A

A

A

Бүлэг: 1979

    Монгол Улсын Замын хөдөлгөөний

     дүрмийн 1 дүгээр хавсралт

 

ЗАМЫН ТЭМДЭГ


Нэг. Анхааруулах тэмдэг

1.1. Анхааруулах тэмдэг нь замын аюул бүхий хэсэгт ойртож байгааг болон түүнд зохицсон арга хэмжээ авахыг жолоочид урьдчилан анхааруулна:

        1.1 «Төмөр замын хаалттай гарам»;

        1.2 «Төмөр замын хаалтгүй гарам»;

        1.3.а, 1.3.б «Төмөр замын гарам»-1.3.а тэмдэг нь нэг төмөр замтай, 1.3.б тэмдэг нь хоёр буюу түүнээс олон төмөр замтай огтлолцсон хаалтгүй гарам байгааг анхааруулна;

        1.4.а-1.4.е «Төмөр замын гарамд ойртоно»-суурин газрын гаднах замд төмөр замын гарам ойртож байгааг давтан анхааруулна;

        1.5 «Адил замын уулзвар»;

        1.6 «Тойрох хөдөлгөөнтэй уулзвар»;

        1.7 «Гэрэл дохионы зохицуулга»-хөдөлгөөн нь гэрэл дохиогоор зохицуулагддаг уулзвар буюу явган хүний гарцад ойртож байгааг анхааруулна;

        1.8.а, 1.8.б «Огцом эргэлт»-замын эргэх радиус багатай буюу үзэгдэлт хязгаарлагдмал тохойрсон хэсэгт ойртож байгааг анхааруулна. 1.8.а тэмдэг нь баруун гар тийш, 1.8.б тэмдэг нь зүүн гар тийш огцом эргэхийг анхааруулна;

        1.9.а, 1.9.б «Тахир зам»-замын огцом тахирласан хэсэгт ойртож байгааг анхааруулна. 1.9.а тэмдэг нь эхний огцом эргэлт баруун гар тийш, 1.9.б тэмдэг нь зүүн гар тийш чиглэсэн болохыг анхааруулна;

        1.10 «Эгц уруу»;

        1.11 «Огцом өгсүүр»;

        1.12 «Халтиргаатай зам»;

        1.13 «Тэгш биш зам»-зорчих хэсгийн гадаргуугийн эвдрэл, гэмтэл, бартаа, донсолгоотой хэсэгт ойртож байгааг анхааруулна;

        1.14 «Хайрга үсэрнэ»-тээврийн хэрэгслийн дугуйн доороос хайрга, чулуу шидэгдэж болзошгүй хэсэгт ойртож байгааг анхааруулна;

        1.15.а-1.15.в «Зам нарийсна»-1.15.а тэмдэг нь зам хоёр талаасаа,    1.15.б тэмдэг нь баруун гар талаас, 1.15.в тэмдэг нь зүүн гар талаас нарийсахыг анхааруулна;

        1.16 «Эсрэг хөдөлгөөн»-эсрэг хөдөлгөөнтэй зам (зорчих хэсэг)-д шилжихийг анхааруулна;

        1.17 «Хурд сааруулагч»-зорчих хэсэг дээр тээврийн хэрэгслийн хурдыг сааруулах зориулалт бүхий хиймэл бартаа байгааг анхааруулна;

        1.18 «Явган хүний гарц»;

        1.19 «Хүүхэд»-зорчих хэсэг рүү хүүхэд гэнэт орж ирж болзошгүй (сургууль, цэцэрлэг, асрамжийн газар, тоглоомын төв гэх мэтийн ойролцоох) хэсгийг анхааруулна;

        1.20 «Унадаг дугуйн зам нийлнэ»-унадаг дугуйн замтай огтлолцсон хэсэгт ойртож байгааг анхааруулна;

        1.21 «Засварын ажил»-зам дээр ажил хийгдэж байгааг анхааруулна;

        1.22 «Мал тууж гарах газар»;

        1.23 «Ан амьтан»-зэрлэг ан амьтан гарч ирж болзошгүй хэсэгт ойртож байгааг анхааруулна;

        1.24 «Чулууны нурангитай»-дээрээс шороо, чулуу, цас, мөс нурж болзошгүй хэсэгт ойртож байгааг анхааруулна;

        1.25 «Хажуугийн салхитай»;

        1.26 «Онгоц доогуур ниснэ»;

        1.27 «Хонгил»-гэрэлтүүлэггүй хонгил буюу орох хэсгийн үзэгдэх нөхцөл нь хязгаарлагдмал хонгилд ойртож байгааг анхааруулна;

        1.28 «Бусад аюултай газар»-энэ хавсралтад заасан тэмдгээр анхааруулаагүй бусад аюул бүхий хэсэгт ойртож анхааруулна;

        1.29.а-1.29.в «Эргэх чиг»-1.29.а, 1.29.б тэмдэг нь замын үзэгдэлт хязгаарлагдмал, эргэх радиус багатай хэсэгт, 1.29.в тэмдэг нь Т-хэлбэрийн уулзвар буюу замын салаалсан хэсэгт эргэх чигийг анхааруулна.

1.2. 1.1, 1.2, 1.5-1.28 тэмдгийг тухайн аюул бүхий хэсгийн эхлэл хүртэл суурин газрын доторх замд 50 м-ээс 100 м, суурин газрын гаднах замд 150 м-ээс 300 м-ийн өмнө байрлуулна. Зайлшгүй тохиолдолд 7.1.а тэмдгийн хамт өөр зайд байрлуулж, уг нэмэлт тэмдгээр тухайн аюул бүхий хэсгийн эхлэл хүртэлх зайг заана.

