- Нүүр
- Сайдын тушаал
- ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНД ОРШИН СУУХ, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНД ЗОРЧИХ ҮНЭМЛЭХ ОЛГОХ, ТЭДГЭЭРИЙГ ЭЗЭМШИХ, ХАДГАЛАХ, АШИГЛАХ ЖУРАМ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/187 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНД ОРШИН СУУХ, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНД ЗОРЧИХ ҮНЭМЛЭХ ОЛГОХ, ТЭДГЭЭРИЙГ
ЭЗЭМШИХ, ХАДГАЛАХ, АШИГЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Албан болон хувийн хэргээр Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Монгол Улсад оршин суух үнэмлэх /цаашид "Оршин суух үнэмлэх" гэх/, харьяалалгүй хүнд гадаад улсад зорчих үнэмлэх /цаашид "Зорчих үнэмлэх" гэх/ олгох, сунгах, эзэмших, хадгалах, ашиглахад энэхүү журмыг баримтална.
1.2.Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд оршин суух үнэмлэх олгох, солих, хураан авах, хүчингүй болгох, дахин олгох, оршин суух үнэмлэхийн хугацааг сунгах, оршин суух үнэмлэхэд нэмэлт мэдээлэл оруулах, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, хураан авах, хүчингүй болгох, зорчих үнэмлэхийн хугацааг сунгах, эдгээр үнэмлэхийн нэгдсэн бүртгэл хөтлөх үйл ажиллагааг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид "Газар" гэх/ эрхэлнэ.
1.3.3орчих үнэмлэхэд Газрын дарга, эсхүл түүний эрх олгосон албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулна.
Хоёр.Оршин суух үнэмлэх олгох
2.1.Оршин суух үнэмлэхийн хүчинтэй хугацаа нь гадаадын иргэнд олгосон Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийн хугацаатай адил байна.
2.2.Оршин суух үнэмлэх дээр бичигдэх зөвшөөрлийн дугаарыг гадаадын иргэний паспорт дээр бичиж тэмдэглэл хийнэ.
Гурав.Оршин суух үнэмлэхийг дахин олгох
3.1.Оршин суух үнэмлэхийг дараах тохиолдолд дахин олгоно:
3.1.1.паспорт солигдсон;
3.1.2.оршин суух үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн;
3.1.3.оршин суух үнэмлэхийн хүчинтэй байдлыг алдагдуулсан;
3.1.4.дүр төрхөд өөрчлөлт орсон;
3.1.5.уригч байгууллага солигдсон;
3.1.6.хүйс өөрчлөгдсөн;
3.1.7.оршин суух зөвшөөрлийн хэлбэр өөрчлөгдсөн;
3.1.8.оршин суух үнэмлэхэд сунгалт болон хаягийн өөрчлөлтийн талаарх тэмдэглэл хийх зай дүүрсэн.
3.2.Оршин суух үнэмлэхийг дахин олгож өгөх тухай хүсэлт гаргагч дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна:
3.2.1.паспорт;
3.2.2.оршин суух үнэмлэх дахин олгож өгөхийг хүссэн албан бичиг /хувь хүн бол өргөдөл/;
3.2.3.оршин суух үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн болохыг зарлуулсан тухай баримт болон цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн тодорхойлолт;
3.2.4.оршин суух үнэмлэхийн үнэ болон тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
3.3.Гадаадын иргэн энэ журмын 3.1-д заасан үндэслэлээр 3.2-т заасан баримт бичгийг бүрдүүлж өгснөөс хойш ажлын 5 өдөрт багтаан оршин суух үнэмлэх дахин олгоно.
Дөрөв.Оршин суух үнэмлэхийг хураах, хүчингүй болгох
4.1.Оршин суух үнэмлэх авсан гадаадын иргэн Монгол Улсын харьяат болсон тохиолдолд Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш 30 хоногийн дотор оршин суух үнэмлэхийг Газарт хураалгаж, тодорхойлолт авна.
4.2.Оршин суух үнэмлэхийг дараах тохиолдолд хүчингүй болгоно:
4.2.1.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.4.1, 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан үндэслэл байгаа бол;
4.2.2.оршин суух зөвшөөрлийн хугацаанд сунгалт хийлгээгүй бол;
4.2.3.гарах-орох визийн хугацаанд Монгол Улсад орж ирээгүй бол.
Тав.Оршин суух үнэмлэхийг эзэмших, ашиглах, хадгалах, сунгах
5.1.Оршин суух үнэмлэх нь тухайн гадаадын иргэний биеийн байцаалт тул Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5-д заасны дагуу биедээ байнга авч явах үүрэгтэй бөгөөд Газарт хураалгаснаас бусад тохиолдолд эзэмшигч өөрөө хадгална.
5.2.Оршин суух үнэмлэхийг бусдад шилжүүлж, барьцаалж үл болно.
5.3.Гадаадын иргэн Монгол Улсаас бүрмөсөн, эсхүл оршин суух зөвшөөрлийн хугацаанд ирэхгүйгээр явах бол оршин суух үнэмлэхээ Газарт хураалгаж, хасалт хийлгэнэ.
