A

A

A

Бүлэг: 1979

Эрчим хүчний зохицуулах хорооны

2018 оны 290 дүгээр тогтоолын хавсралт

ДУЛААН ДАМЖУУЛАХ, ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНИЙ

“ХОЛБОЛТЫН ЖУРАМ”

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Дулаан дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч (цаашид тусгай зөвшөөрөл эзэмшигч гэх)-ийн сүлжээнд иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламж, тоног төхөөрөмж (цаашид объект гэх)-ийг холбоход энэхүү журмыг мөрдөнө.

1.2.Энэхүү журмын зорилго нь дулаан дамжуулах, түгээх сүлжээнд объектоо холбуулахиргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, объект, тоног төхөөрөмжийг өргөтгөх, шинэчлэх, сүлжээнд холбох үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг хариуцлага, эрх хэмжээг тодорхойлоход оршино.

1.3.Иргэн, хуулийн этгээдийн дэд станц, шугам, тоног төхөөрөмж,объектыг дулаан дамжуулах, түгээх сүлжээнд холбохшийдвэр ньтусгай зөвшөөрөл эзэмшигчийн техникийн нөхцөл байна.

1.4.Техникийн нөхцөл хүсэж буй иргэн хуулийн этгээдийн объект нь дулаан түгээх сүлжээнээс холбогдох бол дулаан түгээх сүлжээний өмчлөгч буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дулаан дамжуулах сүлжээний өмчлөгч буюу тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тодруулга авсны үндсэн дээр техникийн нөхцөл олгоно. /ЭХЗХ-ны 2019 оны 312 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

 

Хоёр. Сүлжээнд холбогдох хүсэлт гаргах,хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх

2.1.Шинээр барих, өргөтгөл шинэчлэл хийх барилга байгууламжид  дулааны эрчим хүч авах, ачааллыг нэмэгдүүлэх  болон  дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээ, халаалтын  системийн  техникийн шийдлийг өөрчлөх шаардлага гарсан тухай бүрт  хэрэглэгч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс дулааны техникийн нөхцөл авна.

2.2.Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.4-т заасны дагуу Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Дулаан дамжуулах сүлжээний горим, тохируулга, ашиглалтын үйл ажиллагааг хариуцан ажиллаж буй дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь иргэн, хуулийн этгээдэд техникийн нөхцөл олгоно. (Энэ хэсгийг 2019 оны 312 дугаар тогтоолоор нэмсэн.) /Энэ хэсгийг ЭХЗХ-ны 2020 оны 622 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан./

2.3.Энэ журмын 2.2-д заасан техникийн нөхцөл олгогч нь бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн дулаан дамжуулах, түгээх сүлжээнээс объект холбох техникийн нөхцөлийг олгохдоо тус дулаан дамжуулах, түгээх сүлжээний өмчлөгч, эзэмшигч, ашиглагч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн саналыг судалж горим тооцооны дүнг үндэслэн шийдвэрлэнэ. (Энэ хэсгийг 2019 оны 312 дугаар тогтоолоор нэмсэн.) /Энэ хэсгийг ЭХЗХ-ны 2020 оны 622 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан./

2.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь шинээр хэрэглэгч нэмж холбох боломж, дулаан дамжуулах, түгээх сүлжээнд хийгдэхээр хөрөнгийн эх үүсвэр нь батлагдсан өргөтгөл, шинэчлэлийн ажлуудын талаарх мэдээллийг газар зүйн байршлаар нь гаргаж улирал бүр  нийтэд мэдээлнэ.

2.5.Иргэн, хуулийн этгээд нь дулаан дамжуулах, түгээх сүлжээнд объектоо холбуулах хүсэлтээ "Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм"-ийн 2 дугаар зүйлийн 2.1-т заасан баримт, бичгийг бүрдүүлж техникийн нөхцөл олгогчид гаргана. /Энэ хэсгийг ЭХЗХ-ны 2020 оны 622 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан./

2.5.1.албан бичиг, өргөдөл;

2.5.2.иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (эх хувь, эсвэл хуулбарыг гэрчлүүлсэн байх);

2.5.3.техникийн нөхцөл олгогчоос өгсөн тодруулах хуудасны бүрдэл; /Нэгдүгээр хавсралт/

2.5.4.газрын гэрчилгээ (өмчлөх, ашиглах, эзэмших), (эх хувь, эсвэл хуулбарыг гэрчлүүлсэн байх);

