- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТАНИХ ТЭМДЭГ
Монгол Улсын Замын хөдөлгөөний
дүрмийн 3 дугаар хавсралт
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТАНИХ ТЭМДЭГ
1. Энэ хавсралтад заасан тээврийн хэрэгслийн таних тэмдгийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:
«Чиргүүлтэй тээврийн хэрэгсэл»-хоорондоо 150 мм-ээс 300 мм-ийн зайтай байрлах улбар шар өнгийн гурван гэрэл. Энэ таних тэмдгийг чиргүүлтэй ачааны автомашин, дугуйт трактор, мөн угсраа автобус болон троллейбусны бүхээг дээр хөндлөн байрлуулна;
«Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл»-улаан хүрээ, шар дэвсгэртэй дөрвөлжин (тээврийн хэрэгслийн урд байрлуулах тэмдгийн хувьд нэг талын урт нь 250 мм-ээс, ард байрлуулах тэмдгийн хувьд 400 мм-ээс багагүй, хүрээний өргөн нь дөрвөлжингийн талын 1/10-тэй тэнцүү) дотор хар өнгөөр 1.19 тэмдгийн доторх дүрсийг зурна. Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэх автобусны урд болон ард энэ таних тэмдгийг байрлуулна;
«Сургалтын тээврийн хэрэгсэл»-улаан хүрээ, цагаан дэвсгэртэй тэнцүү талт гурвалжин (нэг талын урт нь 200 мм-ээс багагүй, хүрээний өргөн нь гурвалжны талын 1/10-тэй тэнцүү) дотор “С” үсгийг хараар бичнэ. Жолоодлогын дадлага хийх механикжсан тээврийн хэрэгслийн урд болон ард энэ таних тэмдгийг байрлуулна. Харин суудлын автомашины хувьд ар, өвөр талдаа дүрслэгдсэн хавтгай, эсхүл гурав буюу дөрвөн талдаа дүрслэгдсэн пирамид хэлбэрийн тэмдгийг түүний бүхээг дээр байрлуулж болно;
«Хурдны хязгаар»-улаан хүрээ, цагаан дэвсгэртэй дугуй (голч нь 160 мм-ээс багагүй, хүрээний өргөн нь голчийн 1/10-тэй тэнцүү) дотор зөвшөөрөгдсөн хурдны дээд хэмжээг хараар бичнэ. Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэх болон хүнд буюу овор ихтэй, мөн аюултай ачаа тээвэрлэх, түүнчлэн техникийн тодорхойлолтоор тогтоосон дээд хурд нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.4, 12.5-д заасан хэмжээнд хүрэхгүй механикжсан тээврийн хэрэгслийн зүүн ард энэ таних тэмдгийг байрлуулна;
«Удаан явдалт тээврийн хэрэгсэл»-шар буюу улбар шар хүрээтэй (өргөн нь 45 мм), улаан дэвсгэртэй тэнцүү талт гурвалжин (нэг талын урт нь 360 мм). Энэ таних тэмдгийг удаан явдалт тээврийн хэрэгслийн ард байрлуулна;
«Аюултай ачаа»-хар хүрээтэй (өргөн нь 15 мм), 700 мм х 300 мм хэмжээтэй тэгш өнцөгтийн баруун талын 400 мм урттай хэсэг нь улбар шар, үлдсэн зүүн талын хэсэг нь цагаан дэвсгэртэй байх бөгөөд цагаан дэвсгэртэй хэсэгт тухайн аюултай ачааны шинж чанарыг харуулсан дүрсэн тэмдэглэгээ, баруун талын улбар шар дэвсгэрийн дээд хэсэгт аюулын тэмдэглэгээ, доод хэсэгт аюултай бодисын ангиллын дугаар зэргийг тэмдэглэнэ. Энэ таних тэмдгийг аюултай ачаа тээвэрлэж яваа тээврийн хэрэгслийн урд болон ард байрлуулна;
«Овор ихтэй ачаа»-улаан, цагаан ташуу зураас хосолсон (зураасын өргөн нь 50 мм) 400 мм х 400 мм хэмжээтэй дөрвөлжин тэмдгийг ачаа нь тээврийн хэрэгслийн овроос тогтоосон хэмжээнээс илүү гарсан хэсэгт байрлуулна;
