- Нүүр
- Сайдын тушаал
- АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛД МАГАДЛАЛ ХИЙЖ, ДҮГНЭЛТ ГАРГАХ ЖУРАМ
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 08–ны өдрийн 168 дугаар тушаалын хавсралт
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛД МАГАДЛАЛ ХИЙЖ, ДҮГНЭЛТ ГАРГАХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Авто зам, замын байгууламжийг шинээр барих, өргөтгөл, их засвар хийх болон засварлах ажлын зураг төсөл боловсруулах, улмаар зураг төслийн хийц, инженерийн шийдэл, тооцоо нь байгаль, цаг уур, газар орны нөхцөлд зохицож байгаа эсэх, замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй байдал нь зам, замын байгууламжийн норм норматив, техникийн баримт бичгийн шаардлага хангасан эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргах үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Энэхүү журмын зохицуулалтад авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажил хамрагдана.
1.3.Авто зам, замын байгууламжийн зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажилд Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18, 4.1.20, 11 дүгээр зүйлийн 11.1.8, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.3 заалтыг тус тус мөрдлөг болгоно.
1.4.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр баригдах зам, замын байгууламжийн техник эдийн засгийн үндэслэлийн судалгаа, инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, магадлал хийхэд Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.5. Төрийн өмчийн болон захиргааны, олон нийтийн байгууллага, иргэн, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж нь Авто зам, замын байгууламжийн зураг төсөл (цаашид “зураг төсөл” гэх)-ийн баримт бичиг боловсруулах, магадлал хийлгэхдээ энэхүү журмыг үндэс болгоно.
Хоёр. Зураг төсөл боловсруулах үе шат
2.1.Авто зам, замын байгууламжийн зураг төслийн баримт бичиг боловсруулах ажил нэг ба хоёр үе шаттай байж болно.
2.2. Нэг үе шаттай зураг төслийг “Инженерийн нарийвчилсан зураг төсөл”, хоёр үе шаттай зураг төслийг “Техникийн зураг төсөл ба Инженерийн нарийвчилсан зураг төсөл” гэж ангилна.
2.3. Захиалагч байгууллага нь зураг төсөл боловсруулах үе шатыг зураг төсөл боловсруулах ажлын даалгавар болон зураг төслийн байгууллагатай байгуулах гэрээнд тодорхой тусгаж өгнө.
Гурав. Зураг төсөл боловсруулах бэлтгэл ажил
3.1. Зураг төслийн бэлтгэл ажлыг хөрөнгө оруулагч, захиалагч талууд хариуцаж гүйцэтгэнэ.
3.2. Захиалагч зураг төсөл боловсруулах ажлын даалгаврын төсөлд шаардлагатай тохиолдолд холбогдох зам ашиглагч байгууллага, аж ахуйн нэгжүүдээс санал авч болно.
3.3. Зам, замын байгууламжийн техник-эдийн засгийн үндэслэл, инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
Дөрөв. Техник-эдийн засгийн үндэслэл, зураг төслийн иж бүрдэл
а)Техник-эдийн засгийн үндэслэл
4.1. Авто зам, замын байгууламжийн зураг төсөл, техник-эдийн засгийн үндэслэлийн тайланд дараах иж бүрдэл багтах ба төслийн онцлогоос хамаарах бусад нэмэлт нөхцөлийг Захиалагч тавьж болно. Үүнд:
4.1.1 инженерийн судалгааны ажлыг “Авто зам төсөллөх” нормын 3, 4, 5 дугаар хавсралтад заасны дагуу хийж гүйцэтгэнэ.
4.1.2. эдийн засгийн судалгаа Эдийн засгийн судалгааны ажлыг “Авто зам төсөллөх” нормын 3 дугаар хавсралтад заасны дагуу хийж гүйцэтгэнэ.
б)Инженерийн нарийвчилсан зураг төсөл
4.2. Зураг төслийн баримт бичгийн иж бүрдэл нь “Авто зам төсөллөх” нормын 8 дугаар хавсралт болон холбогдох норм, дүрэм, стандартад заасны дагуу хийгдсэн байна.
4.3. Төрийн захиргааны төв байгууллага, тухайн замыг дайран өнгөрч байгаа орон нутгийн засаг захиргаа, бусад холбогдох байгууллагатай зөвшилцсөн акт, хурлын тэмдэглэл болон холбогдох баримт бичгийг зураг төсөлд хавсаргасан байна.
