот, тосгон, бусад суурины газарт 1:1000-ны масштабтай байр зүйн зураг;
2.3.2. бэлчээрийн газарт 1:100000-ны масштабтай байр зүйн зураг;
2.3.3. хадлангийн газарт 1:50000-ны масштабтай байр зүйн зураг;
2.3.4. тариалангийн газарт 1:25000-ны масштабтай байр зүйн зураг;
2.3.5. зам, шугам сүлжээний газарт 1:100000-ны масштабтай байр зүйн зураг;
2.3.6. ойн сан бүхий газарт 1:100000-ны масштабтай байр зүйн зураг;
2.3.7. усан сан бүхий газарт 1:100000-ны масштабтай байр зүйн зураг;
2.3.8. улсын тусгай хэрэгцээний газрын ашиглах зориулалтаас хамаарч 1:1000, 1:5000, 1:25000, 1:100000-ны масштабтай байр зүйн зураг.
2.4. Аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрийн агаарын ортофото болон сансрын зургийг Засгийн газраас баталсан геодезийн солбицол, өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлнэ.
2.5. Улсын болон аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг тус тус тоон хэлбэрээр бэлтгэнэ.
2.6. Бэлчээр, тариалан болон атаршсан газар, хот, тосгон, бусад суурины газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны үр дүнг тоон хэлбэрээр нэгтгэнэ.
2.7. Газрын нэгдмэл сангийн тооллого, тоо бүртгэлийн мэдээллийг үндсэн болон дэд ангилал тус бүрээр тоон хэлбэрээр нэгтгэнэ.
2.8. Статистикийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр гаргасан хүн ам, нийгэм, эдийн засаг, хүрээлэн байгаа орчны албан ёсны статистикийн мэдээллийг улсын газрын кадастрын мэдээллийн сангийн мэдээлэлтэй нэгтгэнэ.
2.9. Газрын зах зээлийн сүүлийн 3 жилийн үнийн мэдээг улсын газрын кадастрын мэдээллийн сангийн мэдээлэлтэй нэгтгэнэ.
Гурав. Газрын эдийн засгийн үнэлгээний үзүүлэлтийг тодорхойлох
3.1. Газрын эдийн засгийн үнэлгээ хийхэд хүн ам, нийгэм, эдийн засаг, хүрээлэн байгаа орчны албан ёсны статистикийн мэдээлэл, газрын мэдээллийн сангийн мэдээллээс дор дурдсан үзүүлэлтийг ашиглана:
3.1.1. Нийгэм-эдийн засгийн үзүүлэлт:
-хүн амын тоо;
-боловсролын үйлчилгээ;
-эмнэлгийн үйлчилгээ;
-төрийн үйлчилгээ;
-худалдаа, бүх төрлийн үйлчилгээ;
-нийтийн тээвэр;
-худаг, уст цэг;
-авто зам;
-харилцаа, холбоо;
-цахилгаан хангамж;
-дулаан хангамж;
-цэвэр, бохир усны шугам сүлжээ;
-хэрэглээний үнийн индекс;
-газарт оруулсан хөрөнгө оруулалт (үл хөдлөх эд хөрөнгө буюу барилга байгууламж);
-талбайн хэмжээ;
-тарималын төрөл;
-усалгааны нөхцөл;
-сервитут;
-газрын эдийн засгийн үнэлгээ хийхэд зайлшгүй харгалзан үзэх бусад үзүүлэлт.