2.5.5.газрын кадастрын зураг (эх хувь, эсвэл хуулбарыг гэрчлүүлсэн байх);

2.5.6.дулааны ачаалал, хэрэглээг тооцсон тоо хэмжээ; /Энэ заалтуудыг ЭХЗХ-ны 2020 оны 622 дугаар тогтоолоор хүчингүй болгсон./

2.6.Иргэн, хуулийн этгээд нь энэхүү журмын 2.5-т заасан  баримт, бичгээс гадна хүсэлтийн онцлогоос хамаарч техникийн нөхцөл олгогчоос шаардсан холбогдох бусад  материалуудыг бүрдүүлнэ./Энэ хэсгийг ЭХЗХ-ны 2020 оны 622 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан./

2.6.1.хот, тосгоны ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй уялдуулан барилга орон сууц барих тохиолдолд Архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан “Ерөнхий төлөвлөгөө” (эх хувь эсвэл хуулбарыг гэрчлүүлсэн байх);

2.6.2.олгогдсон техникийн нөхцөлд өөрчлөлт оруулахад өмнөх техникийн нөхцөлийн хуулбар хувь;

2.6.3.техникийн нөхцөлийн нэр шилжүүлэхэд өмнө олгогдсон техникийн нөхцөлийн эх хувь, газрын гэрчилгээ, харьяа хорооны тодорхойлолт;

2.6.4.дулааны сүлжээг зөөж байршлыг өөрчлөхөд түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс зураг төсөлд тодруулга тодорхойлолт, харьяа орон нутгийн ерөнхий төлөвлөгөө эрхэлсэн газрын албан хүсэлт;

2.6.5.хэрэв бусдын өмчлөлийн дулааны шугам, тоног төхөөрөмжид барилга, объектыг холбох бол тухайн өмчлөгчтэй зөвшилцсөн /гэрээ, тодорхойлолт, албан бичиг/ бичиг;  /Энэ заалтуудыг ЭХЗХ-ны 2020 оны 622 дугаар тогтоолоор хүчингүй болгсон./

2.7.Техникийн нөхцөл олгогч нь иргэн, хуулийн этгээдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хүсэлт гаргагчийн хамт дулаан дамжуулах, түгээх сүлжээнд холбогдох техникийн боломж, хамгаалалтын зурвас зөрчсөн эсэхийг газар дээр нь тодорхойлж, хүчин чадал, сүлжээний гидравлик тооцоо, шаардлагатай өргөтгөл, шинэчлэлийн ажлуудыг төлөвлөн, холбогдох зардлын тооцоог хийж судалж шийдвэрлэнэ.

2.8.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь техникийн нөхцөл олгохдоо дамжуулах, түгээх сүлжээний ачаалал, тухайн бүс нутгийн өсөн нэмэгдэх дулааны хэрэглээ, хэтийн төлөвтэй уялдуулан шийдвэрлэнэ. Дулааны ачааллын үнэн зөв эсэхийг тодруулах хуудас бөглөсөн иргэн, хуулийн этгээд хариуцна.

2.9.Техникийн нөхцөлийн хүчинтэй байх хугацааг объектын дулааны ачаалал, барилга, угсралтын гүйцэтгэх хугацаа зэргээс хамааруулан 2 хүртэл жилээр тогтооно. /Энэ хэсгийг ЭХЗХ-ны 2020 оны 622 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан./

2.10.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь иргэн, хуулийн этгээдэд шинээр техникийн нөхцөл олгохдоо халаалт, хэрэгцээний халуун усны системд дулааны тоолуур суурилуулах, дулааны тоолуур суурилуулах техникийн боломжгүй барилга, байгууламжийн хэрэгцээний халуун усны системд усны тоолуур зайлшгүй суурилуулах талаар тусгаж зураг, төслийн хэрэгжилтэд хяналт тавина.

2.11.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих иргэн, хуулийн этгээдэд техникийн нөхцөл олгохдоо дулаан түгээх, хангах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэхээр тусгасан байна.

2.12.Иргэн, хуулийн этгээд нь техникийн нөхцөлд заасан хугацаанд тухайн объектоо дулаан дамжуулах, түгээх сүлжээнд холбох боломжгүй бол техникийн нөхцөлийн хүчинтэй хугацаа дуусахаас 2 сарын өмнө сунгуулах хүсэлтийг гаргах бөгөөд техникийн нөхцөлийг нэг удаа сунгана. Хугацаа дууссан техникийн нөхцөлийг хүчингүйд тооцно.

