A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ГАМШГААС ХАМГААЛАХ ДОТООДЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖИЙГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ (Засгийн газрын 2020 оны 133 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

Засгийн газрын 2018 оны 271 дүгээр
       тогтоолын хавсралт

 

ГАМШГААС ХАМГААЛАХ ДОТООДЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖИЙГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ

(Засгийн газрын 2020 оны 133 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)


Нэг. Нийтлэг  үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд зориулж Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүн (Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүн)-ээс үзүүлэх хандив, тусламж (цаашид “дотоодын хүмүүнлэгийн тусламж” гэх)-аар ирүүлсэн бараа, материал, мөнгөн хөрөнгийг хүлээн авч байршуулах, хадгалах, тээвэрлэх, хуваарилах, зарцуулах, тайлагнах харилцааг зохицуулахад оршино.

1.2. Гамшгийн улмаас учирсан хохирол, хэрэгцээний үнэлгээг үндэслэн дотоодын хүмүүнлэгийн тусламж хүсэх, уриалга гаргах шийдвэрийг улсын хэмжээнд онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, орон нутагт тухайн шатны Засаг дарга гаргана.

Хоёр. Дотоодын хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, хадгалах

2.1. Мөнгөн хөрөнгөөр үзүүлсэн дотоодын хүмүүнлэгийн тусламжийг Төрийн сангийн нэмэлт дансанд хүлээн авч бүртгэнэ.

2.2. Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь ажлын хэсэг томилж дотоодын хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг хүлээн авах, бүртгэх, байршуулан хадгалах ажлыг зохион байгуулна.

2.3. Ажлын хэсэг дотоодын хүмүүнлэгийн тусламжийн бараа, материал Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандарт, хэрэгцээ шаардлагад нийцсэн эсэхэд хяналт тавих бөгөөд шаардлагатай тохиолдолд чанарын байдалд холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргуулж болно.

2.4. Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь дотоодын хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг эрүүл ахуйн болон галын аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан агуулахад технологийн дагуу түр хадгална.

2.5. Шаардлагатай тохиолдолд дотоодын хүмүүнлэгийн тусламж үзүүлэгч этгээдийн агуулахад түр хугацаагаар хадгалуулж болох бөгөөд уг агуулах нь энэхүү журмын 2.4-т заасан шаардлагыг хангасан байна.

2.6. Хадгалалтын тусгай горим, технологи шаардсан тусламжийн бараа, материалыг аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан  хадгалуулж болох бөгөөд гэрээнд барааны чанар, стандарт, хадгалах хугацаа, төлбөр, барааны нэр төрөл, тоо хэмжээ, үнэ, талуудын хүлээх хариуцлага, мэдээ тайлангийн талаар тодорхой тусгасан байна.

Гурав. Дотоодын хүмүүнлэгийн тусламжийг хуваарилах, зарцуулах

3.1. Дотоодын хүмүүнлэгийн тусламжийг аж ахуйн нэгж, байгууллагаас тусгайлан нэр зааж ирүүлэхээс бусад тохиолдолд хэрэгцээ шаардлагыг үндэслэн хуваарилан олгох асуудлыг улсын хэмжээнд онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, орон нутагт тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ.

3.2. Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын гаргасан шийдвэрийн дагуу тухайн шатны Засаг дарга дотоодын хүмүүнлэгийн тусламжийг шаардлагатай газарт хуваарилах, олгох ажлыг шуурхай зохион байгуулж, үр дүнг онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тайлагнана.

Дөрөв. Хүмүүнлэгийн тусламжийн барааг тээвэрлэх

4.1. Дотоодын хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг шаардлагатай газарт хүргэх, тээвэрлэх асуудлыг онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцна.

4.2. Дотоодын хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалын чанар, аюулгүй байдал, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг тухайн орон нутгийн Засаг дарга хариуцна.

4.3. Дотоодын хүмүүнлэгийн тусламж үзүүлэгч тал хүсэлт гаргасан тохиолдолд үзүүлсэн тусламжаа хуваарилах, тээвэрлэн хүргэх ажлыг зохион байгуулж болох бөгөөд холбогдон гарах зардлаа өөрөө хариуцаж, тухайн шатны Засаг дарга болон онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавьж ажиллана.

Тав. Дотоодын хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг хадгалах, тээвэрлэх болон бусад үйл ажиллагааны зардал, тайлан бүртгэл

5.1. Дотоодын хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авч байршуулах, хадгалах, хуваарилах, тээвэрлэн хүргэх болон бусад үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг улсын хэмжээнд онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, орон нутгийн хэмжээнд тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ.

5.2. Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь дотоодын хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг зохион байгуулсан тухай тайлан мэдээг нэгтгэн, дотоодын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн аж ахуйн нэгж, холбогдох байгууллагад албан бичгээр тайлагнаж, олон нийтэд цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлнэ.

5.3. Дотоодын хүмүүнлэгийн тусламжийн мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг улсын хэмжээнд онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, орон нутагт онцгой байдлын байгууллага хэрэгжүүлнэ.

Зургаа. Бусад

6.1. Орон нутагт хуваарилсан дотоодын хүмүүнлэгийн тусламжийн зарцуулалтад Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавина.

6.2. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.