3.1.2. Байгаль, нутаг дэвсгэрийн нөхцөл:
-агаарын бохирдол;
-хөрсний бохирдол;
-газрын гадаргуугийн налуужилт;
-газар чичирхийлэл;
-цэвдэг хөрс;
-үер усны аюулд өртөмтгий нөхцөл байдал;
-уур амьсгалын нөхцөл;
-ургамлын бүрхэвч, бүрэлдэхүүний нөхцөл байдал;
-хөрсний шинж чанар;
-хортон мэрэгчдийн хөнөөл;
-хорт, хөнөөлт ургамал, тэдгээрийн тархац, өвчний нөхцөл;
-бут сөөг, чулуу, хад асга бүхий хүндрэл, төвөгтэй нөхцөл;
-бэлчээрийн талхлагдал;
-газрын чанарын үнэлгээний оноо;
-газрын нэгж талбарын хэлбэр дүрс;
-газрын эдийн засгийн үнэлгээ хийхэд зайлшгүй харгалзан үзэх бусад нөхцөл.
3.2. Энэхүү аргачлалын 3.1.1, 3.1.2-т заасан нөхцөл, үзүүлэлт холбогдох мэдээллийн сан болон статистикийн мэдээлэлд бүртгэгдээгүй тохиолдолд хээрийн болон бусад холбогдох судалгаанд үндэслэн тодорхойлж болно.
Дөрөв. Хот, тосгон, бусад суурины газрын эдийн засгийн үнэлгээ
4.1. Хот, тосгон, бусад суурины газрын эдийн засгийн үнэлгээг дараах үе шатаар хийнэ:
4.1.1. энэхүү аргачлалын 2-т заасан бэлтгэл ажлыг хангах;
4.1.2. газар ашиглалтын зориулалт тус бүрээр газрын зах зээлийн үнийн мэдээг цуглуулах;
4.1.3. цуглуулсан мэдээллийг боловсруулах;
4.1.4. энэхүү аргачлалын 3.1-д заасан үзүүлэлтээс газрын үнэлгээнд харгалзах үзүүлэлтийг тодорхойлж, газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зургийг урьдчилсан байдлаар бэлтгэх;
4.1.5. тухайн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн суурь үнэлгээнд нөлөөлөх энэхүү аргачлалын 3.1-д заасан үзүүлэлтүүд хоорондын харилцан хамаарлыг регрессийн шинжилгээгээр тооцоолох загварыг зохиох;
4.1.6. тухайн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн нэг хувьтай тэнцэх жишиг нэгж талбарыг сонгож энэхүү аргачлалын 4.1.5-д заасан загварт оруулж шалгах;
4.1.7. тухайн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийг тогтоох орон зайн дүн шинжилгээ хийж, түүний нэгж талбар бүрийн үнэлгээнд нөлөөлөх үзүүлэлтийн утгыг тодорхойлж, үнийг тогтооно.
4.2. Энэхүү аргачлалын 4.1.7-д заасан газрын үнэлгээний зэрэглэл (бүс) тус бүрт хамаарах нэгж талбаруудын үнийн дунджаар хот, тосгон бусад суурины газрын суурь үнэлгээг тогтооно.
4.3. Газрын зах зээлийн үнийн мэдээ хангалтгүй буюу байхгүй тохиолдолд энэхүү аргачлалын 12 дугаар зүйлд заасны дагуу жишиг нэгж талбарыг сонгон авч газрын эдийн засгийн үнэлгээ хийнэ.
Тав. Тариалангийн газрын эдийн засгийн үнэлгээ
5.1. Тариалангийн газрын эдийн засгийн үнэлгээг энэхүү аргачлалын 4.1-д заасан үе шатны дагуу хийнэ.
5.2. Тариалангийн газрын зах зээлийн үнийн мэдээ хангалтгүй буюу байхгүй тохиолдолд энэхүү аргачлалын 12 дугаар зүйлд заасны дагуу жишиг нэгж талбарын үнийг тодорхойлсны үндсэн дээр газрын эдийн засгийн үнэлгээг хийнэ.
5.3. Тариалангийн газрын зах зээлийн үнийн мэдээ хангалтгүй буюу байхгүй тохиолдолд тухайн тариалангийн газрын чанарын үнэлгээний оноонд ногдох үнээр тариалангийн газрын үнийг тодорхойлно. Тариалангийн газрын чанарын үнэлгээг тариалангийн газрын чанарын хянан баталгааны үр дүнд үндэслэн газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу тогтооно.