Тав. Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын техникийн шаардлага, тайлбар бичиг, төсвийн тооцоо
5.1. Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын техникийн шаардлага нь “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын жишиг техникийн шаардлага”болон холбогдох норм, дүрэм, стандартад нийцсэн байна.
Тухайн хэрэгжиж буй төсөл арга хэмжээ, газар нутгийн нөхцөл байдал, онцлогт тохируулан техникийн шаардлагыг төсөл болгонд тусгайлан боловсруулна.
5.2. Зураг төслийн тайлбар бичигт төслийн танилцуулга, төсөл хэрэгжүүлэх үндэслэл болон төслийн бүс нутгийн байгаль цаг уурын нөхцөл, замын чигийн сонголт, замын далан ба хучилт, хиймэл байгууламжийн тооцоо, замын хөдөлгөөний аюулгүй байдал, газар олголтын шийдвэр, дохиолол холбоо, ус хангамж, цахилгаан болон инженерийн шугам сүлжээний техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулахтай холбоотой хийсэн уулзалт, хурлын тэмдэглэл, албан тоот, акт, батлагдсан зураг төсөл боловсруулах ажлын даалгавар, магадлалын ерөнхий дүгнэлт болон холбогдох бусад мэдээллийг багтаасан байна.
5.3. Тайлбар бичгийн агуулгын талаарх дэлгэрэнгүй шаардлагыг төслийн онцлогоос хамааруулан зураг төсөл боловсруулах ажлын даалгаварт тодорхой тусгасан байна.
5.4. Авто зам, замын байгууламжийн барилга, засвар шинэчлэлтийн ажлын тоо хэмжээг тодорхойлох, төсөвт өртгийг тооцохдоо “Авто зам төсөллөх” нормын 7 дугаар хавсралт, “Авто замын барилгын ажлын төсвийн жишиг норм” “Төмөр бетон гүүр, хоолойн барилгын ажлын төсвийн жишиг норм”, “Зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв бодох заавар”-ын дагуу гүйцэтгэнэ.
Зургаа. Зураг төслийн баримт бичиг боловсруулахад тавигдах шаардлага
6.1.Авто зам, замын байгууламжийн хайгуул, зураг төслийн баримт бичгийг боловсруулахдаа дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
6.1.1. зураг төслийг эрх бүхий байгууллагаас баталсан ажлын даалгавар, газрын зөвшөөрөл, норм нормативын баримт бичиг, стандарт, хэмжилтийн ажлын тайлан, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулсан байна.
6.1.2. инженер-геологи болон геодезийн хэмжилтийн судалгааны тайлангийн бодит байдлыг зургийн байгууллага хариуцна.
6.1.3. зураг төслийн байгууллага нь зураг төсөлд техникийн шийдэл шаардсан асуудлыг салбарын Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, зөвлөмж гаргуулна.
Долоо. Зураг төслийг зөвшилцөх
7.1. Захиалагч, хөрөнгө оруулагч нь зураг төслийн байгууллагатай хамтран зам, замын байгууламжийн чиглэлийг сонгосон хувилбарын талаар холбогдох төрийн захиргааны төв байгууллага,тухайн замыг дайран өнгөрч байгаа орон нутгийн засаг захиргаа, бусад холбогдох байгууллагатай зөвшилцсөн акт, хурлын тэмдэглэл үйлдэж, тайлбар бичигт хавсаргасан байна.
Ажлын даалгаварт зураг төслийн баримт бичгийг зөвшилцөх байгууллагыг тодорхой зааж өгнө.
7.2. Зураг төслийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, дүрэм, стандартын баримт бичгийг баримтлан зөвшилцөнө.
Найм. Зураг төслийг баталгаажуулах
8.1. Монгол Улсын хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл,тусламжийн хөрөнгөөр санхүүжих барилгын ажлын зураг төслийг эрх бүхий гадаад улсын хуулийн этгээд боловсруулсан нөхцөлд холбогдох хууль тогтоомж, норм, дүрэм, стандартын дагуу Монгол Улсын эрх бүхий хуулийн этгээдтэй хамтран баталгаажуулсан байх бөгөөд зураг төслийн баримт бичиг нь англи, монгол хэлээр байна.
