- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ
Монгол Улсын Замын хөдөлгөөний
дүрмийн 2 дугаар хавсралт
ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ
Нэг. Хэвтээ тэмдэглэл
1.1. Замын хөдөлгөөнд тодорхой горим, журам тогтоох зорилгоор зорчих хэсэг болон түүний хашлага дээр хийсэн шугам, сум, дүрс, бичлэг зэрэг нь хэвтээ тэмдэглэлд хамаарна. Хэвтээ тэмдэглэлийг дангаар нь буюу замын тэмдэг, гэрлэн дохио болон бусад техник хэрэгсэлтэй хослуулан хэрэглэнэ.
1.2. Хэвтээ тэмдэглэл нь байнгын буюу түр үйлчлэлтэй байна. Шар өнгийн 1.4, 1.9, 1.16 тэмдэглэл болон шар, цагаан хосолсон өнгөтэй 1.23 тэмдэглэлээс бусад байнгын тэмдэглэл нь цагаан өнгөтэй, түр тэмдэглэл улбар шар өнгөтэй байна. Харин чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг заагласан 1.1 тэмдэглэлийг шар өнгөөр хийсэн байж болно.
1.3. Хэвтээ тэмдэглэлийг дараахь зориулалтаар хэрэглэнэ:
1.1. хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ;
1.2. (үргэлжилсэн өргөн шугам)-зорчих хэсгийн захыг тэмдэглэнэ;
1.3. (үргэлжилсэн хос шугам)-дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана;
1.4. түр зогсохыг хориглосон газрыг заах бөгөөд дангаар нь буюу 2.27 тэмдэгтэй хамтруулан зорчих хэсгийн зах буюу хашлага дээр тэмдэглэнэ;
1.5. (тасархай шугамын нэг зураасын урт нь тэдгээрийн хоорондын зайнаас гурав дахин бага)-хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, нэг чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эгнээний хилийг заана;
1.6. (тасархай шугамын нэг зураасын урт нь тэдгээрийн хоорондын зайнаас гурав дахин их)-хөдөлгөөний дагуу буюу эсрэг урсгалыг тусгаарласан 1.1, 1.10 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна;
1.7. (тасархай шугамын нэг зураасын урт нь тэдгээрийн хоорондын зайтай тэнцүү)-уулзвар, гарц дээрх хөдөлгөөний эгнээний хилийг тэмдэглэнэ;
1.8. (тасархай өргөн шугам)-тээврийн хэрэгслийн хурд авах буюу хурд хасах эгнээг зорчих хэсгийн үндсэн эгнээнээс тусгаарласан хилийг тэмдэглэнэ;
1.9. удаан зогсохыг хориглосон газрыг заах бөгөөд дангаар нь буюу 2.28 тэмдэгтэй хамтруулан зорчих хэсгийн зах буюу хашлага дээр тэмдэглэнэ;
1.10. (тасархай ба үргэлжилсэн хос шугам)-зөвхөн аль нэг талын урсгалаас эсрэг тал руу ороход зориулсан газарт хөдөлгөөний эсрэг урсгалыг, зөвхөн аль нэг талын эгнээнээс байр эзлэхийг зөвшөөрсөн хэсэгт хөдөлгөөний дагуу урсгалыг тусгаарлах ба мөн аль нэг талаас нь орох, гарахыг зөвшөөрсөн хэсгийн хилийг тэмдэглэнэ;
1.11. «Зогс-шугам»-гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохио, эсхүл 3.5 тэмдгийн заалтыг биелүүлэхийн тулд тээврийн хэрэгсэл зогсох газрыг заана;
1.12. хөндлөн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх (3.4 тэмдгийн заалтыг биелүүлэх)-ийн тулд зогсох газрыг заана;
1.13.а, 1.13.б. «Явган хүний гарц»-зорчих хэсгээр явган зорчигч хөндлөн гарах газрыг тэмдэглэнэ. Явган зорчигчийн хөдөлгөөний чиг заасан сум бүхий 1.13.б тэмдэглэлээр 6 м-ээс илүү өргөн гарцыг тэмдэглэнэ;
1.14. унадаг дугуйн зам буюу эгнээ зорчих хэсэгтэй огтлолцсон бэлчрийг тэмдэглэнэ;
1.15.а-1.15.в. хөдөлгөөний урсгал нийлж байгаа буюу салж байгаа хэсгийг тусгаарласан чиглүүлэгч арлыг тэмдэглэнэ. 1.15.а тэмдэглэлээр эсрэг урсгал тусгаарласан арлыг, 1.15.б тэмдэглэлээр нэг чигийн урсгал салж байгаа хэсгийг тусгаарласан арлыг, 1.15.в тэмдэглэлээр нэг чигийн урсгал нийлж байгаа хэсгийг тусгаарласан арлыг тус тус тэмдэглэнэ;
1.16. (зигзаг шугам)-чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал буюу таксийн зогсоолыг тэмдэглэх бөгөөд 5.21 буюу 5.22 тэмдэгтэй хамтруулан хэрэглэнэ;
1.17. «Чиг заагч сум»-тухайн эгнээнээс уулзвар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заана. Дангаар нь буюу 5.10.а, 5.10.б тэмдэгтэй хамт хэрэглэнэ. Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум бүхий хамгийн зүүн гар талын захын эгнээнээс буцаж эргэхийг зөвшөөрнө;
1.18. «Чиглүүлэгч сум»-зорчих хэсэг нарийсаж (тухайн чигт эгнээний тоо цөөрч) байгааг буюу эсрэг урсгалыг тусгаарласан 1.1, 1.10 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна. Зорчих хэсэг нарийсаж байгааг анхааруулах 1.18 тэмдэглэлийг 1.15.а-1.15.в тэмдэгтэй хамт хэрэглэж болно;
1.19. (хөдөлгөөний урсгалын өөдөөс чиглэсэн гурвалжин)-1.12 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна;
1.20. «Зогс-бичлэг»-3.5 тэмдэгтэй хамт хэрэглэсэн 1.11 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна. Тэмдэглэлийн “ЗОГС” гэсэн бичлэгийн оронд “STOP” гэж бичсэн байж болно;
1.21. зам (чиглэл)-ын дугаарыг мэдээлэх бөгөөд дангаар нь буюу 5.38.а, 5.38.б тэмдэгтэй хамт хэрэглэнэ;
1.22. (“А” үсэг)-чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан эгнээг тэмдэглэнэ. Энэ тэмдэглэлийг мөн чиглэлийн тээврийн хэрэгслийн буудлын зогсох талбай дээр тэмдэглэж болно;
1.23. тээврийн хэрэгслийн хурдыг сааруулах зориулалт бүхий хиймэл бартаа (хурд сааруулагч)-г тэмдэглэнэ.