5.4.Газар нь гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахдаа оршин суух үнэмлэхэд нэмэлт, өөрчлөлтийг шинээр оруулан, хувийн хэрэг болон холбогдох материалд энэ тухай бүртгэл хийж, мэдээллийн санд оруулна.
Зургаа.Зорчих үнэмлэх олгох
6.1.Монгол Улсад оршин суух үнэмлэх авсан харьяалалгүй хүн Газраас олгосон зорчих үнэмлэхээр гадаад улсад зорчино.
6.2.3орчих үнэмлэхийг дараах хүнд олгоно:
6.2.1.Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа харьяалалгүй хүнд;
6.2.2.гадаад улсын харьяат болох зорилгоор Монгол Улсын харьяатаас гарсан боловч өөр улсын харьяат болоогүй хүн өөр улсад зорчих бол.
6.3.Зорчих үнэмлэхэд энэ журмын 1.3-т заасан албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулна.
6.4.3орчих үнэмлэх авах хүсэлтийг Газарт хандаж гаргах бөгөөд дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна:
6.4.1.өргөдөл;
6.4.2.оршин суух үнэмлэх;
6.4.3.3.5х4.5 см хэмжээтэй 2 хувь цээж зураг.
6.5.Энэ журмын 6.4-т заасан баримт бичгийг хүлээн авсан албан хаагч дор дурдсан зүйлийг нягтална:
6.5.1.энэ журмын 6.2.1-д заасан харьяалалгүй хүний хувьд Монгол Улсад оршин суух үнэмлэх, урьд нь харьяалагдаж байсан улсынхаа харьяатаас гарсныг гэрчлэх баримт;
6.5.2.хүүхдийн төрсний гэрчилгээ хүчин төгөлдөр эсэх, овог нэр, төрсөн он, сар, өдөр зөв эсэх, өөрийнх нь гэрэл зураг мөн эсэх;
6.5.3.гадаад улсад зорчихыг түдгэлзүүлэх, хойшлуулах үндэслэл байгаа эсэх.
6.6.Хүсэлт гаргагчийн материалыг хүлээн авсан албан хаагч зорчих үнэмлэхийг ажлын 5 өдөрт багтаан олгоно.
Долоо.Зорчих үнэмлэхийг дахин олгох
7.1.3орчих үнэмлэхийн хугацаа дууссан, үрэгдүүлсэн, гэмтээсэн, эсхүл мэс ажилбар хийлгэснээс үнэмлэх эзэмшигчийн царай өөрчлөгдсөн тохиолдолд дараах баримт бичгийг үндэслэн зорчих үнэмлэхийг дахин олгоно:
7.1.1.оршин суух үнэмлэх;
7.1.2.зорчих үнэмлэх /хугацаа нь дууссан бол/
7.1.3.3.5х4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;
7.1.4.зорчих үнэмлэх дахин олгож өгөхийг хүссэн өргөдөл;
7.1.5.зорчих үнэмлэх үрэгдүүлсэн болохыг зарлуулсан тухай холбогдох баримт болон цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн тодорхойлолт;
7.1.6.зорчих үнэмлэхийн үнэ болон тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
Найм.Зорчих үнэмлэх олгохоос татгалзах
8.1.Харьяалалгүй хүний гадаадад зорчих эрхийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн тохиолдолд түүнд зорчих үнэмлэх олгохоос татгалзах бөгөөд энэ тухай ажлын 5 өдөрт багтаан бичгээр мэдэгдэнэ.
Ес.Зорчих үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах
9.1.3орчих үнэмлэх эзэмшигч нь Монгол Улсад буцаж ирэхгүй тохиолдолд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт зорчих үнэмлэхээ хураалгана.
9.2.3орчих үнэмлэхийг бусдад шилжүүлэх, эсхүл барьцаанд тавьж үл болно.
Арав.Зорчих үнэмлэхийг хүчингүй болгох
10.1.Дараах тохиолдолд зорчих үнэмлэхийг хүчингүй болгоно:
10.1.1.гэмтээсэн, засварласан;
10.1.2.бусдад шилжүүлсэн;
10.1.3.хуульд заасан бусад.
10.2.Хүчингүй болсон, гэмтсэн, хүчинтэй хугацаа нь дууссан, түүнчлэн энэ журмын 9.1-д заасны дагуу дипломат төлөөлөгчийн газраас ирүүлсэн зорчих үнэмлэхийг Газар устгаж, эзэмшигчийн хувийн хэрэгт бүртгэл хийнэ.
10.3.Хүчин төгөлдөр бус, эсхүл зөрчил бүхий зорчих үнэмлэхтэй этгээдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй бөгөөд тухайн үнэмлэхийг хураан авна.
Арван нэг.Бусад
11.1.3орчих үнэмлэх нь олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд үнэмлэхийн хугацааг сунгахгүй болно.
11.2.Гадаадын иргэн энэхүү журмыг зөрчсөн, эсхүл оршин суух, зорчих үнэмлэхийг гээсэн, үрэгдүүлсэн, хүчинтэй байдлыг нь алдагдуулсан бол Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.
11.3.Хүчингүй болсон, хураагдсан зорчих үнэмлэхийг устгана.
Текст томруулах
A
A
A