- Нүүр
- Сайдын тушаал
- ПЕСТИЦИД, ХИМИЙН БОРДОО, АХУЙН ХОРТОН ШАВЖ, МЭРЭГЧ УСТГАЛЫН БОЛОН АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН БОДИСЫГ ТУРШИХ, АШИГЛАХ ЖУРАМ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн, үйлдвэрийн сайд,
Эрүүл мэндийн сайдын 2018 оны 9 дүгээр сарын 3-ны
А/319, А-147, А/353 өдрийн дугаар тушаалын хавсралт
ПЕСТИЦИД, ХИМИЙН БОРДОО, АХУЙН ХОРТОН ШАВЖ, МЭРЭГЧ УСТГАЛЫН БОЛОН АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН
БОДИСЫГ ТУРШИХ, АШИГЛАХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг /цаашид бодис гэх/ турших, улсын бүртгэлд бүртгүүлэх, ашиглах, улсын бүртгэлээс хасахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
1.2.Пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг ашиглах зохистой хугацаа, тун, хэрэглэх технологи болон байгаль орчин, амьд бие махбодид үзүүлэх нөлөөллийг мэргэжлийн хүрээлэн, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагаас шинжлэх ухааны үндэслэлтэй нарийвчлан тогтоохыг "пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг турших" гэнэ.
1.3.Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх химийн хортой бодисын бодлого, зохицуулалтын асуудлаар мэргэжлийн санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус салбар зөвлөл пестицид, химийн бордоо, мал эмнэлгийн зориулалттай ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг; эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх химийн аюулгүй байдал, хордлогын менежментийг зохицуулах зөвлөл нь ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг туршсан дүнг үндэслэн тус тус хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргана.
1.4.Салбар зөвлөлүүдийн шийдвэрийг үндэслэн пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгал, ариутгал халдваргүйтгэлийн бодисыг Монгол Улсад тухайн жилийн ашиглаж болох жагсаалтад оруулж, байгаль орчин, хөдөө аж ахуй болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтарсан тушаалаар баталж, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлнэ.
1.5.Хөдөө аж ахуйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь бүртгүүлсэн бодисын талаархи дэлгэрэнгүй бүртгэлийг тус тус хөтөлнө.
1.6.Пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах үйл ажиллагааг эрхлэхдээ "Химийн хорт болон аюултай бодисыг импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах журам"-ыг дагаж мөрдөнө.
1.7.Пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах үйл ажиллагааг гүйцэтгэхдээ "Химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам"-ыг дагаж мөрдөнө.
Хоёр. Пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг туршихад тавигдах шаардлага
2.1.Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, шинэ дэвшилтэт техник, технологи ашиглан гадаад оронд болон дотоодод үйлдвэрлэсэн химийн бордоог сонгож турших ажиллагааг Ургамал газар тариалангийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, ургамал хамгааллын бодис буюу пестицидийг сонгож турших ажиллагааг Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн /цаашид нийтэд нь "хүрээлэн" гэх/, ахуйн шавж, мэрэгч устгал, ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг турших ажиллагааг итгэмжлэгдсэн лаборатори бүхий эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага хариуцан гүйцэтгэнэ.
2.2.Хүрээлэн болон итгэмжлэгдсэн лаборатори, судалгааны байгууллага нь пестицид, химийн бордоо, ахуйн шавж, мэрэгч устгал, ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг өөрсдөө сонгож туршихаас гадна импортлогч болон үйлдвэрлэгчийн хүсэлтээр туршиж болно.
2.3.Ургамал хамгаалах бодис, химийн бордоог турших лаборатори, түүний байршил, арга зүйг хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэнэ.
2.4.Хүрээлэн нь туршиж буй ургамал хамгаалах бодис, химийн бордоо тус бүрийн хэрэглэх зохистой хугацаа, тун, хэрэглэх арга технологийг хээрийн болон лабораторийн нөхцөлд туршсан хоёроос доошгүй жилийн туршилтын үр дүнд үндэслэн тогтооно.
2.5.Хүрээлэн нь ургамал хамгаалах бодис, химийн бордоог турших явцад ус, хөрс, ургамалд байх үлдэгдэл бодисын хэмжээг холбогдох итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлж, дүнг гаргуулсан байна.
