A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮҮХДИЙГ СУУРЬ БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ТАСРАЛТГҮЙ ХАМРУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын

                                                                 2018 оны А/612 дугаар тушаалын хавсралт

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮҮХДИЙГ СУУРЬ

БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ТАСРАЛТГҮЙ

ХАМРУУЛАХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, бие махбодь, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон болон хохирч болзошгүй эрсдэлд байгаа насанд хүрээгүй хүүхдийгтүр хамгаалах байранд хамгаалагдах үед суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах үйл ажиллагааг зохион байгуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2.Бага, дунд боловсролын сургалтын байгууллага нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд (цаашид “хүүхэд” гэх)-ийг сэтгэл зүйн зөвлөгөө авах, хэвийн байдалд орох хүртэлх хугацаанд журмыг мөрдөнө.

 

Хоёр. Ерөнхий зохион байгуулалт

2.1. “Хамтарсан баг” нь нийгмийн ажилтны хийсэн нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн хүчирхийлэлд өртсөн болон болзошгүй эрсдэлд байгаа насанд хүрээгүй хүүхдийг урьдчилан сэргийлж, түр хамгаалах байранд шилжүүлэн суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах, тэдний суралцах хэвийн нөхцөлийг хангах ажлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Боловсрол, соёл, урлагийн газар, хэлтэс, Насан туршийн боловсролын төв, ерөнхий боловсролын сургуулийг түшиглэн дараах хэлбэрээр хамтран зохион байгуулна:

        2.1.1. Тухайн хүүхдийн боловсрол эзэмшсэн байдалд үнэлгээ хийх;

2.1.2.Хүүхдийн боловсролын баримт бичгийг үндэслэн суралцах түвшин, анги, хэлбэрийг тодорхойлох;

2.1.3. Хүүхдийн боловсролын баримт бичгийг хянах, зөрчлийг арилгах, нөхөн олгох;

2.1.4. Сургалт зохион байгуулахад шаардагдах ном сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүн, дүрэмт хувцасаар хангах зэрэг нэмэгдэл зардлыг тухайн боловсролын байгууллагын төсөвт нэмж олгох асуудлыг “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн 19.1.5 дахь заалтыг үндэслэн уламжлан шийдвэрлүүлэх.

          

Гурав. Сургалтын зохион байгуулалт

          3.1.Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хүүхэд хүчирхийлэлд өртсөн нь тогтоогдсон бол “Хамтарсан баг”-ийн дүгнэлтийг үндэслэн эрсдэлт байдал тогтворжих хүртэлх хугацаанд аюулгүй байдлыг бүрэн хангаж, үргэлжлүүлэн сургах ажлыг“сургууль” зохион байгуулна.

          3.2. “Хамтарсан баг” хүүхдийг сурч байгаа сургуульдаа үргэлжлүүлэн суралцахад эрсдэлтэй гэж үнэлсэн бол түр хамгаалах байранд хамгийн ойр байршилтай сургуульд түр шилжүүлэн сургана.  

          3.3. Түр хамгаалах байрны орчинд сургууль байхгүй бол хүүхдийг сургалт зохион байгуулах эрх бүхий төрийн болон төрийн бус сургалтын байгууллагад түр шилжүүлэн сургаж болно.

3.4.Сургуульд огт суугаагүй буюу сургууль завсардсан хүүхэд хүчирхийлэлд өртсөн бол “Бага, суурь, бүрэн бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр сургалт зохион байгуулах журам”-ын дагуу боловсрол нөхөн олгох сургалтад хамруулна.

     3.5. Хүүхдийг сургалтын байгууллагын аль ч хэлбэрээр сургах боломжгүй бол Насан туршийн боловсролын төвийг түшиглэн сургалт зохион байгуулна.

          3.6.Насан туршийн боловсролын төвийг түшиглэн сургалтад хамрагдах хүүхдийн суралцах хэлбэр (бие даах, зайны, явуулын)-ийг асран хамгаалагчтай нь зөвшилцсөний үндсэн дээр нөхцөл боломжид нь тохирсон сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж,түр суралцах гэрээ байгуулан ажиллаж болно.

          3.7. Хүүхдийг ерөнхий боловсролын сургууль болон насан туршийн боловсролын төвөөр суурь боловсролын үйлчилгээнд түр хамруулах,сурах орчны аюулгүй байдлыг хангах, хичээлээс гадуурх үйл ажиллагааг дараах хэлбэрээр зохион байгуулна:

3.7.1. Сургалтын үед эрсдэлгүй хүргэх, авах ажлыг зохион байгуулна.

3.7.2. Хүчирхийллийн улмаас үүсэх нөлөөллөөс урьдчилан сэргийлэх ажлыг  мэргэжлийн сэтгэл зүйчтэй хамтран зохион байгуулна.

3.7.3. Сургалтын орчинд учирч болзошгүй эрсдэлийг тооцоолж, аюулгүй байдлыг хангаж ажиллана. 

3.7.4.Дугуйлан, секц, олон нийтийн ажилд оролцуулах, анги хамт олонд нь нийгэмшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна.

3.7.5. Сургуулийн нийгмийн ажилтан болон анги удирдсан багш нь гэр бүлийн орчин дахь эрсдэлт байдлыг хэвийн болгоход чиглэсэн ажлыг эцэг эх, баг, хорооны нийгмийн ажилтантай хамтран зохион байгуулна.

3.8.Сургалтын байгууллага нь “Хамтарсан баг”-ийн дүгнэлтэд үндэслэн эрсдэлийн байдал тогтворжсон хүүхдийг гэр бүлийн орчинд шилжүүлэн сургах ажлыг аймаг, нийслэлийн Боловсролын газар, хэлтэст уламжлан харьяаллын дагуу ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын төвд шилжүүлнэ.

 

Дөрөв.Санхүүжилт

4.1. “Хамтарсан баг” ажиллах, түүнийг санхүүжүүлэх, хүүхдийг суурь боловсролын үйлчилгээнд хамруулахад шаардагдах зардлыг “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д заасан хамтарсан журмаар зохицуулна.

 

Тав. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх 

            5.1.Сургалтын байгууллага нь хүчирхийлэлд өртсөн хүүхдэд суурь боловсролыг тасралтгүй олгох сургалт зохион байгуулсан тухай тайланг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргаар ахлуулсан хамтарсан багт жилд 1 удаа тайлагнаж, холбогдох байгууллагад хүргүүлнэ.

           5.2.Бүх шатны Засаг дарга нар хүчирхийлэлд өртсөн хүүхдэд суурь боловсролыг тасралтгүй олгох сургалтын ажлыг хэрэгжүүлсэн тайланг зохих шатны байгууллагад хүргүүлнэ.

 

 

-000-