A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2018 оны 281 дүгээр
  тогтоолын хавсралт

 

БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ БАЙГУУЛЛАГЫН ДҮРЭМ


Нэг. Нийтлэг үндэслэл


          1.1. Боловсролын тухай хуулийн 26.1-д заасан магадлан итгэмжлэлийн  ажиллагааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.

          1.2. Боловсролын магадлан итгэмжлэлийн ажиллагааг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (цаашид “Үндэсний зөвлөл” гэх) болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх байгууллага гүйцэтгэнэ.

          1.3. Үндэсний зөвлөл нь сургалтын байгууллага, хөтөлбөрийн чанарт хараат бус хөндлөнгийн үнэлгээ хийж, бусад магадлан итгэмжлэх байгууллагыг удирдамж, нэгдсэн зохицуулалтаар хангах үүрэг бүхий төв байгууллага байна.

          1.4. Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх ажиллагааг Үндэсний зөвлөлийн тогтоосон шаардлага, шалгуурыг хангасан, тус байгууллагад бүртгүүлсэн, тодорхой салбараар дагнаж мэргэшсэн, ашгийн төлөө бус  байгууллага хэрэгжүүлнэ.

         1.5. Үндэсний зөвлөл болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх байгууллага нь үйл ажиллагааны журмаа энэхүү дүрэмд нийцүүлэн боловсруулж, Удирдах зөвлөлөөрөө батлуулан мөрдөнө.

         1.6. Үндэсний зөвлөл болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх байгууллага нь үйл ажиллагаандаа сургалтын байгууллагын бие даасан байдлыг хүндэтгэх, байгууллага болон хөтөлбөрт жигд шаардлага тавих, аливаа асуудлыг хараат бус, олонхийн зарчмаар хамтран шийдвэрлэх зарчмыг баримтална.

          1.7. Магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байна. Магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллага болон хөтөлбөрийн талаар мэдээллийн сан бүрдүүлж сургалтын болон дэмжигч байгууллага, суралцагч, төр, олон нийт, ажил олгогчийг мэдээллээр хангана.

          1.8. Үндэсний зөвлөл нь холбогдох журмын дагуу үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэгтэй байна.

Хоёр. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

2.1. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь боловсролын магадлан итгэмжлэлийн талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

      2.1.1. боловсролын магадлан итгэмжлэлийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох;

      2.1.2. сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх байгууллагад эрх олгоход тавигдах шаардлагыг батлах;

      2.1.3. Үндэсний зөвлөлийн санал дүгнэлтийг үндэслэн хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх байгууллагад эрх олгох, хугацааг сунгах, хууль тогтоомж, энэхүү дүрмийг зөрчсөн байгууллагын магадлан итгэмжлэх эрхийг цуцлах;

      2.1.4. магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллагын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгахдаа магадлан итгэмжлэлийн хүчинтэй хугацааг харгалзан шийдвэрлэх;

      2.1.5. магадлан итгэмжлэгдээгүй сургалтын байгууллагын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн асуудлыг хянан шийдвэрлэх;

      2.1.6. магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллага, сургалтын хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх, магадлан итгэмжлэлтэй холбоотой иргэдийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх;

      2.1.7. Үндэсний зөвлөлтэй гэрээ байгуулан үйл ажиллагаанд нь санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэх;

      2.1.8. Үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг 5 жилийн хугацаатайгаар томилох;

      2.1.9. хуульд заасан бусад.

Гурав. Үндэсний зөвлөлийн  чиг үүрэг

3.1. Үндэсний зөвлөл нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

      3.1.1. боловсролын сургалтын байгууллага, сургалтын хөтөлбөр, хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэх ажиллагааг хэрэгжүүлэх;

      3.1.2. магадлан итгэмжлэгдээгүй, хүчинтэй хугацаа нь дууссан сургалтын байгууллагын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлах тухай санал дүгнэлт гаргаж, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

      3.1.3. сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх эрх бүхий байгууллагыг бүртгэх, удирдлага нэгдсэн зохицуулалтаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт шинжилгээ, үнэлгээ хийх;

      3.1.4. боловсролын магадлан итгэмжлэлийн шинжээчид тавих шаардлагыг батлах, сонгон шалгаруулж, эрх олгох;

      3.1.5. боловсролын магадлан итгэмжлэх ажиллагааны журам, байгууллагын болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг боловсруулан баталж мөрдүүлэх;
      3.1.6. магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллага, сургалтын хөтөлбөрийн мэдээллийн сан бүрдүүлэх, тайлан мэдээ гаргах, боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг мэдээллээр хангах;

      3.1.7. хуульд заасан бусад.

Дөрөв. Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх байгууллагын үүрэг

     4.1. Үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллагын сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлэл хийлгэх хүсэлтийг хүлээж авах.

      4.2. Үндэсний зөвлөлөөс тогтоосон нийтлэг журам, шалгуур, шаардлагын дагуу  сургалтын хөтөлбөрт магадлан итгэмжлэл хийх.

      4.3. Салбарын болон мэргэжлийн онцлогтой уялдуулан сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн нэмэлт шалгуур, шаардлагыг боловсруулж Үндэсний зөвлөлөөр батлуулан мөрдөх.

      4.4. Үндэсний зөвлөлд үйл ажиллагаагааныхаа талаар мэдээлэл өгөх, тайлагнах.

Тав. Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын санхүүжилт

       5.1. Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

         5.1.1. улсын төсвийн санхүүжилт;

         5.1.2. магадлан итгэмжлэлийн үйлчилгээний төлбөр;

         5.1.3. бусад.

Зургаа. Боловсролын магадлан итгэмжлэлийн хугацаа

      6.1. Боловсролын сургалтын байгууллага болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг 5 жилийн хугацаагаар олгоно.

 


-----о0о-----