5.4. Газрын үнэлгээний тойрог тус бүрт хамаарах тариалангийн газрын суурь үнэлгээг нэгж талбаруудын үнийн дунджаар тодорхойлно.
Зургаа. Бэлчээрийн газрын эдийн засгийн үнэлгээ
6.1. Бэлчээрийн газрын эдийн засгийн үнэлгээг газрын төлөв байдал, чанарын хянан баталгаанд үндэслэн газрын чанарын үнэлгээний оноонд харгалзах үнээр тодорхойлно.
6.2. Бэлчээрийн газрын чанарын үнэлгээг газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу хийнэ.
6.3. Бэлчээрийн газрын суурь үнэлгээг энэхүү аргачлалын 1.4-т заасан газрын үнэлгээний тойрог тус бүрээр хийнэ.
6.4. Бэлчээрийн газраас авах цэвэр ашиг, газрын чанарын үнэлгээний нэг оноонд ноогдох үнийг тооцох замаар бэлчээрийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны нэгж талбар газрын суурь үнэлгээг тодорхойлно.
6.5. Газрын үнэлгээний тойрог тус бүрийн бэлчээрийн газрын суурь үнэлгээг тухайн тойрогт хамаарах хянан баталгааны нэгж талбар газрын суурь үнэлгээний дунджаар тодорхойлно.
6.6. Нэг га бэлчээрийн газрын цэвэр ашгийг Үндэсний статистикийн хорооноос баталсан аргачлалын дагуу тооцсон мал аж ахуйн бүтээгдэхүүний орлогоос бэлчээр ашиглалтын буюу мал аж ахуйн урсгал зардлыг хасаж тооцно.
Долоо. Хадлангийн газрын эдийн засгийн үнэлгээ
7.1. Хадлангийн газрын эдийн засгийн үнэлгээг тухайн газрын төлөв байдал, чанарын хянан баталгаанд үндэслэн газрын чанарын үнэлгээний оноонд харгалзах үнээр тодорхойлно. Хадлангийн газрын чанарын үнэлгээг газрын төлөв байдал, чанарын хянан баталгаанд үндэслэн газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу хийнэ.
7.2. Хадлангийн газрын суурь үнэлгээг энэхүү аргачлалын 6.3-т заасан суурь үнэлгээний тойрог тус бүрт хамаарах нэгж талбаруудын үнийн дунджаар тодорхойлно.
Найм. Зам, шугам сүлжээний газрын эдийн засгийн үнэлгээ
8.1. Зам, шугам сүлжээний газрын эдийн засгийн үнэлгээг тухайн газарт оруулсан хөрөнгө оруулалтыг тооцсны үндсэн дээр тодорхойлно.
8.2. Зам, шугам сүлжээний газрын суурь үнэлгээг тухайн газарт оруулсан хөрөнгө оруулалтын үнэ болон хамгаалалтын зурвас газрын үнийн нийлбэрээр тодорхойлно.
8.3. Зам, шугам сүлжээний газрын хамгаалалтын зурвас газрын үнийг газрын нэгдмэл сангийн харгалзах ангиллын нэг га газрын суурь үнэлгээгээр тооцно.
Ес. Ойн сан бүхий газрын эдийн засгийн үнэлгээ
9.1. Ойн сан бүхий газрын эдийн засгийн үнэлгээг ойн экологи, эдийн засгийн үнэлгээг харгалзан тодорхойлно.
9.2. Ойн сан бүхий газрын суурь үнэлгээг ойн экологи, эдийн засгийн үнэлгээ болон тухайн ойн сан хамрах газрын нэгдмэл сангийн ангиллын газрын суурь үнэлгээний нийлбэрээр тодорхойлно.