8.2. Авто зам, замын байгууламжийн хайгуул, зураг төслийн баримт бичгийн хуудас бүрийг зураг төслийг байгууллагын дарга, гүйцэтгэсэн болон шалгасан инженер, зургийн ерөнхий инженер нар гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.
8.3. Зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий байгууллага нь өөрийн боловсруулсан зураг төслийн нүүр хуудсанд, тэмдэг дарж, гарын үсгээр баталгаажуулна.
Ес. Авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийх
9.1. Авто зам, замын байгууламжийн инженерийн шугам сүлжээний нарийвчилсан зураг төсөл, барилгын ажлын төсөвт өртгийн тооцоо, инженер-геологийн судалгааны тайланд магадлал хийнэ.
9.2. Хийц, технологийн онцлог, түвэгшилтэй шийдэл бүхий авто зам, замын байгууламж (хурдны зам, гүүрэн гарам, олон түвшний уулзвар, хонгил зам, цахилгаан хангамж, дохиолол холбоо гэх мэт)-ийн бүрдэл хэсгийн нарийвчилсан зураг төсөлд хэсэгчлэн болон үе шаттайгаар магадлал хийж болно.
9.3 “Авто замын тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.8-д заасны дагуу авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг Авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага зохион байгуулна. /ЗТХС-ын 2019 оны 45 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/.
9.3.1. магадлал хийлгэхээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн зураг төслийн баримт бичгийг хяналтын хуудасны дагуу хүлээн авч, зураг төслийн байгууллагатай магадлал хийж, гэрээг байгуулах;
9.3.2.зураг төсөлд магадлал хийх шаардлага хангасан эксперттэй гэрээ байгуулах, гэрээг дүгнэх, алдаа гаргасан экспертэд хариуцлага тоцоох, эрхийг цуцлах;
9.3.3. зураг төсөлд эрх бүхий этгээдээр магадлал хийлгэж, ерөнхий дүгнэлт гарган баталгаажуулах;
9.3.4. томоохон хэмжээний зураг төслийн ажил эсвэл хийц технологийн онцлог шийдэл бүхий зураг төсөлд магадлал хийх ажилд “экспертүүдийн баг”-ийг зураг төслийн хайгуул, судалгааны шатанд томилон ажиллуулж, зураг төслийн ажлын үе шат бүрт хяналт тавих замаар магадлалын ерөнхий дүгнэлтийг хэсэгчлэн гаргуулах;
9.3.5. энэ журмын 8.1-д заасан зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлыг зохион байгуулах;
9.3.6. зураг төслийн баримт бичигт магадлал хийх экспертүүдийн ажлыг дүгнэх ба магадлалын үйл ажиллагааг боловсронгуй болгоход чиглэгдсэн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, зөвлөмж гаргуулан, хэрэгжүүлэх;
9.3.7.авто зам, замын байгууламжийн зураг төслийн баримт бичигт магадлал хийхтэй холбоотой маргааныг таслах үйл ажиллагаанд мэргэжлийн баг томилж, зөвлөмжийг үндэслэн шийдвэр гаргах;
9.3.8.авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийн дүгнэлт, магадлалын ерөнхий дүгнэлтийн маягт, дүгнэлтийг баталгаажуулах тэмдгийн загварыг батлах;
9.4. Авто зам, замын байгууламжийн зураг төслийн баримт бичигт магадлал хийх орон тооны бус эксперт нь доорх шаардлагыг хангасан байна. Үүнд:
9.4.1 “эксперт нь зам, гүүр барилгын Зөвлөх инженер, Тэргүүлэх зэрэгтэй төсөвчин байх” /ЗТХС-ын 2019 оны 45 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/.
9.4.2. мэргэжлийн чиглэлээрээ тасралтгүй ажилласантуршлага бүхий инженер-техникийн ажилтнуудыг сонгон шалгаруулан өрсөлдөөний журмаар сонгосон байх,
9.4.3 “тухайн зураг төслийн байгууллагад шууд болон шууд бусаар харьяалагддаггүй, хувьцаа эзэмшдэггүй, ашиг сонирхлын зөрчилгүй байх” /ЗТХС-ын 2019 оны 45 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/.
9.4.4. эксперт нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3 дахь заалтын шаардлагыг хангасан байна.
