A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ОЗОН ЗАДАЛДАГ БОДИС БОЛОН БУСАД ОРЛУУЛАХ БОДИС, ТЭДГЭЭРИЙГ АГУУЛСАН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, АШИГЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2018 оны 277 дугаар
          тогтоолын 1 дүгээр хавсралт

 

ОЗОН ЗАДАЛДАГ БОДИС БОЛОН БУСАД ОРЛУУЛАХ БОДИС,
ТЭДГЭЭРИЙГ АГУУЛСАН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ,
АШИГЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын нэгдэн орсон “Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц”, “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол”-оор хүлээсэн үүргийг биелүүлэх, “Озоны үе давхаргыг хамгаалах тухай” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор озон задалдаг бодис болон дэлхийн дулааралд сөрөг нөлөөтэй бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, тухайн жилийн тоо хэмжээг тогтоох, хэрэглээнд хяналт тавих харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Энэхүү журам нь Агаарын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай, Хог хаягдлын тухай, Зөрчлийн тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг мөрдлөг болгоно.

Хоёр. Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис тэдгээрийг
          агуулсан тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах
              тусгай зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж,
                          байгууллагад тавих шаардлага

2.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах ерөнхий шаардлага

      2.1.1. “Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийг мөрдөх;

      2.1.2. хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, химийн хортой болон аюултай бодис, бүтээгдэхүүний агуулахад тавих ерөнхий шаардлага MNS:6458:2014 стандартыг хангасан байх;

      2.1.3. озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис ашиглан хөргөлт, агааржуулалтын засвар, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага нь мэргэшлийн гэрчилгээтэй засварчин, инженер, техникийн ажилтантай байх; 

      2.1.4. озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг импортлох тоо хэмжээнд багтсан аж ахуйн нэгж, байгууллага нь өмнөх оны импортолсон, худалдсан, ашигласан бодисын зарцуулалт, хэрэглээ, түүнийг агуулсан тоног төхөөрөмжийн борлуулалт, нийлүүлэлтийн тухай холбогдох тайланг маягтын дагуу гаргаж, жил бүрийн 12 дугаар сарын 30-ны дотор Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэх;

      2.1.5. энэ зүйлийн 2.1.4-т заасан хугацаанд шинээр байгуулагдсан хуулийн этгээдээс бусад тайлангаа ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагад дараа жилийн импортын тоо, хэмжээнд хамрагдах эрх үүснэ.

2.2. Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис худалдахад тавих шаардлага:

      2.2.1. ашиглах зөвшөөрөлгүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад бодисыг худалдахгүй байх;

      2.2.2. тусгай зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис худалдахдаа худалдан авсан этгээдийн хаяг, бодисын нэр, төрөл, хэмжээ, ашиглах зориулалтыг заасан баримтыг 2 хувь үйлдэн баталгаажуулж, нэг хувийг худалдан авагчид, үлдсэн хувийг өөртөө хадгалах;

      2.2.3. бодис нь зориулалтын сав, баглаа боодол, стандартын шаардлага хангасан англи, орос, монгол хэл дээр үйлдэгдсэн хаяг, шошготой байх;

      2.2.4. бодисыг худалдахдаа худалдан авагчид тухайн бодисын хор, аюулгүй ажиллагааны лавлах мэдээллийг заавал дагалдуулан өгөх;

      2.2.5. бодисыг жижиглэн худалдахдаа зориулалтын, тодорхой хаяг шошго бүхий саванд савласан байх;

      2.2.6. бодисыг анхааруулах тэмдэг бүхий  зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх бөгөөд тээвэрлэх, ачих, буулгах үеийн аюулгүй ажиллагааг худалдах үйл ажиллагаа эрхлэгч хариуцах;

      2.2.7. тээвэрлэгч байгууллагатай гэрээ байгуулахдаа тухайн бодисын монгол хэл дээрх хор, аюулгүй байдлын лавлах мэдээлэл, аюулгүй ажиллагааны зааварчилга, болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө, тээвэрлэх маршрут зэргийг танилцуулж гарын үсэг зуруулах;