2.13.Иргэн, хуулийн этгээдийн шинээр барих, зөөх дэд станц, шугамын трасс нь тухайн хот, суурин газрын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, дэд бүтэц төлөвлөлтийн дагуу дулааны байгууламж баригдахаар төлөвлөгдсөн, төлөвлөгдөөгүй боловч тухайн орчинд нийтийн сүлжээ үүсэх боломжийг хаасан, сүлжээ төлөвлөлт, горимын хувьд ач холбогдол бүхий дулаан дамжуулах гол шугам үүсгэхээр байвал тусгай зөвшөөрөл эзэмшигч, иргэн хуулийн этгээдийн барих шугам тоноглолыг харилцан тохиролцож өмч шилжүүлэх тухай гэрээ байгуулан техникийн нөхцөл олгоно.

2.14.Иргэн, хуулийн этгээдийн объектын холболтын цэг нь зайлшгүй хувийн эзэмшлийн шугамаар дамжуулан холбогдох бол тухайн шугам тоноглол эзэмшигчээс зөвшөөрөл авч баталгаажуулсан байна. Хувийн шугамаас дамжин холбогдсон хэрэглэгчийн шугамд нэмж хэрэглэгч холбох шаардлага үүссэн тохиолдолд хангагчаас уг шугамд нэмж болох, эсэх талаар тодруулга авч, дамжин холбогдсон хэрэглэгч нь эхний шугамын эзэмшигчтэй зөвшилцөн гэрээ байгуулсны дараа хэрэглэгчийг холбох зөвшөөрлийг олгоно.

2.15.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь иргэн, хуулийн этгээдийн техникийн нөхцөл авах хүсэлтийг шийдвэрлэсэн хугацаа, үндэслэл зэргийг өөрийн цахим хуудсанд сар бүр нийтэлнэ.

2.16.Тусгай зөвшөөрөл эзэмшигч техникийн нөхцөл олголтын талаарх мэдээг тогтоосон маягтын дагуу улирал тутам Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлнэ.

2.17.Хугацаа дууссан техникийн нөхцөлөөр зураг төсөл боловсруулах, барилга байгууламж барихыг хориглоно.

2.18.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олгосон техникийн нөхцөлийн дэлгэрэнгүй бүртгэлийг хөтлөн, нэмэгдэх болон хүлээгдэж буй ачааллын судалгааг гаргаж сүлжээ төлөвлөлтөд ашиглана.

Гурав.Техникийн нөхцөлийн агуулга

3.1.Техникийн нөхцөлд "Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм"-ийн 2 дугаар зүйлийн 2.8-т заасан үзүүлэлтийг тусгасан байна. /Энэ хэсгийг ЭХЗХ-ны 2020 оны 622 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан./

3.1.1.Дулааны тооцоот ачаалал;

3.1.2.Холболт хийх цэг (Дулааны станц, халаалтын зуух, дулаан дамжуулах төв, дулаан түгээх шугам), дулаан зөөгчийн температур даралт;

3.1.3.Объектыг шинээр холбосноос болон хэрэглэгч дулааны ачааллыг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан өргөтгөл хийх, эсэх;

3.1.4.Тоолуур хэмжих хэрэгсэл;

3.1.5.Объектод тавигдах тусгай шаардлага;

3.1.6.Холболтын схем;

3.1.7.Объектын ашиглалт аюулгүй ажиллагааг хангах шаардлага;

3.1.8.Иргэн, хуулийн этгээд нь барилга барих явцад дулаан авах бол түр холболт хийх цэг, хугацааг тодотгосон байх;

3.1.9.Орчны тохижилтыг нөхөн сэргээх талааравах арга хэмжээ;

3.1.10.Техникийн нөхцөлийн хугацаа;

3.1.11.холбогдох шийдвэрийн заалт;  /Энэ заалтуудыг ЭХЗХ-ны 2020 оны 622 дугаар тогтоолоор хүчингүй болгсон./

3.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийн дагуу зориулалт, дулааны ачаалал, холболтын цэгийг өөрчлөх, тухайн холбогдож буй сүлжээний онцлогоос хамааруулан техникийн нөхцөлийн тусгай заалтууд хэсэгт нэмэлт шаардлагуудыг оруулж болно.