Хэрэв замын өгсүүр, уруу хэсгүүд залган үргэлжилсэн байвал                   1.10, 1.11 тэмдгийг аюул бүхий хэсгийн шууд өмнө байрлуулж болно.
Зорчих хэсэг дээр түр хугацааны ажил хийх тохиолдолд 1.21 тэмдгийг уг хэсгээс 10 м-ээс 15 м-ийн өмнө (7.1.а нэмэлт тэмдэггүйгээр) байрлуулж болно.

1.3. 1.3.а, 1.3.б тэмдгийг төмөр замын гармын шууд өмнө байрлуулна. Ингэхдээ гармын гэрлэн дохиотой хамт нэг тулгуур (шон) дээр, гэрлэн дохиогүй бол төмөр зам хүртэл 6 м-ээс 10 м зайд байрлуулна.

1.4. 1.4.а-1.4.в тэмдгийг замын баруун гар талд, 1.4.г-1.4.е тэмдгийг зүүн гар талд байрлуулах бөгөөд төмөр замын гарам хүртэл хамгийн эхэнд (150 м-ээс 300 м зайд) байрлуулсан 1.1 буюу 1.2 тэмдгийн доор 1.4.а, 1.4.г тэмдгийг, давтан тавьсан 1.1 буюу 1.2 тэмдгийн доор 1.4.в, 1.4.е тэмдгийг, тэдгээрийн хооронд ижил зайд 1.4.б, 1.4.д тэмдгийг дангаар нь тус тус байрлуулна.

1.5. 1.29.а-1.29.в тэмдгийг аюул бүхий газар дээр байрлуулна. Эдгээр тэмдгийг замын ажил хийгдэж байгаа хэсгийг тойрч гарах чигийг заахад нэмэлт байдлаар хэрэглэж болох бөгөөд энэ тохиолдолд тэмдгийг хөдөлгөөн хашсан хаалт дээр байрлуулж болно. Нэг сумтай 1.29.а, 1.29.б тэмдгийг урт зайд үргэлжилсэн эргэлт дээр дөрвөөс цөөнгүй тоотойгоор цувруулан байрлуулна.

1.6. Замын ажил хийгдэж байгаа хэсэгт түр байрлуулсан 1.7, 1.12-1.16, 1.24, 1.28 тэмдгийн дэвсгэр шар өнгөтэй байж болно.

Хоёр. Хориглох тэмдэг

2.1. Хориглох тэмдэг нь замын хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт тогтоох буюу хязгаарлалтыг хүчингүй болгоно:

        2.1 «Орох хориотой»-тээврийн хэрэгсэл тэмдгээс цааш орохыг хориглоно;

        2.2 «Хөдөлгөөн хориотой»-тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;

        2.3 «Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой»;

        2.4 «Ачааны автомашины хөдөлгөөн хориотой»-бүх жин нь 3.5 тонноос илүү буюу хэрэв тэмдэгт бүх жинг заасан бол түүнээс илүү ачааны автомашин, мөн трактор, өөрөө явдаг машин механизмын хөдөлгөөнийг хориглоно;

        2.5 «Мотоциклын хөдөлгөөн хориотой»;

        2.6 «Тракторын хөдөлгөөн хориотой»-трактор, өөрөө явдаг машин механизмын хөдөлгөөнийг хориглоно;

        2.7 «Чиргүүлтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой»-чиргүүлтэй ачааны автомашин болон чиргүүлтэй трактор, мөн механикжсан тээврийн хэрэгсэл чирч яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;

        2.8 «Ердийн хөсгийн хөдөлгөөн хориотой»-ердийн хөсгөөр явах, мал туух болон хөтөлж явахыг хориглоно;

        2.9 «Унадаг дугуйн хөдөлгөөн хориотой»-унадаг дугуй болон мопедын хөдөлгөөнийг хориглоно;

        2.10 «Явган зорчигчийн хөдөлгөөн хориотой»;

        2.11 «Жингийн хязгаарлал»-бодит жин нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;

        2.12 «Тэнхлэгийн ачааллын хязгаарлал»-аль нэг тэнхлэгт ногдож буй бодит жин нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;

        2.13 «Өндрийн хязгаарлал»-ачаатай буюу ачаагүй өндрийн хэмжээ нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;

        2.14 «Өргөний хязгаарлал»-ачаатай буюу ачаагүй өргөний хэмжээ нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;

        2.15 «Уртын хязгаарлал»-ачаатай буюу ачаагүй нийт бүрэлдэхүүний уртын хэмжээ нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;

        2.16 «Хоорондын зайн доод хязгаарлал»-тээврийн хэрэгслүүд хоорондоо тэмдэгт зааснаас бага зайтай явахыг хориглоно;

        2.17 «Гааль»-гаалийн хяналтын бүсээр хяналт шалгалтад орохгүйгээр нэвтрэхийг хориглоно;

        2.18.а «Баруун гар тийш эргэх хориотой»;

        2.18.б «Зүүн гар тийш эргэх хориотой»;

        2.19 «Буцаж эргэх хориотой»;

        2.20 «Гүйцэж түрүүлэх хориотой»-удаан явдалт тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг, унадаг дугуй, мопед, хоёр дугуйт мотоциклоос бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно;

        2.21 «Гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл»-2.20 тэмдгийн үйлчлэх хүрээ дууссаныг заана;