2.6.Хүрээлэн нь ургамал хамгаалах бодис, химийн бордоог туршсан дүн, түүнийг хэрэглэх технологи, физик, химийн шинж чанар, заавар, зөвлөмж, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний сорилтын дүнг хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, улсын бүртгэлд бүртгүүлэх, эсэх талаар санал, дүгнэлт гаргана.
2.7.Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэхүү журмын 2.8-д заасан мэдээллийг бүрдүүлэн ирүүлсэн тохиолдолд туршилтын зориулалтаар ашиглах пестицид, химийн бордооны зөвшөөрлийг олгох ба тухайн бодис, бордооны үйлдвэрлэгчийн гаргасан тун, норм хэмжээ, мэргэжлийн хүрээлэнгийн ирүүлсэн саналыг үндэслэн хэмжээг нь тогтооно.
2.8.Туршилтанд ашиглагдах бодисын талаар дараахь мэдээллийг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
2.8.1.Бодисын нэр, томьёо;
2.8.2.Худалдааны болон техникийн нэр;
2.8.3.Олон улсын бүртгэлийн дугаар, /CAS №/;
2.8.4.Ашиглах газар, зориулалт, хугацаа, тоо хэмжээ;
2.8.5.Физик, химийн болон хор аюулын шинж, чанар;
2.8.6.Болзошгүй осол, эрсдлийн үед авах арга хэмжээ;
2.8.7. Тухайн бодис, бордоог таних, дээж авах, түүнийг шинжлэх арга зүй;
2.8.8.Тухайн бодис, бордоо, түүний хольц, (сав, баглаа боодол) хаягдлыг устгах аргачлал, тээвэрлэх, хадгалах арга
2.8.9.Tухайн пестицид, химийн бордоо нь олон улсын хэрэглээнд зөвшөөрөгдсөн, үйлдвэрлэгч улсад бүртгэгдэж хоёроос доошгүй жил практикт хэрэглэж байгааг нотлох баримт /энэ заалт ахуйн шавж, мэрэгч устгал, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын туршилтад хамаарахгүй/.
2.9.Ахуйн шавж, мэрэгч устгал, ариутгал, халдваргүйтгэлийн импортын бодисыг өндөр хөгжилтэй улс оронд хэрэглэхээр бүртгэсэн, тухайн улсад 3-аас доошгүй жил хэрэглэж байгаа болон Европын холбооны стандартын шаардлага хангасан тохиолдолд турших шаардлагыг тавихгүй бөгөөд Монгол улсад хэрэглэх явцад тухайн бодисын гаж нөлөө, байгаль орчин болон эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг тандах судалгаанд хамруулж болно.
2.10.Дотоодын үйлдвэрийн болон 2.9-т заасан шаардлагыг хангаагүй ахуйн шавж, мэрэгч устгал, ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг заавал турших бөгөөд туршихдаа 2.8-д заасан мэдээллийг бүрдүүлэхийг шаардана.
2.11.Пестицид, химийн бордоо, ахуйн шавж, мэрэгч устгал, ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг турших үйл ажиллагаатай холбогдсон зардлыг туршуулж буй этгээд бүрэн хариуцна.
2.12.Пестицидийн хувьд түүнийг турших үйл ажиллагаатай холбогдсон зардлаас гадна түүний хөрс, бүтээгдэхүүн дэх үлдэгдлийг нь тодорхойлох зорилгоор тухайн пестицидийн стандарт уусмал, эталон бодисыг нийлүүлэх ажлыг туршуулж буй этгээд бүрэн хариуцна.
2.13.Хүрээлэнгүүдийн захиргаа нь пестицид, химийн бордоог туршсан туршилтын үр дүнг эрдмийн зөвлөлийнхөө хурлаар хэлэлцүүлж, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т заасан жагсаалтад оруулах санал дүгнэлтээ хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх химийн бодисын бодлого зохицуулалтын асуудлаар мэргэжлийн санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус салбар зөвлөлд хүргүүлж, шийдвэрлүүлнэ.