3.3.Барилга, объект нь дулаан дамжуулах сүлжээнээс холбогдох бол шугам сүлжээг барьж байгуулсны дараа дамжуулагчийн өмчид шилжүүлэхээр техникийн нөхцөлд тусгана.

3.4.Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээд, төсөвт байгууллагуудад дулааны тоолуур, хэмжих хэрэгсэл заавал суурилуулахаар техникийн нөхцөлд тусгана. /Энэ хэсгийг ЭХЗХ-ны 2020 оны 622 дугаар тогтоолоор нэмсэн./

Дөрөв. Объектыг дулаандамжуулах, түгээх сүлжээнд холбох

4.1.Техникийн нөхцөлд тусгагдсан шаардлагуудыг хангасан объектыг дулааны сүлжээнд холбохдоо техникийн нөхцөл олгогч болон тухайн сүлжээний өмчлөгч, эзэмшигч, ашиглагч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн  эрх бүхий төлөөллийн хяналт дор гүйцэтгэнэ. Тус объектын дулааны шугам, тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг техникийн нөхцөл олгогчоор хянуулж батлуулсан зураг, төслийн дагуу хийж гүйцэтгэсэн байна. (Энэ хэсгийг 2019 оны 312 дугаар тогтоолоор өөрчилсөн).

4.2.Иргэн, хуулийн этгээд нь дулаан түгээх шугам сүлжээ, тоног төхөөрөмж, дулаан дамжуулах төвийг анх ашиглалтад оруулахдаа гүйцэтгэлийн баримт бичиг, туршилтын акт, протоколыг бүрдүүлэн архив, мэдээллийн санд бүртгүүлэн байнгын ашиглалтад оруулах комисс ажиллуулж дүгнэлт гаргуулсан байна.

4.3.Дулааны сүлжээнд объектоо холбуулах иргэн, хуулийн этгээд нь дор дурдсан баримт, материалыг бүрдүүлэн объектыг холбуулахад бэлэн болсон тухайгаа усгай зөвшөөрөл эзэмшигчид албан ёсоор мэдэгдэнэ. Үүнд:

4.3.1.Объектын дулааны шугам, тоног төхөөрөмжийн угсралтын ажлын гүйцэтгэлийн зураг, схем, далд ажлын болон угаалга, шахалтын актууд;

4.3.2.Шинээр суурилуулсан дулааны тоолуурын угсралтын акт түүний баримт бичиг, тоолуур суурилуулсан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хуулбар;

4.3.3. хэрэглэгч нь энэхүү журмын 2 дугаар зүйлийн 2.13-т  заасан дулаан дамжуулах сүлжээг барьж байгуулсан бол өмч, хөрөнгийг дулаан дамжуулах сүлжээг хариуцан ажиллаж буй дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх тухай хүсэлт, холбогдох баримт бичиг; /Энэ хэсгийг ЭХЗХ-ны 2020 оны 622 дугаар тогтоолоор нэмсэн./

4.4.Дулааны шугам сүлжээнд энэхүү журмын 5.2, 5.3-д заасан материал нь бүрдсэн объектыг холбох ажлыг төв шугамд жил бүрийн 5-р сарын 15-наас 9-р сарын 15, салбар шугамд жил бүрийн 3-р сарын 1-ээс 11-р сарын 1-ний дотор хийнэ.

4.5.Дээрх хугацаанаас бусад үед /гадна агаарын температур -15°С-аас илүү хүйтэрсэн/ шинээр шугам, тоноглол, барилга объектыг дулаанд холбох шаардлага гарвал техникийн нөхцөл олгох комиссын дүгнэлтийг үндэслэн зохих бэлтгэлийг хангуулж тусгайлан боловсруулсан хөтөлбөрийн дагуу гүйцэтгэнэ.

4.6. Техникийн нөхцөл олгогч нь энэ журмын 4.1-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн саналыг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор объектыг дулааны сүлжээнд холбож дулааны шугам, тоног төхөөрөмжийг хянаж батлуулсан зургийн дагуу бүрэн угсарсан, эсэхийг шалган тоолуур хэмжих хэрэгслийг лацдаж битүүмжилнэ. (Энэ хэсгийг 2019 оны 312 дугаар тогтоолоор өөрчилсөн)

4.7.Шинээр холбогдсон хэрэглэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь заалтад хамрагдахгүй бол холбогдсон шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн эзэмшлийн заагийн дагуу техникийн нөхцөл олгогч, бусад түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй дулаан худалдах, худалдан авах гэрээ байгуулна.