9.3. Ойн экологи, эдийн засгийн үнэлгээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан “Ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээний аргачлал” болон “Ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ”, “Ойн сангийн ойгоор бүрхэгдсэн нэг га талбайн экологи-эдийн засгийн үнэлгээ”, “Ойн сангийн ойгоор бүрхэгдээгүй нэг га талбайн экологи-эдийн засгийн үнэлгээ”, “Нэг ширхэг зулзаган, залуу модны экологи-эдийн засгийн үнэлгээ”-г ашиглан тодорхойлно.
Арав. Усны сан бүхий газрын эдийн засгийн үнэлгээ
10.1. Усны сан бүхий газрын эдийн засгийн үнэлгээг усны экологи, эдийн засгийн суурь үнэлгээг харгалзан тодорхойлно.
10.2. Усны сан бүхий газрын суурь үнэлгээг Засгийн газраас баталсан “Усны экологи, эдийн засгийн суурь үнэлгээ” болон тухайн усан сан хамаарах газрын нэгдмэл сангийн ангиллын газрын суурь үнэлгээний нийлбэрээр тодорхойлно.
Арван нэг. Улсын тусгай хэрэгцээний газрын эдийн засгийн үнэлгээ
11.1. Улсын тусгай хэрэгцээний газрын эдийн засгийн үнэлгээг ашиглах зориулалтаас нь хамааруулан тодорхойлно.
11.2. Улсын тусгай хэрэгцээний газрын суурь үнэлгээг газрын нэгдмэл сангийн аль ангилалд хамаарч байгаагаас хамаарч энэхүү аргачлалын 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар зүйлд тус тус заасны дагуу тодорхойлно.
11.3. Шаардлагатай тохиолдолд энэхүү аргачлалын 11.2-д заасан үнэлгээнээс гадна улсын тусгай хэрэгцээний газрын газар ашиглах зориулалтаас нь хамааруулж нэмэлт үнэлгээ хийж болно.
Арван хоёр. Жишиг нэгж талбарыг сонгох, үнэлэх
12.1. Энэхүү аргачлалын 4.1.5-д заасан загварыг зохиоход газрын зах зээлийн үнийн мэдээ хангалтгүй буюу байхгүй тохиолдолд жишиг нэгж талбаруудын үнийг тодорхойлох замаар үнийн мэдээг бүрдүүлнэ.
12.2. Жишиг нэгж талбаруудын тоог сум, дүүргийн хүн амын тоо, нутаг дэвсгэрийн онцлог, байршил, тухайн орон нутгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл зэргийг харгалзан тогтооно.
12.3. Хот, тосгон, бусад суурины газрын жишиг нэгж талбарыг сонгохдоо газрын хэмжээ, хэлбэр дүрс, хот, суурины төв болон зам, худалдаа, үйлчилгээ, нийгмийн дэд бүтцээс алслагдсан байдал, инженерийн хангамж, шугам сүлжээнд холбогдох боломж нөхцөл зэргийг харгалзан сонгоно.
12.4. Тариалангийн газрын жишиг нэгж талбарыг сонгохдоо газрын хэмжээ, хэлбэр, хот, суурины төв болон зам, худалдаа, үйлчилгээ, зах зээлээс алслагдсан байдал, хөрсний төрөл, үржил шим, таримлын төрөл, усалгаа зэргийг харгалзан сонгоно.
Арван гурав. Газрын эдийн засгийн үнэлгээний зураг хийх
13.1. Газрын эдийн засгийн үнэлгээний зургийг газрын үнэлгээний тойргоор 5 жил тутам, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлээр 3 жил тутам хийнэ.
13.2. Газрын эдийн засгийн үнэлгээний зургийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж тус бүрээр хийх бөгөөд газрын суурь үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс)-ийн хил зааг, байршил, талбайн хэмжээ, тойрог, зэрэглэл (бүс)-ийн дугаар, газрын нэгдмэл сангийн ангилал, түүний хил зааг, газар ашиглалтын зориулалт, 1 га газрын суурь үнэ, төлбөр, татварын хэмжээ, газрын үр өгөөжийг тодорхойлсон агуулгатай байна.