2.14.Жагсаалтад орсон пестицид, химийн бордоо нь дараахь нөхцөлийг хангасан байна. Үүнд:
2.14.1.Тухайн бодисын сорилт, туршилтын дүнгийн дэлгэрэнгүй тайланг ирүүлсэн байх;
2.14.2.Тухайн бодисыг хэрэглэх арга технологи, ашиглах, хадгалах заавар зөвлөмжийг боловсруулж баталгаажуулсан байх;
2.14.3.Тухайн бодисын үйлчлэх бодис, эзлэх хувь, хэмжээ, найрлага, томьёо нарийвчлан тогтоогдсон байх;
2.14.4. Бодисыг хэрэглэх хугацаа, тунгийн хязгаар, сөрөг нөлөө, үйлчлэлийн чанар нь лабораторийн болон талбайн сорилтоор нотлогдсон байх;
2.14.5. Бодисыг үйлдвэрлэх нөхцөл нь олон улсын болон тухайн орны үйлдвэрлэлийн практикт тавигддаг стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан байх;
2.14.6. Тухайн бодисыг дотоодод үйлдвэрлэсэн бол түүнийг үйлдвэрлэх технологийн заавар, улсын стандарт буюу техникийн нөхцлийг тодорхойлсон байх;
2.14.7. Tухайн бодис нь олон улсын хэрэглээнд зөвшөөрөгдсөн, үйлдвэрлэгч улсад бүртгэгдэж хоёроос доошгүй жил практикт хэрэглэгдсэн байх.
2.15. Ахуйн шавж, мэрэгч устгал, ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг бүртгэхдээ туршилтын дүгнэлтийг үндэслэх бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 41.2 дахь хэсэгт зааснаар “Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодисыг улсын бүртгэлд бүртгэх журам”-ын холбогдох заалтыг мөрдөнө.[3]
Гурав. Пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг улсын бүртгэлээс хасах
3.1.Пестицид, химийн бордоо, мал эмнэлгийн зориулалттай ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг улсын бүртгэлээс хасах асуудлыг мэргэжлийн хяналтын болон эрдэм шинжилгээний байгууллага, холбогдох салбар зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэн байгаль орчин, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагууд хамтран шийдвэрлэнэ.
3.2. Тухайн бодисыг улсын бүртгэлээс дор дурьдсан нөхцөлд хасна. Үүнд:
3.2.1. Хэрэглээний явцад бодисын физик, химийн чанар, үйлчлэл нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон;
3.2.2. Хүн болон халуун цуст амьтад, байгаль, ургамалд сөрөг нөлөөтэй болох нь тогтоогдсон;
3.2.3. Олон улсын байгууллагаас ашиглахыг хориглосон.
3.2.4. Хоёроос доошгүй байгууллагын туршилт, судалгаа, шинжилгээгээр үр дүнгүй гэдэг нь батлагдсан.
3.3. Дээрхээс бусад тохиолдолд пестицид, химийн бордоо, мал эмнэлгийн зориулалттай ариутгал, халдваргүйтгэлийн бодис нь жагсаалтад 5 жил хүртэл хугацаатай байх ба цаашид импортлогч, үйлдвэрлэгч, хэрэглэгч нар түүнийг сунгах тухай үндэслэл бүхий хүсэлтийг албан бичгээр дээрх төрийн захиргааны төв байгууллагуудад ирүүлээгүй тохиолдолд бүртгэлээс шууд хасагдана.
3.4.Ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон эрүүл мэндийн байгууллагын ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг улсын бүртгэлээс хасахдаа Эрүүл мэндийн тухай хуулийн 41.2 дахь хэсэгт зааснаар “Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодисыг улсын бүртгэлд бүртгэх журам”-ыг дагаж мөрдөнө.
Дөрөв. Пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг ашиглах
4.1.Тухайн жилд ашиглаж болох пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисын жагсаалтыг байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтарсан тушаалаар батлуулж, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж, хэвлэн нийтлүүлснээр ашиглахыг зөвшөөрнө.
4.2.Тухайн жилд ашиглаж болох пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисын жагсаалтад орсон бодисыг холбогдох заавар зөвлөмжийн дагуу зориулалтаар нь ашиглана.
4.3. Тухайн бодис хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр нотлогдсон тохиолдод бодис үйлдвэрлэгч, импортлогч, худалдан борлуулагч гарсан хохирлыг барагдуулах үүрэг хүлээнэ.
Тав. Хариуцлага
5.1. Энэхүү журмыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A