«Урт тээврийн хэрэгсэл»-улаан хүрээтэй (өргөн нь 40 мм), шар дэвсгэртэй 1200 мм х 200 мм хэмжээтэй тэгш өнцөгт тэмдгийг ачаатай буюу ачаагүй нийт урт нь 20 м-ээс илүү, мөн хоёр чиргүүлтэй тээврийн хэрэгслийн ард байрлуулна. Ийм хэмжээний тэмдгийг байрлуулах боломжгүй бол мөн ижил өнгө, хүрээтэй, 600 мм х 200 мм хэмжээтэй хоёр тэмдгийг тээврийн хэрэгслийн арын баруун, зүүн талд тэгш хэмтэйгээр байрлуулж болно;
«Хадаастай дугуй»-улаан хүрээ бүхий цагаан дэвсгэртэй тэнцүү талт гурвалжин (нэг талын урт нь 200 мм-ээс багагүй, хүрээний өргөн нь гурвалжны талын 1/10-тэй тэнцүү) дотор голч нь гурвалжны талын 1/3-тэй тэнцүү хар өнгийн дугуйг байрлуулж түүн дээр “Х” үсгийг цагаанаар бичнэ. Энэ таних тэмдгийг хадаастай дугуй бүхий механикжсан тээврийн хэрэгслийн ард байрлуулна;
«Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн»-шар дэвсгэртэй дөрвөлжин (нэг талын урт нь 150 мм) дотор хар өнгөөр 7.15 тэмдгийн доторх дүрсийг зурна. Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн жолоодож явах буюу тийм хүн тээвэрлэж явах механикжсан тээврийн хэрэгслийн урд болон ард энэ таних тэмдгийг байрлуулж болно;
«Сонсголын бэрхшээлтэй жолооч»-цэнхэр дэвсгэртэй дөрвөлжин (нэг талын урт нь 150 мм) дотор цагаан өнгөөр сонсголын бэрхшээлийг илэрхийлэх олон улсын дүрсэн тэмдэглэгээг зурна. Сонсголын бэрхшээлтэй хүн жолоодож явах механикжсан тээврийн хэрэгслийн урд болон ард энэ таних тэмдгийг байрлуулна;
«Эмч»-цэнхэр дэвсгэртэй дөрвөлжин (нэг талын урт нь 150 мм) дотор цагаан дугуй (голч нь 120 мм) байрлуулж, түүн дээр улаан загалмайн дүрс (өндөр, өргөн нь 90 мм, зураасын өргөн нь 30 мм)-ийг голлуулж зурна. Эмч хүн жолоодож явах автомашины урд болон ард энэ таних тэмдгийг байрлуулж болно;
«Шинэ жолооч»-шар дэвсгэртэй дөрвөлжин (нэг талын урт нь 150 мм) дотор хар өнгөөр “!” анхаарлын тэмдгийг 110 мм өндөртэй голлуулж зурна. Жолоодох эрх авснаас хойш хоёр жил хүрэхгүй хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодож байгаа хүн автомашиныхаа ард энэ таних тэмдгийг байрлуулж болно;
«Цуваа»-шар дэвсгэртэй дөрвөлжин (нэг талын урт нь 200 мм-ээс багагүй) дотор хар өнгөөр “Ц” үсгийг 25 мм-ээс багагүй өргөн зураасаар 140 мм-ээс багагүй өндөртэй голлуулж бичнэ. Цуваанд явах механикжсан тээврийн хэрэгслийн урд болон ард энэ таних тэмдгийг байрлуулна;
«Ослын зогсолтын тэмдэг»-улаан хүрээтэй, цагаан өнгийн дэвсгэртэй буюу дэвсгэргүй (хөндий) тэнцүү талт гурвалжин (нэг талын урт нь 400 мм-ээс багагүй, хүрээний өргөн нь гурвалжны талын 1/10-тэй тэнцүү) бөгөөд босоо байрлалд тавих суурьтай байна. Гурвалжны дотор талд “!” анхаарлын тэмдгийн дүрс байж болно. Энэ тэмдгийг Замын хөдөлгөөний дүрмийн 9.4-9.6 заалтын дагуу хэрэглэнэ.
2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийн таних тэмдгийн өнгө, дүрслэл нь замын хөдөлгөөнд оролцогчдод тод харагдаж байх үүднээс гэрэл ойлгох шинж чанар бүхий гадаргуутай, эсхүл гадна талаасаа буюу дотроосоо гэрэлтүүлэгтэй байвал зохино.
3. Таксийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл нь MNS 5122 стандартад заасан таних тэмдэг, бичиглэлтэй байна.
4. Ачааны автомашин, автобусны ар талд түүний овор хэмжээг тодотгох, үзэгдэлтийг сайжруулах зорилгоор гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалт, эсхүл улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулсан байвал зохино.
Текст томруулах
A
A
A