- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- НИЙСЛЭЛИЙН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЖУРАМ
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 18/15 дугаар тогтоолын хавсралт
НИЙСЛЭЛИЙН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журам нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Жижиг, дунд үйлдвэрийн тухай, Төсвийн тухай, Засгийн газрын Тусгай сангийн тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудад нийцүүлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох, зээлийн батлан даалт гаргах харилцааг зохицуулна.
1.2.Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь Жижиг, дунд үйлдвэрийг санхүүгийн талаар дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлд тоног төхөөрөмж технологийн шинэчлэл хийх, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагааг дэмжихэд зориулагдана.
Хоёр. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан
2.1.Нийслэлийн Засаг даргын Жижиг, дунд үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх тодорхой чиг үүрэг, зорилтын дагуу Нийслэлийн төсвөөс төвлөрүүлсэн хөрөнгө, түүнчлэн уг арга хэмжээнд зориулан өгсөн хандив, буцалтгүй тусламжийн хөрөнгийг байршуулсан санг “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан„ /цаашид “Сан„ гэх/ гэнэ.
2.2.Сан нь мөнгөн хөрөнгийн сан байна.
2.3.Мөнгөн хөрөнгө Төрийн сангийн дансанд байршиж, төсөл шалгарч санхүүжилт шаардлагатай болсон тухай бүрт мөнгөн хөрөнгийг банк руу шилжүүлнэ.
Гурав. Сангийн хөрөнгийн эх үүсвэр, хөрөнгийг зарцуулах
3.1.Сангийн хөрөнгө дараах эх үүсвэрүүдээс бүрдэнэ:
3.1.1.Нийслэлийн төсвийн хөрөнгө;
3.1.2.гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив;
3.1.3.олгосон зээлийн эргэн төлөлт, хүүгийн орлого;
3.1.4.бусад эх үүсвэр.
3.2. Сангийн хөрөнгийн зарцуулалт:
3.2.1.Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгох бөгөөд уг зээлийг дараах зориулалтаар олгоно. Үүнд:
3.2.1.1.техник, тоног төхөөрөмж худалдан авах;
3.2.1.2.ажлын байр нэмэгдүүлэх болон хадгалах;
3.2.1.3.эргэлтийн хөрөнгө бий болгох;
3.2.1.4.технологийн шинэчлэл хийх;
3.2.1.5.үндсэн хөрөнгө бий болгох;
3.2.1.6 импортыг орлох бүтээгдэхүүн бий болгох;
3.2.1.7.гарааны бизнесийг дэмжих.
3.2.2.сангийн үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг санхүүжүүлэх;
3.2.3.зээлийг тухайн жилийн нийгэм, эдийн засгийн зорилтын хүрээнд тогтоогдсон чиглэл болон бусад шаардлагатай үйлдвэр эрхлэгчдэд олгож болно.
Дөрөв. Сангийн зөвлөлийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа
4.1.Сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хөнгөлөлттэй зээлийг олгох төслийг сонгон шалгаруулах үүрэг бүхий орон тооны бус 11 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл /цаашид “Зөвлөл„ гэх/ ажиллах ба зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.
4.2.Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид батална.
4.3.Зөвлөлийн даргаар тухайн салбар хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогч, нарийн бичгийн даргаар салбар хариуцсан нэгжийн дарга буюу Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга байна.
4.4.Гишүүд нь төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн хуралдаанд 1 саналын таслах эрхтэйгээр оролцож шийдвэр гаргана.
4.5.Зөвлөлийн гишүүдийн 2/3 бүрдсэнээр хурлын ирцийг хүчинтэйд тооцох бөгөөд төсөлд санхүүжилт олгох, эсэхийг олонхийн саналаар шийдвэрлэж, тэмдэглэл хөтлөн, оролцсон гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
4.6.Зөвлөлийн шийдвэр нь тогтоол хэлбэрээр гарна.
4.7.Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг сангийн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нар удирдан зохион байгуулна.
4.8.Зээлийн үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй, ил тод байх ба мэдээллийг www.jdu.ub.gov.mn сайтад байршуулна.
4.9.Сангийн дансны зарлагын гүйлгээнд Зөвлөлийн шийдвэрийг үндэслэж зөвлөлийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга нэгдүгээр гарын үсгийг, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн нягтлан бодогч хоёрдугаар гарын үсэг зурж, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн тамга дарснаар хүчин төгөлдөр болно.
4.10.Сангийн тайлан, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой харилцааг Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн нягтлан бодогч хариуцна.
Тав. Сангийн зөвлөлийн эрх, үүрэг
5.1.Зээлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаарх саналыг төсөвт тусгуулах, хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх талаар санал боловсруулан шийдвэрлүүлэх;
5.2.Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл дамжуулан олгох арилжааны банкыг сонгон шалгаруулж, хамтран ажиллах гэрээ байгуулах;
5.3.Зөвлөл нэг зээлдэгчид олгох нэг удаагийн зээлийн дээд хэмжээ, зээлийн хугацаа, хүү, үндсэн зээлийн эргэн төлөлтөөс чөлөөлөх хугацааг тогтооно.
5.4.Зээлийн Батлан даалтын сантай хамтран ажиллах гэрээ байгуулах.
5.5.Зээл олгох шийдвэр гаргах.
5.6.Сангийн зөвлөл арилжааны банкыг сонгон шалгаруулахдаа Монгол банкны тогтоосон эрэмбийн эхний 5-д багтах банкуудаас хамгийн хүү багатай, хөнгөлөлттэй, Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хамтарч ажиллахад санхүүгийн тааламжтай нөхцөлийг бүрдүүлсэн эсэх зэргийг харгалзан үзэж сонгоно.