4.8.Шинээр холбогдсон хэрэглэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь заалтад хамрагдсан тохиолдолд тухайн объектын дулаан дамжуулах төв, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэн хангагчтай дулаан худалдах, худалдан авах гэрээ байгуулна.

Тав.Санхүүгийн нөхцөл

5.1.Иргэн, хуулийн этгээдийн объектыг дулаан дамжуулах, түгээх сүлжээнд холбоход хүсэлт судлах, техникийн нөхцөл олгох, техникийн нөхцөлийн дагуу холбох үйлчилгээ үзүүлэх төлбөрийг иргэн, хуулийн этгээдээс авна.

5.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өсөн нэмэгдэх дулааны хэрэглээг хангах зорилгоор өөрийн эзэмшлийн дулаан дамжуулах төв, дулааны шугам, тоноглолыг өргөтгөх үүрэгтэй.

5.3.Тухайн объектыг дулаан дамжуулах, түгээх сүлжээнд холбохын тулд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн харьяа дулаан дамжуулах төвийн хүчин чадал, дулаан дамжуулах, түгээх сүлжээг зайлшгүй өргөтгөхтэй холбогдон гарах зардлыг объектоо холбуулах хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд хариуцна.

5.4.Тухайн объект нь техникийн нөхцөлийн дагуу хэрэглэгчийн өмчлөлийн дулааны шугам сүлжээ, дулаан дамжуулах төв, тоног төхөөрөмжөөс холбогдох нөхцөлд тухайн шугам сүлжээ, дулаан дамжуулах төв, тоног төхөөрөмжийг угсрахтай холбогдон гарсан анхны хөрөнгө оруулалтын зардлыг тухайн хэрэглэгчийн шугамын урт болон дулааны ачааллын эзлэх хувиар тооцон ногдуулж болно.

5.5.Шинээр объект холбуулж буй иргэн, хуулийн этгээд нь бусдын өмчлөлийн дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмж хүчин чадал, шугам сүлжээг өргөтгөх, нэмэгдүүлэх, холболтын схемийг өөрчлөх тохиолдолд гарах зардлыг хариуцна.

5.6.Барилга угсралтын ажил дууссан боловч объект бүрэн ашиглалтад орох хүртэл түр холболтоор дулаан хэрэглэх тохиолдолд  иргэн, хуулийн этгээд нь холбогдож байгаа дулаан дамжуулах, түгээх сүлжээний ашиглалтын үйл ажиллагааг хариуцан ажиллаж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй дулаан худалдах, худалдан авах гэрээ байгуулан хэрэглэсэн дулааны төлбөрийг төлнө. (Энэ хэсгийг 2019 оны 312 дугаар тогтоолоор өөрчилсөн)

5.7.Иргэн хуулийн этгээд нь газар доорх инженерийн шугам сүлжээг дайран гарах болон зам талбай, бут сөөг, зүлэг мод эвдэх, тайрах, тэдгээрийг нөхөн сэргээхэд гарах зардлыг дулааны шугам барих зураг төсөлд тусгуулж, гүйцэтгүүлсэн байна.

5.8.Шинээр объект холбуулж буй иргэн, хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмчлөлийн дулаан дамжуулах төвийн хүчин чадал, дулаан дамжуулах, түгээх сүлжээг өргөтгөсөн бол өргөтгөсөн тоног төхөөрөмж, шугам сүлжээ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмчлөлд үлдэнэ. Харин хэрэглэгчийн өмчлөлийн дулааны шугам сүлжээ, дулаан дамжуулах төв, тоног төхөөрөмжийг өргөтгөсөн бол хамтран байгуулсан гэрээний дагуу дулааны ачаалал, хөрөнгө оруулалтын хэмжээгээр өмчилнө.

5.9.Иргэн, хуулийн этгээд нь өөрийн эзэмшлийн шугам тоног төхөөрөмжид хэрэглэгч шинээр холбуулахдаа түгээх сүлжээний найдвартай, тасралтгүй ажиллагаатай холбоотой эрх бүхий байгууллагаас тавих шаардлагыг биелүүлнэ.