        2.22 «Ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хориотой»-бүх жин нь     3.5 тонноос их ачааны автомашинаар бүх төрлийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно;

        2.23 «Ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл»-2.22 тэмдгийн үйлчлэх хүрээ дууссаныг заана;

        2.24 «Хурдны дээд хязгаарлал»-тээврийн хэрэгслийн хурдыг (км/цаг) тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно;

        2.25 «Хурдны дээд хязгаарлалын төгсгөл»-2.24 тэмдгийн үйлчлэх хүрээ дууссаныг заана;
        2.26 «Дуут дохио хориотой»-зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд дуут дохио өгөхийг хориглоно;

        2.27 «Түр зогсох хориотой»-тээврийн хэрэгслийн түр ба удаан зогсолтыг хориглоно;

        2.28 «Удаан зогсох хориотой»-тээврийн хэрэгслийн удаан зогсолтыг хориглоно;

        2.29 «Бүх хорионы төгсгөл»-2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26-2.28 тэмдгүүдийн үйлчлэх хүрээ дууссаныг заана.

2.2. Уулзвар, гарцын өмнө байрласан 2.2-2.9 тэмдгийн үйлчлэх чигийг    7.3.а, 7.3.б, 7.3.в тэмдгээр тогтооно. Харин уулзвар, гарцын цаана байрласан     2.2-2.9 тэмдэг нь тухайн зам (зорчих хэсэг)-д хамаарна.

2.3. 2.2, 2.3, 2.18.а, 2.18.б, 2.19, 2.27 тэмдгийн үйлчлэл нь чиглэлийн тээврийн хэрэгсэлд хамаарахгүй.

2.4. 2.2-2.8 тэмдгийн үйлчлэл нь зохих журмын дагуу зөвшөөрөл авсан тухайн төрлийн тээврийн хэрэгслүүдэд хамаарахгүй. Эдгээр тээврийн хэрэгслийн жолооч уг хориглолт тогтоосон замын хэсгээр зорчихдоо тухайн очих газартаа хүрэх буюу тухайн замын хэсгээс гарах хамгийн дөт зам, ойр уулзварыг ашиглана.

2.5. 2.2, 2.3, 2.28 тэмдгийн үйлчлэл нь «Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн» таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд хамаарахгүй.

2.6. 2.18.а, 2.18.б тэмдэг нь зорчих хэсгүүдийн зөвхөн эхний огтлолцолд хамаарна.

2.7. 2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26-2.28 тэмдгүүдийн үйлчлэх хүрээ нь байрласан газраасаа эхний уулзвар хүртэл, уулзваргүй замд суурин газраас гарах хүртэл хүчинтэй байна. Эдгээр тэмдгийн үйлчлэх хүрээг дараахь байдлаар багасгаж болно:

        -2.20, 2.22, 2.24 тэмдгүүдийн үйлчлэх хүрээг 2.21, 2.23, 2.25 харгалзах тэмдгүүдээр;

        -2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26 тэмдгүүдийн хувьд 7.2.а нэмэлт тэмдгийг хамт хэрэглэснээр;

        -2.24 тэмдгийн үйлчлэх хүрээг хурдны өөр хязгаарлал бүхий              2.24 тэмдгээр;

        -2.27, 2.28 тэмдгүүдийн хувьд 7.2.б, 7.2.д, 7.2.е нэмэлт тэмдгийг хамт хэрэглэснээр буюу 7.2.в тэмдэгтэй хамт давтан тавьсан 2.27, 2.28 харгалзах тэмдгүүдээр, эсхүл аль нэгийнх нь үйлчлэх хүрээг нөгөөгөөр нь буюу                   5.17 тэмдгээр;

        -2.27 тэмдгийг 1.4 тэмдэглэлтэй хамт, 2.28 тэмдгийг 1.9 тэмдэглэлтэй хамт байрлуулснаар (энэ тохиолдолд тэмдгийн үйлчлэх хүрээ тэмдэглэлийн уртаар хязгаарлагдана);
        -хэд хэдэн тэмдгийн үйлчлэх хүрээг 2.29 тэмдгээр нэгэн зэрэг багасгасан байж болно.

2.8. 2.10, 2.27, 2.28 тэмдгийн үйлчлэл нь замын тухайн байрласан талдаа хүчинтэй байна.

2.9. Замын ажил хийгдэж байгаа хэсэгт түр байрлуулсан                            2.11-2.16, 2.18.а-2.25 тэмдгийн дэвсгэр шар өнгөтэй байж болно.

Гурав. Дарааллын тэмдэг

3.1. Дарааллын тэмдэг нь уулзвар, зорчих хэсгийн огтлолцол буюу замын нарийссан хэсгээр тээврийн хэрэгслүүдийн нэвтрэх дарааллыг тогтооно:

        3.1 «Гол зам»-зохицуулдаггүй уулзвар нэвтрэхэд давуу эрх олгоно;

        3.2 «Гол замын төгсгөл»-3.1 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана;

        3.3.а-3.3.в «Туслах зам нийлнэ»-3.3.а тэмдэг нь туслах зам баруун болон зүүн гар талаас, 3.3.б тэмдэг нь зөвхөн баруун гар талаас, 3.3.в тэмдэг нь зөвхөн зүүн гар талаас нийлэхийг урьдчилан анхааруулж давуу эрх олгоно;

        3.4 «Зам тавьж өгнө»-хөдөлгөөний зохицуулгагүй үед жолооч хөндлөн замаар яваа (хэрэв 7.13 нэмэлт тэмдэгтэй хамт тавигдсан бол гол замаар яваа) тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө;