9.5.Хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч байгууллагуудаас ирүүлсэн хүсэлт, захиалгын дагуу техникийн баримт бичигт магадлал хийнэ.
9.6. Авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийх зардлын хэмжээг тухайн зураг төсөл боловсруулах ажлын гэрээний үнийн дүнгийн 6% (Үүнд инженер-геологи, геодезийн хэмжилтийн ажил, БОНҮ, нэмэгдсэн өртгийн албан татвар тооцохгүй), үүнээс магадлал хийх үйл ажиллагааг зохион байгуулах, хэлэлцүүлгийн болон бусад үйл ажиллагаанд зориулан 30%, магадлал хийх хуулийн этгээд, иргэний цалинд 70 хувийг тус тус хуваарилж олгоно. Магадлал хийсэн экспертүүдэд олгох хөлсийг зураг төслийн бүрэлдэхүүн хэсэгт бүрт ногдох зардлын 70 хувийг зураг төсөлд, 30 хувийг төсвийн тооцооны магадлалд хуваарилна.
9.7. Авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийхэдхолбогдох дүрэм, журам болон энэхүү журмыг мөрдлөг болгох ба салбарын онцлогт нийцсэн нэмэлт нөхцөлийг экспертийн ажиллах гэрээнд тусган зохицуулна.
9.8. Магадлал хийх экспертүүдийг томилох болон сонгон шалгаруулах үйл ажиллагаанд Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох газрын саналыг авна.
9.8.1. авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үйл явц дор дурдсан дараалалтай байна. Үүнд:
9.8.2 зураг төсөл боловсруулах ажлын даалгавар болон холбогдох норм дүрэм, стандартын шаардлагад нийцсэн тайлан, зураг төслийг хүлээн авах;
9.8.3 зураг төслийн бүрэлдэхүүн хэсэг тус бүрд эрх бүхий эксперт, эсвэл экспертийн багаар магадлал хийлгэх;
9.8.4. ажлын зурагт магадлал хийгдэхээс өмнө инженер-геологийн дүгнэлт магадлалаар баталгаажсан байх;
9.8.5 шаардлагатай тохиолдолд магадлалын дүгнэлтийн дагуу холбогдох өөрчлөлт, сайжруулалтыг төслийн баримт бичигт тусгуулах;
9.8.6.магадлалын ерөнхий дүгнэлт гаргах;
9.9. Эксперт нь зураг төсөлд магадлал хийхдээ Авто замын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д заасан шаардлагыг биелүүлэхээс гадна дараах үндсэн асуудлыг хянаж, дүгнэлт гарган холбогдох засвар өөрчлөлтийг тусгуулна.
9.9.1. авто зам, замын байгууламжийн байршил тогтоосон шийдвэр, ажлын даалгавар, техникийн нөхцөл, холбогдох мэргэжлийн байгууллагатай зөвшилцсөн байдал;
9.9.2. инженерийн шийдэл, бүтээц нь дагаж мөрдөж байгаа норм дүрэм, стандарт, инженер-геологийн дүгнэлт, техникийн нөхцлийн дагуу зохиогдсон эсэх;
9.9.3. чиглэл, байршил, төлөвлөлт, инженер-геологийн нөхцөл, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, сонгосон хувилбарын талаарх дүгнэлт;
9.9.4. хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй ажиллагааны норм нормативын баримт бичгийн шаардлагыг баримталсан байдал;
9.9.5.магадлалын дүгнэлтэд хууль тогтоомж, норм нормативын баримт бичгийн шаардлагыг үндэслэн техникийн үндсэн шийдэл, эдийн засгийн үр ашигт мэргэжлийн үнэлэлт өгч, техник-эдийн засгийн үндэслэлийн судалгаа, зураг төсөлд нэмж тусгах буюу хасах, өөрчлөх асуудлын талаар товч, тодорхой тусгана.
9.10.Магадлалын ерөнхий дүгнэлт нь экспертийн дүгнэлтийг хавсаргаснаар хүчин төгөлдөр болно.