Зургаа. Техникийн нөхцөл олгохгүй байх, хүчингүй болгох

6.1.Техникийн нөхцөлийг дараах үндэслэлээр олгохгүй. Үүнд:

6.1.1.Газрын (өмчлөх, эзэмших) маргаантай болон газрын гэрчилгээ, кадастрын зураг, хүсэлт, бусад бичиг баримтын эзэмшигчийн нэр зөрсөн байх,

6.1.2.Техникийн нөхцөл авахад энэхүү журмын 2.3-т заасан материалыг дутуу бүрдүүлсэн бол хүлээн авах боломжгүй, мөн 2.4-т заасан хүсэлтийн онцлогоос хамаарсан нэмэлт бичиг баримтыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрдүүлж өгөөгүй тохиолдолд,

6.1.3.Иргэн, хуулийн этгээдийн объектыг сүлжээнд холбоход тоноглолын нөөц хүрэлцэхгүй байх, шинээр барих, зөөх дэд станц, шугамын трасс нь тухайн орон нутгийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй уялдахгүй, тухайн орчинд нийтийн сүлжээ үүсэх боломжийг хаах тохиолдолд,

6.1.4.тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн эзэмшлийн дулаан дамжуулах, түгээх сүлжээнээс иргэн, хуулийн этгээдийн объектыг холбуулах техникийн боломжгүй гэсэн санал ирүүлсэн тохиолдолд  техникийн нөхцөл олгохыг хориглоно. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн дулаан дамжуулах, түгээх сүлжээ техникийн боломжтой үед үндэслэлгүйгээр татгалзаж болохгүй. (Энэ хэсгийг 2019 оны 312 дугаар тогтоолоор нэмсэн.)

6.2.Техникийн нөхцөлийг дараах үндэслэлээр хүчингүй болгоно. Үүнд:

6.2.1.Техникийн нөхцөл авахын тулд техникийн хэрэглээний өгөгдлүүдээ зориуд буруу тодорхойлсон,

6.2.2.Техникийн нөхцөлийн хүчинтэй байх хугацаанд сүлжээнд холбогдоогүй.

6.2.3.техникийн нөхцөл олгогч нь энэ журмын 2.3 дахь заалтад тусгасан бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн саналыг үндэслээгүй техникийн нөхцөл олгосон тохиолдолд; (Энэ хэсгийг 2019 оны 312 дугаар тогтоолоор нэмсэн.)

Долоо. Хариуцлага

7.1.Иргэн, хуулийн этгээд нь өөрийн хэрэглээний өгөгдлүүдээ зориуд болон санамсаргүй байдлаарбуруу тодорхойлон техникийн нөхцөл батлагдсанаас гарсан хохирлыг өөрөө хариуцна.

7.2.Техникийн нөхцөлийг үндэслэл муутай эсвэл буруу боловсруулж олгосноос иргэн, хуулийн этгээдэд учирсан шууд хохирлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна.

7.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч, иргэн, хуулийн этгээд нь техникийн нөхцөлтэй холбоотой гарсан маргааныг энэхүү журам болон Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа холбогдох хууль, дүрэм, журмын дагуу шийдвэрлэнэ.

 

Холболтын журмын нэгдүгээр хавсралт

 

ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ ТЕХНИКИЙН

НӨХЦӨЛ ОЛГОХ ТОДРУУЛАХ ХУУДАС

 

Огноо                                                            Дугаар.....                                          ./хот, сум/

 

1.Техникийн нөхцөл авахаар хүсэлт гаргаж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэний нэр хаяг, утас . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

2.Техникийн нөхцөл авах объектын байршил, хаягийн тодорхойлолт. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

3.Техникийн нөхцөл авах болсон шалтгаан. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

5.Хэрэглэгчийн зэрэглэл, ажлын горим . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

6.Техникийн нөхцөл авах объектын дулааны тооцоот ачаалал, хэрэглээ (халаалт, хэрэгцээний халуун ус, салхивч, Гкал/ц) (Энэ хэсгийг 2019 оны 312 дугаар тогтоолоор нэмсэн.). . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

7.Орон нутгийн засаг захиргааны газар олголтын тогтоолын дугаар, огноо

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

8.Техникийн нөхцөлийн хүчинтэй хугацаа . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

 

ТОДРУУЛАХ ХУУДАС БИЧСЭН .......................................... (нэр)