        3.5 «Зогсохгүй явах хориотой»-хөдөлгөөний зохицуулгагүй үед       «Зогс-шугам» тэмдэглэлийн өмнө буюу тэмдэглэлгүй бол зорчих хэсгийн огтлолцлын өмнө зогсолт хийхгүйгээр явахыг хориглоно. Жолооч хөндлөн замаар яваа (хэрэв 7.13 нэмэлт тэмдэгтэй хамт тавигдсан бол гол замаар яваа) тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. 3.5 тэмдгийг төмөр замын хаалтгүй гарам буюу замын зарим шаардлагатай хэсгийн өмнө байрлуулж болох бөгөөд энэ тохиолдолд жолооч «Зогс-шугам» тэмдэглэлийн өмнө буюу тэмдэглэлгүй бол уг тэмдгийн өмнө зогсолт хийнэ. Тэмдэг дэх “ЗОГС” гэсэн бичлэгийн оронд “STOP” гэж бичсэн байж болно;

        3.6 «Сөрөг хөдөлгөөнд зам тавьж өгнө»-өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохоор байвал замын нарийссан хэсэгт орохыг хориглоно;

        3.7 «Сөрөг хөдөлгөөнд давуу эрхтэй»-замын нарийссан хэсэгт эсрэг талаас яваа тээврийн хэрэгслээс түрүүлж нэвтрэх эрх олгоно.

3.2. 3.1, 3.3.а-3.3.в тэмдэг бүхий замтай огтлолцсон туслах чанарын замд 3.4 буюу 3.5 тэмдгийг, мөн 3.7 тэмдэг байрласан замын нарийссан хэсгийн эсрэг талд 3.6 тэмдгийг тус тус байрлуулна.

3.3. Замын ажил хийгдэж байгаа хэсэгт түр байрлуулсан 3.6 тэмдгийн дэвсгэр шар өнгөтэй байж болно.

Дөрөв. Заах тэмдэг

4.1. Заах тэмдэг нь замын хөдөлгөөнд шаардлагатай горим тогтоох буюу тогтоосон горимыг өөрчилнө:

        4.1.а «Чигээрээ явна», 4.1.б «Баруун гар тийш явна», 4.1.в «Зүүн гар тийш явна», 4.1.г «Чигээрээ буюу баруун гар тийш явна», 4.1.д «Чигээрээ буюу зүүн гар тийш явна», 4.1.е «Баруун буюу зүүн гар тийш явна»-тухайн уулзвар, гарцыг зөвхөн сум заасан чигт нэвтрэхийг зөвшөөрнө. Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн тэмдэг нь буцаж эргэхийг мөн зөвшөөрнө;

        4.2.а «Саадыг баруун гар талаар тойрч гарна», 4.2.б «Саадыг зүүн гар талаар тойрч гарна»-тухайн саадыг зөвхөн сум заасан талаар тойрч гарахыг зөвшөөрнө;

        4.2.в «Саадыг баруун буюу зүүн гар талаар тойрч гарна»-тухайн саадыг аль ч талаар нь тойрч гарахыг зөвшөөрнө;

        4.3 «Тойрох хөдөлгөөн»-тухайн уулзвар (талбай)-ыг зөвхөн сум заасан чигийн дагуу тойрч нэвтрэхийг зөвшөөрнө;

        4.4 «Унадаг дугуйн зам»-зөвхөн унадаг дугуй, мопедын хөдөлгөөнийг зөвшөөрөхөөс гадна Замын хөдөлгөөний дүрмийн 5.1-д заасны дагуу явган зорчигчийн хөдөлгөөнийг мөн зөвшөөрнө;

        4.5 «Явган хүний зам»-зөвхөн явган зорчигчийн хөдөлгөөнийг зөвшөөрөхөөс гадна Замын хөдөлгөөний дүрмийн 25.3, 25.5-д заасны дагуу унадаг дугуйн хөдөлгөөнийг мөн зөвшөөрнө;

        4.6 «Хурдны доод хязгаарлал»-зөвхөн тэмдэгт заасан болон түүнээс илүү хурдтай (км/цаг) явахыг зөвшөөрнө;

        4.7 «Хурдны доод хязгаарлалын төгсгөл»-4.6 буюу 5.12.а тэмдгээр тогтоосон хурдны доод хязгаарлалын үйлчлэх хүрээ дууссаныг заана.

4.2. 4.1.а тэмдэг нь замын хэсгийн эхэнд (уулзварын цаана) байрласан бол эхний уулзвар хүртэл хүчинтэй байх бөгөөд гарцаар баруун гар тийш эргэхийг хориглохгүй. Харин тусгаарлах зурвасын тасархай хэсгийн шууд өмнө байрласан бол зөвхөн тэр хэсэгт хамаарна.

4.3. 4.6 тэмдгийн үйлчлэх хүрээг 4.7 тэмдгээр төгсгөөгүй бол байрласан газраасаа эхний уулзвар хүртэл, уулзваргүй замд суурин газраас гарах хүртэл хүчинтэй байна.