      2.2.8. олон улсын гэрээ, хэлэлцээрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд тээвэрлэлт, ачилт, буулгалтын үед гарч болох осол, эрсдэлээс  урьдчлан сэргийлэх, осол, алдагдал гарсан тохиолдолд хор, аюулыг бууруулах арга хэмжээ авах нөхцөлийг бүрдүүлэх;

2.3. Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис ашиглахад тавих шаардлага:

      2.3.1. иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис ашиглахдаа энэхүү журмын 3.7, 3.8-д зааснаас гадна Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6 дугаар зүйлийн            6.1.2-т заасны дагуу батлагдсан “Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам”-ыг дагаж  мөрдөх;

      2.3.2. озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис ашиглан хөргөлт, агааржуулалтын засвар, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага нь озон задалдаг бодисыг зориудаар агаарт алдахгүй байх;

      2.3.3. хөргөлтийн болон агааржуулалтын тоног төхөөрөмжид агуулагдаж буй бодисын нэр, засвар үйлчилгээнд ашигласан хэмжээ, бүтээгдэхүүний хүчин чадал зэргийг тодорхойлсон монгол хэлээр баримт бичгийг хэрэглэгч (үйлчлүүлэгч)-д өгөх;

2.4. Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг худалдах, ашиглахад тавих шаардлага:
  
      2.4.1. худалдаж буй тоног төхөөрөмжийг дагалдуулан монгол хэлээр “Хэрэглэгчийн гарын авлага”-ыг өгөх;

      2.4.2. үйлдвэрлэлийн зориулалтаар озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис агуулсан техник, технологи ашиглан үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага нь Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан эрсдэлийн үнэлгээг хийлгэсэн байх.


Гурав. Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг
         агуулсан тоног төхөөрөмжийг импортлох, худалдах,
      ашиглах тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох

3.1. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь (цаашид “Төв байгууллага” гэх) тухайн жилийн озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн импортын тоо, хэмжээг жил бүрийн 12 дугаар сард багтаан батална.

3.2. Төв байгууллагаас озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрлийн гэрчилгээний маягтыг батална.

3.3. Төв байгууллагаас баталсан тухайн жилийн импортын тоо хэмжээнд үндэслэн энэхүү журмын 3.7, 3.8, 2 дугаар зүйлд заасан шаардлага хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрлийг олгоно. 

3.4. Төв байгууллага нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг ажлын 21 хоногт багтаан хянан үзэж, шийдвэрээ гаргах буюу хариу өгнө.  

3.5. Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж импортлох, худалдах, ашиглах зөвшөөрөл нь тухайн жилдээ хүчинтэй байна.

3.6. Иргэний хувийн хэрэглээнд ашиглах зорилгоор импортолж буй орлуулах бодис агуулсан хоёроос илүүгүй гэр ахуйн зориулалттай тоног төхөөрөмж (хөргөгч, хөлдөөгч)-ийг зөвшөөрөл шаардахгүйгээр улсын хилээр нэг удаа нэвтрүүлж болно.

3.7. Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис импортлох, худалдах, ашиглах зөвшөөрөл олгохыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь үзүүлэлт, баримт бичгийг хүсэлтдээ тусгах буюу хавсаргана;

      3.7.1. зөвшөөрөл авахыг хүссэн иргэн өргөдлөөр, аж ахуйн нэгж, байгууллага нь албан бичгээр хүсэлт гаргах;

      3.7.2. озон задалдаг бодис болон бусад орлуулах бодисын олон улсын нэршил, химийн томьёо;

      3.7.3. олон улсын бүртгэлийн дугаар (CAS number);

      3.7.4. үйлдвэрлэгч, эсхүл албан ёсны борлуулагчаас дагалдуулан өгсөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, химийн хорт болон аюултай бодисын шошго, анхааруулах тэмдэг, MNS 5029:2011 стандартад тавьсан шаардлага хангасан химийн бодисын хор аюулын лавлах мэдээллийн дагалдах хуудас (MSDS);

      3.7.5. озон задалдаг бодис болон бусад орлуулах бодисыг импортлох талаар нийлүүлэгч талтай хийсэн гэрээ (монгол хэл, гадаад хэлнээс орчуулсан бол баталгаажсан орчуулгын эх хувь);