5.7.Банкнаас эх үүсвэр ашиглалтын тайланг шаардах, зээл зориулалтын дагуу олгогдож байгаа эсэхтэй танилцах.
5.8.Банкнаас зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлт, хэрэгжилтийн талаар мэдээлэл авах, холбогдох тайлан бүртгэл мэдээг шаардах.
5.9.Нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтын хүрээнд тухайн жилийн үйлдвэрлэлийн тогтоогдсон чиглэлийн дагуу зээл олгох.
5.10.Сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх, зарцуулалтыг тайлагнах.
5.11.Сангийн улирал, жилийн ажлын тайланг хэлэлцэх.
5.12.Арилжааны банктай байгуулах гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд гэрээг сунгах эсэх асуудлыг сангийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
5.13.Энэ журмын 5.11-д заасан шийдвэрийг үндэслэн санхүүжилтийг эргэн төвлөрүүлэх асуудлыг сангийн зөвлөл шийдвэрлэнэ.
Зургаа. Төсөл хүлээн авах, сонгон шалгаруулах, зээл олгох
6.1.Төсөл хүлээн авах сонгон шалгаруулах:
6.1.1.Зөвлөл нь хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт хүссэн төслүүдийг хүлээн авах хугацааг тогтоож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ;
6.1.2.төсөл хүлээн авах хугацааг зарласнаас хойш арилжааны банк, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв хамтарсан ажлын хэсэг төслийг хүлээн авна;
6.1.3.Зөвлөл нь хамтарсан ажлын хэсгийн зээл олгох боломжтой гэж тодорхойлсон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр ирсэн төслийн бичиг баримттай танилцан, тухайн төсөлд санхүүжилт олгох, эс олгох талаар эцсийн шийдвэр гаргана.
6.2.Дараах шаардлагыг хангасан төслийг сонгон шалгаруулна:
6.2.1.Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1,5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж, иргэн;
6.2.2.зээл хүсэгч нь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн сургалтанд хамрагдаж сертификат авсан байх;
6.2.3.үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад шаардагдах хүний нөөцийн чадавхтай, нийт ажилчид нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдсан, ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн шаардлага хангасан байх;
6.2.4.тоног төхөөрөмж, техник технологийг шинэчлэхдээ дэвшилтэт технологи, байгаль орчинд ээлтэй шийдлийг нэвтрүүлсэн байх;
6.2.5.ажлын байрыг нэмэгдүүлсэн байх;
6.2.6.зээлжих төсөл нь орлогоороо үйл ажиллагааны зардал, зээлээ төлөх боломжтой байх.
6.3.Зээл олгох:
6.3.1.хөнгөлөлттэй зээлийг олгохдоо төслийг сонгон шалгаруулсан сангийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулсан банкаар дамжуулан олгоно;
6.3.2.Зөвлөлийн хурлаар санхүүжилт олгох эцсийн шийдвэрийг баталгаажуулж, арилжааны банкинд хүргүүлнэ;
6.3.3.Зөвлөлийн эцсийн шийдвэрийг үндэслэн арилжааны банк төслийг санхүүжүүлнэ;
6.3.4.арилжааны банкинд төсөл нь дэмжигдсэн, барьцаа хөрөнгийн дутагдалтай төсөлд Зээлийн Батлан даалтын сангаар дамжуулж баталгаа гаргаж өгнө;
6.3.5.хөнгөлөлттэй зээлийг төгрөгөөр олгоно.
Долоо. Хөнгөлөлттэй зээлийн үйл ажиллагаа эрхлэх банктай хамтран ажиллах нөхцөл
7.1.Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор олгох хөнгөлөлттэй зээлийн үйл ажиллагаа эрхлэх банк, санхүүгийн байгууллага нь:
7.1.1.Монгол банкнаас тогтоосон зохистой харьцааны үзүүлэлтүүд, заавал байлгах нөөцийн шаардлагыг сүүлийн хоёр жилийн турш хангасан тухай хөндлөнгийн байгууллагын дүгнэлт гаргуулсан байх;
7.1.2.зээлийн үйл ажиллагаатай холбоотой аливаа эрсдэлийг Сангийн өмнө бүрэн хариуцахаа илэрхийлсэн баталгаа гаргасан байх.
7.2.Зээлийн гэрээний нөхцөл, барьцаа хөрөнгийн үнэлгээ, батлан даалт, зээлийг судлах хугацаа, хүү шимтгэл, талуудын эрх үүрэг, тайлан гаргах, хяналт, хариуцлага тооцох зэрэг бусад нөхцөлийг гэрээнд тусган зохицуулна.
7.3.Хөнгөлөлттэй зээлийг дамжуулан олгох арилжааны банкыг сонгон шалгаруулахдаа олон нийтэд нээлттэй мэдээлж, хүсэлт ирүүлсэн банкнуудаас журмын 5.6, 7.1, 7.2-д заасан нөхцөлийг хангасан банкыг сонгоно.
Найм. Хяналт, хариуцлага, тайлагнал
8.1.Сангийн журмын хэрэгжилтэнд Нийслэлийн Дотоод Аудитын алба хяналт тавина.
8.2.Сангийн тухайн жилийн санхүүгийн тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудитын дүгнэлт гаргуулна.
8.3.Сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, тайлан мэдээг чанаргүй гаргасан, хугацаа хожимдуулсан гэм буруутай албан тушаалтан, байгууллага, иргэнд холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцно.
8.4.Сан нь үйл ажиллагааны тайлангаа жил бүрийн 3 дугаар сарын 01-ний дотор Нийслэлийн Удирдлагын Зөвлөлд хүргүүлнэ.
--- о0о ---
Текст томруулах
A
A
A