Тав. Мэдээлэх тэмдэг

5.1. Мэдээлэх тэмдэг нь замын нөхцөл байдал, хөдөлгөөний горимын онцлог, суурин газар болон бусад объектын байршлыг мэдээлнэ:

        5.1 «Тууш зам»-тууш замын хөдөлгөөний журмыг мөрдөх зам;

        5.2 «Тууш замын төгсгөл»-5.1 тэмдэг бүхий замаас гарч байгааг мэдээлнэ;

        5.3 «Суурин газрын эхлэл»-суурин газрын доторх хөдөлгөөний журмыг мөрдөх шаардлагатай суурин газрын эхлэл болон нэрийг мэдээлнэ;

        5.4 «Суурин газрын төгсгөл»-5.3 тэмдэг бүхий нутаг дэвсгэрээс гарч байгааг мэдээлнэ;

        5.5 «Суурин газрын эхлэл»-суурин газрын доторх хөдөлгөөний журмыг тухайн замд мөрдөх шаардлагагүй суурин газрын эхлэл болон нэрийг мэдээлнэ;

        5.6 «Суурин газрын төгсгөл»-5.5 тэмдэг бүхий нутаг дэвсгэрээс гарч байгааг мэдээлнэ;

        5.7 «Нэг чигийн хөдөлгөөн»-хөдөлгөөн нь нэг чигт зохион байгуулагдсан зам буюу зорчих хэсэг;

        5.8 «Нэг чигийн хөдөлгөөний төгсгөл»-5.7 тэмдэг бүхий зам буюу зорчих хэсгээс гарч байгааг мэдээлнэ;

        5.9.а «Зүүнээс баруун гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй»-хөндлөн нийлсэн зам буюу зорчих хэсэг баруун гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй;

        5.9.б «Баруунаас зүүн гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй»-хөндлөн нийлсэн зам буюу зорчих хэсэг зүүн гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй;

        5.10.а, 5.10.б «Эгнээнээс явах хөдөлгөөний чиг»-хөдөлгөөний тухайн чиг дэх эгнээний тоог мэдээлж, эгнээ тус бүрээс тухайн уулзвараар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заана. Тэмдгийн зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум бүхий хамгийн зүүн гар талын захын эгнээнээс буцаж эргэхийг зөвшөөрнө;

        5.11.а, 5.11.б «Эгнээгээр явах хөдөлгөөний чиг»-тухайн зорчих хэсгийн эгнээний тоог болон эгнээ тус бүрийн хөдөлгөөний урсгалын чигийг мэдээлнэ. Тэмдэгт аль нэг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон тэмдэг дүрсэлсэн байвал тухайн эгнээгээр уг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;

        5.12.а, 5.12.б «Эгнээний эхлэл»-хөдөлгөөний тухайн чигт эгнээний тоо нэмэгдэж байгааг мэдээлнэ. 5.12.а тэмдэгт 4.6 «Хурдны доод хязгаарлал» тэмдгийг дүрсэлсэн байвал уг тэмдэгт зааснаас илүү хурдтай явах боломжгүй тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнөө зөвхөн нэмэгдэж буй эгнээгээр үргэлжлүүлнэ. 5.12.б тэмдэгт аль нэг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон тэмдэг дүрсэлсэн байвал тухайн эгнээгээр уг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;

        5.13.а, 5.13.б «Эгнээний төгсгөл»-хөдөлгөөний тухайн чиг дэх эгнээний тоо хасагдаж байгааг мэдээлнэ;

        5.14 «Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ»-чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан эгнээг мэдээлнэ. Тэмдгийг тухайн эгнээний харалдаа зорчих хэсгийн дээр байрлуулна;

        5.15 «Хөдөлгөөний бүдүүвч»-хөдөлгөөн нь аль нэг чигт хориглогдсон уулзвараар нэвтэрч гарахад тохиромжтой чиглэл буюу тухайн уулзвар дээрх хөдөлгөөний зохион байгуулалтын онцлогийг мэдээлнэ;
        5.16 «Буцаж эргэх газар»-тээврийн хэрэгсэл буцаж эргэхэд зориулсан газрыг мэдээлэх бөгөөд зүүн гар тийш эргэхийг хориглоно;

        5.17 «Зогсоол»-тээврийн хэрэгсэл удаан зогсоход зориулсан газрыг мэдээлнэ. Явган хүний зам дагуух зогсоолыг мэдээлж буй 5.17 тэмдгийн үйлчлэх хүрээ нь байрласан газраасаа эхний түр буюу удаан зогсох хориотой замын хэсэг хүртэл хүчинтэй байна. Үйлчлэх хүрээг 7.2.а нэмэлт тэмдгээр хязгаарлаж болно;

        5.18 «Хурд сааруулагч»-тээврийн хэрэгслийн хурдыг сааруулах зориулалт бүхий хиймэл бартааг мэдээлнэ. Замын тухайн хэсэгт хэд хэдэн хурд сааруулагчийг хооронд нь 100 м-ээс холгүй зайтай цувруулан тавьсан бол          7.2.а нэмэлт тэмдгээр тухайн хэсгийн үргэлжлэх зайг заана;

        5.19.а, 5.19.б «Явган хүний гарц»-зорчих хэсгээр явган зорчигч хөндлөн гарах газрыг мэдээлнэ. Явган хүний гарц нь тэмдэглэлгүй бол 5.19.б тэмдгийг замын баруун гар талд гарцын шууд өмнө, 5.19.а тэмдгийг замын зүүн гар талд гарцын цаана байрлуулна;

        5.20.а-5.20.г «Явган хүний гарам»-явган зорчигч зорчих хэсгийн доогуур ба дээгүүр хөндлөн гарах газрыг мэдээлнэ;

        5.21 «Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал»;

        5.22 «Таксийн зогсоол»-суудлын болон ахуй үйлчилгээний таксийн зогсоолын байршлыг мэдээлнэ;

        5.23 «Хороолол»-хорооллын доторх хөдөлгөөний журмыг баримтлах нутаг дэвсгэр;