9.11.Магадлалын ерөнхий дүгнэлт нь доорх агуулгыг багтаасан байна:
9.11.1. авто зам, замын байгууламжийн сонгосон байршил, техник-эдийн засгийн үзүүлэлтүүд, зураг төслийн үндсэн төлөвлөлт, техникийн шийдэл, бүтээцийн талаар тусгасан товч тодорхойлолт;
9.11.2. боловсруулсан зураг төслийн сонгосон шийдэл, магадлалын явцад хийсэн нэмэлт өөрчлөлтөөс шалтгаалах үр дүнгийн талаарх тодорхой санал, дүгнэлт;
9.11.3. эдийн засгийн үр ашиг, хөдөлгөөний аюулгүй байдал, экологийн хор хөнөөлгүй байдал, ашиглалтын үеийн ажиллагаа, байгууламжийн нийгмийн ач холбогдол, барилгын ажлын төсөвт өртгийн тооцооны талаарх дүгнэлт гэх мэт.
9.12. Магадлалын ерөнхий дүгнэлт нь авто зам, замын байгууламжийн төлөвлөлт, инженерийн шийдлүүдэд өгөх мэргэжлийн үнэлгээ байна.
9.13. Шаардлагатай тохиолдолд автозам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийх явцад салбарын Шинжлэх ухаан, техникийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг ашиглана.
9.14. Зураг төсөлд магадлал хийсэн экспертийн дүгнэлт, тодорхойлолт, магадлалын ерөнхий дүгнэлтийг гарын үсэг, тэмдгээр баталгаажуулсан байна.
9.15. Зураг төслийн магадлалын ажлын хугацааг тухайн объектын хүчин чадлаас хамааруулан “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ болон магадлал хийгч эксперт эсвэл багийн ахлагч нар харилцан тохиролцоно. Магадлал хийх хугацааг үндэслэлгүйгээр сунгахыг хориглоно.
9.16.”Магадлал хийгдсэн зураг төслийг 2 хувь, магадлалын ерөнхий дүгнэлтийг 4 хувь хийх бөгөөд Авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага нь магадлалын тэмдгээр зураг төслийн хуудас бүрийг баталгаажуулна” /ЗТХС-ын 2019 оны 45 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/.
Арав. Хариуцлага
10.1.Авто замын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5 дахь зүйлд заасны дагуу хариуцлага хүлээнэ.
10.2. Барилгын ажлын явцад зураг төслөөс шалтгаалсан алдаа гарсан, алдааг эрх бүхий этгээд акт тогтоосон тохиолдолд гэрээний тусгай нөхцөл болон холбогдох хууль журамд заасны дагуу хар жагсаалтад оруулах хүртэл арга хэмжээ авна.
Эксперт нь энэхүү журам ба гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа норм, норматив, стандартыг зөрчсөн, алдаатай дүгнэлт гаргасан, зураг төслийн техникийн буруу шийдлийг засаж, залруулаагүй, мэргэжлийн болон ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан тохиолдолд экспертийн магадлал хийх эрхийг нь журмын 9.3-д заасан хуулийн этгээд цуцлах хүртэл арга хэмжээ авна.
10.3.”Эксперт болон Авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагын гаргасан дүгнэлт Авто замын тухай хууль тогтоомж, стандарт, норм, нормативыг зөрчсөн, авто зам, замын байгууламжийн барилгын ажлын явцад болон ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйлд заасны дагуу шийтгэл ногдуулна” /ЗТХС-ын 2019 оны 45 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/.
Арван нэг. Зураг төслийг хянах, хүлээн авах
11.1. Инженерийн нарийвчилсан зураг төслийг хянаж хүлээн авахдаа Захиалагч техник-эдийн засгийн үндэслэлийн судалгааны тайлан, зураг төслийн иж бүрдэл нь энэ журмын “Дөрөв” ба “Тав” дугаар зүйл, ажлын даалгаварт заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянана.
Арван хоёр. Зураг төслийн баримт бичгийг хадгалах, бүртгэл мэдээллийн нэгдсэн сан үүсгэх
12.1. Зураг төсөлтэй холбоотой баримт бичгийг Монгол Улсын Архивын тухай хууль болон бусад хууль холбогдох журмын дагуу хадгална.
12.2. Магадлал хийгдсэн инженерийн нарийвчилсан зураг төслийн эх хувийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр тус бүр 4 хувь үйлдэх бөгөөд магадлалын ерөнхий дүгнэлт гаргасан эрх бүхий байгууллага нэг хуулбар хувийг хадгалж, 3 хувийг захиалагч байгууллага хадгална.
-оОо-
Текст томруулах
A
A
A