      3.7.6. Монгол Улсын хилээр нэвтрүүлэх боомтын нэр;

      3.7.7. аж ахуйн нэгж, байгууллагын хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний, иргэний хувьд иргэний үнэмлэхийн хуулбар;

3.8. Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис агуулсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах зөвшөөрөл хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

      3.8.1. тоног төхөөрөмж импортлох, худалдах, ашиглах зөвшөөрөл хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь энэ зүйлийн 3.7.1, 3.7.6, 3.7.7-д заасан материалаас гадна тоног төхөөрөмжийн нэр төрөл, ашиглах газар, зориулалт, тоо хэмжээг тусгасан баримт;

      3.8.2. худалдаа, үйлдвэрлэлийн зориулалттай хөргөлтийн болон агааржуулалтын тоног төхөөрөмжийн брэнд нэр, тэдгээрт агуулагдаж буй бодисын нэр, хэмжээ, бүтээгдэхүүний хүчин чадал зэргийг тодорхойлсон үйлдвэрлэгч, эсхүл эрх бүхий албан ёсны борлуулагчийн тодорхойлолт;

      3.8.3. дулаан тусгаарлах хөөсөн шахмал полистрол хавтан (ХРS) болон бусад хөөсөн хатуу, зөөлөн полиуретан (PUR), дулаан тусгаарлах хоолой, преполимер материал үйлдвэрлэх үйлдвэрийн тоног төхөөрөмжид агуулагдаж буй бодисын нэр, хэмжээ, хүчин чадал зэргийг тодорхойлсон үйлдвэрлэгч, эсхүл эрх бүхий албан ёсны борлуулагчийн тодорхойлолт;

3.9. Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмж импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл бүхий  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг Аж ахуйн нэгжийн тухай хуулийг үндэслэн хүчингүй болгоно.

3.10. Энэхүү журмын 2 дугаар хавсралтын 1 дүгээр бүлэг, 4 дүгээр хавсралтын 1 дүгээр бүлгийн Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодолсон жагсаалтад орсон озон задалдаг бодис, тоног төхөөрөмж, бараанд энэхүү журам хамаарахгүй.

Дөрөв. Хориглох үйл ажиллагаа

4.1. Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглахад дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

      4.1.1. озон задалдаг бодис болон орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг улсын хилээр зөвшөөрөлгүй нэвтрүүлэх;

      4.1.2. энэхүү журмын 2 дугаар хавсралтад заасан гидрохлортфторт нүүрстөрөгч (HCFC) төрлийн бодис агуулсан төрөл бүрийн үйлдвэрлэлийн шугам, түүнд ашиглах бүтээгдэхүүн, техник технологийг 2020 оны 1 дүгээр сараас эхлэн шинээр зах зээлд нэвтрүүлэх, импортлох;

      4.1.3. Монреалийн протоколд нэгдэж ороогүй улс оронд озон задалдаг бодис болон орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг реэкспортлох.

Тав. Хяналт тавих

5.1. Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэхэд тавих хяналтыг гаалийн болон мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ. 

5.2. Энэхүү журмын 3.1-д заасан тухайн жилийн озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн импортын тоо, хэмжээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аж ахуйн нэгж тус бүрээр батлан жил бүрийн 1 дүгээр сард багтаан гаалийн болон мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлнэ.

5.3. Гаалийн байгууллага тухайн жилд импортолсон озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн импортын статистик тайлан, мэдээг дараа оны 1 дүгээр сарын 15-ны дотор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

5.4. Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг худалдах, тээвэрлэх, ашиглах үйл ажиллагаанд тавих орон нутгийн хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага, байгаль орчны хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ.

5.5. Мэргэжлийн хяналтын байгууллага нь озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг худалдах, тээвэрлэх, ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагад хийсэн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлийн талаарх мэдээллийг тухай бүр байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

Зургаа. Хүлээх хариуцлага

6.1. Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан озон задалдаг бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг хууль бусаар импортолсон нь тогтоогдсон бол иргэн, аж ахуйн нэгж, байгууллага экспортлогч улс оронд буцаан гаргах бүх зардлыг бүрэн хариуцна.