        5.24 «Хорооллын төгсгөл»-5.23 тэмдэг бүхий нутаг дэвсгэрээс гарч байгааг мэдээлнэ;

        5.25 «Сургууль орчмын бүс»-сургууль орчмын бүс дотор тогтоосон хөдөлгөөний журмыг баримтлах нутаг дэвсгэр;

        5.26 «Сургууль орчмын бүсийн төгсгөл»-5.25 тэмдэг бүхий нутаг дэвсгэрээс гарч байгааг мэдээлнэ;

        5.27 «Хурдны ерөнхий дээд хязгаарлал»-Монгол Улсын нутаг дэвсгэрт тогтоосон тээврийн хэрэгслийн хурдны ерөнхий дээд хязгаарлалыг мэдээлнэ. Тэмдгийг Монгол Улсын нутаг дэвсгэр рүү орох замын хэсэгт, гаалийн шалган өнгөрүүлэх цэг дээр байрлуулна;

        5.28 «Тохиромжтой хурд»-замын тухайн хэсэгт тохирох тээврийн хэрэгслийн хурдны хэмжээг жолоочид зөвлөмж болгох бөгөөд үйлчлэх хүрээ нь байрласан газраасаа эхний уулзвар хүртэл, хэрэв анхааруулах тэмдгийн хамт байрлуулсан бол тухайн аюул бүхий хэсгийг туулан өнгөрөх хүртэл хүчинтэй байна;
        5.29 «Ослын зогсолтын зурвас»-замын эгц уруу, тохойрсон хэсэгт ослоос сэргийлж зогсоход зориулсан зурвас газрыг мэдээлнэ;

        5.30.а-5.30.в «Мухар зам»;
        5.31.а-5.31.в «Ачааны автомашины хөдөлгөөний тохиромжтой чиг»-хөдөлгөөн нь аль нэг чигт хориглогдсон уулзвараар ачааны автомашин болон трактор, өөрөө явдаг машин механизмын жолоочид хөдөлгөөнөө үргэлжлүүлэх тохиромжтой чигийг зөвлөмж болгоно;

        5.32 «Зогс-шугам»-гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор тээврийн хэрэгслийн зогсох газрыг мэдээлнэ. Тэмдэг дэх “ЗОГС” гэсэн бичлэгийн оронд “STOP” гэж бичсэн байж болно;

        5.33.а, 5.33.б «Чигийн урьдчилсан заалт»-суурин газар буюу бусад объектод хүрэх чигийг урьдчилан мэдээлнэ. Тэмдэгт чиглэлийн дугаар            (5.38.а тэмдгийн дүрс), тууш зам, нисэх буудлын болон тухайн объектын таних тэмдгийг дүрсэлсэн байж болно. 5.33.а тэмдгийн доод хэсэгт уг тэмдгээс тухайн уулзвар буюу хурд хасах эгнээний эхлэл хүртэлх зайг заана;

        5.34.а, 5.34.б «Чигийн заалт»-суурин газар буюу бусад объектод хүрэх чигийг мэдээлнэ. Тэмдэгт тухайн суурин газар буюу объект хүртэлх зайг (километрээр) зааж болох бөгөөд тууш зам, нисэх буудлын болон тухайн объектын таних тэмдгийг дүрсэлсэн байж болно;

        5.35 «Объектын нэр»-суурин газраас бусад (гол, мөрөн, нуур, уул, даваа, гүүр, түүхэн дурсгалт газар, дүүрэг, хороолол, гудамж, талбай, өргөн чөлөө, зочид буудал, жуулчны бааз гэх мэт) объектын нэрийг мэдээлнэ;

        5.36 «Зайн заалт»-зам (чиглэл)-ын дагуух суурин газар хүртэлх зайг километрээр мэдээлнэ;

        5.37 «Километрийн заалт»-тухайн замын эхнээс тэмдэг хүртэлх зайг километрээр мэдээлэх бөгөөд 1 км тутамд байрлуулна;

        5.38.а, 5.38.б «Чиглэлийн дугаар»-5.38.а тэмдэг нь зам (чиглэл)-ын дугаарыг мэдээлэх бөгөөд уг замд байрлана. 5.38.б тэмдэг нь зам (чиглэл)-ын дугаар болон чигийг урьдчилан мэдээлэх бөгөөд уулзварын өмнө байрлана;

        5.39 «Тойрч гарах бүдүүвч»-хөдөлгөөнд түр хориглолт тогтоосон замын хэсгийг тойрч гарах чиглэлийг мэдээлнэ;

        5.40.а-5.40.в «Тойрч гарах чиг»-хөдөлгөөнд түр хориглолт тогтоосон замын хэсгийг тойрч гарах чигийг мэдээлнэ;

        5.41.а, 5.41.б «Эсрэг талын зорчих хэсгээр тойрч гарах                  заалт»-тусгаарлах зурвастай замын түр хориглолт тогтоосон зорчих хэсгийг түүний эсрэг талын зорчих хэсгээр тойрч гарах чиглэлийн эхлэл ба төгсгөлийг мэдээлнэ.

5.2. 5.10.а тэмдэгт зөвхөн хоёр буюу гурван эгнээний хөдөлгөөний чигийг заана. Харин 5.11.а, 5.11.б тэмдэгт хоёр буюу мөн гурваас олон эгнээний хөдөлгөөний чигийг заасан байж болно.