13.3. Хөдөө аж ахуйн газрын эдийн засгийн үнэлгээний зургийг 1:100 000-ны, хадлангийн газрын эдийн засгийн үнэлгээний зургийг 1:50000-ны, тариалангийн газрын эдийн засгийн үнэлгээний зургийг 1:25000-ны, хот, тосгон, бусад суурины газрын эдийн засгийн үнэлгээний зургийг 1:1000-ны, улсын тусгай хэрэгцээний газрын хувьд ашиглах зориулалтаас нь хамааруулж 1:1000, 1:5000, 1:25000, 1:100000-ны масштабтайгаар тус тус боловсруулна.
13.4. Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс)-ийн дугаар нь газар ашиглалтын зориулалт, газрын суурь үнэлгээ, дэс дараалсан дугаар зэргийг агуулсан байх ба дараах хэлбэртэй байна:
Газар ашиглалтын зориулалт;
– Тойрог, зэрэглэл (бүс)-ийн суурь үнэлгээ;
– Дэс дараалсан дугаар.
13.5. Газар ашиглалтын зориулалтыг дараах байдлаар тэмдэглэнэ:
13.5.1. Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай – ГХ;
13.5.2. Худалдаа, бүх төрлийн үйлчилгээний зориулалттай – ХҮ;
13.5.3. Үйлдвэрлэлийн – Ү;
13.5.4. ХАА-н үйлдвэрлэлийн – ХАА;
13.5.5. Тариалангийн – ТА;
13.5.6. Бэлчээрийн – БЭ;
13.5.7. Хадлангийн – ХАД;
13.5.8. Бусад.
13.6. Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс)-ийн газар ашиглалтын зориулалтыг засаг захиргааны нэгж бүрийн онцлог, ялгаа, хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, тухайн орон нутгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал зэргийг харгалзан тогтооно.
Арван дөрөв. Газрын эдийн засгийн үнэлгээг хийх үйл
ажиллагааг зохион байгуулах
14.1. Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс)-ээр газрын суурь үнэлгээг тодорхойлох, газрын эдийн засгийн үнэлгээний зураг хийхтэй холбоотой үйл ажиллагааг газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.
14.2. Газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс)-ээр тогтоосон газрын суурь үнэлгээг холбогдох зургийн хамт урьдчилсан байдлаар боловсруулж, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэд, олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулна.
14.3. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс)-ээр тодорхойлсон газрын суурь үнэлгээг холбогдох зургийн хамт энэхүү аргачлалын 13.1-д заасан хугацаанд Засгийн газарт хүргүүлж батлуулна.
14.4. Газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс)-ээр тогтоосон газрын суурь үнэлгээ, холбогдох зургийг улсын газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж, олон нийтэд мэдээлнэ.
14.5. Үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага улсын бүртгэлд бүртгэгдсэн газрын эрхийн зах зээлийн үнийн мэдээг улирал тутам газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
14.6. Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал газрын зах зээлийн үнийн мэдээ болон холбогдох мэдээллийн сан, хээрийн болон бусад судалгаагаар тодорхойлсон үзүүлэлт, мэдээллийг улирал тутамд газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
14.7. Шаардлагатай тохиолдолд газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага газрын зах зээлийн үнийн мэдээ цуглуулах ажлыг зохион байгуулж болно.
Арван тав. Бусад
15.1. Газрын эдийн засгийн үнэлгээ болон суурь үнэлгээнд ашиглах үзүүлэлтийг тодорхойлох, бүртгэх болон газрын эдийн засгийн үнэлгээ хийхтэй холбоотой нарийвчилсан заавар, гарын авлагыг газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
----o0o----
Текст томруулах
A
A
A