- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДҮРЭМ (Засгийн газрын 2018 оны 366 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Засгийн газрын 2016 оны 106 дугаар
тогтоолын хавсралт
УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДҮРЭМ
(Засгийн газрын 2018 оны 366 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд
үүнийг 2019-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ дүрмийн зорилго нь Удирдлагын академи (цаашид “Академи” гэх)-ийн зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2. Академи нь төрийн албаны хөгжлийн шаардлагад нийцүүлэн өндөр мэдлэг, чадвар бүхий албан хаагчдыг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, төрийн захиргаа, удирдлагын асуудлаар судалгааны ажил гүйцэтгэх, төрийн бодлого боловсруулах чиглэлээр төр, захиргааны байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий байгууллага мөн.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд үйл ажиллагаа явуулна.
1.3. Академи нь үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, энэ дүрэм болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дотоод журам, дүрмийг баримтлана.
1.4. Академи нь тогтоосон журмын дагуу үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэх бөгөөд өөрийн бэлгэдэлтэй байж болно.
Хоёр. Академийн чиг үүрэг
2.1. Академи нь Засгийн газрын захиалгаар болон төлбөртэйгээр дараах төрлийн сургалт эрхлэн явуулна:
2.1.1. төрийн албан тушаалын ангилал, зэрэглэлийн шаардлага, ажлын чиг үүрэгт нийцсэн дипломын дараах мэргэшүүлэх сургалт;
2.1.2. цаг үеийн эрэлт, шаардлагад нийцүүлэн төрийн албан хаагчдыг давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх зорилтот сургалт;
2.1.3. удирдах ажилтан бэлтгэх шаардлагад нийцүүлэн төрийн захиргааны болон бизнесийн удирдлагын магистр, докторын сургалт.
2.2. Академи нь эрхлэн гүйцэтгэх сургалтынхаа агуулга, хэлбэр, үргэлжлэх хугацааг холбогдох хууль тогтоомж, өөрийн орны онцлог, олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж мөрдөнө.
2.3. Академи нь дараах чиглэл, хэлбэрээр судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлнэ:
2.3.1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, Засгийн газрын агентлаг, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг дарга, захиргааны болон бусад байгууллага, аж ахуйн нэгжийн захиалгаар судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх, төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
2.3.2. төрийн бодлого, удирдлага, төрийн алба, засаглалын асуудлаар судалгаа хийж үр дүнг нь нийтийн хүртээл болгох, бодлогын баримт бичгийн хувилбар боловсруулах, захиалагч байгууллагатай хамтран бодлогын баримт бичгийн хувилбар боловсруулахад оролцох, онол, арга зүйн туслалцаа үзүүлэх;
2.3.3. эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах;
2.3.4. сургалт, эрдэм шинжилгээний ажлын чиглэлд нийцсэн сурах бичиг, гарын авлага, ном зохиол туурвиж хэвлүүлэх;
2.3.5. өөрийн орны болон гадаад орны сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран, эсхүл тэдгээрийн захиалгаар судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх.
Гурав. Академийн удирдлага, эрх, үүрэг
3.1. Академийн үйл ажиллагааг академийн захирал удирдан зохион байгуулна.
3.2. Академийн захирлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга томилж, чөлөөлнө.
3.3. Академийн захирал Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргатай үр дүнгийн гэрээ жил бүр байгуулан дүгнэж ажиллана.
3.4. Академийн захирал нь дор дурдсан бүрэн эрхтэй:
3.4.1. Академийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бодлого, арга хэмжээг төлөвлөн, хэрэгжилтийг зохион байгуулах;
3.4.2. хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон бусад эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
3.4.3. Академийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн удирдлага, багш, ажилтныг холбогдох хууль тогтоомжийн дагуу томилж, чөлөөлөх;
3.4.4. эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, биелэлтийг нь хангуулах;
3.4.5. байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор төсвөө төлөвлөх, санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэн зохих журмын дагуу зарцуулж, баталсан хөрөнгийг захиран зарцуулж гүйцэтгэлийг тайлагнах, бүрэн эрхээ хэрэгжүүлэн үр дүнг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын өмнө биечлэн хариуцах;
3.4.6. эрх хэмжээнийхээ хүрээнд байгууллагын эд хөрөнгийг захиран зарцуулах, хэлцэл хийх, гэрээ байгуулах;
3.4.7. Академийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх шаардлага хангасан хүний нөөц бүрдүүлэх, хөгжүүлэх, ажиллагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэх, шагнаж урамшуулах;
3.4.8. Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн академийн хөдөлмөрийн дотоод журмыг батлан мөрдүүлэх;
3.4.9. багш, ажилтнуудын ажиллах нөхцөлийг хангах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;
3.4.10. үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, үр дүнг багш, ажилтнууд болон суралцагчдад тайлагнаж байх;
3.4.11. хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн гадаад орны сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллах;
3.4.12. дотоод, гадаадад академийг төлөөлөх.
3.5. Академи дэд захиралтай байна. Дэд захирлыг Академийн захирал санал болгосноор Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга томилж, чөлөөлнө.
3.6. Дэд захирал тогтоосон чиг үүргийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулж, академийн захирлын өмнө хариуцлага хүлээнэ.