5.3. 5.21, 5.22 тэмдгийн доод хэсэгт тухайн буудал, зогсоолын нэр, чиглэлийн дугаар, үйлчилгээний горим, цагийн хуваарь гэх мэт нэмэлт мэдээллийг, мөн 5.25, 5.26 тэмдгийн доод хэсэгт уг тэмдгийн үйлчлэх хүрээ, хүчинтэй хугацааг заасан байж болно.

5.4. 5.33.а, 5.34.а тэмдгээр хөдөлгөөний хэд хэдэн чигийг, 5.33.б, 5.34.б тэмдгээр зөвхөн нэг чигийг мэдээлэх бөгөөд чиг тус бүрт гурваас илүүгүй суурин газар буюу объектын нэрийг заана. Эдгээр тэмдэг болон  5.36 тэмдэг дээр хөдөлгөөний нэг чигт гурав хүртэлх тооны суурин газар буюу объектын нэрийг заахдаа тэмдэгт ойр орших дарааллаар дээрээс доош байрлуулж бичнэ.

5.5. 5.5, 5.6, 5.37, 5.38.а, 5.38.б тэмдэг нь тууш замд байрласан бол ногоон, бусад замд байрласан бол цэнхэр өнгийн дэвсгэртэй байна.

5.6. 5.33.а-5.36 тэмдэг нь тууш замд байрласан бол ногоон, суурин газрын гаднах бусад замд байрласан бол цэнхэр, суурин газарт байрласан бол цагаан өнгийн дэвсгэртэй байна. Тууш замд байрласан тэмдэгт тууш замаас өөр замаар явж хүрэх суурин газар буюу объектын нэрийг цэнхэр дэвсгэртэй оруулга дээр, харин суурин газрын дундуур дайран гарсан тууш замын хэсэг дээр байрлуулсан тэмдэгт уг суурин газрын нэрийг цагаан дэвсгэртэй оруулга дээр бичнэ. Суурин газрын гаднах бусад замд байрласан тэмдэгт тууш замаар явж хүрэх суурин газар буюу объектын нэрийг ногоон дэвсгэртэй оруулга дээр бичнэ. Суурин газрын дотор байрласан тэмдэгт тууш замаар явж хүрэх суурин газар буюу объектын нэрийг ногоон дэвсгэртэй оруулга дээр, харин уг суурин газраас гарч бусад замаар явж хүрэх бол цэнхэр дэвсгэртэй оруулга дээр тус тус бичнэ.

5.7. 5.33.а, 5.39 тэмдэгт хөдөлгөөний горим буюу чиглэлийн онцлогийг харуулах зорилгоор бусад тэмдгийн дүрсийг байрлуулсан байж болно.

Зургаа. Үйлчилгээний тэмдэг

6.1. Үйлчилгээний тэмдэг нь тухайн объектын зориулалт, байршлыг мэдээлнэ:

        6.1 «Эмнэлгийн тусламжийн байр»;

        6.2 «Хүн эмнэлэг»;

        6.3 «Шатахуун түгээгүүр»;

        6.4 «Техникийн үйлчилгээний газар»;

        6.5 «Автомашины угаалга»;

        6.6 «Телефон»;

        6.7 «Хоолны газар»;

        6.8 «Худаг ус»;

        6.9 «Зочид буудал»;

        6.10 «Жуулчны байр»;

        6.11 «Хот айл»;

        6.12 «Амрах газар»;
        6.13 «Дулаан гараж»;

        6.14 «Бие засах газар»;

        6.15 «Гал унтраагуур»;

        6.16 «Цагдаагийн хяналтын цэг».

6.2. Үйлчилгээний тэмдгийн доод хэсэгт тухайн объект хүртэлх зай, чиг болон тэдгээрийн нэр, хаяг, ажиллах цагийн хуваарь, утасны дугаар зэрэг нэмэлт мэдээллийг тэмдэглэсэн байж болно.

Долоо. Нэмэлт тэмдэг

7.1. Нэмэлт тэмдгийг бусад тэмдэгтэй хамт тавьж тэдгээрийн утга ба үйлчлэлийг тодруулна:

        7.1.а «Объект хүртэлх зай»-тухайн тэмдгээс замын дагуух аюул бүхий хэсэг буюу хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон хэсэг, эсхүл объект хүртэлх зайг заана;

        7.1.б «Объект хүртэлх зай»-суурин газрын гаднах замд 3.5 тэмдгийг уулзварын шууд өмнө байрлуулсан үед 3.4 тэмдгээс уг уулзвар хүртэлх зайг заана. Тэмдэг дэх “ЗОГС” гэсэн бичлэгийн оронд “STOP” гэж бичсэн байж болно;

        7.1.в, 7.1.г «Объект хүртэлх зай»-замаас зайдуу орших объект хүртэлх зай, чигийг заана. Мөн уулзварын өмнө анхааруулах тэмдгийн хамт байрлуулж хөндлөн нийлсэн замын тухайн чигийн дагуух аюул бүхий хэсэг хүртэлх зайг заасан байж болно;

        7.2.а «Үйлчлэх хүрээ»-1.9.а-1.14, 1.19, 1.21-1.28 тэмдгээр анхааруулсан аюул бүхий хэсгийн үргэлжлэх зайг, 2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26, 5.17, 5.18, 5.21, 5.22, 5.28 тэмдгийн үйлчлэх хүрээг заана;

        7.2.б-7.2.е «Үйлчлэх хүрээ»-2.27, 2.28 тэмдгийн үйлчлэх хүрээг заана. 7.2.в тэмдэг нь үйлчлэх хүрээний төгсгөлийг, 7.2.г тэмдэг нь үйлчлэх хүрээн дотор байгааг заана;

