- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТӨВИЙН ДҮРЭМ
Засгийн газрын 2018 оны 270 дугаар
тогтоолын хавсралт
ҮНДЭСНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТӨВИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Үндэсний итгэмжлэлийн төв (цаашид “Төв” гэх) нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, итгэмжлэлийн чиглэлээр төрөөс баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх, түүнийг хэрэгжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, бүтээгдэхүүнд хэрэглэгчийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тохирлын үнэлгээний дүнг олон улс, бүс нутаг, болон үндэсний хэмжээнд харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийг бүрдүүлэх чиг үүрэг бүхий байгууллага мөн.
1.2. Төв нь үйл ажиллагаандаа Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн акт, энэхүү дүрмийг удирдлага болгоно.
1.3. Төв нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд өөрийн бэлгэдэлтэй байж болно.
Хоёр.Үндэсний итгэмжлэлийн төвийн чиг үүрэг
2.1. Төв нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 19.3-т зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
2.1.1. тохирлын үнэлгээний итгэмжлэлийн талаарх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангах;
2.1.2. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 19.3-т заасан үйл ажиллагааны хүрээнд тохирлын үнэлгээний үр дүнг хүлээн зөвшөөрөх хамтын ажиллагааг хөгжүүлэх;
2.1.3. тохирлын үнэлгээний итгэмжлэлийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгох;
2.1.4. тохирлын үнэлгээний итгэмжлэлийн мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх.
Гурав.Төвийн эрх, үүрэг
3.1. Төв нь дараах эрхтэй:
3.1.1. өөрийн эрх хэмжээний хүрээнд үндсэн үйл ажиллагааг хангахад чиглэсэн баримт бичиг боловсруулж батлан мөрдүүлэх;
3.1.2. үйл ажиллагааны үндсэн чиг үүргийн дагуу салбарын бодлого, стратеги, дүрэм, журам, стандарт, тушаал, бусад шийдвэртэй холбоотой асуудлаар санал боловсруулж, төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
3.1.3. батлагдсан төсвийг зориулалтын дагуу захиран зарцуулах;
3.1.4. ижил чиг үүрэг бүхий гадаадын байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэн, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаад, дотоодын төр болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран ажиллах;
3.1.5. хариуцсан асуудлын хүрээнд итгэмжлэлийн гэрчилгээ, үнэмлэх, бэлгэдлийн загвар, бүртгэл, судалгааны маягтыг батлан гаргаж мөрдүүлэх.
3.2. Төв нь дараах үүрэгтэй:
3.2.1. салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан байгууллагын хөгжлийн дунд хугацааны төлөвлөлтийг боловсруулж, батлуулан хэрэгжүүлэх;
3.2.2. асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг салбарын мэдээ, мэдээллээр шуурхай хангах, шийдвэр гаргахад нь мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх;
3.2.3. байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, иргэд, үйлчлүүлэгчийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах;
3.2.4. нягтлан бодох бүртгэл, төсөв, санхүүгийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу эрхэлж, төсөв, санхүүжилтийн үр дүнг тогтоосон хугацаанд тайлагнах;
3.2.5. ажилтны мэдлэг ур чадварыг тасралтгүй дээшлүүлж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх, сахилга, хариуцлагыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх;
3.2.6. хууль тогтоомж, дүрэм, журамд заасан бусад үүрэг.
Дөрөв. Төвийн бүтэц, зохион байгуулалт
4.1. Төв нь чиг үүргээ хэрэгжүүлэхэд тохирсон зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй байна.
4.2. Төвийн зохион байгуулалтын бүтцийг тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
4.3. Төвийн дарга нь байгалийн болон техникийн шинжлэх ухааны салбарын мэргэжилтэй, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн салбарт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байна.
4.4. Төвийн дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.4.1. төвийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
4.4.2. Засгийн газар, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, олон улсын итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагыг тухайн салбарын мэдээллээр тогтмол хангах, тохирлын үнэлгээний үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагаас статистикийн болон шаардлагатай бусад мэдээллийг гаргуулж авах;
4.4.3. тохирлын үнэлгээний итгэмжлэлийн шинжээчийн эрхийг баталгаажуулах;
4.4.4. төвийг гадаад, дотоодод төлөөлөх;
4.4.5. төвийн ажилтнуудыг хууль тогтоомжийн дагуу томилж, чөлөөлөх;
4.4.6. хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргах, биелэлтийг хангуулах, иргэд, хуулийн этгээдийн хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх;
4.4.7. тодорхой асуудлыг шийдвэрлэх зорилгоор шаардлагатай тохиолдолд тохирлын үнэлгээний байгууллагад итгэмжлэлийн үнэлгээ хийх ажиллагаанд гадаад, дотоодын итгэмжлэлийн шинжээч, мэргэшсэн байгууллагыг гэрээний үндсэн дээр оролцуулах;
4.4.8. хууль тогтоомжоор олгосон бусад бүрэн эрх.
Тав.Төвийн үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт
5.1. Төвийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн тайланг итгэмжлэлийн Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж олон нийтэд танилцуулна.
5.2. Тохирлын үнэлгээний итгэмжлэлийн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад жил бүр тусган санхүүжүүлнэ.
Зургаа. Бусад зүйл
6.1. Төв нь тохирлын үнэлгээний итгэмжлэлийн лавлагаа мэдээллийн улсын нэгдсэн санг эрхэлнэ.
-----о0о-----
Текст томруулах
A
A
A