3.7. Академийн захирлын түр эзгүйд түүний үүргийг дэд захирал орлон гүйцэтгэнэ.
Дөрөв. Академийн бүтэц, зохион байгуулалт
4.1. Академийн зохион байгуулалтын бүтцэд түүний чиг үүргийг хэрэгжүүлэх бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн, мэргэжлийн тэнхим, зохион байгуулалтын бусад нэгжүүдтэй байна.
4.2. Академийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга тогтооно.
4.3. Академи нь захиргааны зөвлөл, эрдмийн зөвлөл, сургалт, арга зүйн зөвлөл, хөтөлбөрийн хороо зэрэг орон тооны бус нэгжтэй байж болно. Орон тооны бус нэгжийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг захирал батална.
Тав. Академи болон элсэгч, суралцагчдын харилцаа
5.1. Элсэгч, суралцагчдын харилцааг Боловсролын тухай хууль, бусад хууль тогтоомж болон холбогдох дүрэм, журам, сургалтын төлөвлөгөөгөөр зохицуулна.
5.2. Сургалтын төлөвлөгөөг бүрэн биелүүлсэн суралцагчдад зохих журмын дагуу нэгдсэн загвараар хэвлүүлсэн диплом, энгэрийн тэмдэг, сертификат, үнэмлэх олгоно.
Зургаа. Санхүү, аж ахуйн үйл ажиллагаа
6.1. Академи нь үйл ажиллагааныхаа орлогоор өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах төрийн өмчит ашгийн бус, сургалт-эрдэм шинжилгээний байгууллага байна.
6.2. Санхүүгийн нэмэгдэл эх үүсвэр бий болгох зорилгоор чиг үүрэг, үндсэн үйл ажиллагаанд саад учруулахгүй туслах үйл ажиллагаа эрхэлж болно.
6.3. Академийн санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
6.3.1. улсын төсвөөс олгох Засгийн газрын захиалгат сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээний зардал, байр ашиглалтын тогтмол зардал;
6.3.2. сургалтын төлбөр;
6.3.3. үндсэн үйл ажиллагааны бусад орлого;
6.3.4. туслах үйл ажиллагааны орлого;
6.3.5. гадаад, дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн хандив, зээл, тусламж;
6.3.6. хууль тогтоомжоор хориглоогүй бусад орлого.
6.4. Академи нь санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу жил бүр гаргаж, аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна.
6.5. Академи нь хагас, бүтэн жилийн үйл ажиллагааны талаар дараах тайлан, мэдээг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт холбогдох хууль тогтоомжийн дагуу хүргүүлнэ:
6.5.1. үйл ажиллагааны тайлан;
6.5.2. санхүүгийн тайлан болон эд хөрөнгийн хөдөлгөөний тайлан;
6.5.3. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас шаардлагатай гэж үзсэн бусад мэдээ, баримт.
6.6. Академийн санхүүгийн гүйлгээний нэгдүгээр гарын үсгийг захирал, хоёрдугаар гарын үсгийг ерөнхий нягтлан бодогч зурж, хариуцлага хүлээнэ.
Долоо. Академийн эд хөрөнгийн эрх
7.1. Академи нь өөрийн эзэмшиж байгаа эд хөрөнгийн хэмжээгээр эрх эдэлж, хариуцлага хүлээнэ.
7.2. Академи нь эд хөрөнгийн талаар дараах эрх, үүрэгтэй байна:
7.2.1. Үл хөдлөх хөрөнгийг дүрэмд заасан үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн эзэмших, ашиглах;
7.2.2. үндсэн хөрөнгийг төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас олгосон эрх хэмжээний дотор захиран зарцуулах.
7.3. Академи нь үндсэн хөрөнгийг зөвхөн төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг үндэслэн акталж, данснаас хасах, худалдан борлуулах, устгах, шилжүүлэх эрхтэй.
Найм. Бичиг баримтыг хадгалах
8.1. Академи нь дараах бичиг баримтыг хадгалах үүрэгтэй:
8.1.1. Академийн дүрэм, дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт, улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад гэрчилгээ, сертификат, дотоод бичиг баримт;
8.1.2. санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, түүнд хийгдсэн аудитын дүгнэлт, зөвлөмж;
8.1.3. анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт, түүнд тусгагдсан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нотлох баримт бичиг;
8.1.4. сургалт, эрдэм шинжилгээ, зөвлөх үйлчилгээ, тэдгээртэй холбогдсон зөвшөөрөл, дүрэм, журам, заавар, аргачлал, эрдэм шинжилгээний бүтээл, хэвлэл;
8.1.5. хурлын тэмдэглэл, шийдвэр, захирлын тушаал, шийдвэр;
8.1.6. суралцагч, төгсөгчдийн талаарх баримт материалууд;
8.1.7. бусад ач холбогдол бүхий баримт бичиг.
Ес. Өөрчлөн байгуулах, татан буулгах
9.1. Академийг түүнийг үүсгэн байгуулагч болох Засгийн газрын шийдвэрээр өөрчлөн байгуулах, эсхүл татан буулгана.
Арав. Бусад
10.1. Академийн дүрэм, журам зөрчсөн буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомж болон академийн дотоод журамд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
----оОо----
Текст томруулах
A
A
A