        7.3.а-7.3.в «Үйлчлэх чиг»-уулзвар, гарцын шууд өмнө байрласан        2.2-2.9 тэмдгийн үйлчлэх чигийг заана. Мөн замаас холгүй орших объектын байршлыг заахад хэрэглэж болно;

        7.4.а-7.4.ж «Тээврийн хэрэгслийн төрөл»-тухайн тэмдгийн үйлчлэл нь дараахь төрлийн тээврийн хэрэгсэлд хамаарахыг заана:

         7.4.а-бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин;

         7.4.б-чиргүүлтэй бүх төрлийн тээврийн хэрэгсэл;

         7.4.в-суудлын автомашин болон бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин;
         7.4.г-жолоочоос гадна 8-аас илүү хүний суудалтай, хүн тээвэрлэхэд зориулсан автомашин;

         7.4.д-трактор, өөрөө явдаг машин механизм;

         7.4.е-мотоцикл;

         7.4.ж-унадаг дугуй, мопед.

        7.5.а-7.5.ж «Үйлчлэх хугацаа»-тухайн тэмдгийн үйлчлэл нь дараахь хугацаанд хүчинтэй байхыг заана:

         7.5.а-бямба, ням гараг болон нийтээр тэмдэглэх баярын өдөр;

         7.5.б-ажлын өдөр;

         7.5.в-тухайн гараг;

         7.5.г-тухайн цаг;

         7.5.д–7.5.ж-тухайн өдөр (гараг)-ийн тухайн цаг.

        7.6.а-7.6.и «Тээврийн хэрэгслийг зогсоолд тавих хэлбэр»-5.17 тэмдгийн хамт явган хүний зам дагуух зогсоолыг мэдээлэх бөгөөд 7.6.а, 7.6.г, 7.6.д тэмдэг нь тээврийн хэрэгслийг явган хүний замын хашлаганд шахаж зорчих хэсэг дээр зогсоох, 7.6.б, 7.6.е, 7.6.ж тэмдэг нь хашлагыг унуулж зогсоох, 7.6.в, 7.6.з, 7.6.и тэмдэг нь явган хүний зам дээр гаргаж зогсоох хэлбэрийг тус тус заана. 7.6.а тэмдэг бүхий зогсоолд бүх төрлийн тээврийн хэрэгслийг, 7.6.б-7.6.и тэмдэг бүхий зогсоолд зөвхөн суудлын автомашин, мотоцикл, мопед, унадаг дугуйг зогсоохыг зөвшөөрнө;

        7.7 «Хөдөлгүүрийг унтрааж зогсоох»-5.17, 6.12 тэмдэг бүхий зогсоолд тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг асаалттай удаан зогсоохыг хориглоно;

        7.8 «Төлбөртэй үйлчилгээ»-тухайн үйлчилгээ, зогсоолын талбай төлбөртэй болохыг заана;

        7.9 «Удаан зогсохыг зөвшөөрөх хугацаа»-5.17 тэмдэг бүхий зогсоолд тээврийн хэрэгсэл байлгахыг зөвшөөрсөн дээд хугацааг заана;

        7.10 «Тээврийн хэрэгслийг шилжүүлэн журамлах сануулга»-2.27, 2.28, 7.9 тэмдгийн заалт зөрчсөн тээврийн хэрэгслийг замын тухайн хэсгээс ачиж буюу чирч шилжүүлэн журамлахыг сануулна;

        7.11 «Автомашинд үзлэг хийх газар»-5.17, 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбай нь тээврийн хэрэгслийн мордмол тавцан буюу үзлэгийн сувагтай болохыг заана;
        7.12 «Бүх жингийн хязгаарлал»-бүх жин нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгсэлд тухайн тэмдгийн үйлчлэл хамаарахыг заана;

        7.13 «Гол замын чиг»-3.1, 3.4, 3.5 тэмдэгтэй хамт тавигдаж, тухайн уулзварт нийлсэн гол замын чигийг заана;
        7.14 «Эгнээ»-гэрлэн дохио, тэмдгийн үйлчлэх эгнээг заана;

        7.15 «Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн»-5.17 тэмдэг бүхий зогсоол нь зөвхөн «Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн» таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд хамаарахыг заана;

        7.16 «Хараагүй хүн»-1.18, 5.19.а, 5.19.б тэмдэгтэй хамт тавигдаж, харааны бэрхшээлтэй хүмүүс зам хөндлөн гарах гарцыг анхааруулах ба мэдээлнэ;

        7.17.а, 7.17.б «Зорчих хэсгийн гадаргуугийн байдал»-7.17.а тэмдэг нь зорчих хэсгийн гадаргуу нойтон үед, 7.17.б тэмдэг нь цастай буюу мөстсөн үед тухайн тэмдэг хүчинтэй байхыг заана.

7.2. 5.17 тэмдгээс бусад тэмдгийг хоёроос олон нэмэлт тэмдэгтэй хамт байрлуулахгүй.

7.3. Тэмдгийн утга, үйлчлэлийг тодотгох зорилгоор хөдөлгөөний горимд ямар нэгэн нэмэлт хязгаарлалт тогтоогоогүй, хөдөлгөөнд оролцогчдод хялбар ойлгогдох бусад нэмэлт тэмдэг хэрэглэж болно. Ийм тэмдгийг MNS 4597 стандартад заасан нэмэлт тэмдгийн хэмжээ, техникийн шаардлагад нийцүүлэн цагаан буюу шар өнгийн дэвсгэр дээр хар өнгөөр хийнэ.