1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно.
1.5-1.8. тэмдэглэлийг аль ч талаас нь давахыг зөвшөөрөх бөгөөд харин дээгүүр нь унуулж явахыг хориглоно.
1.10 тэмдэглэлийг зөвхөн тасархай шугамтай талаас нь давахыг зөвшөөрнө. Харин гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарах үйлдэл хийж дуусах үедээ үргэлжилсэн шугамтай талаас нь давахыг хориглохгүй.
1.5. Энэ хавсралтын 1.4-т дурдсан давахыг хориглосон тэмдэглэлийг жолооч саадыг тойрон гарахын тулд давах зайлшгүй тохиолдолд аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд давж гарах, эргэж орохыг зөвшөөрнө. Ингэхдээ тойрон гарах үйлдлийг аль болох богино зайд, алгуурлахгүй гүйцэтгэнэ.
1.6. 1.4, 1.9 болон зогсоолын хилийг тэмдэглэсэн 1.1 тэмдэглэлийн үзэгдэлтийг сайжруулах (хэмжээг тодотгох) зорилгоор шугамын эхлэл, төгсгөлд хөндлөн богино зураас татаж болно.
1.7. Замын хөдөлгөөнд оролцогчдод нэмэлт мэдээлэл өгөх ач холбогдолтой, хөдөлгөөний горимд ямар нэгэн нэмэлт хязгаарлалт тогтоогоогүй бичлэгэн тэмдэглэл (суурин газар, объектын нэр гэх мэт), мөн замын тэмдгийн хуулбар дүрсэн тэмдэглэл зэргийг MNS 4596, MNS 4759 стандартад заасан хэмжээ, шаардлагын дагуу зорчих хэсэг дээр хийж болно.
Замын тэмдгийн хуулбар дүрсэн тэмдэглэлийг тухайн тэмдэгтэй нь хамтруулан хэрэглэх бөгөөд утга, үйлчлэл нь ижил байна. Ийм тэмдэглэлийг цагаан өнгөөр хийсэн буюу тэмдгийн өнгөтэй нь ижилсүүлсэн байж болно.
Хоёр. Босоо тэмдэглэл
2.1. Замын байгууламж, элементүүдийн овор хэмжээг тодотгох, үзэгдэлтийг сайжруулах, зорчих баримжаа олгох зорилгоор замын хашлага, шон, хашилт, гүүрэн байгууламжийн тулгуур, гулдан, дамнуурга, хонгилын нүүрэн тал гэх мэт элементүүд дээр хийсэн, хар ба цагаан өнгө хосолсон шугам, зураас зэрэг нь босоо тэмдэглэлд хамаарна.
2.2. Босоо тэмдэглэлийг дараахь зориулалтаар хэрэглэнэ:
2.1.а-2.1.в. тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй замын байгууламжийн босоо хэсэг (гүүрийн тулгуур, ус дамжуулах хоолой, хонгилын нүүрэн талын багана гэх мэт)-ийг тэмдэглэнэ. Байгууламжийн босоо хэсэг нь зорчих хэсгийн зүүн гар талд байвал 2.1.а, баруун гар талд байвал 2.1.в, хоёр талаар нь гарах боломжтой байвал 2.1.б тэмдэглэлийг хэрэглэнэ;
2.2. зорчих хэсгийн дээгүүр 5 м-ээс өндөргүй байрласан хөндлөн байгууламж (гүүр, хонгилын гулдан, дамнуурга гэх мэт)-ийн доод ирмэгийг тэмдэглэнэ. Тэмдэглэлийг тухайн хөдөлгөөний чигийн дагуух эгнээ тус бүрийн харалдаа голлуулж, эсхүл зорчих хэсгийн нийт өргөнийг хамруулан тавьсан байж болно;
2.3. тусгаарлах зурвас, аюулгүйн буюу чиглүүлэгч арал дээр байрлуулсан гэрлэн дохио, тэмдгийн дугуй суурийг тэмдэглэнэ;
2.4.а, 2.4.б. замын дагуу байрлуулсан чиглүүлэгч шон, хашилтын тулгуур зэргийг тэмдэглэнэ. 2.4.а тэмдэглэлийг зорчих хэсгийн зүүн гар талд, 2.4.б тэмдэглэлийг баруун гар талд тэмдэглэнэ;
2.5. эргэх радиус багатай, эгц уруу, ганга жалгатай, нарийссан зэрэг замын аюул бүхий хэсэг дэх хашилтын хажуу гадаргууг тэмдэглэнэ;
2.6. замын бусад хэсэг дэх хашилтын хажуу гадаргууг тэмдэглэнэ;
2.7. аюул бүхий хэсэг дэх замын хашлагыг тэмдэглэнэ.
Текст томруулах
A
A
A